мэдээ
Э.Буяннэмэх: Хөхний хорт хавдар эрт үедээ илэрвэл бүрэн эдгэрэх боломжтой

Админ
2025 оны 6 сарын 17

31

2024 оны байдлаар хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын шатлалаар дөрөвдүгээр байрmорж байна. Энэ талаар “Хөхний клиник”-ийн мэс заслын эмч Э.Буяннэмэхтэй ярилцлаа.
– Хөхний хавдар гэж юу вэ?
– Хөхний хорт хавдар гэдэг нь хөхний эдэд үүссэн хяналтгүй, хэвийн бус эсийн ургалтыг хэлдэг. Эдгээр хавдар нь хоргүй (benign), хортой (malignant), эсвэл завсрын (borderline) шинжтэй байж болно. Ихэвчлэн хөхний суваг (duct) эсвэл булчирхай (lobule) эсээс эхлэн ургадаг. Хавдар томрохын хэрээр ойролцоох эд, тунгалгийн зангилаа руу тархаж, улмаар яс, элэг, уушги, тархи зэрэг алслагдсан эрхтнүүдэд үсэрхийлж болно. Хөхөнд ямар нэг зангилаа, өөрчлөлт мэдэрвэл нарийн мэргэжлийн эмчид даруй хандаж, оношлуулах шаардлагатай.
– Манай улсад хөхний хавдрын тохиолдол сүүлийн жилүүдэд ямар түвшинд хүрсэн вэ?
-2024 онд нийт 399 тохиолдол бүртгэгдсэнээс, 75 хувь буюу ойролцоогоор 299 өвчтөн нь 40–65 насны эмэгтэйчүүд байна. Энэ нь тухайн насны бүлэгт хөхний хорт хавдрын өвчлөл өндөр байгааг харуулж байна. Үлдсэн 25 хувь буюу 100 орчим тохиолдол нь 40-өөс доош болон 65-аас дээш насны эмэгтэйчүүдэд хамаарч байна.
– Хөхний хорт хавдарт хүргэх гол шалтгаан юу байна вэ?
-Хөхний хорт хавдрын эрт үед илэрч болзошгүй шинж тэмдгүүдэд хөхөнд огцом гарч ирсэн овгор, бэрсүү мэт зүйл тэмтрэгдэх, хэлбэр хэмжээ гэнэт өөрчлөгдөх, арьсны өнгө өөрчлөгдөж улайх, хатуурах, эсвэл “жүржийн хальс” мэт барзгар болох, хөхний толгой дотогш татагдах, мөн хөхний толгойноос тунгалаг, идээтэй, зарим тохиолдолд цустай шингэн ялгарах зэрэг орно. Үүнээс гадна суганы дор зангилаа тэмтрэгдэх, хөх орчимд тогтмол өвдөлт, загатналд мэдрэгдэх нь хөхний хорт хавдрын сэжигтэй шинж тэмдгүүд байж болзошгүй тул даруй эмчид хандах шаардлагатай.
– Ямар үед эмчид хандах ёстой вэ?
– Мэдээж дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдол нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Хөхний хорт хавдар нь эрт үедээ илэрвэл бүрэн эдгэрэх боломж маш өндөртэй өвчин юм. Иймээс тогтмол үзлэгт орж, шинж тэмдгийг анзаарах нь амь насаа аврах чухал алхам болдог. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор жилдээ нэг удаа шинжилгээ, үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй.
– Хэрхэн сэргийлэх вэ?
-Амьдралын хэв маяг, биеийн байдалд анхаарах, эрт илрүүлэгт хамрагдахтай холбоотой байдаг. Хөхөө тогтмол өөрөө шалгаж, эрт илрүүлэгд хамрагдах, 35 наснаас эхлээд эхо болон мамограмм хийлгэж байх, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж, зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийж жингийн илүүдэлгүй байх хэрэгтэй. Мөн эм дааврын хэрэглээнд анхаарах, гэр бүлийн өвчний түүхээ мэдэж, хөхөө зөв хөхүүлэхээс гадна стресс нойроо зөв зохицуулж байх шаардлагатай.
– Сар бүрийн хөхний үзлэгийг хэрхэн зөв хийх вэ. Энэ талаар зөвлөхгүй юу?
-Сар бүрийн хөхний өөрийн үзлэг нь хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх энгийн боловч үр дүнтэй арга юм. Үзлэгийг сарын тэмдгийн дараах 5–7 хоногт, хөх хамгийн зөөлөн, хавдар багатай үед хийх нь тохиромжтой. Харин цэвэршсэн эмэгтэйчүүд сар бүр тогтсон нэг өдөр сонгон, тогтмол хийж хэвших хэрэгтэй. Үзлэг нь харааны болон тэмтрэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхлээд толины өмнө зогсоод хөхний хэлбэр, хэмжээ, арьсны өнгө, бүтэц, хөхний толгойн байрлал, шингэн ялгаралт байгаа эсэхийг ажиглана. Гараа сул тавьсан, дээш өргөсөн болон бүсэлхий дээр тавьсан байрлалаар ажигласнаар арьс, эдийн таталт, хонхойлт зэрэг өөрчлөлт тод илэрч болно. Үүний дараа хөхийг гарын үзүүрээр зөөлөн дарж, цагийн зүүний дагуу тойрог хөдөлгөөнөөр бүхэлд нь тэмтэрч шалгана. Энэ үед хөхний дээд, доод болон дотор, гадна хэсгүүдийг бүрэн хамруулж, мөн суганы хонхор, хөхний толгойн орчмыг шалгах хэрэгтэй. Хөхний толгойн хэсгийг зөөлөн дарж, шингэн ялгаралт байгаа эсэхийг үзнэ. Хэрэв хөхөнд овгор, зангилаа тэмтрэгдэх, хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, арьс татагдах, хөхний толгой дотогш орсон эсвэл шингэн ялгарч байвал, мөн суганы дор зангилаа тэмтрэгдэж, өвдөх, загатнах шинж илэрвэл эмчид яаралтай хандах шаардлагатай. Тогтмол үзлэг нь өөрийн биеийг мэдэрч, аливаа өөрчлөлтийг эрт илрүүлэх боломжийг олгодог тул эрүүл мэндээ хамгаалах чухал алхам юм.
– Хөхний хорт хавдарын үе шат бүрт ямар эмчилгээ хийгддэг вэ?
– Хөхний хорт хавдрын онош нь хөхний хэт авиан шинжилгээ (эход), маммограф болон эд эсийн шинжилгээ (биопси)-нд үндэслэн батлагддаг. Хавдрын онош тодорхой болсны дараа хавдрын гистологийн төрөл, үе шат, өвчтөний биеийн ерөнхий байдал, дагалдах өвчнүүд, дааврын хариу урвал, HER2 илрэл, бусад биомаркераас хамааран эмчилгээний арга тактикийг олон улсын стандартад нийцүүлэн тодорхойлдог. Манай улсын хувьд эмчилгээний төлөвлөгөө нь ДЭМБ, NCCN, ESMO зэрэг олон улсын клиник удирдамж, мөн Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас баталсан үндэсний оношлогоо, эмчилгээний удирдамжид тулгуурлан цогц байдлаар хэрэгждэг.
–Хими, туяа, мэс засал эмчилгээний гэх мэт эмчилгээний ялгааг тайлбарлавал?
-Хөхний хорт хавдар нь эсийн түвшинд үүсч, ойролцоох тунгалагийн булчирхай болон тархи, яс, элэг, уушги зэрэг алсын эрхтнүүдэд үсэрхийлэн тархах боломжтой системийн өвчин юм. Иймээс энэ өвчний эмчилгээ нь зөвхөн хэсэг газрын бус, бүх биеийн хэмжээнд нөлөөлөх системийн эмчилгээний зарчмыг баримталдаг. Тиймээс хими эмчилгээ нь үндсэн эмчилгээний нэг болдог.
-Хөдөө орон нутагт оношилгоо, эмчилгээний хүртээмж ямар байна бэ?
-Олон улсад 40 наснаас эхлэн мамограмм буюу хөхний рентген шинжилгээнд суурилсан эрт илрүүлгийн аргыг зөвлөдөг. Манай орны хувьд ихэнх алслагдмал орон нутгуудад уг шинжилгээний аппарат тоног төхөөрөмж байхгүй, мөн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтний дутагдалтай байдлаас шалтгаалан хөхний хавдар оройтож оношлогдох нь их байдаг. Гэсэн хэдий ч ЭМЯ-наас 3жилийн өмнөөс эрт илрүүлэг орон даяар эхлүүлсэнтэй холбогдуулж хэт авиан шинжилгээнд суурилсан эрт илрүүлэг хийж эхэлснээр жилээс жилд хөхний хавдар оношлогдох тохиолдол ихсэж байгаа нь эмчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулах, эрт эмчлэгдэх боломжтой болж байгаа нь сайшаалтай хэрэг болж байна.
– Энэ өвчинтэй тэмцэж буй эмэгтэйчүүдэд сэтгэл санааны дэмжлэг хэр чухал вэ?
-Хөхний хорт хавдартай тэмцэж буй эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл санааны дэмжлэг нь зүгээр нэг урам зориг бус, харин тэдний эдгэрэл, нөхөн сэргэлтийн чухал тулгуур болдог. Энэ өвчин нь зөвхөн бие махбод төдийгүй сэтгэл зүй, амьдралын чанарт нөлөөлдөг учраас сэтгэлзүйн тогтвортой байдал нь эмчилгээний үр дүнтэй шууд холбоотой байдаг. Тиймээс гэр бүл, ойр дотнын хүмүүсийн хайр халамж, эмч мэргэжилтнүүдийн урам зориг, ойлголцол бүхий харилцаа нь тухайн хүнд хамгийн хэрэгтэй “эм” болдог.
Э.Жавзандулам





Монголтой ижил нөхцөлтэй Казахстан уран олборлолтоор дэлхийд тэргүүлж байна
Хэдхэн арван жилийн өмнө ураны салбарын хөгжлөөр ижил түвшинд байсан Монгол, Казахстан хоёр өнөөдөр огт өөр чиглэлд хөгжиж байна. Ту...
7 цагийн дараа
Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2025.06.17/ Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшиг...
7 цагийн дараа
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсчээ
Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн тавдугаар сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, ту...
7 цагийн дараа
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долдугаар сард нээнэ
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар сэтгүүлчдий...
6 цагийн дараа
Монгол-Оросын хамтарсан Мардайн “Уран”-ы төсөл урагшилж байна
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд