Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

УЛСЫН АРСЛАН Э.БАТМАГНАЙ: Түрүүлнэ гэсэн зорилгоор зоригтой барилдаж санасандаа хүрлээ

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 7 сарын 21

img

102

news-img

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадам үзүүштэй, шуугиантай болж өндөрлөлөө.

Өнөө жилийн их баяр наадмын хүчит бөхийн барилаанд 512 бөх зодоглосноос улсын начин цолтон хоёр, улсын харцага цолтон хоёр, улсын гарьд, арслан цолтон тус тус нэг төрөн гарлаа. Их шөвөгт дархан аварга Н.Батсуурь гурван бөхөөс Сүхбаатар аймгийн хурц арслан Н.Өсөхбаяыг амлан авч, аварга П.Бүрэнтөгс, улсын начин Э.Батмагнай нар тунан барилдсан.

Улмаар Увс нутгийн хоёр аварга цолоо ахиулан барилдсан бөхчүүдэд тахим өгч, үзүүр, түрүүнд аймгийн арслан Н.Өсөхбаяр, улсын начин Э.Батмагнай нар үлдсэн. Шинэ арслан, шинэ гарьд цолтон төрөх үзүүр түрүүний барилдаанд наадамчин олны сэтгэл догдлол дүүрэн хүлээж байх мөчид баяр наадмын түрүү бөх Баянхонгор аймгаас тодорч улсын начин Э.Батмагнай ес давлаа. Ингэснээр тэртээ 1949 онд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Пагмын Аюуш гэх хүчтэн улсын наадамд есөн даван түрүүлж, улсын арслан цол хүртэснээс хойш 76 жилийн дараа Жинст сумаас улсын арслан цолтон мэндэллээ.

Үндэсний их баяр наадмын түрүү бөх улсын шинэ залуу арслан Энхтүвшингийн Батмагнайгийн хувьд нэгийн даваанд Баянхонгор аймгийн сумын заан Г.Отгонбатыг, хоёрын даваанд Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Оршихыг, гурвын даваанд улсын начин Д.Цэрэнтогтохыг, дөрвийн даваанд улсын харцага Ц.Мөнхбаярыг, тавын даваанд улсын заан Д.Хүдэрбулгыг, зургаагийн даваанд улсын харцага Б.Зоригтбаатарыг, долоогийн даваанд улсын заан Б.Бат-Өлзийг, наймын даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, есийн даваанд аймгийн арслан Н.Өсөхбаярыг тус тус даван түрүүллээ.

Наадмын дараа болдог Уяачдын баяр наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү бөх шинэ залуу улсын арслан Э.Батмагнайтай цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Сайн байна уу. Үндэсний их баяр наадамдаа урамтай сайхан барилдан түрүүлж, улсын өндөр цолонд хүрч, нутаг ус, аав, ээжийнхээ нэрийг дуурсган наадсан танд баяр хүргэе ээ?

-Баярлалаа. Санасандаа хүрч барилдсандаа бахархалтай, баяртай байна. Төрт ёсны их баяр наадамдаа түмний өмнө үнэн хүчийг үзэн барилдаж, ес даван төрийн есөн хөлт цагаан тугаа дэвэн дэвсээр тойрох шиг онцгой сайхан торгон мэдрэмжийг авах үгээр хэлшгүй гоё байлаа. Түмний хайр хүндэтгэлийг дааж явах ёстой гэсэн бодол минь илүү нэмэгдэх шиг болсон. Нөгөөтэйгүүр, аав, ээж хоёр минь энэ жилийн улсын баяр наадамд анх удаа биечлэн ирж, барилдааныг минь талбай дээрээс нь үзлээ. Тэднийхээ нүдэн дээр, тэднийхээ дэргэд ийм амжилт гаргаж, түрүүлж чадсандаа үнэхээр их баярлаж байна. Мөн энэ ташрамд амьдралын минь түшиг тулгуур болсон ханийнхаа аав, ээж хоёрт ч гүн талархал илэрхийлье. Миний ард үргэлж дэмжиж, итгэж ирсэн гэр бүлийн минь хайр халамж энэ ялалтын гол шалтгаан юм даа.

-Таны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө улсын арслан цолынхоо үнэмлэх, тэмдгийг авч бууж ирээд наадамчин олондоо сэтгэгдлээ хуваалцсан. Энэ үеэр түрүүлэх мэдрэмжийг авахын төлөө өглөө нь бодон сэрж, орой нь зүүдлэн унтдаг байсан гэж хэлсэн шүү дээ…?

-Сэтгэл маш их хөдөлсөн. Бөхийн барилдааны үеэр даваа болгоноор сэтгэл зүйгээ дарсан. Цолоо ахиулсан ч сэтгэл зүйгээ маш их дарж, түрүүлэхсэн гэж өглөө нь бодож, шөнө нь зүүдэлдэг тэр зорилгодоо хүрнэ шүү гэж дотор хүнтэйгээ байнга ярьсан. Энэ үгээр л би өөрийнхөө сэтгэл зүйг даваа ахих тусам чангалж, бэлтгэсэн. Үүнийхээ үр дүнд улсын баяр наадамдаа түрүүлсэн юм болов уу гэж бодож байна. Ингээд түрүүлчихээд Ерөнхийлөгчийн зарлигийг сонсчихоод бууж ирээд хэвлэлд ярилцлага өгөхдөө өглөө нь бодож, шөнө зүүдэллээ гэж өөрийнхөө сэтгэл зүйг бэлтгэж байсан үгээ хэлсэн. Анх үндэсний бөхөөр хичээлж, барилдаж эхэлсэн цагаас авхуулаад л наадам, наадмаар цолоо ахиулах биш түрүүлэх юмсан, бөх хүн түрүүлчихээд ямар мэдрэмж авдаг бол гэсэн бодолдоо хөтлөгдөж 15 жил явж ирсэн. Олон жил бодож, санаж явсан мэдрэмжээ авах сайхан байна. Цол ахих биш түрүүлнэ гэсэн бодолтойгоор зодоглон ес давж, санасандаа хүрсэндээ бахархалтай байна.

-Бөх хүний амжилт бол дан ганц өөрөөс шалтгаалахгүй байх. Таны амжилтын ард олон сайхан хүмүүс байгаа байлгүй…?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Энэхүү амжилтад хүргэхэд тусалж дэмжсэн нийт хүмүүстээ баярлалаа. Төрүүлж, өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Ханьдаа баярлалаа. Миний багш чөлөөт бөхийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах багшдаа баярлалаа. Тэргүүн богд дэвжээний багш, дасгалжуулагч хамт олондоо баярлалаа. Баянхонгор аймгийн Засаг дарга, нутгийн зон олондоо баярлалаа. Бөхдөө хайртай монгол түмэндээ талархъя.

-Барилдааныхаа талаар та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Мэдээж, барилдаан болгон үнэ цэнтэй байлаа. Барилдаан болгон, даваа бүхэн чухал байв. Төрийн наадмын түрүү, үзүүрийн барилдаан чухал байсан. Аль болох өөрийгөө хичээж, шахаж барилдсан. Байж болох бүх боломжийг бүрэн ашиглахын төлөө хичээж барилдсан байгаа. Цаашдаа цолондоо эзэн болж илүү их амжилт гаргахын төлөө хичээн барилдана гэдгээ ард түмэндээ хандан хэлье ээ. Баярлалаа та бүхэндээ.

УЛСЫН АРСЛАН Э.БАТМАГНАЙН БАГШ С.МӨНХДУУЛДАХ: АРД ТҮМЭН БӨХДӨӨ ХАЙРТАЙ, ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДДАГ. ЭНЭ ИХ ХАЙР, ХҮНДЭТГЭЛИЙГ Л ДААЖ ЯВАХЫГ ШАВЬ НАРТАА ҮРГЭЛЖ ЗАХИДАГ

Бөх хүний амжилт багшаас эхтэй гэдэг үг бий. Шинэ залуу улсын арслан Э.Батмагнайг анх үндэсний бөхөд хөтлөн оруулсан хүн бол түүний багш Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах билээ. Шавийнхаа түрүүлж буй барилдааныг телевизээр үзэн, огшиж, баярлаж байсан түүний бичлэг цахим орчинд нэлээд шуугиан тарьсан. Ингээд С.Мөнхдуулдах багшаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр “Шавь маань төр, түмнийхээ их баяр цэнгэл наадамд түрүүлсэнд баяртай байна. Барилдаан болгоныг нь сэтгэл түгшин үздэг. Шавьтайгаа сэтгэлээрээ үргэлж хамт байдаг. Есийн давааны барилдааныг зүрх догдлон байж үзсэн. Шавь маань багшийнхаа, түмэн олныхоо итгэл, урмыг хугалахгүй урамтай сайхан барилдсанд баяртай байна. Миний хувьд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат. Сурагч байхдаа н.Ганбат багшийн удирдлага дор бөхийн бэлтгэлд хамрагддаг байлаа. Оюутан болохдоо “Шонхор олимп” дээд сургуулийг сонгож дасгалжуулагч багшаар төгссөн. Ингээд 2012 оноос Баянхонгор аймагт “Байдрагийн хүчтэн дэвжээ” клубт ажилласан юм. Энэ хугацаанд шавь нар минь өсвөр, залуучуудын УАШТ-д тогтмол амжилт гаргасан. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ч медаль хүртсэн удаатай. Үүнээс гадна Б.Хонгорзул шавь минь Токиогийн олимпт шагналт тавдугаар байр эзэлсэн. Харин энэ удаад Э.Батмагнай маань магнай тэнийлгэж төр, түмнийхээ их баяр наадамд түрүүллээ. Багш хүний хувьд шавь нараа амжилт гаргахыг харах шиг сайхан мэдрэмж хаана ч байхгүй шүү. Түрүү бөх тодорсоноос хойш л баяр хүргэсэн дуудлага, мессежүүд намайг дарсан. Үнэхээр манай ард түмэн үндэсний бөхдөө хайртай, хүндэтгэлтэй ханддаг. Энэ их хайр хүндэтгэлийг дааж явахыг л шавь нартаа үргэлж захидаг даа” гэлээ.

УЛСЫН АРСЛАН Э.БАТМАГНАЙН ААВ Л.ЭНХТҮВШИН: ХҮҮТЭЙ ААВ БҮХЭН ХҮҮГЭЭРЭЭ БАХАРХАХ МЭДРЭМЖИЙГ АВЧ БАЙГААСАЙ

Улсын баяр наадмын дараа Хүй долоон худгийн дэнжид зохион байгуулагдсан Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, чимэг гардуулдаг уламжлалтай. Тухайлбал, энэ жилийн баяр наадмын их шөвөгт үлдсэн дархан аварга Н.Батсуурьт “Хууринан шуугигч”, улсын аварга П.Бүрэнтөгст “Өлзий бадрах”, улсын заан Б.Пүрэвсайханд “Цогт гарамгай”, Б.Бат-Өлзийд “Үнэн зоригт” чимэг тус тус олгосон. Энэхүү баяр наадмын үеэр энэ жилийн түрүү бөх улсын арслан Э.Батмагнайн аав Л.Энхтүвшинтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-Сайн байна уу Та. Таны хүү төрийн их баяр наадамд түрүүлж, түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээлээ. Хүүгийнхээ энэ сайхан амжилтыг хараад юу бодогдож байна вэ?

-Эцэг хүнд үр хүүхдээ сайн сайхан явахыг харах шиг жаргал хаана байх вэ. Үндэсний их баяр наадамд аавын олон хүүхдүүдийн магнай болж түрүүлсэн хүүгээрээ бахархаж байна.

-Төв цэнгэлдэхэд хүүгийнхээ барилдаан бүрийг хажуунаас нь хараад суух ямар байв?

-Даваа болгоныг нь хараад давсан хойно л цээж дүүрэн амьсгаа авч уужирч байсан. Гэхдээ харьцангуй тайван сууж үзсэн. Бас догдлоод сандраад байвал хүүд маань нөлөөлөх байх гэж бодоод тайван үзсэн. Даваад хүрээд ирэхэд нь үнсээд сайн байна, даваа дуусаагүй байна шүү, сайн барилдаарай, миний хүү гээд явуулсан. Хүүгийн минь амжилтад нөлөөлсөн тусалсан бүх хүмүүстээ тэр дундаа Баянхонгорчууддаа, нутгийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Таны хувьд наадмын үеэр хүүгийнхээ барилдааныг хараад ер нь анх яаж барилдчихаасай гэж хүлээж байсан бэ?

-Цолоо ахиулан барилдана гэдэгт нь хүүдээ бүрэн дүүрэн итгэж байсан. Ямартай ч улсын заан хэмээх том цолонд хүрчих байх гэсэн итгэл дүүрэн байсан. Гэтэл хүү маань аавынхаа итгэлийг хэд дахин давуулан биелүүлж, улсын баяр наадамд түрүүллээ. Есийн давааны барилдаанд хүүгээ дэвээд гарахад нь үнэхээр их баярлаж, нулимс асгаруулсан. Миний хүү чинь төр түмнийхээ их баяр наадамд нутаг усныхаа нэрийг гаргаж түрүү, үзүүрт шалгарчихлаа шүү дээ гэж бодсон. Ингэж баярлаж суутал давчихсанд бүр их баярлаж, хүүгээ тэврэхийг тэсэн ядан хүлээж суусан шүү. Хүүтэй аав бүхэн хүүгээрээ бахархах мэдрэмжийг авч байгаасай гэж бодсон. Миний хүү наадам эхлээд л маш тайван болсон. Ямар нэгэн зүйлд сэтгэл нь хөдөлж огт харагдаагүй. Ямар сайндаа даваа болгоны дунд өөрийгөө амрааж хурхираад унтаад байсан шүү. Хүүгийнхээ онцгой тайван байгааг хараад энэ наадамд миний хүүгийнх болчих юм биш биз дээ гэсэн итгэл өөрийн эрхгүй төрсөн. Хүүгээрээ бахархаж байна. Хүүдээ хайртай шүү аав нь.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хүрэн манжингийн үнэ буурчээ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...

img

7 цагийн дараа

Этүгэн Ирвэсүүд баг наймдугаар сарын 18-нд Японы Nippon Sport Science их сургуулийн багтай эхний тоглолтоо хийнэ

2024-2025 оны “Оюутны лиг”-ийн аварга ЭТҮГЭН ИРВЭСҮҮД баг 2025 оны наймдугаар сарын 18-аас 24-ний өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу (Hangzhou...

img

7 цагийн дараа

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын ...

img

7 цагийн дараа

О.Жаргалсайхан: Японы эзэн хааны айлчлал хүн хоорондын оюун санааны хамтын мэдрэмж, харилцан хүндэтгэл рүү илүү хөтөллөө

Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито болон эрхэм дээд хатан Масако нарын Монгол улсад хийсэн айлчлалын талаар Монгол Улсын Соё...

img

6 цагийн дараа

Г.Занданшатар: Ард иргэдийн оролцоотой байх ёстой болохоос авлигын цавчаа, шахааны уурхай байж болохгүй

-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ҮЕД ТӨЛӨВЛӨСӨН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР КОМПАНИЙН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГҮЙЦЭТГЭЛ ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд