мэдээ
Ном ярьж өгье: “Шинэ ээжийн тэмдэглэл”

ДАМЖИНГИЙН БАТТОГТОХ
2025 оны 6 сарын 08

6

Энэ удаад сэтгүүлч ээжийн бичсэн “Шинэ ээжийн тэмдэглэл” номыг ярьж өгье. Залуу ээж жирэмсэн үеэс хүүхэд хоёр нас хүртэлх туршлага, үнэн бодит түүхэндээ суурилан энэхүү номоо бичжээ. Өөрөө ээж болж гэртээ сууснаар бүгд мэддэг ч төдийлөн ярилцдаггүй сэдвүүдийг хөндсөн нь ээжүүдийн сэтгэл санаанд “хань” болох зорилготой аж. “Шинэ ээжийн тэмдэглэл” ном нь ээж болохоос өмнөх би, ээж болох тухай мэдээ, амаржихад бэлдэх нь, хүүхдийн нойрны тухай, хүүхдийн өдөр тутмын арчилгаа, нярай хүүхэдтэй амьдралын хэв маяг зэрэг 24 хэсгээс бүрдсэн байна.
24 хэсгийн 12 хэсэгт нь мэргэжилтнүүдийн зөвлөгөөг 3-5 асуултад хариулт авах хэлбэрээр багтаасан нь илүү ойлгомжтой, амьдралдаа шууд хэрэгжүүлж болохуйц санагдлаа. Жишээлбэл, хөхний мэргэжлийн бариа засалч М.Цацрал ээжүүдийг төрөхөөсөө өмнө хөхөө бэлдэхийн ач тус, хэрэв уураг зангирсан бол бидний хөхөө массажлах, хатуурсан хэсгийг нухах нь хамгийн буруу арга гэдгийг тайлбарласан байна. Сэтгүүлч, шим тэжээл судлаач, “Сахар” номын зохиогч Л.Энхзул хөл хүнд үед хэрхэн хооллох тухай, сэтгэл зүйч Ж.Үйлст жирэмсэн үед сэтгэл зүйд ямар өөрчлөлт гарч болох, тэдгээр өөрчлөлтүүдийг яаж даван туулах талаар зөвлөжээ. Жирэмсэн болон төрсний дараахь бие, сэтгэл зүйн өөрчлөлттэй үеийг даван туулах арга зам бол төрөх үйл явц, төрсний дараахь амьдралын тухай шинжлэх ухаанч мэдлэг, мэдээлэлтэй байх тусам айдас, санаа зовнил бага, сэтгэл гутралд өртөхгүй байх боломжийг нэмэгдүүлдэг аж.
Түүнчлэн эх барих эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн хоол зүйч, уламжлалт анагаах ухааны их эмч, вакцинатор, хүүхдийн сэтгэл зүйч зэрэг 12 мэргэжилтэн хамтарч ажиллажээ. Эдгээр мэргэжилтнүүдийн зөвлөгөө нь хүүхдээ эрүүл өсгөх, эрүүл харилцаатай гэр бүлийг бүтээхэд туслах аж. Энэхүү номд зөвхөн ээжүүд гэхээс илүүтэй “Аав болсон нөхрөө ойлгож хайрлах нь” гэдэг хэсэг ч бий. Шинэ аавд сэтгэл зүйн ямар өөрчлөлт гардаг тухай уншиж, сэтгэл зүйч докторант Г.Маралгуагийн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал, амаржаад удаагүй ээжид жижигхэн ч гэсэн анхаарал, халамж хамгийн хэрэгтэй байдаг бол эрчүүд аав болсноор амьдралын том асуудлууд болох санхүү, орон байр зэрэг зүйлд илүү анхаарч, өөрийгөө муу байх вий гэдэгт санаагаа чилээдэг байна.
Энэхүү ном нь зөвхөн ээжүүд биш, залуу гэр бүлүүдийн ширээний ном байхаар олон талын агуулгыг багтааснаараа онцлог. Бид бие махбод, сэтгэл зүйд гарах өөрчлөлтийн талаар орчуулгын номнуудыг уншиж мэдээлэл олж авч болох ч энэхүү номд XXI зуунд Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод гэр бүл зохиож, хүүхдээ өсгөхөд ямар бэрхшээл тулгардаг зэрэг олон зүйлд хариулт өгөх байдлаар салбар салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөөг багтаасан нь илүү хөрсөн дээрээ буусан гэлтэй.
Нөгөө талаар зохиогч “Ээж болж гэртээ сууна гэдэг ажилдаа орох өдрөө хүлээж гуниглах цаг хугацаа биш, утга учир, үнэ цэнэтэйгээр өнгөрүүлж, өөрийгөө илүү таньж мэдээрэй” гэж хэлэхийг зорьсон байна. Түүнчлэн гэртээ хүүхдээ харах хугацаанд өөрийгөө хөгжүүлэх, таньж мэдэх гэсэн оролдлого, туршлага дээрээ тулгуурлан шинжлэх ухаанч мэдээллийг багтаасан энэхүү номоос та залуу гэр бүлд тулгарах асуудал, шийдэл, алдаа оноо зэрэг зүйлсийн талаар дэлгэрүүлэн уншиж амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой.
ЗОХИОГЧ: А.ГАНТУЯА





“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал өндөрлөлөө
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран Зүүн хойд Аз...
5 цагийн дараа
МИАТ: ТӨХК Хөх хот руу нисэж эхэллээ
МИАТ компани ӨМӨЗО-ны Хөх хот руу хуваарьт нислэг үйлдэж эхэлсэн байна. Энэхүү нислэг нь энэ сарын 23-ны өдрийг хүртэл долоо хоногт ...
4 цагийн дараа
Урсгал сөрж уулзвар нэвтэрсэн жолоочийг 50 мянгаар торгож, эрхийг нь хасчээ
Уулзвараар урсгал сөрөн нэвтэрч буй тээврийн хэрэгслийн зураг өчигдөр цахим орчинд түгсэн. Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шал...
3 цагийн дараа
АНУ, БНХАУ ирэх даваа гарагт Лондонд уулзана
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гурван дээд албан тушаалтан даваа гарагт /2025.06.09/ Лондон хотноо БНХАУ-ын албан тушаалтнуудтай ...
2 цагийн дараа
Манай улс энэ онд 655.5 мянган га талбайд тариалалт хийнэ
Хаврын тариалалт улсын хэмжээнд 54.4 хувьтай үргэлжилж байна. Энэ жил 360.7 мянган га-д үр тариа, үүнээс 310.1 мянган га-д улаанбууд...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд