мэдээ
О.Жаргалсайхан: Японы эзэн хааны айлчлал хүн хоорондын оюун санааны хамтын мэдрэмж, харилцан хүндэтгэл рүү илүү хөтөллөө

Админ
2025 оны 7 сарын 21

117

Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито болон эрхэм дээд хатан Масако нарын Монгол улсад хийсэн айлчлалын талаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, япон судлаач О.Жаргалсайхантай ярилцлаа.
-Японы эзэн хааны айлчлал манай улсад болж өндөрлөлөө. Монголын талаас эзэн хааны айлчлалыг ямар түвшинд хүлээж авсан гэж судлаачийн хувьд харсан бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын төрийн айлчлал нар хур тэгширсэн Монголын сайхан орон, ард түмний дунд баяр дээр баяр нэмсэн, хэзээд ч мартагдахааргүй сайхан айлчлал боллоо гэж би хувьдаа үзэж байна. Энэ айлчлалыг Монголчуудын үзүүлж байгаа гүн хүндэтгэл, Төр засгийн ёслол хүндлэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм дээд зочиндоо хандаж байгаа халуун дотно хандлага улам онцгой болголоо. Засгийн газрын түвшинд энэхүү айлчлалыг найрамдалт орны Төрийн тэргүүний айлчлал хэмээн өндөр хэмжээнд авч үзэж, албан ёсны арга хэмжээ, ёслол хүндэтгэлийг үнэнхүү ёс төртэй, нарийн нягт зохион байгуулж байсанд нь иргэн хүний хувьд төрдөө итгэх итгэлийг улам сэрээн дуудсан сайхан үйл явдал боллоо. Мөн ард иргэдийн түвшинд Япон улсын бэлгэ тэмдэг болсон Эзэн Хааныг Японы эрт эдүгээгийн оюун санаа ирж байна гэсэн утгаар хүлээн авч буй нь бахархал, талархлын сэтгэлийг төрүүлж байлаа.
Ялангуяа түүхэнд анх удаа Эзэн Хааны төрийн айлчлал хийсэн нь хоёр орны ард түмний соёлын болон сэтгэлийн найрсаг холбоог илэрхийлсэн утга агуулагдаж байснаараа дипломат арга хэмжээнээс давсан, шинэ найрсаг харилцаа, цаг үе ирж байна гэж хэлмээр байна.
-Айлчлалын хүрээнд болсон уулзалт, арга хэмжээний онцлог, ач холбогдол нь юу байв. Төрийн их баяр наадам Япончуудын хувьд онцгой санагдсан болов уу?
-Энэ айлчлал бол зөвхөн эдийн засаг, улс төрийн хүрээнд хийгдсэн бус, Монгол-Японы ард түмний зүрх сэтгэл, оюун санааг холбосон, соёл, уламжлал, үнэт зүйлсийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлсэн түүхэн үйл явдал болж үлдэнэ гэж бодож байна. Ялангуяа Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монголын зарим музей, сургууль, түүхэн дурсгалт газруудад зочилсон нь соёлын харилцаанд ихээхэн эерэг дохио өгсөн байх. Ялангуяа монголчуудтай, хүүхдүүдтэй харилцаж буй Хаан, Хатан нарын тайван амгалан дүр төрх, ухаалаг асуултууд, энгийн сайхан харилцаа, уужим талбиу хараа монголчууд бидний сэтгэл зүрхэнд хоногшиж үлдлээ. Миний хувьд гэхэд хувь хүмүүсийнх нь хувьд улам илүү хүндэтгэх сэтгэл төрсөн. Хүүхэд залуустай хийсэн уулзалт, байгаль орчны талаар санал бодлоо хуваалцсан нь Монголын ирээдүй болсон шинэ үеийнхэнд гүн сэтгэгдэл үлдээсэн байх. Наадам бол Монголын төрт ёсны хамгийн том цэнгэл, соёлын баяр. Эзэн Хаан Хатан хоёр үүнийг биечлэн үзэж, манай үндэсний ёс заншлыг гүн хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаад Монгол хүн бүр баяртай байсан болов уу. Япончуудын дунд Монголын тухай ойлголт улам гүнзгийрч, морин уралдаан, бөх, сур, шагайн харваа зэрэг уламжлалт соёлыг эрхэм дээд зочид маань биеэр мэдэрсэн нь соёлын зөөлөн хүчний бодлогод үлэмж их хувь нэмэр оруулсан гэдэгт итгэлтэй байна. Эзэн Хаан байгаль орчин, усны менежмент, улс түмнүүдийн энх тайван, харилцан ойлголцлын асуудалд олон жил анхаарлаа хандуулж ирсэн. Түүний үг, үйлдэл нь дэлхий нийтийн асуудалд Монголтой хамтран ажиллах уриалга болон сонсогдсон гэж бодож байна. Үг, үйл хандлагаараа манай улсыг олон улсад маш сайхан, өндөр төвшинд харуулж өглөө гэж бодож байна.
-Айлчлалын дараа япончуудын Монголын талаарх хандлага, сэтгэгдэл хэрхэн өөрчлөгдсөн бол. Японы хэвлэлээр мэдээлэл гарч байгаа харагдсан?
-Энэ удаагийн айлчлалаар япончуудын монгол хүнд хандах хандлагад өөрчлөлт гарсан байх гэж найдаж байна. Монгол Улсыг “байгалийн баялаг ихтэй улс”, “бөхийн эх орон” гэсэн төсөөлөл түлхүү байсан бол энэ удаагийн айлчлалаар дамжуулж, “оюуны соёл өндөртэй ард түмэн”, ”ёслол хүндлэл, уламжлалаа дээдэлдэг ард түмэн” юм байна гэсэн өнцгөөр харж байгаа болов уу. Японы гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр айлчлалын явц, монголчуудын халуун дулаан сэтгэлээр зочдоо хүлээж авч байгааг хэдэн өдөр харуулж байсан. Ялангуяа наадмын үеэр Эрхэм Дээд зочид өөрийн биеэр оролцож, хурдан морь, бөх, шагайн болон сурын харвааг тольдож, сэтгэл нь хөдөлж бахдаж байгааг харуулж байлаа. Монголчууд найрамдал, нөхөрлөлд үнэнч, итгэж болох ард түмэн байна гэсэн итгэл төрж байгаа тухай сэтгэгдэл SNS-д бичигдэж байсан. Миний хувьд энэ удаагийн айлчлал хүн хоорондын оюун санааны хамтын мэдрэмж, харилцан хүндэтгэл рүү илүү хөтөлсөн айлчлал гэж хэлэх бүрэн үндэстэй гэж бодож байна. Ялангуяа хоёр орны залуу үед харилцан ойлголцол, сонирхол төрүүлэх, ирээдүйд хүмүүнлэг, соёл, боловсролын салбарт суурь өөрчлөлтийг авчрах бодит суурь тавигдлаа гэж бодож байна. Монгол гэдэг улсын жинхэнэ “татах хүч” хаанаа байдаг вэ гэдгийг харуулах түүхэн боломжийг нээсэн айлчлал боллоо.Ялангуяа Асахи сонинд “Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын айлчлалд Рэйва маягийн олон улсын сайн санааны хэв маяг илүү тод харагдлаа. Монголын тал оюун санааны удирдагч талаас нь хүндэтгэж хүлээж авч байгаа нь сайшаалтай” гэж дүгнэж бичсэн байлаа. Японы хэвлэлүүд бүхэлдээ уг айлчлалын талаар өндөр дээд хэмжээний, ёслол төгөлдөр айлчлал болж байгаа тухай дурьдаж, зөвхөн ёслол хүндлэл төдий бус хоёр орны соёл, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх бэлгэдэлтэй завшаан болсон талаас нь бичиж байлаа. Мөн Монгол Улсад дэлхийн хоёрдугаар дайны үед хоригдож байгаад нас барсан Японы цэрэг дайчдын дурсгалыг хүндэтгэж, өөрийн биеэр хүндэтгэл үзүүлж байгааг Монголын ард түмэн харж, хүн ёсны үүднээс хүндэтгэж байгаа үйл явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн дамжуулж байсан. Өргөн уудам тал нутагтай ард түмний сэтгэл ч уудам тул “Монголд очиж үзмээр байна” гэсэн япон хүн улам олшрох болов уу гэсэн өөдрөг бодолтой байна.
-Японы Эзэн Хааны айлчлал хоёр улсын найрамдалт харилцаанд цаашид хэрхэн хэрхэн нөлөөлөх бол?
-Энэ удаагийн өндөр дээд айлчлал хоёр орны найрамдалт харилцаанд урт хугацааны, олон талт сайн нөлөө үзүүлэх хөрс суурь боллоо гэхэд хилсдэхгүй болов уу. Харилцан итгэлцэл, бие биеэ хүндэтгэсэн, эрх тэгш харилцааг гүнзгийрүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж итгэж байна. Энэ айлчлал Монгол Улс бол төр засаг нь ч тогтвортой, итгэж болох найдвартай, манай найрамдалт улс гэдгийг Японы нийгэмд мэдрүүлж, хүлээн зөвшөөрүүлэхэд тодорхой нөлөө үзүүлэх байх. Ингэснээр Японы хөрөнгө оруулагчдыг татахад том дэмжлэг болох болов уу. Мөн сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, батлан хамгаалах салбарт Японтой хамтарч томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой санагддаг. Яагаад гэвэл хөгжлийн “оюун санааны суурь” тавигдлаа шүү дээ. Эдийн засаг,байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын зарим байгууллагын үйл ажиллагаатай Эзэн Хаан өөрийн биеэр танилцлаа. Энэ чиглэлээр талууд улам идэвхтэй ажиллах болов уу гэсэн хүлээлт байна.
Г.БАЛГАРМАА





Наадам дамнасан явдлуудаас харахад намар эдийн засаг хүйтэрч, улс төр халуурахаар байна
Төр засаг шийдвэр гаргаад наадмаар нийтээр нь олон хоног амраалаа. Наадмын дараа намар гэдэг. Улигт бус үнэн үг. Уул нь намрын ажил ...
5 цагийн дараа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын Ерөнх...
4 цагийн дараа
Хүрэн манжингийн үнэ буурчээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
3 цагийн дараа
Этүгэн Ирвэсүүд баг наймдугаар сарын 18-нд Японы Nippon Sport Science их сургуулийн багтай эхний тоглолтоо хийнэ
2024-2025 оны “Оюутны лиг”-ийн аварга ЭТҮГЭН ИРВЭСҮҮД баг 2025 оны наймдугаар сарын 18-аас 24-ний өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу (Hangzhou...
3 цагийн дараа
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын ...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Beb88
Hmm it appears like your blog ate my first comment (it was extremely long) so I guess I’ll just sum it up what I submitted
and say, I’m thoroughly enjoying your blog.
I too am an aspiring blog writer but I’m still new to
everything. Do you have any recommendations for newbie blog writers?
I’d certainly appreciate it.

JOYBOLA
There is definately a great deal to find out about this issue.
I really like all the points you have made.