гадаад
Дональд Трамп: Гал зогссон. Зөрчихгүй байхыг хүсье!

Админ
2025 оны 6 сарын 25

1417

Пентагон Ираны цөмийн байгууламжид өөрийн B-2 бөмбөгдөгч онгоцууд цохилт өгч буй бичлэгийг олон нийтэд дэлгэж, уг цохилтын талаар тодорхой мэдээлэл өгөв. Энэ ажиллагаанд Америкийн нийт 125 онгоц болон далавчит пуужин харвасан усан доогуур явдаг хөлгүүд оролцож, Ираны газар нутагт 25 минутын хугацаанд нэвтэрч нарийн ончтой 75 зэвсгээр нэгэн зэрэг цохилт өгсөн юм байна. Америкийн цэргийн радарт үзэгддэггүй долоон B-2 Spirit бөмбөгдөгч онгоцууд Уитманы Агаарын цэргийн баазаас харанхуйд Атлантын далайг гатлан Ираныг чиглэн ямар ч холбоо барихгүйгээр ниссэн аж. Үүний дараа дайсныг төөрөгдүүлэхийн тулд бөмбөггүй B-2 Spirit бөмбөгдөгч онгоц Номхон далай дээгүүр холбоогоо нээлттэй ниссэн байна. Харин Атлантын далайг гаталж ирсэн онгоцнууд Иранд цохилт өгчээ. Пентагон мөн хиймэл дагуулаас авсан Ираны газрын гүн дэх цөмийн Фордо байгууламжийн дээр гүний бөмбөгнөөс үүссэн нүхнүүдийн зургийг харуулав. Вашингтон дахь Стратегийн болон олон улсын судалгааны төвийн пуужингийн довтолгооноос хамгаалах шинжээч Патрисия Базилчик “Ираны агаарын орон зайд Израиль ноёрхсон нь Америкийн бөмбөгдөгч онгоцнуудад саадгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн” гэж мэдэгдэв. Пентагон “Ираны Фордо болон Натанз дахь хоёр дахь цөмийн байгууламжид нийт 14 MOP бөмбөг хаясан байна. Фордо хотоос 200 гаруй км-ийн зайд орших Исфахан дахь цөмийн станцад Томахавк пуужингууд оновчтой цохилт өгсөн. Манай онгоцууд 18 цаг агаарт байж, 25 минутын дотор бүх байгаа онож, устгасан” гэж мэдээлэв.
АНУ-ын энэхүү цохилтын дараа Катарын Аль Удейд дахь АНУ-ын агаарын бааз руу Иран пуужингаар довтолсон нь Персийн булангийн Арабын орнуудыг бүс нутгийн өргөн хүрээтэй мөргөлдөөнд оруулах аюул заналхийлэл бий болгов. Иймээс Тегерантай түүхэн сайн харилцаатай байдаг, Израилийн Иран руу хийсэн дайралтыг буруушааж, дипломат арга хэмжээ авахыг уриалж байсан Катарчууд ихэд уурсав.
Катарын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мажид бин Мохаммед аль-Ансари “ Энэ бол Иран манай тусгаар тогтнолд шууд халдаж байгаа явдал. Иймээс манай улс Ираны эсрэг хариу арга хэмжээ авах эрхтэй. Манай агаарын довтолгооноос хамгаалах систем Ираны довтолгоог амжилттай няцааж, тэдний харвасан бүх пуужинг сөнөөсөн. Улс орны аюулгүй байдал тогтвортой байгаа бөгөөд санаа зовох зүйлгүй. Иймээс цуурхалд автахгүй байх, худал мэдээлэл тараахгүй байх явдал чухал гэдгийг онцлон мэдэгдэж байна. Иргэдийн аюулгүй байдал, нийгмийн амьдралын хэвийн байдлыг хангахын тулд бид өөрийн холбоотон бусад улсын эрх баригчидтай хамтран ажиллана” гэж мэдэгдэв. Ройтерс агентлаг нүдээр үзсэн гэрчүүдээс эш татан “Доха хотын дээр агаарын довтолгооноос хамгаалах систем Ираны пуужингуудыг онож, дэлбэрэлтүүд болсон” гэж мэдээлэв. Axios агентлаг “Иран Катар дахь АНУ-ын баазууд руу зургаан пуужин харвасан байна” гэж мэдээлэв. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нийтийн Truth Social сүлжээний өөрийн хуудсанд “Америк болон Катар хүн амь үрэгдээгүй, гэмтэж бэртээгүй гэдгийг дуулгахад таатай байна. Цохилт өгөх гэж буй талаар урьдчилан анхааруулсан Иранд баярлалаа. Магадгүй Иран одоо бүс нутагт энх тайван, эв найрамдал тогтоохын төлөө явж магадгүй. Би Израилийг ч мөн ийм зүйл хийхийг урам зоригтойгоор дэмжиж байна” гэж бичсэн юм. Энэ бүхэн Тегераны зорилго нь АНУ-ын цохилтод хариу арга хэмжээ авах амлалтаа биелүүлж, өөрсдийн нэр төрийг аврах явдал байсныг батлав. Тэгвэл үүнээс хэдэн цагийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израиль, Иран хоёр эвлэрэх тохиролцоонд хүрсэн тухай “Бүгдэд баяр хүргэе! Израиль, Иран хоёр надад бараг нэгэн зэрэг хандаж “Энх тайван!” гэж хэлсэн. Цаг нь болсон гэдгийг би мэдэж байсан. Одоо энэ хоёр улс ирээдүйд хайр, амар амгалан, хөгжил цэцэглэлттэй учрах болно. Тэдэнд маш их боломж бий, гэхдээ зөв замаасаа хазайвал энэ бүхнээ алдах болно. Израиль, Иран хоёр өөрсдийн эсрэг хийсэн хамгийн сүүлийн цохилтоос ойролцоогоор зургаан цагийн дараа 12 цагийн турш иж бүрэн гал зогсоохоор тохиролцсон бөгөөд үүний дараа дайн дууссан гэж үзнэ. Дэлхий нийт 24 цагийн дараа 12 өдрийн энэ дайн албан ёсоор дуусахыг харах болно. Энэ дайн олон жилийн турш үргэлжилж, Ойрхи Дорнодыг бүхэлд нь сүйрүүлж болох байсан, гэхдээ ийм зүйл болсонгүй, хэзээ ч болохгүй!” гэж мэдэгдэв. АНУ-ын ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийн дараа Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Ираны эрх баригчид гал зогсоосон гэдгийг батлан өөрийн Х хуудсанд “Манай хүчирхэг зэвсэгт хүчний Израилийн түрэмгийллийг шийтгэх зорилготой цэргийн ажиллагаа эцсийн мөч хүртэл буюу өглөөний 04:00 цаг хүртэл үргэлжилсэн” гэж бичсэн бол Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Израиль улс Ирантай хийсэн цэргийн мөргөлдөөний бүх зорилгоо биелүүлсэн учир АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилгатай уялдуулан хоёр талын гал зогсоох тухай саналыг хүлээн зөвшөөрч байна. Манай улсад дэмжлэг үзүүлж, Ираны цөмийн аюулыг арилгахад оролцсон ерөнхийлөгч Дональд Трампад талархал илэрхийлье. Гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн аливаа тохиолдолд Израиль эрс шийдэмгий хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгдэв. Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гал зогсоох хэлэлцээр эхэлснийг зарлаж өөрийн олон нийтийн сүлжээний Truth Social хуудсандаа “ГАЛ ЗОГССОН. ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ!” гэж бичсэн байна.
Кувейт, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират улсын эрх баригчид зогсоогоод байсан олон улсын болон дотоодын нислэгээ сэргээж байгаа тухай мэдээлсэн бол Катарын Иргэний нисэхийн ерөнхий газар “Катарын агаарын орон зайд агаарын хөдөлгөөнийг сэргээж, хэвийн байдалдаа эргэн орж байгааг зарлаж байна” гэж мэдэгдэв. Мөн хөрөнгийн бирж дээр нефтийн үнэ навс унаж, АНУ-ын Financial Times сонин “Өнөөдрийн нефтийн үнийн уналт нь сүүлийн таван жилд нэг өдөрт болсон хамгийн том уналт болов” гэж онцлов.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА





Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
Ойрын өдрүүдэд зам хаах байршлуудыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ. Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэл хааж,...
4 цагийн өмнө
Улаанбурханаар өвдсөн нэн хүнд 2 хүн байна
Улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг ХӨСҮТ-өөс хүргэлээ. Долдугаар сарын 16-ны байдлаар батлагдсан тохиолд...
5 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд гол, нуурын усанд 25 хүн амь насаа алджээ
Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байна. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхдүүд үерийн...
6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 07 дугаар сары...
7 цагийн өмнө
Өнгөрсөн сард зөрчлийн хэргийн гаралт 20.8 хувиар буурчээ
Улсын хэмжээнд 2025 оны зургаадугаар сард нийт 295.704 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх тавдугаар сартай харьцуулахад 20.8 хувиар буурсан...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд