Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Элчин сайд асан Шимизү Такэнори: Манай ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Эзэн Хааны айлчлал нь хоёр орны харилцаа улам бүр өндөрт гарч хөгжих боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 7 сарын 03

img

44

news-img

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэноритой Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын Монгол Улсад хийх төрийн айлчлалын талаар ярилцлаа.


-Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан тун удахгүй Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Олон жилийн турш хоёр орны харилцаатай холбоотой ажиллаж ирсэн хүний хувьд та энэ удаагийн айлчлалын талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Миний хувьд хоёр дахь эх орон болох Монгол оронд Япон Улс болоод Японы ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Эзэн Хаан айлчлал хийх гэж байгаад сэтгэл минь ихэд хөдөлж баяр хөөрөөр бялхаж байна. Би 1975 онд Японы Гадаад хэргийн яаманд ажилд орж, Монгол хэмээх улстай анх танилцсанаас хойш энэ жил 50 жилийн тэмдэглэлт ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд Монгол дахь Японы ЭСЯ-нд нийт дөрвөн удаа томилогдон ажилласан. Энэ завшааныг ашиглан, Монголтой холбоотой ажиллаж байх үеийн дурсамж, туршлагаа эргэн санаж, хоёр орны харилцааны хөгжил дэвшлийн замналыг та бүхэндээ танилцуулж, Монголын ард түмний хамт Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын энэ удаагийн айлчлал амжилттай болохыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

-Монгол Улс, Япон улсын харилцаа хэрхэн гүнзгийрэн хөгжиж ирсэн бэ?

-Намайг анх Гадаад хэргийн яаманд орж, Монголтой харилцаатай ажиллаж эхэлсэн 1975 оны үед Япон Улсад жилд ирдэг монгол иргэдийн тоо ердөө 55 байв. Харин 1990 онд 523, 2000 онд 4,371, 2010 онд 15,850 харин 2024 онд 54,360 болж эрчимтэй нэмэгдэж ирсэн байна. Мөн Японд оршин суугаа монгол иргэдийн тоо 2002 онд 2,545 байсан бол 2024 онд 21,240 болж огцом өсжээ.

Эдийн засгийн харилцаа ч тууштай хөгжиж, хоёр орны худалдааны эргэлт 1975 онд 1,24 сая ам.доллар байсан бол 1990 онд 31,54 сая ам.доллар, 2024 онд ойролцоогоор 1,2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. 2016 онд хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) хүчин төгөлдөр болж, худалдаа, хөрөнгө оруулалт өргөжин тэлнэ хэмээн найдаж байсан хэдий ч, түүний үр дүн хараахан бүрэн гүйцэд гараагүй юм шиг байна. Хоёр орны харилцааны хөгжлийн цаана Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжин, зах зээлийн эдийн засгийг сонгосноор хоёр орны түншлэлийн харилцаа гүнзгийрсэн явдал оршино. 1996 онд “Иж Бүрэн түншлэл”, 2010 онд “Стратегийн түншлэл”, улмаар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жил болох 2022 онд “Энх тайван ба хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл” болгон харилцаа, хамтын ажиллагаагаа шат ахиулж ирсэн.

-Японы улсын хувьд манай улсад хэзээнээс хөрөнгө оруулалт, тусламж, дэмжлэг үзүүлж эхэлсэн бэ?

-1990 оноос хойш бодитоор эхэлсэн Япон Улсын тусламж нь хүнс, эрчим хүч, ус хангамж, холбоо, зам гүүр, нисэх буудал зэрэг дэд бүтцээс өгсүүлээд боловсрол, эрүүл мэнд, хүний нөөцийн хөгжил, тэтгэлэгт хөтөлбөр хүртэлх өргөн хүрээг хамардаг. Өнөөг хүртэлх тусламжийн нийт дүн ойролцоогоор 369 тэрбум иен буюу 2,5 тэрбум ам.долларт хүрээд байна. Нөгөөтэйгүүр, Япон улс ч мөн адил Монголын ард түмнээс 1995 оны Ханшин-Аважи, 2011 оны Зүүн Хойд бүс нутаг, 2016 оны Күмамото–Оита бүс нутагт болсон газар хөдлөлт зэрэг хүнд бэрх цагт үзүүлсэн халуун дулаан тусламжийг хүлээн авсан япончууд монголчуудын элэгсэг дотно сэтгэлд талархаж байдаг. Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын энэ удаагийн айлчлал нь энэхүү олон жилийн турш хуримтлагдан, гүнзгийрсэн итгэл, нөхөрлөлийн үр дүнд хэрэгжих гэж байгаа бөгөөд хоёр орны харилцаа саадгүй хөгжиж ирснийг бэлгэдсэн утга учиртай гэж ойлгож болно.

-Та сая Монголтой холбогдсоноос хойш энэ жил 50 жилийн ойтойгоо золгож байна гэж хэллээ. Танд хувийн шинжтэй асуулт тавих гэсэн юм. Та Монголтой холбогдох болсон түүхээсээ хуваацахгүй юу. Ардчилалд шилжихээс өмнөх Монгол Улс таны нүдээр ямар байсан бэ?

-Анх монгол хэлтэй танилцсан маань 1975 он. Японы ГХЯ-ны дадлага, сургалтын төвд монгол хэлний анхан шатны суурь мэдлэг олж аваад дараа нь Их Британийн Лийдсийн их сургуулийн Хятад, Монголын тэнхимд гүнзгийрүүлэн сурах завшаан тохиосон. Энэ тэнхимийг үүсгэн байгуулсан хүн бол алдарт хятад, монгол судлаач, Чан Кайшигийн зөвлөхөөр ажиллаж байсан Оуэн Латтимор байв. Тэнд би анх БНМАУ-аас ирсэн оюутнуудтай танилцаж, тэдний халуун сэтгэл, шударга зан чанарт татагдсан. Дараа нь би МУИС-д гадаад оюутны хувиар суралцсан. Тухайн үед Монгол Улс социалист нийгэмтэй байсан бөгөөд Японтой “капиталист” учраас маш болгоомжтой харилцдаг байлаа. Тиймээс би монгол оюутнуудтай биш вьетнам оюутнуудын хамт тусгай ангид сурдаг байсан. Намайг оюутны байранд ч оруулаагүй зэрэг нь монгол хэл сурахад маш хүндрэлтэй болгож байсан. Гэсэн ч, Л.Мишиг багш болон Ардын уран зураач Ү.Ядамсүрэн түүний хүү Төрийн шагналт зураач Я. Үржнээ зэрэг сайн санаат хүмүүсийн найрсаг сэтгэлийн ачаар монгол хэл, соёлыг илүү гүнзгий судлах боломжтой болсон.

-Тэгээд?

-1989 онд хоёр дахь томилолтын үед цагийн байдал ороо бусгаа үетэй давхцаж таарсан. ЗХУ-ын “перестройка” буюу өөрчлөн байгуулалтын нөлөөн дор Монголд ардчиллын давлагаа идэвхжиж, хот бүхэлдээ залуусын эрч хүч, үндэсний бахархлаа гэх уур амьсгалд автсан байлаа. Тухайн үед Ерөнхий сайд Д.Содном Япон улсад айлчлал хийгээд буцаж ирэнгүүтээ “Монгол Улсын ирээдүй, түүний хувь заяа залуучуудын мэдэлд байх болно” хэмээгээд сайн дураараа огцорсон. Би түүний мэргэн, эх оронч шийдвэрт маш их сэтгэл хөдөлсөн. Одоо ч би түүнийг ихэд хүндэлж явдаг. Мөн энэ үед морин хуурын чуулгыг үүсгэн байгуулсан Ардын жүжигчин Ц.Батчулуун, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров болоод Төрийн соёрхолт, дуучин, жүжигчин Д.Сосорбарам зэрэг насны найзаа олсон маань миний Монгол Улстай хувь заяагаа холбосон харилцааг улам бүр баялаг болгосон юм.

-Монгол Улстай хувь заяагаа холбох болсон тэр үе бол монголчуудын хувьд амаргүй хүнд цаг үе байсан гэж ойлгодог…?

-Шилжилтийн хүнд бэрх цагт Монголд тог тасрах, хоол хүнс хомсдох нь хэвийн үзэгдэл болоод байлаа. Энэ үед 1991 онд Барууны хөгжингүй орнуудын тэргүүнүүд дундаас анх удаа Т.Кайфү Япон улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үед Япон улс Монгол орны ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих сонголтыг бүх талаар дэмжихээ зарласан. Мөн Токио хотод Монголд хандивлагч орнуудын чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулж эрчим хүч, олон улсын харилцаа холбооны сүлжээ байгуулах станц, төмөр замын шилжүүлэн ачих байгууламж зэрэг амьдралын суурь дэд бүтцийг тогтворжуулах төдийгүй Монголын эдийн засгийн аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах олон төслийг хэрэгжүүлсэн. Холбооны станц байгуулснаар дэлхийн улс орнуудтай найдвартай холбогдохын хамт Замын-Үүд дэх шилжүүлэн ачих байгууламж барьснаар зогсонги байсан ачааны эргэлт огцом сайжирсан түүхтэй.

-Түүний дараа та Япон улсаас Монгол Улсад тусламж үзүүлэх талаар юу гэж боддог байсан, мөн юунд анхаарч, юуг чухалчилж ирсэн бэ?

-2002–2005 онд гурав дахь удаа томилогдон ажиллахдаа боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарлаа түлхүү хандуулж ажилласан. Хөдөө, орон нутгийн сургууль, эмнэлгүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, дээвэрт нь мод ургаж, гал тогооны хананд мөөгөнцөр тогтох зэрэг нөхцөл байдал муудсаныг нүдээр харж, тухай бүр Японы “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр засварлахад дэмжлэг үзүүлж байлаа. Түүнчлэн Япон улсын буцалтгүй тусламжаар 2012 он хүртэл Дархан, Улаанбаатар голдуу нийт 55 сургуулийн өргөтгөлийг барьж байгуулсан. 2011–2016 онд дөрөв дэх удаагаа томилогдон ажилласан үед Япон, Монголын харилцааны эргэлтийн үе таарсан. Уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн өсөлт нь Монгол Улс буцалтгүй тусламж хүлээн авах орны тооноос хасагдаж эхлээд байлаа. Би хамгийн сүүлийн томоохон буцалтгүй тусламж Монголын ард түмний эрүүл мэндэд хувь нэмэр оруулах учиртай хэмээн бодож АШУҮИС-ийн дэргэдэх эмнэлэг барих төсөлд ихээхэн анхаарлаа хандуулж ажилласан. Ажлын байр болон валют олохын тулд аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг чухалчилсан ба үүний тулд олон улсын нисэх буудал барих шаардлагатай гэж үзсэн. Мөн “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд 1,000 залуус Японд инженерийн боловсрол эзэмших боломжтой болсон. Энэ хөтөлбөрийг хэдий зээлээр хэрэгжүүлсэн ч Монголын ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт болон хэрэгжсэн шинэлэг төсөл байсан. Энэ мэтчилэн намайг ажиллаж байх үед олон үр ашигтай төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн бөгөөд эдгээр нь хоёр орны Засгийн газар, судалгаанд оролцсон олон хүмүүсийн Монголын хөгжлийн төлөөх хүчтэй хүсэл тэмүүллийн үр дүнд бий болсон болов уу. Хүн нэг бүрийн нэрийг дурдах боломжгүй хэдий ч хамтын ажиллагааны олон төсөл бодитой болж, хэрэгжихэд хүчин чармайлт гаргасан хоёр орны холбогдох бүхий л хүмүүст энэ завшааныг ашиглан гүн талархлаа илэрхийлье.

-Энэ удаагийн Цог Жавхлант Эзэн Хааны Монгол Улсад хийх төрийн айлчлалын ач холбогдол, түүний дараах хоёр орны харилцааны хөгжлийн хэтийн төлвийг хэрхэн харж байна вэ?

-2007 онд, тухайн үеийн Угсаа Залгамжлах Хунтайжийн хувиар Монгол Улсад айлчлал хийх үедээ Монголын Үндэсний их баяр наадам, Хархорин, Түрэгийн бичээс, Өгий нуур зэргийг үзэж сонирхсон. Өгий нуур орчимд морь унаж яваа Угсаа Залгамжлах Хунтайжийн дүр төрх одоо ч миний нүдэнд харагдаж байна. Тэр үед Японы Элчин сайдын өргөөнд Эрхэм дээдэс Монголтой олон жил холбоотой байсан япончуудтай уулзсан. Тэдний нэг нь Касүга Юкио гуай байсан. Касүга гуай дайны дараа Монголд хоёр жил олзлогдон хүнд зовлон амссан 14,000 гаруй япон иргэдийн нэг байсан ч, тэрбээр өш хонзон бус нөхөрлөлийг өвөртлөн Монголтой харилцаатай байж, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийг байгуулан хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргасан юм. Түүний байгуулсан хамгийн том гавьяа бол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоохын тулд Японы Засгийн газарт маш хүчтэй хүсэлт тавьж байсан. Үүнээс гадна “Тэмүүжиний анд” хүүхдийн асрамжийн төвийг үүсгэн байгуулж, тэднийг асран халамжилж байсан. Монголд хайртай, үнэхээр Монголын төлөө зүтгэсэн хүн байсан.

-Таны хувьд энэ айлчлалд нэлээд өндөр сэтгэлтэй байх шиг байна, тийм үү?

-Тухайн үед 78 настай байсан Касүга гуай “Би одоо үхсэн ч харамсах зүйлгүй. Монголд Угсаа Залгамжлах Хунтайжтай уулзсан маань миний амьдралын хамгийн том бахархал” хэмээн сэтгэл хөдлөн ярьж байсан нь өнөө хэр миний сэтгэлд хоногшин үлджээ. Одоогийн миний сэтгэл ч мөн түүнийхтэй адил байна. Угсаа Залгамжлах Хунтайж айлчлалаа дуусаад буцах замд Буянт Ухаа толгод дээр Япон, Монголын далбааг барьсан хүүхдүүдийн хамт даллаж үдэж байсан түүний дүр зураг одоо ч миний нүдэнд харагдсаар байна.

-Айлчлалын гол ач холбогдлыг хэрхэн харж байна?

-Энэ жил нь Дэлхийн II дайны дууссаны 80 жилийн ой тохиож байна. Япон Улс дайнаас хойш энх тайванч улсын хувиар олон улсын хамтын нийгэмлэгт хувь нэмрээ оруулсаар ирсэн. Монгол Улстай ч мөн адил дайны болон хүйтэн дайны дайсагнасан үе байсан ч ардчилалд шилжих цаг үед, түүний дараах хүндрэл бэрхшээлийг даван туулж, хөгжиж ирэхдээ хуримтлуулсан хоёр орны Засгийн газар, ард түмний хамтын ажиллагаа, харилцаа, итгэлцэл дээр тулгуурлан өнөөдөр туйлын найрсаг харилцаа тогтоогоод байна. Ярилцлагынхаа эхэнд дурдсанчлан, үүний үр дүнд Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар энэ удаа Монгол Улсад хийх айлчлал биеллээ олж байна хэмээн бодож байна. Мөн Японы ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Эзэн Хааны энэ удаагийн айлчлал нь хоёр орны ард иргэд бие биеэ сонирхон, хоёр орны харилцаа улам бүр өндөрт гарч хөгжих боломжийг олгоно гэдэгт бат итгэлтэй байна. Монгол Улсад цаашдын хөгжил цэцэглэлтийг, Монголын ард түмэнд эрүүл энх, аз жаргалыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Та бүхэн сайхан наадаарай.

Э.МӨНХТҮВШИН

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улс орнуудын Элчин сайдын яам, консулын газар болон дипломат төлөөлөгчийн газрууд нь ол...

img

5 цагийн дараа

Бид үргэлж бусдаас илүү байсан

Фельетон – Бид үргэлж бусдаас илүү байсан. Хятадууд хүнээр олон боловч бид тэднээс олон малтай байсан. Оросууд биднээс хөгжлөө...

img

3 цагийн дараа

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар болов

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монг...

img

3 цагийн дараа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн байна

Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө зэрэг голуу...

img

3 цагийн дараа

Авто замын ослын мэдээллийг цахимжуулснаар түгжрэл буурна гэв

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.06.03/-ийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ. Тухайлбал, Авто тээврийн тухай хуульд ...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд