мэдээ
“Азарга” Лхагваа начин, Эрдэнэ-Очир арслан хоёртой хуушуурдсан наадам

НОРОВЫН ГАНТУЛГА
2025 оны 6 сарын 17

1

Хуучны бөхчүүдтэй ярьж хөөрч наадам үзэх шиг жаргал байдаггүйг тэр жил би ёстой тагнайдаа амтагдтал мэдэрч билээ. Хоёр мянга найман оны наадам юм. Саяхан л санагдах юм, гэтэл 17 жил өнгөрчээ. Тэр жилийн наадмын бөх гойд болсон санагддаг. Мэдээж жил жилийн наадам сайхан. Гэхдээ тэр жилийнх онцгой болсон. Учир юунд вэ гэвэл, наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 1-нд сонгуулиас үүдсэн айхавтар үймээн болж, олон хүний амь нас эрсэдсэнийг бид мэднэ. Үндсэндээ үймээний жилийн наадам. “Төр засаг ч, нийгэм ч нэг л эвгүй байна, наадам нь сайхан болчихоосой” гэх бодол хүмүүст байсан, бөхчүүдэд ч байсан байх. Найраа энээ тэрээ бараг л гараагүй. Их шөвгийн дөрөвт гэхэд бүх аварга, арслангууд уначихсан. Б.Ганбат заан (арслан) гурван залуугаас ам авч байв. Ийм наадмыг бөхийн асарт сууж Мөөеө, Баянаа, Цэрэнтогтох аваргууд, Эрдэнэ-Очир арслан, “мангар” Санжаа заан, Долгорсүрэн заан, “азарга” Лхагваа начин нартай хамт үзсэн.
Наадмын нээлтийн дараа нэгийн давааны эхний дүйзүүд гарч, томчуудын аманд очсон цэргийн хүүхдүүд малгайгаа барин гүйлдэж байх зуурт Лхагваа гуай, Эрдэнэ-Очир гуай хоёр намайг дуудлаа. “Хүүхээ, нааш ир, хуушуур идье. Хүүхдүүд хуушуур аваад ирж” гээд цаасан уутанд тос нь нэвчсэн халуун хуушуур гурвуулаа голдоо тавиад цэнгэлдэхийн зүлгэн дээр суулаа. Өнөө хоёр жигтэйхэн гоё дээлтэй. Эрдэнэ-Очир гуай хэлхийсэн том амьтан хөлөө жийгээд суучихлаа. Лхагваа начин их гоё хээтэй торгон дээлтэй, хамраа зангидсан байрын харцтай хавчгардуухан бор хүн. Намайг дуудсаны учир аваргуудын суудаг асарт би голлож суугаад, сүрхий юм тэмдэглээд байсан учир бөхийн комиссын хүн гэж бодсон уу, яасан, ямар чиг л байсан тэр хоёр дотночилж дуудсан юм. “Хүү аль нутгийнх вэ” гэж Лхагва начин асуулаа. Булганых гэдгээ хэлтэл “Аа, манай Түвдэн аваргын нутаг” гээд сүрхий байна.
Эрдэнэ-Очир арслан “Наадах чинь Түвдэндорж гуайгаар начин авсан шүү дээ” гэж хатгалаа. Ингээд Лхагваа гуайн начин болсон наадмыг ярьж гурвуул хуушуурныхаа даруулга хийлээ. Лхагваа начин “Би чинь жаран оны цэрэг. Тангаргийн баяр дээр энэ мангар хар(Эрдэнэ-Очирыгоо хэлж байгаа)-тай үлдэж үзүүрлэлээ. Батлан хамгаалахын сайд, улсын баатар Батын Дорж генерал “Энэ хүүг Алдар нийгэмлэгт өг” гэж тушаасны дагуу “Алдар”-ын цэрэг болсон. Эрдэнэ-Очир тэгэхэд улсын начин цолтой том амьтан байлаа.
“Алдар”-т ирснээр Шаравын Батсуурь аварга, уран барилдаант Бээжин аварга, Бадамсэрээжид арслан, мангар Санжаа гээд лут амьтадтай чинь ойртож байгаа юм. Цэрэн аварга, Зундуй заан, Одсүрэн харцага бид хэд үерхэнэ. За энэ бид хоёр бол насаараа үерхсэн хоёр. Ямар сайндаа намайг начин болоход надтай хамт Түвдэн аваргатай барилдсан хүн шүү дээ” гэлээ.
Залгуулаад Эрдэнэ-Очир гуай “Энийгээ хоёр гурван ч удаа дөрөв даваад мултраад байхаар нь би авч начин болгоё гэж боддог байлаа. Тэгтэл Ноёны бөх Жигмэддорж начингаар дөрөв давчихдаг юм. Яг цагаа тулаад ирэхээр хүн чинь бас яадаг билээ гэж боддог юм байна. Тэгтэл ашгүй мань мэтэд хүргэлгүй Түвдэндорж аварга авчихлаа. Аварга харьчихсан байсан үе. Гэхдээ аварга бол аварга л байдаг, би дотроо битүүхэн горьдож байгаа ч бас түгшиж байв. Лхагваа Түвдэн аваргыг харцагадаж дайрдгаараа дайрлаа даа. Аварга том биетэй учир унаж өгдөггүй ганхалзаж тэнхэлзээд арагш ухраад яваад байх юм. Би ч газар суучихаад хазайгаад, тэр хоёр хамт барилдаад байлаа. Тэгтэл ашгүй аварга уналаа, би ч газар хэвтээд ёстой нэг санаа амарна гээч нь болсон. Энэ нэг юмыг начин болоход тэгж их зовсон хүн. Тэрийг ер нь мэддэг юм уу, үгүй ч юм уу” гээд хүд хүд инээж суусан сан.
Барилдааны арга техникийг Өлзийсайхан гуайгаар заалгаж явсан гэж Лхагваа начин хэлсэн. Өлзийсайхан гэдэг нь Эрдэнэ-Очир арслангийн аав. 1941 онд Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор Түвдэндорж аваргатай үлдэж үзүүрлэн алдарт Буур Жамьян аварга, Сэлэнгийн “боохой” Данзан, Баргын Гэлэг, “хужаа” Чүлтэмсүрэн, “гулзгай” Дамчаа нарын арслангууд, мундаг Наваан заан гээд домогт бөхчүүдтэй хүч үзэж явсан арслан. “Манай энэ ч маапаантай хүн” гээд Лхагваа гуай бас л өдсөнөө “Тэр жил бид Хөвсгөл явсан юм. Буудалд гурвуулаа хонох байтал гэнэт Эрдэнэ-Очир, Одсүрэн хоёр айл руу явах болоод би ганцаараа хонолоо. Бээжин аварга дүүгийндээ байсан, маргааш нь очлоо. Манай хоёр ч хүрээд ирлээ. Эрдэнэ-Очир маань хоёр хүнтэй сүрхий гэгч мэндэлтэл өнөө хоёр нь дуугардаггүй, Одсүрэн хөхрөөд унадаг юм. Тэгтэл хоносон айлынхаа хоёр хүнтэй манай хүн мэндэлсэн байгаа юм, тийм л хүн дээ” гээд явуулж байна. Арслан тоосон шинжгүй сууна.
Бидний үед чинь Өмнөговийн Дэмүүл, Ламаажав, Хэнтийн Барамсай заан, Хөвсгөлийн Гүрбадам заан, Булганы “Тэмээ өргөдөг”, Баянхонгорын Нямжанцан начин, Завханы уран гараат Баттогтох начин гээд хөдөөнөөс ирж наадмаар шуугиулдаг бөхчүүд олон байлаа гэдгийг тэр хоёр ярьж, тэднийхээ барилдааныг наадмын торгон дэвжээнд үгүйлж суугаа нь мэдрэгдэж билээ. Лхагваа начны хүү хошин шогийн нэрт жүжигчин, гавьяат Дэмидбаатартай сүүлд таараад “Танай аавтай тэр жил хуушуур хувааж идэнгээ мөн ч таатай наадаж билээ” гэхэд инээд алдаад “Би чинь багадаа бөх болно гэж өвчигнөөд аавынхаа зодгийг өмсөж шороотой хутгаж явсан хүн шүү дээ” гээд ийн өгүүлж билээ.
“Кёкүшюзан Батбаяр бид хоёр хамт бэлтгэлд явна. Кёкүшюгийн ээж Жавзандулам гуай 120 мянгатын үйлчилгээний төвийн эрхлэгч. Тэнд очиж бид хоёр мах цавчигч хүртэл хийж явсан. Ингээд 1991 оны улсын наадамд ааваас нууцаар зодоглолоо. Далбаа шуудгийг нь хулгайлж аваад өмслөө. Нэг давчихлаа, хоёрын даваанд “дүүгүүр” Болдбаатар начинтай таарч сэнсэртэл дүүгүүрдүүлээд унасан. Босоод явах гэтэл толгой эргэчихсэн, хөл гуйвалдаж унаад бүр хөгөө чирсэн. Яг тэр үед аав Эрдэнэ-Очир гуай, Зундуй заан нартай явж байгаад “Энэ миний далбаа шуудагтай ямар адилхан юм бэ” гээд хартал би зогсож байсан. Аавд сайн загнуулж аваад бөхийн карьер маань дууссан даа” гэж инээд наргиан болгож билээ.
Хоёр хөгшинтэй гурвуул хуушуураа идчихээд, баахан хууч хөөрч суугаад бөхийн асартаа иртэл Мөөеө аварга сууж байна. Хадаагийнхаа хүү Даваажавын барилдааныг үзэх гэж суугаа нь тэр. Энэ тухай миний бие Мөөеө аваргын хөрөг дуртгалд бичиж байсан. Даваажав ч унасан, Мөөеө аварга ч нулимсаа нэг шударч аваад явсан. Бодох нь ээ, хүүхэд шиг цайлган Хадаагаа санасан нь илэрхий. Наадмын хоёр дахь өдөр бөх ёстой үзүүштэй болсон. Говь-Алтайн Соронзонболд Өсөхөө аваргыг долоогийн даваанд халз хутгаж дайраад заан болж байлаа. Ганбат шөвгийн дөрөвт Нямдоржийн Ганбаатар гэж өндөр туранхай залууд хүчтэй татуулж унаад мөн ч их харамсаж билээ. Үзүүр түрүүнд До.Ганхуяг, Ганбаатар хоёр үлдсэн. Ганбатын наадам байсан юм, амаа буруу авлаа гэх яриа аварга арслангуудын асарт өрнөж байв.
Тавын даваа эхлэхийн өмнө байх, энгэртээ “Спортын мастер” гэсэн тэмдэг зүүсэн нэг хүн ирлээ. Тэгтэл Мягмар заан тэр хүнийг нэрээр нь дуудаад “Чи спортын мастерыг хэзээ авлаа” гэж тулган асуудаг юм. Нөгөө хүн жаахан балмагдаад, хуучны он хэлтэл, битгий худлаа яриад бай. Чамайг спортын мастерын болзол хангаагүйг мэдэж байна. Төрийн наадмаар түмний нүдэн дээр ингэж худлаа тэмдэг битгий зүүж яв, наадахыгаа одоо ав гэдэг юм. Нөгөө хүн за ч гээгүй, үгүй ч гээгүй, юу ч хэлэлгүй яваад өгсөн. Мягмар гуай минь сэрүүн тунгалаг байсан бол тэр этгээд хэн байсан бэ гэж асуух байлаа. Мягмар зааны тэр шударга үг сэтгэлд айхтар үлдэж, олныг эргэцүүлэхэд хүргэдэг.
Наадам тарахын алдад Лхагваа начингаас “Таныг яагаад азарга гээд байдаг юм” гэж асуухад, “Аа тэр үү, Цэрэнгээс болсон юм” гэлээ. Цэрэн аваргыг хэлж байна. Тэртээ жараад оны сүүлээр Спортын төв ордон, Хөдөлмөр нийгэмлэгт нэг өдөр болсон барилдаанд Цэрэн аварга Лхагваа начныг дараалж амлаад харцагадаж дайрах мэхэнд нь унасан гэдэг. Тэгээд бөхчүүд дээр ирээд “Цаад Лхагваа чинь азарга шиг дайраад хаячихлаа. Нэг өдөр хоёр удаа “азарганд дайрууллаа” гэснээс үүдэн азарга хочтой болсон юм гэдэг. Ингэж тэр жилийн наадмыг азарга Лхагваа начин, Эрдэнэ-Очир гуай хоёртой хуушуурдсан шиг ээ үзсэн минь санаанаас гардаггүй юм.





Хятад улс дотроо 58 хот, гадаадын 42 улсын хотуудад ачаагаа тээвэрлэн хүргэж байна
Эжөү Хуаху нисэх буудал нь жилд 3.3 сая тонн ачааг дотоод гадаадын 100 хотод хүргэдэг байна Эжөү Хуахү Олон улсын ачаа тээврийн нисэ...
3 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх...
2 цагийн дараа
Цацрагийн хяналтын лаборатори-Монгол улсад зайлшгүй хэрэгтэй бүтээн байгуулалт
Монгол Улс ураны салбарын ирээдүйн талаар хэлэлцэж буй энэ үед хамгийн тулгамдсан асуудлын нэг нь цацрагийн аюулгүй байдлыг бие даан...
2 цагийн дараа
Ураныг газар доогуур уусган олборлох технологи буюу аюулгүй, орчин үеийн шийдэл
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгү...
2 цагийн дараа
ТББХ: Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.17/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжи...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд