гадаад
Канцлер Фридрих Мерц: Би энэ дэглэмийг нуран унаасай гэж хүсч байна

Админ
2025 оны 6 сарын 19

31

Канадын Кананаскис хотноо болж буй “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эрт орхин Вашингтон руу буцаж, өөрийн олон нийтийн сүлжээ Truth Social-д “Би Тегераны иргэдийг нэн даруй нүүхийг уриалж байна. АНУ-ын тэвчээр барагдаж байна. Дээд удирдагч (аятолла Али Хаменеи)-ийг нь хаана нуугдаж байгааг бид мэдэж байгаа. АНУ Ираны агаарын орон зайг бүрэн хянаж байна” гэж бичсэн. Тэгвэл “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Германы канцлер Фридрих Мерц Германы олон нийтийн телевизийн ARD сувагт өгсөн ярилцлагадаа Израилийн Иранд цохилт өгч буй тухай “Израилийн арми, засгийн газар үүнийг хийх зоригтой байгааг би маш их хүндэтгэж байна. Үгүй бол бид Ираны дэглэмийн аймшигт хаанчлалыг сар, жилээр, дараа нь тэднийг цөмийн зэвсгээ хэрэглэх хүртэл харж, хүлээх байсан. Ийм учраас л өнөөдөр ардчилсан улсууд болох бидний өмнөөс Израиль энэ “бохир ажил”-ыг хийж байна.
Бүгд Ираны энэ дэглэмээс болж зовж байна. Тегеран өөрийн халдлага, аллага, хорлон сүйтгэх үйлдлээр дэлхий даяар үхэл бас хохирол тараасан төдийгүй Ливан дахь Хезболла, Газын зурвас дахь ХАМАС зэрэг өөрийн тусгайлан бэлдсэн террорист байгууллагуудаар дамжуулж өөрийн бохир зорилгыг хэрэгжүүлдэг. Ерөөс аравдугаар сарын 7-нд ХАМАС-ын дайчид Израиль руу хийсэн халдлага Тегераны энэ дэглэмийн дэмжлэггүйгээр хэзээ ч хэрэгжих боломжгүй байсан гэдэгт улстөрч болгон итгэлтэй байдаг. Хэрэв Ираны эрх баригчид хэлэлцээрийн ширээнд буцаж суусан бол Израилийн энэ цохилт болохгүй байсан. Өнөөдөр Тегеранд террорист харгис дэглэм ноёрхож байгаа нь хэнд ч ойлгомжтой зүйл. Иймээс би энэ террорист дэглэмийг нуран унаасай гэж хүсч байна” гэж хэлжээ. Германы канцлерын энэхүү ярилцлагын дараа сэтгүүлчид “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Кейр Стармераас Ираны засгийн газрыг түлхэн унагахад таатай хандах эсэхийг асуухад “Би Ираны дэглэмийг дэмжигч биш” гэж хариулав. Сэтгүүлчид түүнээс “Ираны иргэд өнөөгийн дэглэмийн эсрэг босвол та үүнийг дэмжих үү?” гэж асуухад “Их Британийн ерөнхий сайдын хувьд би хүмүүсийг өөрийн гэрт юу хийх талаар хэлснийг нь урамшуулах ёсгүй. Би энэ байдлыг намжаахад бүх анхаарлаа хандуулж байна. Хэрхэн, хэзээ, ямар үнээр үүнийг хийх вэ гэдэг бол тусдаа асуудал” гэж хариулсан байна. Харин энэ дээд уулзалтад оролцож буй Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Иран дахь дэглэмийн өөрчлөлт нь эмх замбараагүй байдал авчирна” гээд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэхийн тулд хэлэлцээрийн ширээний ард суухыг улс орнуудад уриалаад “Бүгдийг хэлэлцээрийн ширээнд суулгахад АНУ хэрэгтэй гэж би үзэж байна” гэж хэлжээ. Ийнхүү Европын улсуудын тэргүүн нараас анх удаа Германы канцлер өөр улсад байгаа харгис дэглэмийг “Би нуран унаасай гэж хүсч байна” гэж мэдэгдэв. Урд нь тусгаар улсын дотоод хэрэг хэмээн Европын удирдагчид энэ талаар ганц ч үг ган хийдэггүй байсан билээ. Монгол өвгөдийн “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо нийлдэг” гэж хэлж үлдээсэн батлагдаж Орос, Хойд Солонгос, Иран, Венесуэл, Беларусийн дарангуйлагч удирдагчид ил тодоор нэгдчихээд байхад Европын Холбооны гол улсын удирдагч ингэж хэлж чадаж байгаа нь маш чухал ач холбогдолтой явдал юм.
Германы канцлер Фридрих Мерц Израиль Ираны цөмийн болон цэргийн байгууламжид цохилт өгч эхлэхэд “Израиль өөрийгөө болон иргэдээ хамгаалах бүрэн эрхтэй. Ираны цөмийн хөтөлбөр нь олон улсын Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээний заалтыг зөрчиж, бүх бүс нутагт, ялангуяа Израиль улсад ноцтой аюул учруулж байна” гэж мэдэгдэж байсан юм.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА





СХД-ийн 32 дугаар хорооны 2.6 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 2.6 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус хорооны “Шонхор...
8 цагийн дараа
Алба сурталчлах өдөрлөгийг “Ялалтын талбай”-д зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөций...
7 цагийн дараа
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамб...
7 цагийн дараа
Сүхбаатар дүүрэгт 37 мянган ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, өчигдөр Улаанбаатар хо...
6 цагийн дараа
Бөх судлаач С.Давааням: Б.Бат-Өлзий, О.Хангай, М.Лхагвагэрэл, Б.Орхонбаяр нараас энэ жилийн түрүү бөх тодорно
Бөх судлаач, бөхийн тайлбарлагч С.Даваанямтай өнөө жилийн наадмын бөхийн өнгийн талаар товч ярилцлаа. -Өнөө жилийн наадмын бөхийн өн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд