мэдээ
Үүлсийн бэлбэрхий өндийхүйн гэгээнд

Админ
2025 оны 7 сарын 21

60

Бүх сайхан зүйлс хайраас үндэслэгддэг. Гагцхүү цор хайранд л суурилдаг. Ертөнцөд бүтээгдсэн аугаа, гайхам бүхний үндсэн суурь, ёроолын ивээс нь хайр л байдаг. Таж Махаал ч тийм. Мумтаз Махаал хэмээх хатныхаа дурсгалд Шах Жахан хааны зориулсан Энэтхэгийн эл гайхамшиг Агра хотод гэрэлтэн оршдог. Хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт оргилуудын нэгээр мөнхлөгдөн, мөнх хайр, хүн сэтгэлийн гэгээн хөлгөн дууллыг сануулан, тунгалаг танан цагаанаар, эгнэгт энэрэлт гэгээн яруугаар оршсоор.
Энэ гайхамшгаас бараг мянгаад жилийн өмнө Лхас хотын хойт ардханд Будала ордны шавыг Будала уул дээр, өөр нэгэн хэллэгээр Марбур өндөрлөгт үүсгэн бий болгожээ. Төвөдийн анхны эзэн хаан гэгддэг Соронзон Гомбо бээр Тан улсаас авч ирсэн, ирүүлсэн гэж хэлж болох Вэньчэн гүнждээ зориулал болгосон юм билээ. Тэр нь долдугаар зууны үеийн тоололд багтах бөгөөд, Вэньчэн гүнжийг яагаад ирүүлсэн гэж хэлж байна гэхээр, энэ хатан найрамдал, энхийн агуулгаар Соронзон Гомбо хаанд ирсэн түүхтэй.
Нэг үгээр хэлбэл, Төвөдөд найрыг тавин, энхийг журамлахын үйлс зоригдлоор энэхүү гүнж Тан улсаас Төвөд, Лхаст морилон гийсэн улбаатай байна. Тийнхүү морилон гийхэд нь Соронзон Гомбо хаан Будалаг шавлаж, барин гэрэлтүүлж эхэлсэн нь, яахын аргагүй л хайр хүндэтгэлээс үүдсэнд эргэлзээ тээнэгэлзээ юусан билээ. Хайр, энх, хүндэтгэл гурав дээр суурилж ивээгдсэн алтан Будала бүтээгдсээр, бэхэжсээр, оршсоор, нэмэн байгуулагдсаар арван долдугаар зуунд өнөөгийн төрхөө олсон байна. Халхын Өндөр Гэгээн Занабазар, Ойрадын Галдан бошигт дээдсүүд, энэхүү ордонд шавилж, Лхас голын хөвөөгөөр мөнхүү хоёр хувилгаан хөтлөлдөн тоглолдож, ном үзэж, эрдэмд боловсорч явсан гэгээн түүхийг Будала ярина.
Лхас хот, Лхас гол ч эртний хэлээр ярин дамжуулж ирсэн сайхан зохионгуйтай. Монголын төрийн нэгээхэн үеийн төрийн эл хоёр зүтгэлтэн, чухамхүү Лхас хот, Будалад шашин, төрийн эрдэм ухаанд биелэн, оюун санаа хийгээд холч мөрөөдлийнхөө адис жанлавыг оршоон бэхжүүлж асанг бодоод Будалагийн өндөрлөгт гарахаар огцом шатаар нь удаанаар мацахад билиг билгүүн чанадад арцан үнэр сэнгэнэнэ. Лхас хот уулсын дунд орших агаад, тэдгээр сүрлэг оргил уулсын бэлээр гоёмсог модод болоод арц ногооноор анхилан дэлхэх нь үзэсгэлэнтэй. Будала шилтгээн арван гурван давхар, зуун арван долоон метр өндөр бөгөөд, захын хоёр жигүүрээрээ есөн давхар өрөгдсөн. Тавдугаар Далай ламаас эхлэн, гурван зуун арван долоон жилийн турш Төвөдийн арван Далай лам энд төр шашны хэргийг эрхлэн суужээ. Будала есөн зуун ерэн есөн өрөөтэй. Мянгад нэг дутуу. Их л бодсон бэлгэдэл биз. Есөн зуун ерэн есийн сорьцтой гээд л ярьдаг, жишиг байдаг. Энэ агуулгыг ташлуулаад, цаанаа бүр их холхийн бэлгэдэлтэйн учир тийнхүү өрөөтэйгээр бүтээсэн буй за хэмээн санагдана. Цагаан ба улаан өнгийн хоёр ордонтой. Улаанд нь төрийн хэргийг, цагаанд нь шашны үйлийг эрхлэн явуулах ажгуу. Тавдугаараас арван гурвыг хүртэлх Далай ламуудыг оршоосон бунхан бүхий найман суваргатай. Суваргуудыг алт, мөнгө, шүр, сувд тэргүүтээр чимэглэн, урлалын өндөр, эв зохисын төгс шүтэн барилдлагад бүтээгдсэн нь эрхгүй бишрэл төрүүлнэ. Будала бол ерөөс эрдэнийн бүтээл. Оюун санааны эрдэнэ, эдийн эрдэнэ, өндөр дээд хувилгаан, шашны дээд тэргүүн эрэмбийн ламуудын эрдэнийн адистид гүн оршсон, хүч чадал, оюун санааны охь төвлөсөн сүсгийн шилтгээн бол чухамдаа Будала юм. Будалагийн дээд тавцан, оройд гарахад Лхас хотын үзэсгэлэнт харууц төгс төгөлдрөөр гийнэ. Будалагийн ардханд, усан дотор байгуулсан гоо нэгэн цэцэрлэг бий. Луугийн цэцэрлэг нэртэй. Будалагийн шатаар өгсөн явах тусам уул цэцэрлэгийн үзэмж тодорч, тэртээ зүүн уулын энгэр дэх, төв элгэнд Сэрагийн нэгэн сүм алтран харагдах нь гайхалтай. Будала шилтгээний ханын зосыг найруулсан жор өвөрмөц. Цагаан, улаан өнгөт мөнөөх шохойг найруулахдаа сүү, зөгийн балыг холин зуурдаг аж. Ингэхээр шохойн биежилт төгс болдог. Бас илүү өнгөлөгжин тодордог чанартай байна. Энэ аргачлалын утгыг бодвоос Будала ордон бол сүүгээр, зөгийн балаар бүрхэгдсэн, тийм түрхлэгээр ямагт өнгөжин ариун сайхнаар сүндэрлэдэг нь үнэхээр сайхан сэтгэгдлийг төрүүлнэ. Будалагийн бүтээн байгуулалтын орцод боржин чулуу, мод голлох бөгөөд хананд нь нэгэн зүйл ургамал мөн оруулж урласан байна. Энэ өвөрмөц бүтээгдэхүүн нь ордныг зундаа сэрүүн, өвөлд дулаан байлгадаг онцгой үр нөлөөтэй нь сонирхолтой. Будала ордныг умраас нь гарахад илүү түргэн оччихно. Нэлээд дээд биед нь иртэл машинаар явчихдаг. Энэ нь албан ёсны, хүндэтгэлт зочдод илүүтэй зориулагддаг. Ихэнх сүсэгтнүүд, мөргөлчид, ард түмэн бол өмнөөс нь л эхлэн шатаар өгсөж дээш гардаг. Энэ л илүү итгэл үнэмшлийг, сүсгийн гүнийг төрүүлдэг нь ойлгомжтой. Будала бол буддын шашинтнууд, ерөөс дэлхийн хүн зоны итгэл үнэмшлийн нэгэн гэгээн оргил-шилтгээн болж, Төвөд орныг төсөөлөхөд чухамхүү цаст уулсын дунд дахь энэ ордон л сүндэрлэн зүмбэрлэж санаа сэтгэлд ургадаг нь маргаангүй билээ. Будалагийн боржин шатны гишгүүр бүр итгэл үнэмшлийн ивээсүүд. Ариун сайханд очих, гэгээрэх, нүглийг гээх, сайн сайхныг бодох гээд хүн бүрийн сэтгэлд зуллах бүхний ариун үнэмшлийн шат бол Будалагийнх. Бид ч мөн тийм л итгэл үнэмшлээр Будалад зорчиж, чулуун, модон шатуудыг нь дамжин алхалсаар арвангуравдугаар давхарт гарсан. Аливаа гэгээн өндөрлөг бүр өөр өөрийн алтан аялгуутай, мэдрэмж сэтгэлийн шидэт нислэгтэй. Алтан ганжир нь гялалзсан Будалагийн оройд гарваас, орчны уулс намхарчих шиг, Лхас хотыг бүхэлд нь сэтгэлдээ багтаасан мэт болох. Нью Йоркийн эзэнт гүрний цамхаг, Парисын Эйфелийн цамхагт гарснаас ч хамаагүй илүү гэгээн догдлолт мэдрэмж төрүүлэх ажээ. Чухамдаа оюун санааны нэгэн дээд оргил шашин буддын орой дээдэс гэгээнүүд энд үе улиран амьдарч, түвхнэн сууж эдүгээ ч жанлав нь оршин буй учир аргагүй биз ээ. Тийн бодохоор л сэтгэл санааны төвд Будалагийн оройд гарна гэдэг нь зөөлөн алхахыг хичээмжлэх, улмаа эрт дээдийн энэ орны аялгуун зардсыг тархин гүндээ сонсохын шидийг урим ажээ. Мексикт наран саран пирамид оршдог. Тэрхүү пирамидын оройд мөнгөн гадас зоосон байдаг бөгөөд уг гадасанд эрхий нийлэн, сэтгэлийг наран сарантай холбосон мэт бодогдож билээ. Тэгвэл Лхасын Будалагийн орой тэргүүнд гарч, алтлах ганжируудын дунд зогсоод тэнгэрийг тольдвоос оюун бодлын жигүүр Гималайн уулсад хүрэх мэт болох бүлгээ. Онгоцны цонхоор Гималайг хэдэнтээ харж, зүрх сэтгэл огшин шагшсан. Гэхдээ энэ удаа Лхас явахдаа үүлэн дунд мөнгөрөн танантах Эверест, Лхоце оргилуудыг харж үнэн гэгээн бишрэл төрөв. Газрын дээр ургасан тэр ганган уулсын зулайд дүү минь нэгэн цагт мөрөөн гаргасныг санахул, сэтгэл үлэмжлэн баясаж, өөрөө л тэрхүү оргилд гарсан мэт бодогдсон сон. Гэтэл Будалагийн оройд гарч, тэнгэр ширтэхэд сэтгэлийн дотор онгоцоос харсан Гималайн мөнөөх ганган тансаг оргилууд сансрын цээлд үзэгдэх шиг санагдах нь мөнхүү Будалагийн л шид илбэ болох нь үлэмж тодорхой оо. Будалагаас бууж өмнөх цэлгэр талбайд гарч хэсэг яваад эргэн мөнөөх шилтгээнийг ажваас өмнөөс мишээх мэт тийм гоёхон гэгээн мэдрэмжийг төрүүлэх нь гайхам. Будала бол гагцхүү ариусахуйн хүслэнт үй түмэн хүмүүсийн үнэмшлийн оргил бөгөөд энэ шилтгээний мэлмийн гэрэл туж асан тэднийгээ олж үзсээр байдаг биз ээ. Шөнийн Будала хачин гоё. Үнэхээр үзэсгэлэнтэй. Шангрила зочид буудлын Шамбала тухлалтад манай багийнхан үдэш сууж, гүц дарс таалсан билээ. Өндөр газрын энэ оронд дарс төдийлөн зохимжтой бус бөгөөд ганц хоёрхон хуруувч дарсны очоос үүдэн үл мэдэг сүүмийсэн нүдэнд Марбурын оройд сүүхийх Будала үлэмжийн яруу харагдаж, гэрэл чимэглэлдээ урнаар мандан тэрүүхэндээ бүжих мэт санагдах нь дарсан таалааных. Үл мэдэгхэн цөөхөн бороо хаялахад Будала чичирхийлэх мэт санагдах нь дарсны охиос бус, таашаалт сэтгэлийн охиос үүдэлтэй их цэнгэл дэх мануурал, хөлчүүрлээс үүдэлтэй бөгөөд мөнхүү шилтгээн тийм шид тигийг бүтээлгэн, бодол зөгнөлийн ярууг мандаах шөнийн гоо сайхныг нь машид биширсэн билээ. Шөнийн Будалаг Лхас голын мандалд тунаран байхыг харах бол энэ яваа насанд үзсэн хамгийн гоо агшнуудын нэг гэдэгт нот итгэлтэй байхаас аргагүй. Будала бол мөнхийн гоо сайхан, тэр тусмаа оюун санааны гоо сайхан. Үзэгдэхээсээ, үлдэхээсээ тийм зохионгуйтай.
Үргэлжлэл бий…
Б.ЗОЛБАЯР





Хүрэн манжингийн үнэ буурчээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
7 цагийн дараа
Этүгэн Ирвэсүүд баг наймдугаар сарын 18-нд Японы Nippon Sport Science их сургуулийн багтай эхний тоглолтоо хийнэ
2024-2025 оны “Оюутны лиг”-ийн аварга ЭТҮГЭН ИРВЭСҮҮД баг 2025 оны наймдугаар сарын 18-аас 24-ний өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу (Hangzhou...
7 цагийн дараа
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын ...
7 цагийн дараа
О.Жаргалсайхан: Японы эзэн хааны айлчлал хүн хоорондын оюун санааны хамтын мэдрэмж, харилцан хүндэтгэл рүү илүү хөтөллөө
Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито болон эрхэм дээд хатан Масако нарын Монгол улсад хийсэн айлчлалын талаар Монгол Улсын Соё...
6 цагийн дараа
Г.Занданшатар: Ард иргэдийн оролцоотой байх ёстой болохоос авлигын цавчаа, шахааны уурхай байж болохгүй
-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ҮЕД ТӨЛӨВЛӨСӨН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР КОМПАНИЙН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГҮЙЦЭТГЭЛ ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд