Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

О.Билгүүн: Хайртай байлаа гээд нөгөө хүнийхээ утсыг шалгах эрхтэй гэсэн үг биш

trend

Админ

img

2025 оны 8 сарын 01

img

55

news-img

Хуульч О.Билгүүнтэй залуу гэр бүл болон хосууд маргалдахаараа нэгнийхээ өөр хүнтэй бичсэн зурвасыг цахим сүлжээнд дэлгэдэг болсон асуудлын талаар ярилцлаа.


-Энэ нь хуулийн хүрээнд байж болох үйлдэл мөн үү?

-Энэ бол маш буруу үйлдэл юм. Залуу гэр бүл гэлтгүй олон жил хамтран амьдарч байгаа хүмүүс ч үүнд багтдаг. Бүр аав, ээж, төрсөн ах дүүс, хуурай ах дүүс ч ийм хэрэгт холбогддог. Хэн ч байлаа гэсэн хувь хүний нууцын зэрэглэлтэй захидал харилцааны мэдээлэлд халдах нь хуулиараа хориотой.

Тодруулбал, хүний хувийн мэдээлэл хадгалах тухай хууль гэж байдаг. Энэ хуульд зааснаар захидал харилцаан дээр бичигдсэн зүйл бол хувь хүний хамгийн эмзэг мэдээлэлд хамаардаг. Хүний маш эмзэг иймэрхүү мэдээллийг зөвхөн хуульд заасан аргаар л олж авах ёстой. Жишээ нь, мөрдөн шалгах үйл ажиллагааны үед болон эрүүгийн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад зөвхөн хуульд заасан журмын дагуу тухайн хүний мэдээллийг мэдэх боломжтой. Гэхдээ энэ нь мэдээллийг олон нийтэд задруулна гэсэн ойлголт огт биш.

Тэгэхээр хэн ч байсан хувь хүний инстаграм, фейсбүүк гэх мэт цахим сүлжээ рүү халдах, мэдээллийг нь зөвшөөрөлгүй үзэх эрхгүй. Зөвшөөрсөн байлаа ч гэсэн маш болгоомжтой үзэх ёстой.

-Нөхрийнхөө, эсвэл найз залуу, найз охиныхоо өөр хүнтэй бичсэн зурвасыг сошиалд дэлгэдэг. Тухайн хүн энэ үйлдлээ зөвтгөхдөө энэ намайг хуурсан учраас би олон нийтэд дэлгэсэн гэдэг. Тэгвэл энэ хангалттай шалтгаан болж чадах уу?

-Хангалттай шалтгаан болж чадахгүй. Үүнд хоёр ялгаатай ойлголт байна. Нэгдүгээрт, гэр бүлийн тухай хуулиар гэрлэгчид бие биедээ үнэнч байх үүрэгтэй. Энэ зохицуулалтын хүрээнд би үүнийг олон нийтэд дэлгэх нь зөв гэх нэг ойлголт яваад байна. Хоёрдугаарт, эрүүгийн хуульд гэр бүлийн үнэнч байх үүргээс илүү хувь хүний нууцыг дээр эрэмбэлдэг. Үнэнч байх үүрэг, эмзэг мэдээлэл хоёрын аль нь илүү чухал вэ гэдгийг эрүүгийн хуульд зааснаар эрэмбэлэвэл хувь хүний нууцад халдах нь өөрөө гэмт хэрэг. Харин гэрлэгчид бие биедээ үнэнч байгаагүй асуудал дээр эрүүгийн хариуцлага байдаггүй.

Тиймээс иргэд маань иймэрхүү асуудлынхаа ялгаа заагийг ойлгох хэрэгтэй. Жишээ нь, нэг нөхөр ажлынхаа газрын эмэгтэйтэй оройн хоол хамт идье гээд чат бичсэн байлаа гэж бодъё. Гэхдээ энэ бол гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш. Үнэхээр таны нөхөр өөр хүнтэй болсон байлаа гээд энэ нь түүний мэдээллийг сошиалд тавих хангалттай шалтгаан биш. Бүгдийг өөрийн зөв мэт болгох, эсвэл нөхрөө цахим сүлжээнд шившэг болгохын тулд ийм үйлдвэл хийвэл энэ нь хувь хүний нууцад халдах, задруулах гээд хоёр гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж хувирна шүү.

-Ер манайд нийтлэг ямар тохиолдлууд гарч байна вэ?

-Нэгдүгээрт, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан эхнэр, нөхөр хоёр бие биенийхээ чат, мессеж, зургийг үздэг. Залуу хосууд, хамтран амьдрагчид бас бие биенийхээ чат зураг, мессежийг үзэх тохиолдол олон бий. Эдгээр нь бүгд хүний эмзэг мэдээлэлд хууль бусаар халдаж байгаа үйлдэл юм. Үүний хариуцлага нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан. Хамгийн энгийнээр хэлэхэд энэ төрлийн гэмт хэргийг үйлдвэл ял, шийтгэл хүлээнэ гэсэн үг. Ерөнхийдөө ийм гэмт хэргийг үйлдсэн хүн 450 мянган төгрөгийн торгуулиас эхлээд нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхээ хязгаарлуулах буюу цахим гав зүүх ялтай.

Манайд ихэнхдээ нөхөр эсвэл найз залуугийнх нь утас нээлттэй үед фейсбүүк рүү нь орж үзээд, хэн нэгэнтэй чат бичсэн байвал зургийг нь дарж авдаг. Хэрвээ ийм байдлаар үйлдвэл нэг жил зорчих эрхээ хасуулна. Хоёрдугаарт, нөхрийнхөө эсвэл эхнэрийнхээ майл хаягийн нууц үгийг мэддэг. Үүнийгээ ашиглаад нэг ёсондоо хакердах аргаар фейсбүүк рүү нь нэвтэрч байна. Тэгээд өөрийн хүссэн мэдээллээ олж авах жишээтэй. Энэ үйлдлүүд нь өөрөө эрүүгийн хариуцлагыг улам хүндрүүлээд 1-5 жил хүртэлх ялтай шүү. Хувь хүний нууцад халдах энэхүү гэмт хэргийг харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглаж үйлдвэл ял нь бас хүндэрдэг.

-Хамгийн гол асуудал нь олж авсан мэдээллээ задруулаад байгаа явдал уу?

-Тийм. Хэрэв олж авсан мэдээллээ задруулбал энэ үйлдэл нь тусдаа эрүүгийн хариуцлагатай. Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хувь хүний нууцыг задруулах гэмт хэрэг болно. Магадгүй аав, ээж, найз нөхдөд нь хов зөөж, ад шоо үзэх гээд бусад өс хонзонгийн сэдлээр хүмүүст яриад явах тохиолдол байна.

Хэрэв амнаас ам дамжуулан ярьж байгаа бол 6 сараас 2 жилийн хорих ялтай. Харин цахим сүлжээнд пост болгон цацаж, зургийг нь тавиад “Чи ийм балиар, заваан амьтан байхгүй юу” гэж нийтэх нь өөрөө ялыг улам хүндрүүлдэг. Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэдгээрээ нөгөө 6 сараас 2 жилийн хорих ялыг 1-5 жил болгон хүндрүүлдэг юм. Харамсалтай нь эдгээр хуулийн зохицуулалтыг иргэд олон нийт сайн мэдэхгүйгээс үүдэн энэ төрлийн гэмт хэрэгт маш их холбогддог. Бас ийм хуулийн зохицуулалт байдгийг мэдэхгүйгээс болж эрх нь зөрчигдөөд л яваад байдаг тал бий.

Хүнд сүүдрээсээ хүртэл нуудаг нууц байдаг шүү дээ. Үүнийгээ хамгаалах эрхтэй гэдгээ ч мэдэхгүй байна. Шууд цагдаад хандах ёстойгоо ч мэдэхгүй яваад л байдаг. Гэр бүл, хамаатан садан, олон нийтэд муу хэлүүлж, ад шоо үзэгддэг. Гэтэл нөгөө талд хувь хүний нууцыг Монгол Улсын хууль тогтоомжоор хамгаалчихсан байдаг. Үүнийгээ мэдэхгүй. Эрүүгийн хариуцлагатай гэмт хэрэг гэдгийг ч бас мэдэхгүйгээсээ үүдэн нэгдүгээрт, энэ төлийн гэмт хэрэгт холбогдож байна. Хоёрдугаарт, хэргийн хохирогч болж байна.

-Тэгвэл гэр бүлийн асуудлаас ч илүү хувь хүний эрх нэн түрүүнд тавигдана гэж ойлгож болох уу?

-Болно. Яагаад гэр бүлийн үнэнч байх үүрэг, хувь хүний асуудал хоёр эрэмбийн хувьд харилцан адилгүй вэ гэвэл Монгол Улсын Үндсэн Хуультай холбоотой. Монгол Улсын Үндсэн Хуульд хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг тодорхой заасан байдаг. Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Энэ эрхийн хүрээнд буюу таны халдашгүй чөлөөтэй байх эрх дотор нөгөө захидал, харилцааны нууц багтдаг. Тэгэхээр хэн нэгэн хүн таны захидал, харилцаа руу ороход л та чөлөөтэй байх боломжгүй нөхцөл байдалд хүрч байна шүү дээ. Харин гэр бүлийн үнэнч байх асуудал бол Монгол Улсын Үндсэн Хуульд заасан үндсэн эрхээс гаднах хоёрдогч эрх. Тиймээс хувь хүний халдашгүй, чөлөөтэй байдал бол нэг номерын асуудал юм. Түүний дараа гэрлэгсдийн үнэнч байх эрх үүргийн асуудал яригдана.

-Зарим хүн хайртай учраас нөхрийнхөө эсвэл эхнэрийнхээ утсыг шалгаж болно гэж ойлгоод байх шиг?

-Иймэрхүү асуудал ажиглагддаг. Хэчнээн гэрлэлтээ баталгаажууллаа гээд энэ нь нөгөө хүнийхээ халдашгүй эрх, эрх чөлөө, орон зайд халдаж болно гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, хайр сэтгэлээс илүү хувь хүний халдашгүй байдал чухал юм. Хувь хүний халдашгүй байдал гэдэг нь хүний жам ёсны эрх. Хүнд төрөхөөс нь заяасан эрх юм. Үүнийг Монгол Улсын Үндсэн Хуульд тодорхой томьёолсон. Тиймээс хувь хүний халдашгүй байдал бол нэг номерын асуудал. Үүнтэй эн зэрэгцэх зүйл байхгүй. Үүний дараа хайр сэтгэлийн асуудал яригдана. Хайртай байлаа гээд энэ нь нөгөө хүнийхээ үндсэн эрх, эрх чөлөө рүү халдах үндэслэл болж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хайртай байлаа гээд энэ нь нөгөө хүнийхээ утсыг шалгах эрх болно гэсэн үг биш. Хайр сэтгэлийн харилцааг хуулиар зохицуулдаггүй. Хэдийгээр гэр бүлийн тухай хуульд, гэрлэгсэд үнэнч байх үүрэгтэй гэж байгаа боловч хамтын амьдралынхаа явцад хайр сэтгэлийн холбоо нь хөрвөл яах вэ.

Эхнэр нь өөр хүнтэй, нөхөр нь өөр хүнтэй тусдаа амьдрал зохиогоод дундаасаа хүүхэдтэй болсон ийм тохиолдол олон бий. Хүний амьдрал баялаг. Үүнд хуулиар ял шийтгэл оногдуулах нь зохимжгүй. Тийм ч учраас өнөөдөр өөр хүнтэй харилцаа тогтоож, зурвас бичсэн гэдэг үндэслэлээр ял шийтгэл оногдуулдаггүй. Харин та өөр хүнтэй чат бичсэнийг нь цахим сүлжээнд задруулах юм бол ял шийтгэл хүлээнэ шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй.

-Ер нь уг асуудлыг хардалтаас үүдэлтэй гэж үзэж болох уу?

-Хардалт бол зөрчлийн шинжтэй үйлдэл юм. Эрүүгийн хуулиар ял шийтгэл авахгүй ч гэсэн зөрчлийн хуулиар шийтгэл авна. Эхнэр нь ч нөхрөө хардана, нөхөр нь ч эхнэрээ хардана. Сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс хардалт бол өвчин гэдгийг олон нийт мэддэг. Тиймээс сэтгэцийн эмгэгийг тодорхой түвшинд барихгүй бол зөрчлийн хариуцлага хүлээнэ. Жишээ нь, эхнэр нь нөхрөө хардсаны улмаас тодорхой үйлдэл хийлгэхгүй. Эсвэл хүсээгүй зүйлд нь албадах болон өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхэнд нь халдах ийм тохиолдол маш их гарч байна. Тухайлбал, байгууллагын зугаалга боллоо. Нөхөр явах гэхээр эхнэр нь тэр чигээрээ зайлаарай гэдэг. Энэ нь зөрчлийн хуулиараа хориотой үйлдэл юм. Мэдээж нөхөр нь байгууллагынхаа зугаалгад явах гэж байгаа учраас аяллын хувцас, хэрэгслээ авна биз дээ. Гэтэл тэрийг нь өгөхгүй гэнэ.

Ерөөсөө эхнэр нь чи шалдан явахгүй юу гэх хандлагатай. Гэрийнхээ шорт, подволктой явах ёстой юм шиг ийм нөхцөл байдалд оруулж байгаа юм. Энэ бол хүмүүсийн амьдралд ихэвчлэн тохиолддог асуудал. Гэтэл энэ нь зөрчлийн шинжтэй үйлдэл байдаг. Үүнийг үйлдсэн хүн та зөрчлийн асуудлаар шийтгэл авна гэсэн үг.

 

А.Даваадулам

Ц.АНУДАРЬ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Газар хөдлөлт ба Оросын цөмийн шумбагч онгоцны баазүндэс

Сейсмологчид “Газар хөдлөлт энэ сарын 30-нд Оросын Петропавловск-Камчатскаас зүүн өмнө зүгт 150 км зайд, далайн ёроолд болсон бөгөөд...

img

8 цагийн өмнө

Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна

Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулах тус аймгийн Онцгой байдлын газр...

img

9 цагийн өмнө

О.Билгүүн: Хайртай байлаа гээд нөгөө хүнийхээ утсыг шалгах эрхтэй гэсэн үг биш

Хуульч О.Билгүүнтэй залуу гэр бүл болон хосууд маргалдахаараа нэгнийхээ өөр хүнтэй бичсэн зурвасыг цахим сүлжээнд дэлгэдэг болсон ас...

img

9 цагийн өмнө

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Наймдугаар сарын 01-ний өдрийн байдлаар Хархираа/Тариалан/, Таац/Нарийнтээл/Заг/Заг/, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэм...

img

10 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь  2025 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтээр 20 удаагийн цахим арилжаагаар 1.3 сая тн нүү...

img

10 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд