мэдээ
Уулын хүн

Админ
2025 оны 7 сарын 31

116

Гэрийн хаалга онгойхтой зэрэгцэн хөрөг зургийн өмнө асаасан ганц зул далдирсаар унтарлаа. Тооноор салхины аясаар хөвөлзөх аргалын утаа үзэгдэж, зуухны яндан таг түг хийнэ. Хүрээлсэн уулсын оройд цасан бүрхүүл бүдэг бадаг зурайж, цагийн аясаар дэрсний толгой найгасан намар цаг.
Намар намрын дундаас есөн уул бөхийж, дөчин гурван толгод нурсан бэрх үе. Уул уулын дундаас ганцхан уулын энгэрт тавин жил ургасан нэгэн цэцэг хагдарсан уйтай цаг.
Баруун хойморт суух хүрэн дээлтэй нэгэн өвгөн унтарсан зулыг асаахтай зэрэгцэн цэнхэр тэрлэг, бүрх малгайтай хөрөг тодроод ирэв. Сая нэг санаа нь амарсан уу гэлтэй эргэн сууж, ширээний үзүүрт тавьсан цайгаа авахад нүднээс нь урсах нулимс аяга руу дуслав. Эргэх цагийн уртыг морин дэл дээр туулсан түүний тэвчээр энд л алдарч, эр хүний ноён нуруу нь гудайх шиг. Энэ хүн бол аймгийн алдарт уяач, аварга малчин Ёндонгийн Дашбал. Ханилсан ханиа алдаад удаагүй гунигт мөч нь энэ юм. Түүнтэй хэдэн хором үг солих нь байтугай нүд рүү нь харахад ч хэцүү санагдсаныг нуух юун.
Зориг, зүтгэл, итгэл алдраагүй
Гэнэн хонгор хүүхдийн харц нүүрнийх нь гүн бор үрчлээсэнд нь шингэн оджээ. Тэртээх 1957 онд бага сургуульд элсэн, долдугаар ангиа онц төгсөж, хөдөө аж ахуйн механикийн ангид тэнцсэн ч нутгаа орхиж зүрхлээгүй түүний сонголт энэ л амьдралтай нь хөтөлсөн юм. Машины жолоо биш, морины цулбуур атгах хувь тавилан арван зургаан настай хүүгийн гарт аль хэдийн багтчихсан байлаа. Ингээд л нэгдэл хэмээх төрийн их айлын адуун сүргийг ахын хамт маллаж, хүдэр эрчүүдтэй өвсний толгой өндөлзүүлэн давхих болжээ. Дөрвөн жил алга эргүүлэхийн завдалгүй өнгөрч аагтай, цөстэй залуу насны омгоо, ухаан билэг, тэвчээр хатуужлаар сүлэх цэрэгт татагдах мөч нь хаяанд иржээ. Өргөн шанаа, өтгөн хар хөмсөгтэй цэл залуухан эр хайрт бүсгүй, энхрий хүүдээ хорогдсон ч аяны дөрөө жийж, дээд нисэх 107-р ангид хуваарилагдав. Холын холоос үрийнхээ ээж, хонгор үрээ санах ч хүлээнэ гэсэн ганцхан үг хэн хэнийхээ сэтгэлийн хүлээсийг тайлаагүй юм. Хурдан шаламгай, сахилга баттай байсан учир түүнд нэгдүгээр роботын салааны орлогчийн үүрэг оногджээ. Харахад хатуу ширүүн, ханхар эр ч цэргийн төмөр орон дээр эгэл хонгор бүсгүйн харцыг төсөөлж, ботгон нүднийх нь сормуусыг сэтгэлдээ дэрвүүлсэн гурван жил тийм ч хурдан өнгөрөөгүй.
Хань сайтын хийморь өөдөө
Эр нэг алдаж, эрэг нэг нурсан өдрүүд олон байв. Сархадын амтанд орж, салж чадахгүй явсан мөч энгүй их. Уусан хүний ааг, уургалсан мориныхоо сүрээр давхиж явахдаа хүний алаг үрийг дайрч орхино чинээ тэр төсөөлөөгүй. Бусгасан их шороо азаар хүний амийг аваагүй. Тэрхэн зуурт болсон үйл явдалд итгэж үл ядах түүний дотор архи хэмээх хатуу нэртийг орхиё гэсэн ганцхан хүсэл л байв. Хүслээ биелүүлж чадах их зоригийг түүнд хань нь өгсөн билээ. Нар уулын цаанаас дөнгөж цухуйна. Даян дэлхий цасан бүрхүүлээр хучигдаж, их салхинд хунгар цас хийсэн харагдана. Гал дээр аагтай шаргал цай буцлах ахуйд урт хар гэзэг, шаргал цагаан царайтай эмэгтэй эргэн харав. Алдсан алдаа нь түүнийг ийнхүү өөрчилжээ. Агатын цулбуур татаж явснаас, аяганы амсарт цай мэлтэлзүүлсэн өдөр ховор. Харин үүнээс хойш өвлийн хүйтэн, хаврын хавсарга, намрын сэрүүнд ханилсан ханиа хүйтэн гэрт нэг ч удаа босгоогүй гэдэг.
Үүрийн таван жин, үдшийн бүрий ч хамаагүй
Зуны дэлгэр цагт хойд уулын энгэрт гэцэн дээрх хүлгүүд унгалдаж, хөдөөгийн аниргүй сайхныг хүүхдийн гийнгоогоор мялаадаг байсан үес. Үүрийн жингээр адуундаа мордож, үдшийн сараар манаж хонодог уяачийн амьдралаар тэр 50 жил явсан. Хүлгийн сайныг унаж, хөрс ногоон дэвжээн дээр нэрээ дуудуулж явсан үе бишгүй их. Өвөрхангай аймгийн хуучнаар “Гүн нарийн” одоогийн Хайрхандулаан сумын түүхт ойн наадамд гурван соёолон дараалан айрагдуулж байсан нь түүнийг хэр сайн уяач байсан бэ? гэдгийг илтгэнэ. “Нэгэн удаагийн наадамд морины хүүхэдгүй болсонд сунгаан байтугай дөнгөж морь унаж байсан намайг мордуулаад явуулчихсан. Тэгээд л анхны наадамдаа уралдаж, морь унаж сурч байлаа” гэж түүний дөрөв дахь хүү Д.Энхбаатар хуучлан суув. Үр хүүхдүүддээ дэндүү хайртай хүн ч нялх балчир таван настай хүүгээ ингээд явуулсныг нь бодохоор хатуу аав гэмээр. Зургаан ханатай гэр шиг зулзаган бор үрсээ хүлгийн зооноос хүн болгосон болохоор тэр биз.
Монгол хүний ёсоор морио дээдлэн шүтэж, наадам наадмын магнайд явсаар арав гаруй түрүү, гуч гаруй айраг хүртсэн билээ. Төллөсөн малынхаа төлийг дутаадаггүй, цагийн хатууд ч малаа үрдэггүй сайн малчин байсныг нутаг нугынхан нь андахгүй. Тэрбээр гэрийн хойморт байх жижиг улаан авдар дотор ихэд нандигнасан уу? гэлтэй боолттой эдийг яриан дундаа задлав. Цаасан дээр “Энх сүрэгтэн”, “Мэнд төлчин”, “Тарга хүчний аварга”, “Ноолуурын чанарын аварга” гэж бичээтэй байсан нь түүнийг ямар малчин байсныг илтгэнэ.
Малд дуртай, сүрэгтээ хайртай болохоор зургаан хүүхдээ малчин болгосон аж. Өсөхийн цагт төрсөн нутагтаа амьдрах түүний сонголт, өтлөхийн цагт үр хүүхэд, ач зээтэйгээ аж төрөн суух амар амгаланг бий болгожээ. Үр хүүхдүүд нь биеийн амрыг бодож суурин амьдрахыг санал болгосон ч 80 нас хүрэх шахам яваа түүнд энэ нь тийм ч сонин байсангүй. Амьдрал босгосон бууриндаа гэрээ барьж, алдхан үрсээ бойжуулсан “Нарийны хөндий”-дөө малаа хариулж, өглөө бүр бага охиндоо тугалыг нь татаж өгөх л таатай байв.
Гуниг эгшээсэн намар
Хорь шахам настай хонгор буурал морь нь ч Дашбалтай цуг өтөлсөн үү гэмээр уяан дээр нь зогсоно. Хүлгийн сайныг уралдуулж, хүний сайнтай нөхөрлөж явсан ч одоо түүнд үүнээс илүү хань үгүй. Зовлон жаргал, баяр гуниг бүрийг нь нуруун дээрээ тээж явсан хайртай хүлэг нь билээ. Үүнтэйгээ л цуг өдрийн нарыг өнжөөж, эргэх цагийн ганцаардлаа дэрсний толгойд үдэж яваа. Сайхан цагт хөндийн худгаас ханьтайгаа цуг усаа уудлаад гэрийн зүг тэрэг түрэн алхдаг байсан цаг алсарч, хамтдаа явдаг байсан нарийн жим бүдгэрчээ. Хэн ч харахад жар хол давсан эмээ гэж харахааргүй гэргийтэй байсныг нутгийн нэгэн хүн ярианыхаа дунд дэлгэв. Алаг эрээн даашинз, урт түрийтэй өсгийтэй гутал, гар дүүрэн бөгж, ганган малгайгаар л хэн бүхэн түүний ханийг төсөөлдөг байв. Эдэлж барахааргүй эд хөрөнгө байгаагүй ч эхнэрээ хайрлах эрийн жудаг түүнд харамгүй заяажээ. Харин тавин жил алган дээрээ бөмбөрүүлсэн ханиа алдах зовлон энэ л намар түүнийг нөмрөх байж. Тавин жил орсон цас нэг л өдөр дарсан мэт гунигт дарагдсаныг оршуулгын ёслолын хувцас шатаах үйл харуулж байлаа. Бага зэргийн шарласан хиймэл шүд, гэртээ өмсдөг буриад гутал түүнээс нь үлдсэн хамгийн нандин зүйл нь. Түүнийгээ нууж ядах эрийн сэтгэл хайртай эмэгтэйгээсээ салж ядах хагацлын нулимс дэндүү гашуун. Улаан хоолойн хорт хавдар хэмээх аймшигт өвчин орчлонгоос ханийг нь авч одон орь ганцаар хорвоог туулах гаслант жамыг түүнд үлдээсэн юм. Таван жилийн өмнөхөн нь аймгийнхаа аварга малчин болж, нижгэр найр, нэлийсэн баярыг тэмдэглэж байсан сан. Улсын аварга малчин болох алсын мөрөөдлөө хамтдаа биелүүлж чадаагүй ч үүний дайтай малчин байснаа өөрсдийнхөө нэрээр үлдээж чадсан гэдгийг бага хүү нь дурсав.
Намуун байгалийн өнгө даган амьдардаг болоод ч тэр үү орилж, чарласан уй гашуудал бус дуугүй гуниг л гэр дүүргэнэ. Бөхийсөн есөн уул, нурсан дөчин гурван толгод нь эхнэрээ алдсан хань, эхийгээ алдсан үрс нь болой. Уулсын дунд суугаа эгэл боргил малчин эрийн тухай энэ л хуудсанд оршоосон болой.
Э.Жавзандулам





Газар хөдлөлт ба Оросын цөмийн шумбагч онгоцны баазүндэс
Сейсмологчид “Газар хөдлөлт энэ сарын 30-нд Оросын Петропавловск-Камчатскаас зүүн өмнө зүгт 150 км зайд, далайн ёроолд болсон бөгөөд...
7 цагийн дараа
Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна
Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулах тус аймгийн Онцгой байдлын газр...
7 цагийн дараа
О.Билгүүн: Хайртай байлаа гээд нөгөө хүнийхээ утсыг шалгах эрхтэй гэсэн үг биш
Хуульч О.Билгүүнтэй залуу гэр бүл болон хосууд маргалдахаараа нэгнийхээ өөр хүнтэй бичсэн зурвасыг цахим сүлжээнд дэлгэдэг болсон ас...
6 цагийн дараа
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Наймдугаар сарын 01-ний өдрийн байдлаар Хархираа/Тариалан/, Таац/Нарийнтээл/Заг/Заг/, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэм...
6 цагийн дараа
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтээр 20 удаагийн цахим арилжаагаар 1.3 сая тн нүү...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд