мэдээ
Төв Азийн сувд Киргиз оронтой нягт түншилнэ

ЯДАМДОРЖ БАЯРБААТАР
2025 оны 7 сарын 29

86

Энэ сарын 20-23-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз улсад төрийн айлчлал хийсэн билээ. Киргизийн Манас нисэх онгоцны буудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтан авснаар төрийн айлчлал эхэллээ. Манас гэдэг нь манайхаар бол Гэсэр, Жангар, Хан Харангуйтай дүйцэх гайхамшигт туульсийн баатар. Тэд ч энэ туульсаараа маш их бахархдаг. Манай Ерөнхийлөгчийн айлчлалд үнэхээр их ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл нь Киргизийн ерөнхийлөгч өөрийн биеэр угтан авсан явдал юм. Хуучнаар дундад Ази, одоогийнхоор бол төв Азийн орнуудтай уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэхэд энэхүү айлчлал маш чухал ач холбогдолтой байсан юм. Энэхүү нэн чухал айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан нь нь эрх зүйн үндэс суурийг тавихад чухал хувь нэмэр оруулах юм.
Түүх сөхвөл Монголын талаас Ерөнхийлөгчийн түвшинд Н.Багабанди 1999, Н.Энхбаяр 2007, Ц.Элбэгдорж 2012, Х.Баттулга 2019 онд тус улсад айлчилж байжээ. Харин Киргизийн талаас 1993, 2002 онд А.Акаев, 2023 онд С.Жапаров айлчилсан байх юм. Тэгэхээр хоёр улсын харилцаа ер нь л өндөр дээд түвшиндээ тасраагүй байх нь. Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоожээ. Киргиз Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч нь манайтай адил бүх ард түмний санал хураалтаар зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгогддог. Одоогийн Ерөнхийлөгч С.Жапаров 2021 оны ээлжит бус сонгуулиас хойш уг албыг хашиж байгаа аж. Киргиз улсын эдийн засагт хөдөө аж ахуй, уул уурхай, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч зэрэг салбарууд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Алт, хөдөө аж ахуйн түүхий эд, төмөр, шил, нүүрс зэргийн экспортолж, суудлын автомашин, газрын тос, байгалийн хий, химийн бүтээгдэхүүн зэргийг импортолдогоороо манай улстай адилхан. Энэхүү төрийн дээд айлчлалаар төрийн тэргүүнүүд албан ёсны хэлэлцээр хийж, харилцан ажиллагааны ирээдүй, хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойллоо.
Манай Ерөнхийлөгчийн зүгээс Киргиз улстай хөгжүүлж байгаа хамтын амжиллагааг бүхий л салбарт өргөжин хөгжүүлэх гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж байлаа. Уг айлчлалын хамгийн чухал зүйл нь “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон явдал. Монгол Улс ийнхүү төв Азийн хоёр дахь улстай албан ёсоор “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож байгаа юм. Манай улс 2024 онд Бүгд найрамдах Казахстан улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон билээ. Хоёр улсын хооронд хэд хэдэн чухал бичиг баримтуудад гарын үсэг зурсан. Эдгээр бичиг баримтуудыг нэр устай нь дэлгэрэнгүй бичих нь зөв гэж бодлоо.
Үүнд: “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хоорондын гэрээ”, “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”, “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн яам хоорондын Хамтын ажиллагааны хөтөлбөр”, “Ноос боловсруулах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй болон боловсруулах үйлдвэрийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”, “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, залуучуудын бодлогын яам хоорондын Санамж бичиг, “Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил болон дэвшилтэт технологийн яам хоорондын Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”, “Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэн болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн үндэсний хүрээлэн хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг”, “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Их сургууль, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын “Нарын” муж дахь Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газар хоорондын Хамтран ажиллах тухай санамж бичиг”, “Монгол Улсын Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний мэдээллийн “Кабар” агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Шинжлэх ухааны академи хоорондын Хамтын ажиллагааны хэлэлцээр”, “Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Б.Джамгырчиевийн нэрэмжит Түүх, археологи, угсаатны судлалын институт хоорондын Хамтын ажиллагааны хэлэлцээр”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Киргизийн Үндэсний радио, телевизийн корпорац хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т тус тус холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.
Киргиз улсын Ерөнхийлөгч С.Жапаров, Монгол Улс нь бүс нутаг дахь тус улсын чухал түнш болохыг онцолж, цаашид дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн нь манай улсыг хэр зэрэг үнэлж байгаагийн томоохон илэрхийлэл болсон юм. Ер нь хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн өмнө нь ярьсан тохирсон ажлууд 90 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд ажил урагштай байгаад төрийн тэргүүнүүд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Бас хоёр орны хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хонь, ямаа, үхэр, адууны мах, дайвар бүтээгдэхүүнийг Киргизэд экспортлох, жимс, жимсгэнэ, загас, загасан бүтээгдэхүүн зэргийг Монголд импортлох, мал эмнэлгийн олон улсын гэрчилгээнүүдийг баталгаажуулсан нь маш чухал ажил боллоо. Киргизийн жимс жимсгэнэ бол ер бусын амтлаг, жинхэнэ органик бүтээгдэхүүн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурыг Киргизийн хөвөн, нэхмэл утасны үйлдвэрлэлтэй уялдуулан сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх төсөл, хөтөлбөрийг ч мөн хамтран хэрэгжүүлэхээр болсон нь аль аль талдаа маш таатай мэдээ байлаа. Нэг ёсондоо манайд бараг л үнэгүйдсэн гэж болох ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулах чухал ач холбогдолтой ажил юм.
Айлчлалын хүрээнд уламжлал ёсоор Монгол болон Киргизийн бизнес форум боллоо. Ямарваа улсын эдийн засгийг тухайн улсын бизнесүүд л нуруундаа үүрч явдаг. Манай улсын хувьд тодорхой бизнесүүд Киргик улсад үйл ажиллагаа явуулаад эхэлжээ. Банк санхүү, мэдээллийн технологи, барилга зэрэг хэд хэдэн салбар хэдийнэ нэвтэрсэн нь сайхан сонсогдож байлаа. Хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох гол гүүр болсон энэхүү форумыг Шадар сайд С.Амарсайхан, Киргизийн сайд нарын танхимын орлогч дарга Э.Ж.Байсаль нар нээж үг хэлснээр арга хэмжээ эхэлсэн. Ер нь талуудын ярьж байгаагаар хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа, зах зээлийн эрэлт хэрэгцээ, шинэ технологуудын дэвшлийг уялдуулан тодорхой үр дүнд хүрэх зэрэгт энэхүү форум чухал ач холбогдолтой юм гэдгийг онцолж байв.
Хоёр улсын хооронд ирээдүйд Хөдөө аж ахуй, хүнс, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, Тээвэр ложистик, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, жимс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, бизнес эрхлэх нөхцөлийг тогтвортой, ойлгомжтой болгох зэргээр хамтран ажиллах юм. Энэ бүхэн мэдээж манай улсын хувьд маш чухал.
Бизнес форумын үеэр талуудын аж ахуйн нэгжүүдийн ажиллагааг дэмжих Монгол-Киргизийн бизнесийн зөвлөлийг байгуулсан. Энэхүү байгууллага нь бизнесийг дэмжих гол гүүр болох ач холбогдолтой. Ямартай ч хоёр талаас нийт 150 орчим компани, аж ахуйн нэгж оролцож, банк санхүү, тээвэр логистик, мэдээллийн технологи, эрчим хүч, уул уурхай, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын зэрэг салбарынхан харилцаа тогтоож, хамтран ажиллах талаар гэрээ хэлэлцээр хийсэн юм. Хэлэлцээрүүд бүгд амжилттай бүтвэл бид бүхэн чанартай найдвартай хүнснээс эхлээд аялал жуулчлалын шинэ гарцтай болно. Нэг ёсондоо манай гадаад руу чиглэсэн, манай руу чиглэсэн бизнесийн урсгал солонгорох юм. Киргиз улс нь долоон сая орчим хүн амтай, ДНБ нь 17 тэрбум орчим долларын эдийн засагтай. Тиймээс Монгол Улсын хувьд бас л чухал зах зээл гэж хэлж болно. Хоёр тал ч ерөөсөө харилцан ашигтай байцгаая. Тиймээс бизнесийн гарцыг нь аль болох нээлттэй байлгая гэх тал дээр санал нэгдсэн нь манайхны хувьд тун таатай мэдээ юм.
Ерөөсөө манай улсын хувьд төв Азийн улсуудтай харилцаа холбоогоо нягтруулж байгаа нь гадаад харилцаа төдийгүй эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа билээ. Бас манай Ерөнхийлөгчийн санаачилан ажил хэрэг болгоод явж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Киргизтэй хамтран ажиллах юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг манай улс ажил болгоод багагүй хугацаа өнгөрчээ. Чамгүй олон мод тарьсан, ургалт ч өндөр хувьтай яваа. Тэгвэл Киргизийн тал ч бас манайтай ижил зорилго бүхий ойжуулах төсөл бас хэрэгжүүлж байгаа юм билээ. Ойжуулах ижил төслийн хүрээнд ч бас харилцан хамтран ажиллана.
Ер нь бол бид дандаа л болохгүй бүтэхгүй байгаагаа яриад байдаг. Тэгвэл бидэнд болж бүтэж байгаа, амжилттай яваа маш олон зүйлс байдаг. Ядаж л банк санхүүгийн систем, мэдээллийн технологи гээд олон салбарт дэлхий улс орнуудаас манлайлж яваа. Төв Азийн орнуудын зарим нь “Хэдүүлээ хөгжлөөрөө эхлээд Монголтой эн зэрэгцээд авах хэрэгтэй байна. Тэгээд дараа дараагийн шат руугаа Монголоор баримжаалаад явахад болох шинжтэй” гэж хүртэл ярилцдаг гэнэ. Тийм ч учраас Киргизийн талаас манай Ерөнхийлөгчийн айлчлалд асар өндөр ач холбогдол өгсөн нь бүх зүйл дээрээс тод харагдаж байсан. Манайхаас туршлага судлах зүйлс маш их байдаг бололтой. Төрийн төгөлдөршил, технологийн салбар гэх мэт зүйлсээр биднээс багагүй туршлага судалдаг аж. Киргиз Монгол хоёр улс ойр байх бас нэг шалтгаан нь царай төрх. Мөн киргиз хэлний нийт үгсийн сангийн 30 орчим хувь нь монгол үг байдаг гэх мэдээлэл чих дэлссэн. Үнэхээр ч тийм байж магадгүй. Бидний өдөр тутам ярьдаг олон үг тэнд бичээтэй харагдсан. Сүүлийн жилүүдэд манайхны бизнес тэлэхийн хэрээр тэнд оршин суух монголчуудын тоо ч нэлээн нэмэгдэж байгаа гэнэ. Бүр гэр бүлээрээ очоод тэнд суурьшихаар шийдсэн хүмүүс ч байгаа. Тэд ярихдаа ер нь л бизнесийн болон амьдрах орчин таатай тухай ярьцгаасан. Харин цаг агаар нь Монголтой зүйрлэх юмгүй халуун. Гэхдээ ер нь амархан дасчихдаг бололтой. Удахгүй Киргиз улсад монгол хороолол бий болсон байвал нэг их гайхах зүйл биш болохоор санагдсан. Ямартай ч төв Азийн сувд ч гэж хэлж болох Киргиз улстай бид нягт хамтран ажиллах нь. Уламжлал, соёл, царай зүс гээд олон талаараа төстэй учраас хоёр улсын хамтын ажиллагаа тун амжилттай болох итгэл эрхгүй төрж байсан. Манай Ерөнхийлөгчийн гадаад бодлого ч гэсэн үнэхээр нүдээ олж байна даа гэх бодол давхар төрж байлаа.
Үргэлжлэл бий…





Газар хөдлөлт ба Оросын цөмийн шумбагч онгоцны баазүндэс
Сейсмологчид “Газар хөдлөлт энэ сарын 30-нд Оросын Петропавловск-Камчатскаас зүүн өмнө зүгт 150 км зайд, далайн ёроолд болсон бөгөөд...
7 цагийн дараа
Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна
Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулах тус аймгийн Онцгой байдлын газр...
6 цагийн дараа
О.Билгүүн: Хайртай байлаа гээд нөгөө хүнийхээ утсыг шалгах эрхтэй гэсэн үг биш
Хуульч О.Билгүүнтэй залуу гэр бүл болон хосууд маргалдахаараа нэгнийхээ өөр хүнтэй бичсэн зурвасыг цахим сүлжээнд дэлгэдэг болсон ас...
6 цагийн дараа
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Наймдугаар сарын 01-ний өдрийн байдлаар Хархираа/Тариалан/, Таац/Нарийнтээл/Заг/Заг/, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэм...
5 цагийн дараа
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтээр 20 удаагийн цахим арилжаагаар 1.3 сая тн нүү...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд