Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үндэс алга. Байгаль, нийгмийн жам ёсонд ч нийцэхгүй байна

trend

Админ

img

2025 оны 6 сарын 19

img

27

news-img

“Даншиг наадам-Хүрээ цам 2025”-ыг энэ сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гараад буй билээ. Үүнтэй холбогдуулан ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор, судлаач Х.Мөнхбаяртай ярилцлаа.


-Даншиг наадмын түүхээс хуваалцахгүй юу. Монголчууд энэхүү наадмыг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн юм бэ?

-5000 шахам жилийн улбаатай Монгол баяр наадмын нэгэн чухал хэсэг нь Даншиг наадмын түүхэн үе юм.“Сайн хааны самаргаан, Бошогт хааны бусалгаан”гэдэг Халх-Ойрадын үймээн намжсаны дараахан Өндөр гэгээн Занабазарыг эх нутагтаа эргэн морилоход нь өнөөгийн Улаанбаатар хотын орчимд их найр наадам хийж л дээ. 1700 оны зун болсон энэхүү их баяр цэнгэл анхны Даншиг наадам болохыг түүхийн сурвалжуудад тодорхой тэмдэглэсэн байдаг. Үүнээс хойш нэгэн зуун болж байж Даншиг наадам бидний төсөөлдөг мянга гаруй бөхийн барилдаан, гурван насны хурдан морины уралдаан, бай нэхий харвааг багтаасан их наадам болон хэлбэржин тогтож, гурван жил тутамд Монгол орныг донсолгох болсон. Харин монголчууд туурга тусгаар улсаа сэргээн мандуулсны дараа жил 1912 оны зун хөнгөн ёсолсноос хойш Даншиг наадмыг дахин хийсэнгүй. Богд хаан тэр болгонд татгалзсаар байсан гэдэг. Түүхийн энэ хэлхээ Даншиг наадам монголчууд харийн эрхшээлд орж биеэ даасан төргүй болсноос Монгол Улсаа байгуулж төрт ёсоо сэргээн тогтоосон үе хүртэл өрнөснийг харуулдаг.Үүнээс Даншиг наадам болон Монголын төрт ёсны хооронд холбоо хамаарал байгааг анзаарч болно. Баяр наадмыг бид бөх, морь, харваагаар төсөөлдөг. Энэ бол өнгөн тал нь. Цаана нь хэд хэдэн чухал зүйл бий. Даншиг наадмын тухайд Даншиг өргөх ёслол, их найр хурим, ноёдын чуулган гэсэн гурван зүйлийг тодруулан хэлэх ёстой. Даншиг өргөх нь Монголын шашны тэргүүн Богд гэгээнийг урт удаан насалж, монгол түмнээ нэгтгэн байхыг бэлгэдэн ном хурж, өргөл өргөх ёслол юм.Харин Даншиг наадмын их найр хурим монголчуудыг соёлын хувьд нэгтгэн нягтрахад чухал үүрэг гүйцэтгэсэн.Үүнээс гадна Богд гэгээндээ Даншиг өргөх ялдамд Монголын ноёдын нэгдсэн чуулган болж, Монголын нийгэм, эдийн засаг, улс төр зэрэг улсын хэмжээний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байсан улс төрийн яриа хэлэлцээ нь энэ наадмын хамгийн чухал зүйл мөн. Монголчуудыг нэгтгэхгүй байх, хүчийг нь төвлөрүүлэхгүй байхад чиглэсэн Манжийн засаг захиргааны зохион байгуулалтыг давж, нэгдэн чуулах ухаалаг аргыг монголчууд бодож олсон нь Даншиг наадам юм.

Харин 1912 оноос Даншиг наадмыг түдгэлзүүлсэн нь хаантай, таван яам бүхий Засгийн газар, цэрэг армитай тусгаар тогтносон Монголын төр улсад Манжийн үеийнх шиг Даншгийн чуулган хэмээх төрт төст албан бус институтийн эрэлт шаардлага үгүй болсонтой холбоотой.Гэхдээ энэ их наадмын үндсэн хэлбэр 1922 оноос Цэргийн наадмаар уламжлаад өнөөгийн Үндэсний их баяр наадмын суурь болсон билээ.Энэ болгоноос үзэхэд Даншиг наадам монголчуудыг улс төр, шашин, соёл, үнэт зүйлийн хувьд нэгтгэж, Монгол Улс тусгаар тогтноход онцгой үүрэг гүйцэтгэсэн нь түүхэн үнэн юм.

-Энэ жил Даншиг наадмыг анх удаа Нийслэлийн иргэдийн баяр болгон тэмдэглэх гэж байна. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ нийслэлчүүдийн баярыг Даншиг наадмаасаа салгах уу, эсвэл хавсруулж байна гээд Даншиг наадмаа гажуудуулах вий гэдгийг бодох ёстой. Нийслэл Улаанбаатар хотын наадам байж болно. Гэхдээ Даншиг наадмын мөн чанартай нийцүүлэх ёстой. Наадмын товыг зохистой тогтоохоос энэ болгон эхлэх байх. Энэ сарын сүүлчээр Даншиг наадам хийх бодит нөхцөл боломж хараахан бүрдээгүй байна. Муйхраар буюу хэн нэгэн дарга цэргийн захиргаадалтаар Даншиг наадам хийх хугацааг товлож буй нь хэр ончтой юм бэ. Монгол баяр наадмын уг язгуур нь үр шим ургацын баяр юм. Тиймээс Даншиг наадмыг монгол газрын үр шим бялхсан намрын налгар цагт улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр есдүгээр сарын 10-ны дараахь амралтын өдрөөр ургацын баяртай хамтатган хийж байвал зохистой санагдана. Энэ бол Монголын нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөнтэй, баяр наадам хийхэд зохистой үе шүү дээ.

-Түүхэн ач холбогдол бүхий Даншиг наадмын өдрийг Нийслэлийн засаг даргын захирамжаар ч юм уу хэн нэгний үзэмжээр шууд өөрчилж болдог юм уу. Энэхүү наадмын өдрийг хуульчлаагүй юм байна, тийм үү?

-Хуульчлаагүй. Нийслэл хотын өдрийг л хуульчилсан байдаг. 1912 оноос хойш Даншиг наадмыг тэмдэглэхгүй байж байгаад Хотын дарга асан Э.Бат-Үүлийн үеэс л тэмдэглэж эхэлсэн. Тэгэхдээ энэхүү наадам соёлын агуулгатай сэргээсэн ч IX, X Богдыг Монголдоо сэнтийд нь залсан учир одоо шашны учир агуулгыг нь анхаарч Даншиг наадмаа Богддоо зориулан хийх нь зүйн хэрэг болоод байна. Шашин хүмүүсийг нэгтгэдэг зүйл болохоос мунхруулдаг зүйл огтоос биш. Тийм ч учраас Даншиг наадам зөвхөн улаанбаатарчуудын наадам биш, монгол түмний наадам болж хөгжих ёстой. Хэрэв нийслэлийнхний наадам гэж хийх бол Даншиг наадмаас салгаж авч үзэх ёстой. Тэгэхгүй бол монголчуудын нэгдэж нягтрах, ойртон ижилсэх гэсэн эрэлт шаардлагыг үгүйсгэж, үндэсний ашиг сонирхолд харшлах болно. Бодит байдлаа харгалзан үзээд Улаанбаатар хотын захиргаа, Монголын бурхан шашны төв нэгдсэн бодлого, чиглэлтэй л болмоор байгаа юм. Даншиг наадмын тухайд шүү дээ. Түүнийгээ аажимдаа хууль эрх зүйгээр баталгаажуулах шаардлага бий. Түүнээс хэн нэгэн даргын үзэмжээр, түүний захиргаадалтаар энэ асуудлыг шийдэх нь зохистой биш.

-Цаг хугацааны тухайд ийм цаг үед наадах нь хэр зохистой юм бэ?

-Хамгийн сайхан зунтай байдаг нутаг усны нэг бол Хэнтий аймгийн Биндэр сум. Хэдхэн хоногийн өмнө би тийшээ ажлаар явсан юм. Тэгэхэд айлууд дөнгөж л зусландаа бууж эхэлж байсан. Тэнд ургамлын гарц учиргүй сайнгүй, тачирхан, мал нь сайнгүй л харагдана лээ. Тэгэхээр сар хагас ч хүрэхгүй хугацааны дараа Даншиг наадам хийх нөхцөл нь бүрдээгүй байна. Энэ хооронд тамир муутай байсан мал тэнхрээд, гараагүй шахуу айраг, тараг дэлгэрчихнэ гэж байхгүй. Тиймээс л монголчууд байгаль цаг уурынхаа нөхцөлд тааруулаад наадмаа товлодог уламжлалтай байсан юм. Өдийд монгол адуу тамиржаагүй байгаа. Үүнийг бодолцохгүй өдийд наадам хийх нь тэжээлийн эрлийз морьтнуудад л ашигтай. Өөрөөр хэлбэл, ийм эрт наадах нь үндэсний өв соёлыг гажуудуулж буй эрлийз морин уралдааныг хэрхэх вэ гэсэн асуудлыг сайшаан дэмжиж байгаа мэт харагдах болно. Нөгөөтэйгүүр хүмүүс наадмаас баяр цэнгэлийг хүртэх гэж ирдэг. Халуун нар шарсан, салхи шуурга дэгдсэн, тоос бужигнасан газраас баяр цэнгэл хүртэнэ гэж байхгүй. Даншиг наадмыг зургадугаар сарын 28, 29-нд хийнэ гэдэг бол олон зүй ёсонд харшилж байна. Монголчууд зуны урин дулаан цагт идээ ундаа дэлгэрсэн, хүмүүсийн сэтгэл амар тайван, уужуу болсон үед найр, наадам хийж ирсэн нь жам ёсыг дагаж байсан хэрэг.Монголчууд энэ болгоныг бодолцоод зуны дунд сарын дунд үеэс зуны адаг сарын дунд үе хүртэлх хугацаанд найр наадмаа хийдэг байж. Тэр үе нь хамгийн эртдээ долдугаар сарын хорьдоор таардаг. “Наадмын дараа намар” гэдэг үг эндээс гарсан. Түүнээс долдугаар сарын 11-нд наадсаны дараа намар болдоггүй л биз дээ. Магадгүй шийдвэр гаргагчид улаанбаатарчууд бөөндөө байгаа, ийш тийш хараахан яваагүй, анхаарал харьцангуй төвлөрчихсөн цаг гээд энэ өдрийг сонгосон байх. Гэтэл энэ шийдвэрт нь нийслэлийн болоод Даншиг наадамд хамаатах түүхэн үндэс алга. Зургадугаар сарын сүүлээр Монголын, тэр дундаа нийслэл хотын түүхэнд холбогдох онцгой үйл явдал ерөөс болоогүй. Даншиг наадам хийсэн баримт ч байхгүй. Бас байгаль, нийгмийн жам ёсонд ч нийцэхгүй байна.

-Даншиг наадамд барилдаж цолны болзол хангасан бөхчүүдэд одоо цол олгож буй. 1700-гаад оны үед бөхчүүдийн бай шагнал нь юу байсан юм бэ?

-Эдүгээ Даншигийн бөхийн цолыг өөр наадамд огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэсний бөхийн барилдааны өв соёлыг ингэж гажуудуулж болохгүй. Хэрэв, нийслэлчүүдийн баяр наадамтай цогц хөгжүүлэх бол Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Үндэсний их баяр наадмын хуульдаа нийцүүлээд Даншигийн аливаа цолыг аймгийн цолтой дүйцүүлж үнэлэх нь эрх зүйд нийцэх юм. Дүүргүүдийн наадмын цолыг сумынхтай жиших ёстой. Үгүй гэвэл, эрт цагт бөхийг цэрэг эрийн өвч зэвсэг буюу сайн морь, хөө хуяг, сэлэм жад, торго дурдан, хонь мал зэргээр шагнадаг байсныг Даншиг наадамд сэргээж болох юм.

-Та ярилцлагын эхэнд гурван насны хурдан морины уралдаан гэж ярьж байсан. Даншиг наадмаар энэ жил зургаан насны морь уралдах юм билээ?

-Даншиг наадмаар гурван насны морьд уралддаг уламжлалтай. Монголчууд цэрэг эрийн нөмөр түшиг болж, аянд хань болж чадах адууг л морь гэдэг. Үүнд нь хязаалан, соёолон, их насны морьд тэнцэж морь гэж дуудуулдаг байж. Тиймээс Даншиг наадамд энэ насны морьд л уралддаг байв. Ингээд 1899 оны Даншиг наадмаас эхлэн азарга, жороо морь уралдах болсон. Даншиг наадмын онцлогийг хадгалъя гэвэл ийм уралдааныг сэргээж болох юм. Нэмж хэлэхэд, Даншиг наадмын харвааг “Бай нэхий харваа” гэж нэрлэдэг байсан юм. Монголчууд саяхныг хүртэл сэрүүн цагт мах идэж, зундаа махан хүнс хэрэглэдэггүй байлаа. Зун огт мах идэхгүй байхаар хүн “махасдаг”. Тиймээс монголчууд зуны дэлгэр цагаар хонь мал тарга сууж тэвээрэх үетэй давхцуулан наадаж, махсаагаа гаргадаг уламжлалтай байсан. Ингээд хүнсэнд хэрэглэсэн хониныхоо нэхий буюу тарзыг нь хаялгүй бай болгон харвах болсон аж. Энэ мэтчилэн монголчуудын баяр наадмын дэг ёс болгон хоорондоо шалтгаант холбоотой. Зургадугаар сард мал тэвээрээгүй тамир муутай л харагддаг шүү дээ. Ийм үед Даншиг наадам хийвэл адаглаад наадмын хуушуур нь яаж амт шимттэй байх билээ.

-Өмнө нь монголчууд Даншиг наадмаа хаана хийдэг байсан юм бэ?

-Одоогийн Улаанбаатар буюу тэр үеийн Их Хүрээний дөрвөн талд болж байсан. Түүхт Хүй долоон худаг, Шарга морьтын зуслангийн замаар чигээрээ давхисаар Ар гүнтээр даваад хуучнаар Партизаны сангийн аж ахуй буюу одоо Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо болон Төв аймгийн Батсүмбэр сум хүрэх засмал зам салах “Т” уулзварын баруун доод талд байгаа хөндий болохыг бидний судалгаа тогтоосон. Хотын захиргаа, Монголын төр засаг тэр газрыг түүх соёлын тусгай хамгаалалтад аваад тэндээ наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг баймаар байна. Ингэхдээ суурин маягийн тусгай цогцолбор байгуулахгүйгээр, асар майхан багширсан нүүдлийн түр хүрээ байгуулаад уламжлалт хэв маягаараа нааддаг болбол олон талын ач тустай санагддаг. Төгсгөлд нь хэлэхэд, нийслэл хотынхоо баярын өдрийг Даншиг наадмынхаа соёл уламжлалтай нийцүүлэн байгалийн болоод нийгмийн жам ёсонд нийцүүлж хөгжүүлэх нь зүйтэй. Үүнд л нийслэлчүүдийг анхаараасай гэж хүсэх байна.

 

Ө.АНХЗАЯА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

СХД-ийн 32 дугаар хорооны 2.6 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 2.6 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус хорооны “Шонхор&#...

img

3 цагийн дараа

Алба сурталчлах өдөрлөгийг “Ялалтын талбай”-д зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөций...

img

3 цагийн дараа

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамб...

img

2 цагийн дараа

Сүхбаатар дүүрэгт 37 мянган ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ

Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, өчигдөр Улаанбаатар хо...

img

2 цагийн дараа

Бөх судлаач С.Давааням: Б.Бат-Өлзий, О.Хангай, М.Лхагвагэрэл, Б.Орхонбаяр нараас энэ жилийн түрүү бөх тодорно

Бөх судлаач, бөхийн тайлбарлагч С.Даваанямтай өнөө жилийн наадмын бөхийн өнгийн талаар товч ярилцлаа. -Өнөө жилийн наадмын бөхийн өн...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд