мэдээ
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН АСУУДАЛ БА ШИЙДЭЛ

Админ
2025 оны 6 сарын 20

31

Монополь эрх дархтай олигархуудыг маш ихээр сандаргав
Мөнгөнд дөрлүүлсэн бүхнийг илчилж хөдөлгөөнд оруулав
65 жилийн түүхтэй Монголын бизнесийн төлөөллийн гол байгууллага МҮХАҮТ-ын шинэ удирдлага Л.Төр-Од гэгч “үгэнд ордоггүй дарга, арганд автдаггүй ерөнхийлөгч” болсон нь сүүлийн 30-аад жил бизнесийн салбарт МОНОПОЛЬ дархан эрхээ тогтоосон улс төр-бизнесийн бүлэглэлийнхний дургүй зэвүүг зэрэг хүргээдэхсэн бололтой.
Тэрээр 2024 оны арваннэгдүгээр сарын 28-нд МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурлаар 54 хувийн саналаар ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 180 хоногийн хугацаа өнгөрөөд байна. Ажил хийе гэсэн хүнд 180 хоног хангалттай ихийг хийж болдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од харуулж чадлаа. Бизнесийн акулууд гэгддэг ч үнэндээ Жижиг, дунд үйлдвэрлэлийнхний боломжийг хулгайлдаг, гарааны бизнесийн “ам-амь”-ийг боомилдог томоохон бизнесмэнүүдэд шинэхэн ерөнхийлөгчийн үг ч таалагдсангүй, үйлдэл ч таалалд нийцсэнгүй. Тиймээс барын зулзагыг бага дээр гэгчээр монополь эрх дархтай олигархууд сандралдаж, МҮХАҮТ-ын Ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулж, толгойн өвчнөөсөө ангижрахыг хүсч, ил далд олон явуулгыг зэхэж, хийж хэрэгжүүлж явааг тус танхимын жирийн гишүүд халаглан ярьцгааж байна. Д.Төр-Од ерөнхийлөгч ажлаа хүлээн авсан цагаас хойшоо сууж хойргошсонгүй, тус танхимд олон жилийн турш бугшсан идээ бээрийг шахаж эхэлсэнд хэргийн учир оршино. Тэрээр 100 хоногийн дотор МҮХАҮТ-ын санхүүд аудитын шалгалт хийлгэж, тус байгууллагын мөнгийг зүй бусаар зарцуулсан ноцтой зөрчлүүд илэрч, одоогоор 7 тэрбум төгрөг хууль бус замаар үрэгдсэн нь тодорхой болчихсон аж. Анхан шатны нягтлан бодохын бүртгэл хийгддэггүй байсан гэхээр гайхаш төрүүлмээр, аймшиг дагуулмаар системийн авлигын аалзны тор Монголын бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ыг тойрсонгүй, дайраад гарчихсан нь энэ. Түүний ирэх дөрвөн жилд төлөвлөсөн ажил, зорилго зорилтыг таг гацааж нам зогсоож, мань хүний оронд өөрсдөдөө ашигтай нэгнээр солих кампанит ажил ундарчээ. Улмаар 2025 оны зургадугаар сарын 20-нд МҮХАҮТ-ын Их хурлыг зарлан хуралдуулах тов ОНМХ-ээр цацагдаад эхэлнэлээ. Үйл явдал яаж эхэлж, ямар замаар өрнөж, хэрхэн зангилагдаж, юунд тайлагдаж, яагаад төгсгөл болохоор шуурхайлсны учрыг өгүүлэх ину.
Монголын бизнесийн орчныг зад цэвэрлэхээ андгайлав
Монопольжсон өрсөлдөөнийг таслан зогсоохоо амлав
Л.Төр-Од ерөнхийлөгчийн замд саад тотгор учруулж, санаанд ормооргүй дарамт шахалтыг МҮХАҮТ-ын үе үеийн удирдлагуудыг “утсан хүүхэлдэй” болгож, олон жилийн турш “далд засаглал-deep state”-ээр хурууныхаа үзүүрээр хөдөлгөсөөр ирсэн Монголын урдаа барьдаг ТОП гэгддэг улстөр-бизнесийн бүлэглэлийнхэн юм. 1996 оноос МҮХАҮТ нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулах болсон тус байгууллага 28 жилийн хугацаанд таван ерөнхийлөгчийн нүүрийг үзэж буй. Хамгийн олон жил тус танхимыг даргалсан хүнээр УИХ-д “угаасаа би хоцордог юм” гэдгээрээ хоногшсон С.Дэмбэрэл тэргүүлдэг бол хамгийн богино хугацаанд ажилласнаараа MCS-ийн угшилтай Шарк Д.Энхтүвшин сүүл мушгина. Нэг нь 15 жил тус танхимын даргаар дархлагдталаа ажилласан бол Шарк маань жил хүрэхгүй хугацаанд ерөнхийлөгчөөр ажилласан болчихоод УИХ-ын гишүүний замналаар явчихаж. Танхимын ерөнхийлөгчийн статусыг улс төрийн шат гишгүүр болгосон Шарк Д.Энхтүвшинг MCS-ийн “инкубатор”-т өсөн бойжсон “хуруу шилний хүүхэд” байсныг олон нийт андахгүй. Байгалийн жамаар өсөн торниогүй “хуруу шилний хүүхэд” ажлаа хүлээлгэн өгөхдөө гоншигнож, гар барихгүй урваганасан бичлэг сошиалаар цацагдаж, трэнд болж байлаа. Эздийн дургүйцэл ийнхүү эрх жаалаар дамжиж гарсныг олон нийт илүүтэй ойлгосон биз. Өмнөх дарга нарын идсэн уусан, үрсэн шамшигдуулсан тоймгүй учраас АТГ-т шалгагдаж, дээлээ нөмрөх вий гэх айдас байгаа нь дээрх үйл баримтаас илт.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн бүлэглэлд
Ганц цэг тавих нь хэчнээн чухал болохыг тэр мэднэ!
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай явж ирсэн Монгол Улс 1990-ээд оны Цагаан морин жил ардчилсан, хүмүүнлэг нийгмийг цогцлоон Үндсэн хуулиа баталж, зах зээлийн чөлөөт нийгмийн загварыг хуулбарлахдаа алдсан оносон нь тэнгэр газрын зөрүүтэй ирснийг сүүлийн гучаад жилийн түүх гэрчилнэ. Олон намын тогтолцоотой ч болж, хувийн хэвшил бүрэлдэх хөрс суурь ч тавигдав. Яг үүнтэй зэрэгцээд МҮХАҮТ-ын хаалга нээгдэж, гишүүнчлэлээ өргөжүүлэв. Бизнесийн орчныг сайжруулахаар бие даасан хуультай болов. Худалдаа наймаанаас ангид явсан монголчууд цэнхэр, ягаан тасалбарын учрыг олж чадахгүй мунгинах үед бизнесийн ухаантай гэхээс илүүтэй мэдээлэлд ойр овсгоотой, самбаатай, бас зальтай хэсэгт бялуунаас хэрчмээр хүртэх ховорхон аз тохиов. Төрийн өмчит үйлдвэрийн газар, объектуудыг үнэт цаасаар үнэгүй шахам хувьчлан авч, “Алт” хөтөлбөрөөр замаа засаж, уул уурхайн лицензээс банктай болох хүртлээ тэд гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгийг эвлэж нэг авч, эвдрэлцэж бас булааж дээрэмдсээр иржээ. Энэ бүхнийг ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар Монголын улс төр-бизнесийн бүлэглэлийн рецидев нөхөд гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрхэн дээрэмдэн шоронд хатааж, дарамтлан заналхийлж эх орноосоо үлдэн хөөж, бизнесийн эрүүл орчныг ийнхүү харлуулдаг бохир тойргийнхны үнэн нүүр царайг олон нийтэд илчилсэн цаг саяхных. Их замын дээрэмчид шиг халаасандаа гараа шургуулж, шүгэл үлээж шүлсээ хаяж ирсэн бодит түүх 30-аад жилийн настай эртнийх. Загасны ой санамжтай ард түмэн гэж басамжилдаг “өлөнгөө барьж дийлдэггүй өлбийсөн хэдэн мөнгөний боолууд”-ын эхлэх гарааны цэгээс эцэслэх барианы шугам хүртэлх хар бараан зам мөртэй, хааж нуух нууц арвинтай газар хаана байдаг гээч? Мэдэхгүй бол мэдүүлээд өгье. Ичихгүй учраас ичгүүрээс дэлгэе. Уул уурхайг гар аргаар олборлодог нинжа сэтгэхүйтэй Монголын томоохон бизнесменүүдийн “дураар дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг”, “толгойгоороо тоглодог тоосноосоо бусгадаг, сүүлээрээ сүүлэрдэг сүүдрээсээ сүрддэг” буйдхан газар МҮХАҮТ байсныг олон нийт мэдсэнгүй өдий хүрчээ. Тийм учраас энэ газрыг 15 жил толгойлсон дарга хувийн компанийн захирал аятай өнө удаан жил оршин тогтносныг мэдэж цөхөх юм алга. Түүнчлэн энэ байгууллагыг удирдаж байсан этгээд хэдэн тэрбумаар хамтдаа цөлмөж идчихээд гадагшаа зугатаад гарчихсан ч байна, төрд гарахын тулд түрийд асчихаад тоймгүй их хөрөнгөнөөс томхоныг зуугаад гарсан бусармаг ч бас бий.
Тос дотроосоо өтдөгийн адилаар
Танхим гүнээсээ өмхийрсөн нь илт…
МҮХАҮТ-д системийн авлига дээд төгөлдөршилд хүрч, Гүйцэтгэх захирлаар томилогдсон бүхэн энэ тогтолцоо руу шуналаасаа болж чирэгддэг бичигдээгүй хууль тогтжээ. Их хурлаас сонгогдсон ерөнхийлөгчөө давж, Удирдах зөвлөлд морь нохой мэт зүтгэдэг Гүйцэтгэх захирлууд тус байгууллагын дүрэм журмыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлж, Танхимын дансан дахь сая долларыг өөр банк руу шилжүүлчихээд, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд зүй бусаар мөнгө олгосон хууль бус үйлдлүүд гарсан нь баримтуудаар нотлогдох жишээний. Гэтэл хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдлүүдийг өмөөрч өөгшүүлдэг, хаацайлж хамгаалдаг, дэмжиж тэтгэдэг, хамжиж хуваалцдаг нөхдүүд өнөөх Удирдах зөвлөлийн томоохон бизнесийн акулууд байдаг гэвэл та ИТГЭХ үү? Итгэхгүй байсан ч хууль, хяналтын байгууллагаар тогтоогдож, санхүүгийн шалгалтаар нотлогдож, аудитын дүгнэлтээр илэрсэн нэгээхэн хэсгийг дурдахад ийм байна. Л.Төр-Од ерөнхийлөгчийн албан ёсны мэдэгдэлд энэ бүхэн цагаан дээр хараар бичигдсэн байна. Хараагүй нь харна биз. Уншаагүй нь уншина биз. Хуудуутай асуудлууд нь мэдэгдмэгц, хулгайлсан мөнгөнүүд нь баригдмагц монополь эрхтэй олигархууд яг одоо үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг танхимаар нэг язганаж байна, бас ярдаглаж байна. Ямба нь ял болохоор болчихсон учраас золиосны хүнээр туг тахихыг тэд хүсэцгээж, түүнийхээ төлөө гүйцэтгэх захирлуудыг гарын бээлий шиг ашиглаж байна. Тухайлбал, хууль бус зөрчлүүд гаргасан Гүйцэтгэх захирлуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг олж илрүүлэн, удаа дараалан халаа сэлгээг зоригтой хийсэн Л.Төр-Од ерөнхийлөгчийг үтэр түргэн зайлуулах хүсэл тэдний өнөөгийн гол зорилго, маргаашийн магадлагаа болов. Их санасан газар есөн шөнө хоосон хонодог үлгэрээр томоохон бизнесийн бүлэглэлийнхний бохир ялгадсыг ил гаргаж, үнэр танарынх нь өмхийг үнэртүүлсэн учраас Л.Төр-Од ерөнхийлөгчийн талд олон мянган эгэл жирийн гишүүдийн төлөөлөл ЖДҮ эрхлэгчид, гарааны бизнес эхлүүлэгчид гараа өргөн зогсож таарна. Гарцаагүй түүнийг дэмжих нь тодорхой. Учир юун гэвээс тэрээр улсын хөгжил хүнээс эхэлдгийг, бизнесийн амжилт багаас үүсэлтэйг мэддэг учраас ЖДҮ эрхлэгчдэд бизнесийн эрүүл орчин, шударга өрсөлдөөний зарчмыг нэвтрүүлэхээ илэрхийлсэн. Start up-Гарааны бизнес эхлүүлэгчдийг дэмжихээ ч бас хэлсэн.
Жижиг дунд үйлдвэрлэлийнхэнд ЗА гэж хэлж урамтай эхлэв
Гарааны бизнесийг дэмжихээ илэрхийлж зоригтой хөдлөв
Олон нийтийн дэмжлэг бодит үнэн байдаг. Ард олны үгс худлаа байдаггүй. Монгол Улсын хөгжлийн түүчээг хэдхэн бизнесмэнүүд авч явдаггүй. Харин олонх массыг эзэлдэг дундаж давхаргынхны хөдөлмөр зүтгэл, хийсэн бүтээснээс эдийн засгийн өсөлт, уналт мэдрэгддэг. Яг энд дэрвэх эрвээхэйн дэвэлтээс үүдэж, тэнд шуурах цунами шуургатай төсөөтэй гэсэн үг. Дундаж давхаргынхан худалдан авах чадвартай байж гэмээнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлт тогтвортой ажлын байраа хадгалдаг жамтай. Энэ бүхнийг Л.Төр-Од ерөнхийлөгч мэдэхийн дээдээр мэднэ. Ажил хэрэг болгохын төлөө зүтгэх учраас энэ бүх үймээн шуугиан, тэр бүгд хэл ам дагуулсан асуудлууд ар өврөөсөө босож буйн шалтгаан иймэрхүү. Өөрсдийн хөдөлмөрийн үр шимээр олоогүй учраас Монголын томоохон бизнесмэнүүдийн шунал үүгээр дуусахгүй, хаана өнгөтэй өөдтэй юм бүхний өрмөөс эхлээд хусмыг үлдээхгүй ховх сорцгоодог нь өлөн дээрээ ичгүүргүйн шинж мөнөөс мөн. Шинэ цагийн баячуудын түүх ингэж хар бараан намтраа зузаатгаж, хавь ойрынхноо өм цөлмөж ирсэн ичгүүрт түүх тэднийх. Монгол Улсын баялгийг ард түмнээс хулгайлж хөлжсөн эдгээр хэдхэн гэр бүлийнхэн хоорондоо ураг барилдаж, удмын бузраа хаацайлах замаа засаад хэдийнэ эхэлчихсэн. Боловсрол зээлийн санг тононо, жижиг дунд үйлдвэрийг хоосолно, гарааны бизнесийн гайхалтай санаануудыг хулгайлна, ажлын байрыг гарцаагүй дээрэмдчихнэ. Ямар сайндаа тэдгээр томоохон компаниуд дороо 70-80 жижиг буталсан компаниудаар дамжуулан мах ч чанана, гүнцэг ч гүзээлнэ.
Малчдыг банкаар барьцаалж малыг цөлмөнө. Улсын хөрөнгөөр илрүүлсэн орд газруудыг өөрсдөдөө зориулж лиценз үйлдвэрлэнэ. Уух уснаас эхлээд унтах ор хөнжлийг тэд гараасаа салгахгүй өндөр өртөг шингээж иргэдийн гарт дөхүүлнэ. Түргэн хоолны газрыг базна, томоохон рестораныг атгана. Эгээтэй бие засах газраас түүсэн мөнгөөр эргээд ард олонд бийлэгжүү загнаж зангараглана. Төлбөрийг олон нийт төлж, түрээсийн орлогыг тэд цөлмөнө. Ийм шударга бус нийгмийг цогцлоохгүй гэж хүүхэд залуус талбайд гарч жагссаны хажуугаар бизнесийн бүлэглэлийнхэн өөрсдийн гар хөлийг шургуулан хөндлөн орцгоож олон нийтийн дургүйцлийг хүргэснийг мартаж болохгүй. Хэдий болтол хэдүүлээ жил бүр биесээ ээлжилж шагнадаг, “Топ шилдэг”-ээр тодруулж томордог цөөхөн тоотой, цөлмөх сэтгэлгээтнүүдийн үгсэн хуйвалдах нууц газар, хөрөнгөө зузаатгах таатай орчин МҮХАҮТ-ыг энэ чигтээ ялзруулж өмхийрүүлэх ёстой юм. Тус танхимын үе үеийн удирдлагууд өнө удаан жилийн “дарга хийх буян заяа”-тай явсны нүгэл нүдээрээ гарч буй энэ цагт иргэд олон нийт энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг ирснийг сануулъя. МҮХАҮТ-ын үе үеийн ерөнхийлөгч нарын “амыг хамхиж, нүдийг тагласан, гарыг гавлаж хөлийг дөнгөлсөн гав гинж”-нээс салгаж, нар салхи үзүүлэхээр зүтгэж буй Л.Төр-Од ерөнхийлөгчид баярлалаа гэж хэлэх багадмаар. Өөхөнд ороосон бөөр аятай бөөцийлөгдөж ирсэн тус танхимын Удирдах зөвлөлийн ашиг сонирхлын зөрчлөөр нэгдэж нийлсэн Их замын хулгайч дээрэмчидтэй эгээ адил эдгээр бүлгэмийн нууц хуйвалдаан зохиож суудаг “нуур амгалан бол нугас тайван газар”-ыг түм түжигнэж бум бужигнасан “шоргоолжны үүр”-ийг санагдуулам газар болгож, бохир бүхнийг дэлгэж буй бүхэнд БАЯРЛАЛАА гэж хэлэх үлдлээ. Суусан газраасаа шороо атгахын гайхамшгийг Монголын толгой компаниудын эзэд үгсэн хуйвалдаж, эзлэн түрэмгийлсээр ирсний горыг Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлт Монголд өсөн дэвждэггүй, үлгэн салган явсаар амь тавьдгийн учир ийм! Зангилааг бол тайлж болдгийн адилаар олон жилийн хур хог шиг хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэж болохыг одоогийн Танхимын удирдлагын үйлдэл бодитоор харуулж буйд талархъя.
Үргэлжлэл бий…
Хүрээний их бузрыг бүгдийг ухвал далай
Худалдаа, Аж үйлдвэрийн танхимыг сөхвөл булай!!!
Сэтгүүлч М.Эрдэнэчимэг





“Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Тавинбэхийг томилов
Засгийн газрын хуралдаанаас “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэл...
3 цагийн дараа
Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны зургадугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн хэмнэлтий...
3 цагийн дараа
Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна
Монгол Улсын зарим иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдож саатуулагдах, цаашлаад олон жил...
2 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч у...
1 цагийн дараа
ИРГЭН Б.ЦЭРЭНДОРЖ: Монгол Улсын иргэний хувьд санаа зовж явдаг зүйлсээ хэлье
Иргэн Б.Цэрэндорж манай редакцид хандаж үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр Холбооны инженер мэргэжилтэй. Иргэн Батмөнхийн Цэрэндорж “...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд