мэдээ
Б.Чойжил: Нүүрс-Химийн цогцолборыг хувийн хэвшлийнхэн авч явна

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 5 сарын 21

16

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн 9 дүгээрт эрэмбэлэгдсэн Нүүрс-Химийн цогцолбор төслөөс хувийн хэвшлийнхэнд хандсан үйлдвэрийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх санал ирүүлэх урилгыг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Энэ талаар төслийн Багануур Үйлдвэрлэл, технологийн парк төслийн зохицуулагч Б.Чойжилтой ярилцлаа.
-Нүүрс-Химийн цогцолбор байгуулах Багануур ҮТП төсөл 14 мега төслүүдээс 9 дүгээрт эрэмбэлэгдсэн. Цогцолборын үйлдвэрүүд ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ?
-Нүүрс-Химийн цогцолбор байгуулах төсөл нь Монгол Улсын хөгжлийг 2050 он хүртэл зурагласан “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулсан мега төсөл. Багануурын нүүрсний уурхайн хүрэн нүүрсийг нүүрс-пиролизын аргаар боловсруулж хөх нүүрс хагас кокс гаргаж авна. Энэ боловсруулалтаас үүссэн хий, давирхайг ашиглаад эрчим хүч, цаашлаад устөрөгч, нийлэг байгалийн хий, тэсэлгээний бодисын үндсэн түүхий эд аммоний нитрат, хөнгөн цагаан, хуванцар, метанол, газ, дизель түлш зэрэг 100 хувь импортоор авдаг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэнэ. Үйлдвэрийн явц бүрд шинжлэх ухааны ололт амжилт, технологийн инноваци шингээж, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 9-10 үйлдвэрийн цогцолборыг байгуулах нь төслийн зорилго юм. Цаашлаад бүтээгдэхүүнүүдийг экспортод гаргах боломжтой. Олон улсын туршлагаас харвал, уул уурхайн түүхий эд боловсруулах, химийн үйлдвэр зэрэг хүнд үйлдвэрүүд нь эрчим хүчний найдвартай хангамж, эдийн засгийн хэмнэлттэй байршилд төвлөрдөг. Энэ бүх шаардлагыг хангасан байрлалд буюу Багануурын нүүрсний уурхайн зэргэлдээ 636 га талбайд цогцолборыг төлөвлөөд, газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Төмөр зам, хатуу хучилттай замуудтай, зах зээлдээ ойрхон гээд олон давуу нөхцөлийг дурдаж болно. Энэ төсөл өчигдөр шийдээд өнөөдөр зүтгүүлчихсэн ажил биш гэдгийг бас онцолмоор байна. Япон, Герман, Хятадын хийсэн судалгаануудыг үзэж болно. Мега төслүүд, үйлдвэрийн цогцолбор паркуудыг байгуулж, импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх хүнд үйлдвэрлэлийн хөгжил Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа болно.
-Өнгөрөгч долоо хоногт танай төслөөс хувийн хэвшил, бизнесийнхэн, хөрөнгө оруулагчдад урилга гаргасан. Төслийн оролцогч болоход ямар давуу талыг төрөөс амлаж байгаа вэ?
-Ганц энэ төслийн тухайд ч биш, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх Үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад оролцож, төсөл хэрэгжүүлэх гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгч нарт тодорхой хөнгөлөлтүүдийг эдлүүлэх нь Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдсан. Тухайлбал, гаалийн албан татвараас дөрвөн жил, газрын татвараас 10 жил чөлөөлөгдөнө. НӨАТ-ыг дөрвөн жилээр хойшлуулна. Үл хөдлөх хөрөнгийн татвараас эхний таван жилд 100 хувь, дараагийн таван жилд 50 хувь хөнгөлнө гэх мэт.
-Санал авах хугацаа нь богинохон санагдсан. Гэтэл хэрэгжүүлэх төслүүд нь маш нарийн технологитой, тооцоолол шаардахуйц байдаг…?
-Мега төслүүд, түүний бүрэлдэхүүн хэсэг үйлдвэрийг байгуулах нь сэтгэлийн хөөрлөөр хийчих амархан ажил биш. Маш олон жилийн судалгаа, их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тийм ч учраас химийн технологид суурилсан үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад төсөл нь бэлэн байдаг юм байна. Төсөл эхэлснээс хойш олон эрдэмтэд, инженерүүд, хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүд бидэнтэй холбогдож, төслөө танилцуулсан. Тиймээс төслийн зүгээс илүү олон оролцогчид, сонирхогчдын мэдээллийн санг бүрдүүлэх, саналыг нь сонсох зорилгоор төслийн санал ирүүлэх урилгыг албан ёсоор гаргасан. Оролцогчид өөрсдийн саналыг цахимаар мэдээллийн маягтын 14 асуулгыг бөглөж ирүүлэх хялбаршуулсан аргачлалтай. Тиймээс санал ирүүлэхэд хүндрэлгүй, хугацаа багадахгүй гэж тооцсон.
-Энэ удаагийн урилгад санал ирүүлээгүй бол дараа дараагийн шатанд оролцох боломжгүй гэсэн үг үү?
-Тийм хязгаарлалт байхгүй ээ. Бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой, чадамжтай мэргэжлийн байгууллага, хөрөнгө оруулагчдадаа нээлттэй байх, харилцан саналаа солилцож, хамтын уялдаатай ижил гараанаас эхэлцгээх нь эцсийн үр дүнд төдийгүй явцын чанарт сайнаар нөлөөлнө гэж үзсэн учир нээлттэй урилгыг зарласан. Цаашид ч ажил хэрэгч санал, уулзалтуудад манай төслийн зүгээс нээлттэй.
-Төр бүх салбарт “гараа дүрж” байна. Төр оролцоод эхлэхээрээ л дампуурдаг гэсэн хандлага, ойлголт байдаг. Төрийн өмчит компани менежментийг нь хариуцаж байгаа энэ төсөл амжилттай хэрэгжих үү гэдэг эргэлзээ олон нийтэд байна…?
-Паркийн талбайд цогцолбор байгуулах мега төслийн зорилготой харилцан хамааралтай, нэгдмэл шаардлагыг хангахуйц технологи, техникийн хүчин чадалтай үйлдвэр байгуулна, амжилттай авч явна гэдэг бол маш нарийн үйл явц, бизнес. Технологи, техник тоног төхөөрөмжийн хувьд хамгийн чанартай, орчин үеийн байх ёстой. Чадварлаг хүний нөөц, хариуцлагатай өсөлттэй компанийн соёлын засаглалыг шаардах ажил. Үйлдвэрлэл, технологийн парк төслийг бүхэлд нь төр хийнэ, ашиг олно гээд хав дараад байж болохгүй. Гол нь богино хугацаанд шийдэж болох асуудлыг нь шийдээд, шаардлагатай хөрөнгө оруулалтуудаа хийгээд, эрсдэл байгаа бол даагаад ажлаа урагшлуулж, боломжит хугацаанд үр дүнд хүрье л гэж байгаа юм. Тиймээс цогцолборын төлөвлөлт, техникийн нөхцөлийг хангаж хөрөнгө оруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслөө эхлүүлэх тэгш гараа, оролцоог хувийн хэвшлийнхэндээ нээлттэй зарлаж байна. Нүүрс-Химийн цогцолбор паркийн талбайд үйлдвэрүүдийг амжилттай байгуулах, үр ашигтай ажиллуулахад инженерүүд, эрдэмтдийн маань мэдлэг боловсрол, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчдын туршлага нэн чухал. Төр хувийн хэвшлийн түншлэлээр байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, тойргийн эдийн засаг бүхий ногоон загвар паркийг байгуулах энэ төслийг хувийн хэвшлийнхэн л нуруун дээрээ үүрч, өндийлгөх нь эргэлзээгүй.
-Хагас коксын үйлдвэр байгуулах ажил хэр ахицтай байна?
-Үйлдвэрийн техник эдийн засгийн үзүүлэлтийн судалгаа хийгдэж байгаа. БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Нүүрс-Химийн хүрээлэнд Багануурын уурхайн нүүрсийг төлөөлөх чанар бүхий дээжийг бэлтгэн экспортод гаргаж, пиролизын шинжилгээ хийлгэхэд нүүрсний хагас коксжих чанар А зэрэглэлийн буюу маш тохиромжтой гэсэн ангилалд багтсан. Хагас коксын гарц 55.8 хувь буюу урьдчилсан тооцооллоос 10 хувиар илүү байсан. Илчлэг 5200 ккал, дэгдэмхий 15 хувь, чийг найман хувь, үнслэг 17 хувьтай гарсан нь хөх нүүрсний стандартыг хангаж байна гэсэн хариу ирсэн. Хөх нүүрсийг ашиглахад төвлөрсөн газар нутагт агаарын тоосонцрыг 80 хувь хүртэл багасгах тооцоо байна. Хүхэрлэг хий, азотын исэл зэрэг хорт нэгдлүүдийг 3-7 дахин бууруулах боломжтой. Нүүрсийг боловсруулаад, түүхий нүүрсэнд агуулагддаг хорт нэгдэл, идэмхий бодисуудыг ялгаж авснаар, хөх нүүрс гэх нэршилтэй утаа багатай түлшээ бэлдээд авна. Улаанбаатар хот цаашлаад дагуул хотууд, ойролцоох суурин газруудын агаарын чанарыг сайжруулах зорилтоо хэрэгжүүлье гэж байгаа юм. Олон улсад яг энэ аргаар төвлөрсөн суурин газрынхаа агаарын чанар, утаагаа шийдсэн сайн туршлагууд байгаа.
-Багануур дүүргийн иргэд энэ төслөөс ямар үр ашиг хүртэх вэ?
-Багануур дүүргийн хөгжлийн түшиц нь, тэнд амьдарч байгаа дийлэнх иргэдийн амьжиргааны эх үүсвэр нь Багануурын нүүрсний уурхай. Тэр уурхайн гол бүтээгдэхүүн хүрэн нүүрсэнд технологийн, инновацийн дэвшлийг шингээгээд эцсийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэхээр нүүрсний хэрэгцээ өснө. Борлуулалтаа дагаад олборлолт нэмэгдэнэ. Уурхайн хүчин чадлын өсөлт нь хүний нөөц шаардана. Дан ганц Багануурын уурхайгаар хязгаарлахгүй. Нялга-Чойрын сав газрын 20.3 тэрбум.тонн геологийн нөөцтэй хүрэн нүүрсийг ашиглах учир түүхий эд хангалттай. Энэ байрлалд байгаа хувийн хэвшлийн нүүрсний уурхайгаас түүхий эд авч болно. Магадгүй тэд өөрсдийн олборлож байгаа нүүрсэнд өртөг шингээх сонирхол байгаа бол тэр боломж нээлттэй. Одоогийнхоос 1.5-2 дахин олон ажилчин хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Зөвхөн олборлоод зардаг байсан бол өртөг шингээх боловсруулалт хийгээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхлэхээр үйлдвэрлэлийн бүсэд ажиллах хүч хэрэгтэй. Нүүрс-Химийн паркад байгуулагдах үйлдвэрүүдэд 2000 гаруй ажлын байр бий болох боломжтой. Гадаад, дотоодод төгссөн инженерүүдээс гадна мэргэжлийн сургуульд сурч боловсорсон хийж бүтээх эрмэлзэлтэй, дадлага туршлагатай техникийн ажилтан, засвар үйлчилгээний мэргэжилтнүүд хэрэгтэй. Хүн нэмэхэд хүнс нэмдэг гэдэг биз дээ. Мах, ногоо, сүүгээ хэнээс авах билээ. Малчид, ногоочдын зах зээл тэлнэ. Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийг орон нутгийн үйлдвэрлэгчдээсээ л авна. Шууд бус нөлөөлөл, үр өгөөжийг орон нутгийн иргэд, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид эхний ээлжинд хүртэх нь ойлгомжтой. Тиймээс төрийг төлөөлж, төсөл хэрэгжүүлж байгаа бидний зүгээс нээлттэй зарчмыг баримталж, бүх түвшний оролцоог хангахын төлөөх бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Тэр хэрээр дотоодын аж ахуйн нэгжүүд, орон нутгийн үйлдвэрлэгчид оролцоотой санаачилгатай хандаж, ирээдүйд бүрдэх боломжийг угтаж өөрсдийгөө бэлдэх, чанаржих, чадавхжих хэрэгтэй. Төв суурин газрын хамгийн чухал асуудал та бидний амьсгалдаг агаарын чанар тэнд ч яригддаг гэдгийг мартаж болохгүй.
-Сонирхуулах үүднээс та яг ямар инженерүүд хэрэгтэй болохыг нэрлэж болох уу. Залууст маань сонголтоо хийхэд хэрэг болох байх?
-Химийн инженер, хими технологич, металлургич, металлын технологич, цахилгаан системийн автоматжуулалтын инженер, баяжуулалтын технологич, машин тоног төхөөрөмжийн инженер, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер, мэдээллийн технологич, авто инженер, цахилгааны инженер, материалын технологич, ус хангамж, ариутгал татуургын инженер, үйлдвэрийн дизайнер гэх мэт нарийн мэргэжлийн боловсон хүчин ихээр шаардлагатай. Одооноос бэлдэх ёстой.
-Өөрсдийгөө бэлдээрэй гээд орхичихгүй биз дээ?
-Төслийг хэрэгжүүлэгч Эрдэнэс Монгол нэгдлийн үйл ажиллагааны зарчим бол чадварлаг хүний нөөц, тэргүүлэх технологи, манлайлал, тэгш шударга байдал. Энэ зарчим манай төсөлд ч нэгэн адил. Тийм учраас төслийн менежментэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдыг хамгийн түрүүнд татан оролцуулж, анхнаасаа нэгдсэн мэдээлэлтэй байхыг эрмэлзэж ажиллаж байгаа. Өөрийгөө бэлдээрэй гэж орхихгүй. Паркийн хөгжлийн төлөвлөлтөд хүний нөөцийг бэлдэх сургалт судалгаа, хөгжлийн төв тусгагдсан. Бүтээн байгуулалтын төлөвлөлттэй уялдуулан мэргэжилтэй хүний нөөцийг бэлдэх, ур чадварыг ахиулах, ижил төстэй гадны үйлдвэрүүдэд дадлагажуулах, үйлдвэрүүд ашиглалтад ороход шаардлагатай боловсон хүчин бэлэн байх зорилтыг тавьж ажиллана. Төслийн байршилд нүүрс, кокс, пиролиз, химийн чиглэлийн судалгаа, шинжилгээ хийх судалгааны лаборатори, мэргэжлийн сургалтын төвийг хөгжүүлнэ. Яг одоо бол “Эрдэнэс ҮТП” компаниас төслүүд хэрэгжүүлэх бүс нутгууддаа “Be Engineer” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Уулзалт сургалтын мэдээллийг манай пэйж хуудсаар орж үзээд зорьж очоод сонсоод үзээрэй. Инженер, мэргэжлийн боловсрол эзэмших боломж, хэрэгцээ, үр өгөөжийн талаар салбарын мэргэшсэн зочдыг урьж ярилцдаг подкаст эхлүүлсэн байгаа. Цаг гаргаад сонсоход илүүдэхгүй.





Гэр шатаж 5 хүн амиа алджээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд өнөөдөр (2025.06.05) 01:36 цагт ...
8 цагийн дараа
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны багш
Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит уртын дууны уралдаан Сүхбаатар аймагт болсон. Энэ үеэр дуучин маань төрсөн газ...
8 цагийн дараа
Хаягдал үнсний ашиглалтыг өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хамтран (2025.06.04) “Хаягдал үнсний...
7 цагийн дараа
Унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг этгээдийг олж тогтоолоо
Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрийн нийтийн зориулалттай орон сууцны орцноос унадаг дугуй хулгайлж, худалдан б...
7 цагийн дараа
Г.Очирбат: Өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болж, орлого олох бололцоо нь нээгдчихээд байхад үүнийг хаагаад байна
УИХын гишүүн Г.Очирбаттай ярилцлаа. -Таны хувьд айл өрхүүдийг жижиг оврын сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой гэдэг асуудлыг яр...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд