мэдээ
Х.Мөнхбаяр: Монгол наадам нь 5000 шахам жилийн түүхэн уламжлалтай Хүннүгийн үеэс төрт ёсны баяр наадам болсон

Админ
2025 оны 7 сарын 11

71

Төрт ёсны их баяр наадмын бэлгэдэл, үүх түүхийн талаар ШУТИС–ийн багш, түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяртай ярилцлаа.
-Төрт ёсны их баяр наадмын бэлгэдэл буюу нийгэмд гүйцэтгэх үүрэг нь юу вэ?
-Наадам монголын нийгэмд үндсэн гурван чухал үүрэг гүйцэтгэж байна. Нийгмийн зүй ёсны эрэлт шаардлага байгаа учраас л одоог хүртэл энэ баяр байгаа. Нэгдүгээрт, одоогийн үндэсний их баяр наадам тусгаар тогтнолыг баталгаажуулж, бататгахад хувь нэмэр оруулдаг. Агуулгаар нь аваад үзвэл тусгаар тогтнолын баяр юм. Энгийнээр тайлбарлахад жил бүр үндэсний их баяр наадмын нээлт дээр “Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан” гэх зэргээр хэлдэг дээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл 2000-аад жилийн өмнө төрт ёсны түүхээ эхлүүлсэн юм шүү. 800 гаруй жилийн өмнө Монгол хэмээх улсаа байгуулсан. Мөн 110 жилийн өмнө харийн эрхшээлээс гарч тусгаар тогтнож, 100 жилийн өмнө үүнийгээ бататгасан учраас одоог хүртэл цээж тэнэгэр яваа улс гэсэн үг. Нэг ёсондоо бид ийм эртний түүхтэй, цаашдаа ч байх болно гэдгээ зарлаж буй улс төрийн бодлогын үүргийг гүйцэтгэдэг юм. Хоёрдугаарт, наадам бол монголчуудыг нэгтгэх үүрэгтэй. Ер нь бүх цаг үед аливаа баяр ёслол хүн ардыг нэгтгэж ирсэн түүхтэй. Тиймээс бид улс даяараа наадам гэдэг нэг ойлголт, үнэт зүйлийг хүрээлэн нэгддэг. Зарим хүмүүс наадмын баяраа шүүмжилж байгаа харагддаг. Гэхдээ муулж байна гэдэг чинь анхаарч байгаагийн шинж. Энэ баярт анхаарлаа хандуулж байна гэсэн үг. Одоогийн хэллэгээр бол Улсын наадам долоо хоног, цаашлаад зунжин тренд болдог. Яагаад гэвэл сайн, мууг нь хэлэлцээд зөвхөн наадмын тухай ярьдаг учраас шүү дээ. Сонирхохгүй хүн гэж байхгүй. Наад зах нь гэхэд монгол хүн бүр наадмын талбайгаа эргэдэг. Энэ чинь “Би монголчуудын нэг хэсэг” гэдгээ илэрхийлж буй нэг хэлбэр. Наадам бол биднийг нэг үндэстэн болгон нэгтгэдэг.
-Гуравдугаарт ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Наадмын үеэр Цагаан сараас илүү өргөн хүрээнд үндэсний өв соёлын охь дээжийг нийтэд танилцуулдаг. Энэ нь нэг онцлогтой. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дараа дараагийн үедээ өв соёл, уламжлалаа өвлүүлж байгаа явдал юм. Эцэст нь энэ бүгдийг нэгтгээд үзэхээр наадам бол Монгол үндэстний ижилслийг бүтээж, хамгаалж байгаа нэг институт. Манай нийгмийн маш чухал институт юм. Бид үүгээр дамжуулан тусгаар тогтнолоо бататган нэгдэж, үндэсний ижилслээ бүтээж байна шүү дээ.
-Тэгвэл манай нийгмийн маш чухал институт болсон наадмын үүсэл гарлын талаар товчхон ярихгүй юу?
-Товчхондоо ургацын баяраас уг сурвалжтай гэж хэлж болно. Хүний амьдралыг хоол хүнс тэтгэдэг. Хоол хүнс нь тухайн газар орны онцлогоос хамаараад янз бүрийн эх сурвалжтай байна. Далайн орнууд загас, дулаан газрынхан тариа ногоо, хүйтэн бүсэд ан агнуур, манай оронд сүү цагаан идээ, мах байх жишээтэй. Хүнд хэцүү бүтэн жилийг ажрахгүй давах хоол хүнсний нөөцтэй болсон үедээ баярлан, байгаль дэлхийдээ талархан баяр хийж ирсэн. Хүн төрөлхтний ийм ургацын баярын нэг нь монголчуудын баяр болох наадам юм. Уг язгуураараа бол манай нутагт байгаа ард түмний ургац, үр шимийн баяр юм. Энэ нутагт оршин байсан ард түмэн, төрт улсуудын угсаа гарал, шашин соёл ялгаатай байж болох ч баяр цэнгэл нь адил хэв шинжтэй. Эрс тэс хуурай амьсгалтай манай орны нөхцөлд зуны долоо, наймдугаар сар бол аливаа зүйлийн үр шимийн оргил үе. Дэнж хотойтол сайхан наадлаа гэх үгэнд уг агуулга бий. Мал тарга суугаад сүү сааль дэлгэрсэн ид үе. Хамгийн гол нь энэ үед хонь, адуу хоёр тэнхэрсэн байдаг. Наадмыг үзүүштэй болгодог нь хурдан морины уралдаан. Мөн наадамчдыг татдаг нэг чухал зүйл бол яахын аргагүй махан хүнс. Бид зундаа мах иддэг болоод 60 арай хүрэхгүй жил болж байна. Түүнээс өмнө монголчууд зундаа мах иддэггүй шахам байсан. Зун мах идэхгүй байхаар мэдээж махасна. Энэ нь хүнийг уураг, амин дэмийн дутагдалд оруулдаг. Махсаагаа гаргах буюу амин дэм, уургийн дутагдлыг нэг сайн нөхөх нөхцөл нь наадам байжээ. Наадмын үед хонь сайхан тэвээрсэн буюу махалсан байдаг. Хүмүүс наадамд дурладгийн нэг шалтгаан нь энэ, одоо ч хэвээрээ байна.
Ер нь аливаа баяр цэнгэл тухайн орны соёлоос хамаардаг. Соёл нь аж ахуйгаасаа хамаарна. Аж ахуй нь байгаль цаг уураасаа шалтгаалах жишээтэй. Бид 4000-5000 жилийн өмнөөс өнөөгийн байгаль цаг уурын нөхцөлд амьдарч ирсэн. Тиймээс энэ цаг уурт тохирсон аж ахуй эрхлээд ирэхээр түүнтэй нь зохицсон соёл бий болно. Энэ соёлынх нь нэг хэлбэр бидний хамаг сайн сайхнаа дэлгэдэг баяр болох наадам юм. Ингээд бодохоор Монгол наадмын уламжлал манай оронд бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйн хэлбэр тогтож эхэлсэн 4000-5000 жилийн түүхтэй эн чацуу юм.
-Наадмын түүхэн хөгжлийг товчхон ярихгүй юу?
-Нийт дөрвөн үед хувааж болно. Арвин ургац хураасандаа баярлаад байгаль дэлхийгээ тахиж байгаа язгуур наадмын үе бол 5000 жилийн өмнөөс Хүннү хүртэл үргэлжилсэн. Харин Хүннүгийн үеэс наадам төрт ёсны баяр болж зохион байгуулалттайгаар тэмдэглэх болсон. Өөрөөр хэлбэл, төр барьж байгаа хүмүүс наадмыг зохион байгуулж эхэлсэн юм. Яагаад гэвэл ард түмнийг хуулиас гадна айдас, баяр хөөрөөр засаглаж болдог. Баяр хөөр хүмүүсийг нэгтгэх боловч бодит ухамсраас нь салгаж, аливаа нөлөөлөлд автуулах хүчтэй. Энэ онцлогийг нь аливаа төр засаглалаа хэрэгжүүлэхдээ ашиглаж, баярлан цэнгүүлэх замаар ард түмэнд нөлөөлж, засаглалаа хүлээн зөвшөөрүүлсээр иржээ. Тэгэхээр баяр цэнгэл зохион байгуулна гэдэг эрх мэдлийг бий болгож, бас бататгаж байгаа биз. Тиймээс төр баяр наадмыг мэдэлдээ авчээ. Хүннүгийн үеэс явсаар 1700 он хүрэхэд бид бие даасан байдлаа алдаад Манжийн эрхшээлд орсон. Энэ үед наадам байр сууриа баттай эзэлж эхэлсэн буддын шашинтай нэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, шашны агуулгатай баяр наадам болсон. Гэхдээ цаана нь төрт ёсны агуулга бий. Ингээд 1911 онд бид тусгаар тогтнолоо олж авснаас хойш одоо бидний оролцож, бүтээж буй Үндэсний их баяр наадмын түүхэн үе эхэлсэн. Энэ нь өмнөх үеэсээ хоёр зүйлээр ялгаатай.
-Ямар хоёр зүйл вэ?
-Нэгдүгээрт, үүнд уламжлалт төрт ёсны баяр цэнгэл багтана. Хоёрдугаарт, биднийг тусгаар тогтнох үед дэлхийн тоглоомын дүрэм, улс төр эрх зүйн үнэт зүйл огт өөр болсныг харгалзан Богд хааны бий болгосон Тусгаар тогтнолын баярын агуулгыг багтаадаг. Энэ баярыг эхэндээ уламжлалт байдлаар ёс болгоод 1921 оноос өрнөдийн маягийн баяр ёслолын дэг журамтай хийдэг болсон. Энэ нь Ардын засаг мандсаныг дагалдан орж ирсэн Оросын нөлөөтэй холбоотой. Баярын жагсаал, индрийн үг, урлаг, спорт, цэргийн үзүүлбэр зэрэг бидний үзэж баясах дуртай ёслолын зан үйл тэгэхэд Оросоос импортлогдож, өнөөгийн наадмын нэг хэсэг болжээ. Үндэсний их баяр наадмын өнөөгийн түүхэн үеийг дотор нь Улсын наадам, Улсын баяр хэмээн тусад нь 1911-1930 он хүртэл тэмдэглэж байсан. Харин хамтатган тэмдэглэх болсон үе нь 1931-1954 он, нэгтгэн тэмдэглэх болсон үе буюу 1955 оноос хойш хэмээн гурван хэсэгт хувааж болно. Жишээ нь, 1931-1954 оны үед эхний өдөр нь ёслолын арга хэмжээгээ хийгээд дараа нь таваас долоо хоног нааддаг байсан.
-Наадмын үеэр монголчууд ихэвчлэн юуг цээрлэх ёстой вэ?
-Наадам бол монголчуудын хувьд сайн сайнхны дээд учраас үүнд бүхий л хорио цээр хамаатай. Гэхдээ, энэ баяр маань Монголын тусгаар тогтнол, өв уламжлал, үндэсний эв нэгдлийг бататган хамгаалах агуулгатай учир үүнд харшилсан аливаа үйлдлийг хамгийн түрүүнд цээрлэх ёстой.
А.Даваадулам





Баяр наадмын үеэр 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
Үндэсний их баяр наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр Төв цэнгэл...
4 цагийн дараа
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт болно
Улаанбаатарын үдэш-2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолт өнөөдөр /2025.07.11/ оройн 21.00-00.00 цагт Д.Сүхбаатарын талбайд улам...
3 цагийн дараа
Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Үндэсний их баяр наадмын сур, шагайн асарт зочиллоо. Энэ жил шагайн асарт “Шагайн а...
3 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12064 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 10-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагд...
3 цагийн дараа
Сумын заан цолтой таван ба нэг давлаа
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөлөө. Улсын баяр наадамд сумын заан цолтой 102 бөх барилдсанаас тав нэ...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд