Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Ж.Цогтсугар: Хэрэв архидалт яг энэ янзаараа үргэлжилбэл үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлнө

trend

Админ

img

2025 оны 5 сарын 23

img

24

news-img

Архины хэт хамаарлаас ухамсраараа ангижирч чадсан хүмүүс “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийг байгуулсан түүхтэй. Тус НҮТББ-ын тэргүүн, архигүй амьдралын зөвлөх, доктор Ph.D Ж.Цогтсугартай ярилцлаа.


-Та хэзээнээс хүмүүст архинаас гарах талаар зөвлөж байна вэ?

-Бид 22 жилийн өмнө архины хамааралтай хүмүүс байсан. Тэр үед бид архи гэдэг ундаа Монголын нийгэмд асар том аюул занал учруулна гэдгийг олж харсан. Хэрэв бид тэр үед сэрж чадаагүй бол өнөөдөр “70 давхар”-т байх байлаа. Бид ямар ч эм, тариа хэрэглэхгүйгээр өөрийн тархины хүчээр архинаас гарах арга замыг олсон. Ингэхдээ бид архинаас гарах эмийн эмчилгээг ерөөс эсэргүүцээгүй. Эмийн бус аргаар архинаас гарч болдог гэдгийг л ойлгуулахыг хүссэн. Энэ хугацаанд 10 мянга орчим хүн архинаас татгалзсан байна.

-Та эмийн бус арга гэж ярилаа. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Эм хэрэглэхгүй гэсэн үг. Монголчууд эм хэрэглэхгүйгээр аливаа өвчин эмгэг, донтолтоос ангижрах тухай сэтгэж чаддаггүй. СЭМҮТ-ийн захирал асан, доктор Ph.D Л.Насанцэнгэлээс би Засгийн газрын хэлэлцүүлгийн үеэр “Энэ дэлхийд архинаас гаргадаг эм байдаг юм уу” гэж асуухад “Архинаас гаргадаг эм, тариа энэ дэлхийд байхгүй” гэсэн хариуг өгсөн. Харин архинаас гарахад нь туслах үүргийг эм, тариа гүйцэтгэдэг. “Архинаас гаргана” гэдэг үг хэрэглэж байгаа нь бизнесийн жижигхэн заль. Архинаас гаргадаг эм, тариа хүний тархин дотор байдаг. Архинаас гарахын тулд эмэнд биш, тархинд суурилах ёстой. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Хүний аюулгүй байдал” гэж бүлэг бий. Тус бүлэгт хүний аюулгүй байдал мэдлэг, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилна гэсэн байдаг. Тиймээс бид мэдлэгжүүлэх эмчилгээ хийдэг.

-Хүмүүс архи, согтууруулах ундааны юунд нь болоод хэрэглээд байдаг юм бол?

-Архи уулт гэнэт л бий болчихоогүй. Монголын анхны архины үйлдвэр 1924 онд 14 орос ажилчинтай байгуулагдсан түүхтэй. “Монгол хүн гурав тогтоох ёстой”, “Дарга, доктор, гавьяатын өгсөн юмыг уух ёстой”, “Ахмад хүний өгсөн юмыг чи яагаад уудаггүй юм. Яасан биеэ тоочихсон юм бэ” гэх үзэл хандлага их байдаг. Эдгээрийг нөлөөлөл, дарангуйлал гэж ойлгож болно. Хүнийг сэтгэл зүйн хувьд дарангуйлж байгаа хэлбэр юм. Энэ дарангуйллаас оюун тархиа хамгаалах нь маш чухал. Хүмүүс гэр бүл, найзууд, нам, байгууллагаараа нийлж архи ууж байна. Дээрээс нь Монголын баяр дуусахгүй. Монголоос өөр ингэж олон баяр тэмдэглэдэг, баяр бүхэн нь архи байдаг улс үндэстэн байхгүй. Хүмүүс биеийн болон сэтгэл зүйн нөлөөллийн дарангуйлалд орсон нь архинд орох, донтох шалтгаан болж байна.

-Таныг энэ чиглэлээр ажиллаж эхэлж байхад монголчуудын архины хэрэглээ ямар байв. Одоо ямар байна вэ. Согтууруулах ундааны хэрэглээ залуужчихсан уу?

-Одоогоос 10 гаруй жилийн өмнө би Засгийн газрын ордонд 1000 хүнд архинаас гарах талаар ярьсан юм. Тархины талаар гэсэн үг л дээ. Монголчууд тархиа судлаагүй, тархиа мэддэггүй ард түмэн. Тэр хуралд би “Би зөн билэгтэн шиг ганц үг хэлье. Хэрвээ та нар архидалтыг зогсоохгүй бол, эмэгтэйчүүдээ архидалтын аюул заналаас хамгаалж чадахгүй бол 10 жилийн дараа охид чинь архи уудаг болно шүү” гэж хэлж байсан удаатай. Тэр цагаас хойш 10 гаруй жил өнгөрлөө. Одоо охид, эмэгтэйчүүд архинд орж байна.

-10 жилийн дараа гэхэд монголчуудын согтууруулах ундааны хэрэглээ ямар болно гэж та харж байна вэ?

-Монголчууд аливаа зүйлд цочрохоо больчихсон. Би докторын ажлаа хийхдээ архийг “хүчирхийлэл” гэж үзэж, архиар шахахыг хэрэглээний хүчирхийлэл гэж томьёолсон. Энэ нь өдгөө архиар шахах, хүүхдийн дэргэд архи уухыг хуулиар хориглохын үндэс болсон. ДЭМБ “Монгол Улс архи хэрэглээний хувьд аюул учирсан улс орон” гэсэн дүгнэлтийг зургаан жилийн өмнө гаргасан. Манай улсад жилд 4000 гаруй хүн архинаас шалтгаалан эрт нас барж байна. Бид архины лонхны ард улс төр, хов жив ярьж байна. Хэрэв архидалт яг энэ янзаараа үргэлжилбэл үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлнө.

-Ажил ярина гэдэг архидахын нэр болжээ?

-Угаасаа л ажил ярина гэдэг архидахын нэр байсан. Харин одоо төрийн байгууллагуудын ил архидалт ахуйн хүрээ рүү, хөдөө орон нутаг руу шилжчихсэн байна. Архи уугаад гуйваад явж байгаа хүн нэг үеэ бодоход их харагдахгүй л байна. Гэхдээ архидалт буурсан гэдэг үгтэй би санал нийлэхгүй. Яагаад гэвэл архины үйлдвэрийн тоо нэмэгдээд байна. Архидалт буурсан нь үнэн юм бол 83 архи, спиртийн үйлдвэр дор хаяж 60 болчихсон байх байлаа. Өнөө үед ном худалдаж авч чадахгүй хэрнээ л архи авч байна. Ууж байж амжилт гаргана гэж байхгүй.

-Манай улсад зөвхөн архины хордлогын улмаас жилд бараг нэг мянган хүн нас барж байна гэсэн баримт бий. Та ч сая Монголд жилд 4000 хүн архинаас шалтгаалан нас бардаг гэж хэллээ. Энэ өндөр тоо шүү дээ?

-Манай улсыг архи хэрэглээний хувьд аюул учирсан улс орон гэж ДЭМБ зөвлөмж гаргачихаад байхад монголчууд аюул учирлаа гэж харахгүй л байна шүү дээ. Архины үйлдвэрлэлийн ачаар амьдралаа залгуулдаг асар олон хүн бий. Гэхдээ ард түмнийхээ зовлонг мөнгө олох хэрэгсэл болгож болохгүй. Польш шиг үндэсний хөрөнгөтнүүд нь хүмүүсийг архинаас татгалзахад нэмэртэй төв байгуулж өгөхгүй л дээ. Манай хөрөнгөтнүүд гандан хийд, суваргад мөнгө өгдөг болохоос хүний төлөө, хүнийг босгож ирэхийн төлөө, хүнийг аврахын төлөө юу ч хийж сураагүй.

-Сүүлийн таван жилийн хугацаанд нийт 380.549 гэмт хэрэг, зөрчлийг иргэд согтуу үедээ үйлдсэн гэсэн статистик бий?

-Хүн далд ухамсартаа хэн нэгнийг нам цохино гэж бодсон л бол согтуу байхдаа тэр үйлдлээ хийчихдэг. Монголчууд “Эрүүлийн бодол согтуудаа” гэж ярьдаг. Эрүүлдээ маргалдсан маргааны үр дүн согтууд нь гардаг.

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үед хүний тархи яман болдог юм бэ?

-Согтууруулах ундаа хэрэглэх бүрд тархины эс нь хорогдоно. Нэг ёсондоо тархиных нь тал эд, эс эргэж сэргэхгүй үхэждэг. Тал тархитай хүн тал бодно, тал хайрлана, тал ажиллана, тал амьдарна. Гэхдээ аз болоход архинаас гарахыг чин сэтгэлээсээ хүсч, архинаас гарах зоригтой шийдвэр гаргах юм бол тархины эс цоо шинээр нөхөн сэргээгдэх боломжтой. Хүний тархины эс сэргээгддэг гэдгийг тархи судлалын шинжлэх ухаан нотолчихсон. Надад 25 жил архи уусан, 22 жил архинаас гарсан нийт 47 жилийн туршлага байна. 25 настай сэтгэл зүйчид энэ туршлага байхгүй. Тиймээс л архины хамааралтай хүнтэй ажиллах газар олдохгүй байгаа юм.

-Манай улсад жилд дунджаар 4000 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна гэсэн статистик бий. Үүнд архины хэрэглээ, хамаарал ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь бодит амьдралаас харагддаг шүү дээ?

-Айл гэрт архи хэрэглэдэг хүн байх юм бол хажуудах хүнээ амьдрах аргагүй болгодог. Архи хүний хяналтыг алдуулж, аливааг харах өнцөг нь жижигсэж, өөрөө өөрийгөө олж харахгүй болгож, сүүлдээ өөрийгөө танихаа ч болиход хүргэдэг. Энэ дэлхий дээрх хамгийн ховсдох чадвартай, зальтай, таатай мэдрэмж төрүүлж байгаад хүнийг өөрийн эрхшээлд оруулдаг ганц унд бол архи юм. Монголд импортоор орж ирж буй ямар ч үйлдвэрийн архинд би итгэхгүй байна. Гуравхан сая ард түмэн бид 35 жилийн турш хөгжих гээд дийлэхгүй байна шүү дээ. Архи бидний амьдралд ямар айхтар нөлөө үзүүлж байгаа билээ дээ. Гэр бүл, эрүүл мэнд, гоо сайхан, зан чанар, ажлын амжилт, бүтээлч байдал гээд тоочих юм бол хязгааргүй. Архи хүний ирээдүйд итгэх итгэлийг хүртэл үгүй хийж байна шүү дээ.

-Таны зөвлөснөөр архинаас гарахад хэр хугацаа шаардах вэ?

-Бид гурван өдрийн интервенц хийдэг. Тэгээд өөрт нь сурах бичиг өгөөд гурван сарын дараа архинаас гарч байгаа чадварыг нь хамгаалуулж, амьдрал арга зүйн жижигхэн диплом өгдөг. Ингээд насан туршдаа бидэнтэй хамт явахыг зөвлөнө. Архинаас татгалзана гэдэг бол насан туршийн тэмцэл юм. Түүнээс биш хүний биеэс өргөс авч байгаа юм шигээр архи уух донг нь сугалаад авчихна гэж байхгүй.

-Эцэг, эх нь хүүхдийнхээ хажууд архи хэтрүүлэн хэрэглэдэг бол хүүхэд нь ирээдүйд архинд донтогч болох магадлал хоёр дахин нэмэгддэг гэж үздэг юм билээ?

-Энэ бол миний хийсэн судалгааны нэг хэсэг. Хүүхдийн дэргэд архи ууна гэдэг бол хүүхдэдээ сургалт хийж байна гэсэн үг. Хүүхдэд багш нь “Архи хортой” гэсэн хичээл заалаа гэж бодъё. Гэтэл гэрт нь аав, ээж нь найзуудтайгаа архидаад сууж байвал тэр хүүхэд “Багш худлаа ярьсан юм байна. Үнэхээр архи хортой байсан юм бол яалаа гэж аав, ээж хоёр минь уух юм” л гэж бодно.

-Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын иргэдийн архины хэрэглээ нь ямар байдаг юм бол?

-Би Сингапурт очоод нэг хүлээн авалтад очсон юм. Тэгэхэд ширээн дээр нэг ч архи байгаагүй. Тэр үед 30 гаруй насны нэг эмэгтэй хошигноод “Ах аа уучлаарай. Танай улс оронд хүндэт зочиндоо сархад барьдаг соёлтой юм билээ. Манай улсад хүндэт зочиндоо архи барьдаггүй соёлтой” гэж хэлсэн удаа бий. Дэлхий өнөөдөр архи уухгүй, хэн нэгнийг архиар шахахгүй байгаагаа соёл гэж үзэж байхад монголчууд “Согтууруулах ундааг соёлтой, зохистой хэрэглэнэ” гэж яриад уугаад байх юм. Архи огт амсахгүй байх тухай ерөөсөө ярихгүй байна.

-Та архинаас гаръя гэж, эсвэл архины хэрэглээгээ багасгая гэж бодож буй хүмүүст зөвлөгөө өгөхгүй юу?

-Архийг дийлэх хэцүү л дээ. Эхнэр маань хэдэн жилийн өмнө надад “Чи архичин болчихлоо” гэж хэлэхэд би “Би архичин болоогүй. Хөргөгчинд виски, хойморт гурван дээд сургуулийн диплом байна. Чи УИХ-ын гишүүний эхнэр болоход л өөрийгөө бэлдэж бай” гэж хэлж байсан. Одоо бодоход энэ бол асар том оюун санааны хүчирхийлэл. Миний хэлсэн үг “Би чиний дэргэд гурван дээд сургууль төгсчихсөн зохиолч, яруу найрагч хүн. Би бол тэнгэрийн амьтан” гэсэн санаа шүү дээ. Энэ их биеэ тоолт, хэт их өөрийгөө үнэлэх үнэлэмж л өөрийнхөө гараар өөрийгөө унагаахад хүргэдэг юм билээ. Тиймээс архинаас гарахын тулд өөртэйгөө тэмцэж, өөртөө аудит хийж, эм тариа хэрэглэхгүйгээр архинаас гарахыг хүсвэл ямар ч эр хүн чадна гэж боддог. Бидэнтэй 88885593 гэсэн дугаараар холбогдож болно. Архи уудаг хүнийг бид архичин гэдэггүй, үнэт бүхнээ хайрлах зүрх зоригтон гэж нэрлэдэг. Монголчууд архи уухад хэдэн саяар нь мөнгө зардаг хэрнээ оюун ухаанаа өөрчлөх зүйлд мөнгө зарахад жаахан дургүй байдаг. Булчиндаа хүчтэй байхаас гадна тархиндаа хүчтэй бай, залуучууд аа. Мэргэн ухааныг бүтээдэг ганц зүйл бол тархи юм. 100 сая хүнтэй Турк улсад очиж уулзалт хийх үеэр “Танай улсад баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог хүн байна уу” гэж асуухад үгүйсгэсэн. Гэтэл манай улсад нөхцөл байдал ямар байгаа билээ дээ.

Ө.АНХЗАЯА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчилж байна

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд а...

img

2 цагийн дараа

Буудал дээр зогсоогүй автобусны жолоочийг торгожээ

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж ...

img

1 цагийн дараа

Ардчилсан нам МАН-д шаардлага хүргүүллээ

“Ардчилсан Нам хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тай...

img

1 цагийн дараа

Монголд анх удаа “Milk Festival-2025” зургадугаар сарын 1-нд болно

Улс орнууд “Дэлхийн сүүний өдөр” (World Milk Day)-ийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдөр өргөнөөр тэмдэглэдэг уламж...

img

1 цагийн дараа

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны 05 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 25-27-нд ихэнх нутгаар, 2...

img

23 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд