Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Б.Лхагважав: “Улс төрийн эрх мэдлийг авч, эдийн засгийн хаан болно” гэх процесс сүүлийн арав гаруй жил үргэлжилж байна

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 8 сарын 07

img

47

news-img

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлд танай танхим багтдаг. Саяхан хуралдахдаа бизнес эрхлэхэд ээлтэй, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн суурь өөрчлөлтөд хувийн хэвшлийнхний байр суурийг чухалчилж байгаа харагдсан. Эдийн засаг, бизнесийг дэмжих ямар боломжууд байна вэ?

-Ер нь бол эдийн засаг, бизнесийг дэмжих нэлээд хэдэн хууль боогдсон байгаа. Татварын багц хууль, Нийгмийн даатгалын шимтгэлийн хууль, Хөрөнгө оруулалтын хууль, Зөвшөөрлийн хууль, Дампуурлын хуулиудаас гадна манай танхимын хууль ч явж байгаа. Энэ мэтчилэн яг бизнестэй холбоотой гол хуулиудыг багцаар нь оруулж ирэх байх. Өмнөх Засгийн газрын үед гол хоёр хууль болох нийгмийн даатгал, татварын багц хууль хоёр боогдсон байсан. Өнгөрсөн хавар нэлээд өргөн хүрээний хэлэлцүүлгүүд явлаа шүү дээ. Одоо УИХ руу ороход бэлэн болсон. Сая төсвийн тодотгол орж хойшлогдсоны нэг олз нь асуудлаа дахин нэг харах бололцоо нээгдэж байгаа. Үүн дээр Ерөнхий сайдын өөрийнх нь үүрэг роль буюу НӨАТ-ын таван хувийг иргэдэд буцааж өгөх гэх зэрэг саналууд нэмэгдээд түүндээ тохирсон тохиргоо орох байх.

-Ер нь татварын өсөлт, НДШ-ийн дарамт аж ахуйн нэгжүүдийг сөхрүүлж ирлээ. Татварын ачааллыг багасгах, НДШ-ийн ачааллыг бууруулах ямар шийдлүүд харагдаж байна вэ?

-Татварын багц хуулийн реформыг бид 1992 оноос хойш дөрвөн удаа хийсэн. Энэ удаагийнх нь тав дахь нь болж байна. Жишээлбэл, 45-тай байсан хувь хэмжээг 2006 онд дөрвөн арав болгодог ч юм уу. Сүүлийнх нь 2019 онд батлагдаад 2020 оноос хэрэгжсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль байгаа. НӨАТ 2016 оноос шинэ концепцоор явсан. Энэ мэтчилэн татварын системийн өөрчлөлт шат дараатай явагдсан. Одоо ер нь улам гайгүй хэлбэр рүүгээ ороод байгаа шүү. Энэ нь юугаар мэдэгдэж байна вэ гэхээр ААНОАТ-ыг ковидын өмнө шатлалтай болгосон. Тухайлбал, 1.5 тэрбумын орлоготой аж ахуйн нэгж тухайн татварынхаа 90 хувийг буцааж авдаг системтэй болсон. Арван хувийн ААНОАТ төлөөд түүнээсээ эргүүлээд 90 хувийг нь авдаг. Үүнд нийт компаниудын 90-ээд хувь нь хамрагдаж байгаа.

Тийм учраас ковидын үеэр манай татварын системийн гомдол бага байсан. Ганцхан татвар дээр НӨАТ-ын тайлантай холбоотой асуудал бий. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын систем улсын бүртгэлийн систем болоод 3.2 сая иргэдийнхээ тусламжтайгаар аж ахуйн нэгжийн орлогыг гаргаж ирдэг болсон. Өөрөөр хэлбэл, иргэд худалдан авалтынхаа баримтыг уншуулснаар тэрийг баталгаажуулж, татварын байцаагчийн үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн үг. Үүний ачаар сүүлийн 10 жилд манай татварын орлого тогтмол биелж байгаа. Гэхдээ үүн дээр нэг том асуудал үүссэн. Сар болгон НӨАТ-ын тайлан гаргаж өгдөг. Гэтэл энэ нь өөрөө мөнгөн сууринд ороогүйгээс болж үйлдвэрлэгч юм уу, импортлогч дээр дарамт ирсэн. Тэд бараа бүтээгдэхүүнээ дундын сүлжээнд өгчихөөд мөнгө нь орж ирээгүй байхад шууд тайланд оруулчихдаг. Манай НӨАТ-ын тайлан, АМНАТ хоёр татварын хамгийн харгис нь шууд орлогоос нь татдаг. Аж ахуйн нэгжүүд ихэнх нь зургаан сардаа нэг удаа, зардал энэ тэрээ хасч байгаад өгнө шүү дээ. Гэтэл орлогын мөнгө нь орж ирээгүй байхад татвар авчихдаг нь компаниудад харгис байсан. Одоо татварын багц хуулинд НӨАТ-ын энэ байдлыг арилгасан. Миний олон жил ярьсан мөнгөн суурийн хэлбэр бараг ороод ирсэн. Жишээлбэл, аж ахуйн нэгж тайлангаа хожуу гаргаж өгөхөөр болж байгаа. Бас компаниуд гааль дээр НӨАТ болон Гаалийн албан татвар гэсэн хоёр төрлийн татвар төлдөг. Гаалийн нийт орлогын 80 хувь нь НӨАТ байдаг. 20 хувь нь Гаалийн албан татвар байгаа. НӨАТ-ын хуулийн концепцоор гааль дээр зөвхөн Гаалийн албан татвар төлөөд л болоо. Үлдсэн НӨАТ-аа өр үүсгэчихээд сарын дотор, зарим тогтмол татвараа төлдөг аж ахуйн нэгж хоёр, хоёр сар гээд нэг ёсондоо мөнгөн сууринд орсон систем хэрэгжээд эхлэх юм. Тэгээд аж ахуйн нэгжийн сар болгон авдаг хүндрэлийг мөнгө нь орж ирсэн үед татвар авдаг уян хатан концепцитой. НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч буюу иргэн, төр, аж ахуйн нэгж төлж байгааг бүгд мэднэ. Гэхдээ аж ахуйн нэгжийг НӨАТ төлөгчөөсөө илүү эргэлтэнд байгаа НӨАТ-ын процессын хүндрэлээс нь болж асуудал үүсгээд байдаг. Үүнийг дээрх хуулиудаар засч байгаа.

-Дампуурлын хуулиар юуг зохицуулах юм бол?

-Манай улсад компани байгуулах процесс харьцангуй гайгүй. 72 цагийн дотор байгуулчихдаг. Нөгөө талын асуудал нь хэцүү, компаниудыг дампууруулдаггүй. Зөвхөн шүүхээр орж байж дампууруулдаг. Миний мэдэхийн Ц.Мянганбаярын “Монгол газар” компани албан ёсны шүүхээр дампуурснаа зарлаж байсан юм. Нэг л тийм кэйс байгаа. Гэтэл үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй арилгаж болдоггүй цаасан дээрх компани асар их болчихсон. Одоо манайд бүртгэлтэй 220 мянган компанийн 60 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Нэгэнт үйл ажиллагаа нь зогсчихсон байхад түүнийгээ дампууруулж болдоггүй зовлонтой. Яг дампууруулъя гээд хандахаар татварын баахан шалгалт оруулчихдаг. Угаасаа дампуураад орлого, зарлага байхгүй компани дээр чинь акт тавиад, дахин татварын баахан дарамт шахалт үүсгээд явчихдаг. Зүгээр л дампуурах процессын үр дүн болгодог. Заавал шүүхээр орохгүй бол болохгүй. Дампуурлыг хуулиар зөв болговол зах зээлээс цэвэрлэгдэнэ гэсэн үг л дээ. 1910-аад оны эхэнд АНУ-д дампуурлын хууль асар их нөлөөлж байсан.

-Ингэхэд хөрөнгө оруулалтыг татах тал дээр аж ахуйн нэгжүүд ямар байр суурьтай байгаа вэ?

-2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 6.1-д орсон төрийн нийтийн хамааралтай өмчийн асуудал гэж бий. Үүнийг дагаад Баялгийн сангийн тухай хууль 2023 онд батлагдсан. Эдгээр хуулийн зохицуулалтууд хэрэгжиж эхэлсний дараа яг яах юм бэ гэдэг асуудал өнөөдөр тодорхой бус байгаа. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхож буй салбар мэдээж уул уурхай шүү дээ. Гэтэл энэ нь тодорхойгүй шалтгаанаар өнөөдөр эргэлзээтэй болчихсон. Тэгэхээр Үндсэн хуулийн 6.1-ийн дагуу хууль, процессоо тодорхой болгох ёстой гэж үзэж байгаа. Төрийн нийтийн хамааралтай өмчөөс төр өөрөө хүртэл зөвшөөрлөөр эзэмшиж, ашиглах ёстой. Сонгодог утгаараа улсын өмч гэж нэрлэх нь зөв. Хэрэв улсын өмч байх юм бол төр гэдэг институти тодорхой хэмжээний эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой асуудал хөндөгдөнө. Дараа нь аж ахуйн нэгж эзэмших, ашиглах, өмчлөхтэй ямар харьцаагаар орох юм. Тэгээд иргэн эзэмших, ашиглах, өмчлөхтэй ямар процессоор орохыг нь тодорхой болгох ёстой. Жишээлбэл, малчин хүн гэдэг бол төрийн нийтийн хамааралтай өмчийг хамгийн их үнэгүй ашигладаг улс шүү дээ. Гол ус, ой мод, бэлчээр, агаарын орон зай ч байна. Энэ их тархсан уудам газар нутагт малчид уламжлалт мал аж ахуйг авч яваа учраас төр өмчөө тэдэнд үнэгүй эзэмшүүлж байгаа. Бид 1992 оны Үндсэн хуулийн 6.1-ээр төрийн өмч гэж гаргаж ирсэн. Энэ хуулийн тавдугаар зүйлд “Өмчийн эрхийг хуулиар хамгаална” гэж байдаг. Гэтэл төрийн өмчөө хуулиар ерөөсөө хамгаалаагүй. Төрийн өмч хамгийн өндөр улс төрийн эрх мэдэл авсан хүмүүст түр зуур байдаг. Одоо үүнийг дагаад улс төрийн эрх мэдлийг авч, эдийн засгийн хаан болно гэдэг процесс сүүлийн арав гаруй жил үргэлжилж байна. Тэгээд ч газрын хэвлийн баялаг, төрийн өмч дээр түр зуур эзэн суухын тулд улс төрийн механизмыг ашиглаж тийшээ орох хандлага их болчихсон. Таван толгой дээр жишээ аваад үзье л дээ. Тэнд төр, орон нутаг, хувийн хэвшлийн менежмент явагдаж байгаа. Яг энэ гурвыг өнөөдөр харахад төрийн менежмент хамгийн болхи. Нөгөө хэдийнх нь менежмент өөр процессоор яваад байдаг. Гэтэл төрийн өөрийнх нь хоцрогдсон байдлаас болж хувийн явж байгаа дэвшлээ нураах нь буруу. Нөгөө талд 1072 хувьцааг тухай үедээ манай иргэний хөдөлгөөнөөс идэвхтэй тэмцэж байгаад иргэдэд авч өгсөн. Гэтэл төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанид тухайн хувьцааны 18, 19 хувь нь иргэдийн өмчлөлд байгаа мөртлөө түүнийг төлөөлөх субьект өнөөдөр хаана ч байхгүй. Тэгэхээр эзэнгүй энэ мэт өмч менежментэд орж чадахгүй компанийн үнэ цэнийг унагаагаад байна. Тэгэхээр үүнийг эзэнтэй болгох хэрэгтэй.

-Яаж тэр вэ. Таныхаар эзэн нь хэн байх юм бэ?

-Ард түмнээс сонгогддог хүн түр зуур төлөөлөх эрхтэй байж болно. Эсвэл ИТХ-ын 21 аймаг, нийслэлийн субьектууд тэр хуралд сууж болно. Одоо бид 1072 хувьцаагаа төлөөлөх төлөөллөө тавьж, тэр шийдвэр гаргах субьект орчих юм бол тодорхой үнэ цэнтэй болох юм.

-Ингэхэд танай танхимын хуулиар бизнесийг орчныг яаж дэмжих вэ?

-Ерөнхий сайдын зүгээс зөвшөөрлүүдийг МҮХАҮТ руу өгье гэж байгаа. Ер нь зөвшөөрөл гэдэг бол бизнест оролцож байгаа нэг хэлбэр. Төр бизнест татвараар, зөвшөөрөл буюу лицензээр ордог. Тэгэхээр зах зээлийн зохицуулалт хумигддаг болохоор зөвшөөрлийг танхимд өгье гэсэн хандлага байгаа юм. Танхим ч бас үүнд бэлдэх ёстой. Нийтдээ 370 орчим зөвшөөрөл байдаг. Мэдээж уул уурхайтай холбоотой ашигт малтмалын ашиглалтын лиценз өгөхгүй. Бусдыг нь бараг тэр чигтээ өгөх болов уу. Түүнийг нь бид авлига, арын хаалга бий болгохгүй байх, өрсөлдөөнийг чанд сахисан менежментийг хийхийн тулд бэлдэх хэрэгтэй. Жишээлбэл, Барилгын ассоциаци дээр гуравхан зөвшөөрөл өгсөн. Тэгэхэд арваад жил болж байгаа. Энд бол 10 гаруй хүнтэй баг бараг 24 цаг ажиллаж байна. Нэг ёсондоо төрийн хийж байсан ажлыг тэр институт авч хийж байгаа юм. Тэгтэл асар их ажил гарч ирдэг юм. Хоёрдугаарт, үйлчилгээний салбарын буюу үсчин, дэлгүүр зэрэг газруудын зөвшөөрлийг төр өөрөө өгөөд байгаа нь гажиг болсон. Тэгэхээр холбоод нь мэддэг байвал зөв. Хүнсчдийн холбоо гэхэд цайны газрынхаа зөвшөөрлийг өгөг л дээ. Яагаад гэвэл тэд нар өөрсдөө мэдэж байгаа юм.

-Төр бүх юмны эзэн суугаад байна л даа. Төрийн өмчийн компаниудыг хувьчлах асуудлыг үе, үеийн Засгийн газар ярьсаар ирсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Бид төрөөс лиценз гуйгаад л байх юм бол тэр хаан хэвээрээ л байна. Нөгөө талаас бизнесмэнүүд маань бий болох гэж байгаа том хямралын өмнө капитал өгөөч гэж байгаа юм. Тийм учраас төрийн өмчийн компаниудыг хувьчлах, IPO гаргадаг ч юм уу. Жишээлбэл, ойрын хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн 10 хувьд IPO гаргана гэж байгаа. Ер нь төрийн нийтийн хамааралтай өмч буюу Үндсэн хуульд заасан хамгийн том өмчийн эзэн хэн байхаас манай эдийн засаг ер нь тодорхой болдог юм. Нийт эдийн засагт эзлэх аж ахуйн нэгж, хувь хүний өмч нэгхэн хувь хүрэхтэй үгүйтэй байдаг. Харин үлдсэн 99 хувь нь төрийн нийтийн хамааралтай өмч. Гэтэл энэ өмч нь өнөөдөр төрд байгаа. Үүнийг иргэн, аж ахуйн нэгждээ эзэмшүүлэх, ашиглах эрхийг нь өгөхгүй бол өнөөдөр эдийн засаг данхайсан хэвээрээ л байна.

-Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар, амьжиргаа муудаж байна. Намрын эдийн засаг хүндхэн төлөвтэй байгаа эдийн засагчид хэлж байна. Дээрээс нь ам.долларын ханш өсөөд, төгрөг үнэгүйдлээ. Энэ тал дээр Төр засгаас ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Яг нарийндаа он гарснаас хойш АНУ-ын валют болох ам.долларын ханш 15-16 хувиар уначихаад байгаа. Нэгдүгээр сарын 1-нд евротой харьцуулахад 1.02 байсан ам.долларын ханш өнөөдөр 1.17-1.19 болчихоод байгаа юм. Дэлхий дээр ам.долларын ханш ингэж унаад байхад Монголд эсрэгээрээ хавраас хойш өдөр бүр нэг төгрөг нэмэгдэж байна. Дүгнээд үзэхээр унаж байгаа ам.доллар дээр төгрөгийн ханшийг нэмэхээр 25-30 хувийн валютын уналтад орж байгаа юм. Эндээс үзэхэд манай том, жижиг ямар ч аж ахуйн нэгж бүгд ашиггүй. Нэг ёсондоо 2025 оны субботник хийгээд л дуусч байна гэх үү дээ. Эцсийн дүнд хямрал болдог. Д.Трампын шокноос болж дэлхий даяараа эдийн засгийн сонин байдалд орчихоод байна. Цаашид ямар загвараар явах уу гэдгийг тодорхойлоход маш түвэгтэй. Бодит байдлаараа бид зөвхөн энэ жилдээ 25-30 хувийн уналтаас болж асар их хохирч байгаа. Энэ уналтыг бизнес эрхлэгчид болон иргэн та бид л төлдөг. Төр огт төлдөггүй. Тэгэхээр Монголбанк ажлаа хийх хэрэгтэй. УИХ энэ төрлийн бодлогыг гаргаж өгдөг газар гэдэг утгаараа ажлаа хиймээр байна.

-Эдийн засгийн энэ хүндрэлээс гарах ямар зохицуулалт байж болох уу?

-2013-2014 он битгий тохиогоосой гэж бодож байна. Тэр үед манай хөрөнгө оруулалт дөрвөн тэрбумаас 100 сая ам.доллар руу орсон. Нөгөө талаасаа коксжих нүүрс нэг тн нь 150 мянган ам.доллараас 32 ам.доллар руу унасан. 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 30-ны хооронд ингэж тав дахин унаж байлаа. Уул уурхайн компаниуд гурван жил дандаа хасахтай ажилласан шүү дээ. Ингээд 2017-2018 онд жаахан өнгийсөн. Харин өнөөдөр нүүрс 40 хувь уначихаад байгаа. Одоо энэ байгаа байдлаас хэд дахин унана гэдэг асуудал гарч ирэх юм бол бид түүнийгээ нөхөх дээр 2013 онд хэрэгжүүлсэн зарим аргуудыг ашиглаж болно. Хамгийн гол асуудал нь 2009, 2013, 2014 онд, ковидын үед ч гарч байсан. Хямралын үеэр нэг арга хэмжээ авчихаад тэрнийхээ сайн мууг хэлцдэггүй. Эдийн засаг, улс төр талаасаа юу болсон талаар огт дүгнэдэггүй. Зүгээр хаяад явчихдаг. Ковидын үеийн найман их наядын алдагдал байгааг мартаж болохгүй. Одоо валютын нөөц өнгөрсөн жилийнхээс нэг тэрбумаар бага байна.

-Ам.доллар олж ирэх ямар боломжууд байна вэ?

-Манайхаас бусад орнуудад ам.долларын эсрэг валют нь чангарсан. Евро, юань, еэнь хүртэл. Ганцхан манайд төгрөг унаад байгаа нь асуудал. Үнэн хэрэгтээ манай валютын импортын гол урсгал буцаад уул уурхайн том эргэлтийг хангахад явж байгаа. Валют олж ирдэг боловч буцаагаад импортоор гаргадаг хамгийн том салбар нь уул уурхай. Нефть рүү гэхэд хоёр тэрбум ам.доллараа өгч байна. Үүний бараг 1.6 тэрбум ам.доллар нь цэвэр уул уурхайд зарцуулж байгаа. Гэтэл манай хүнсний хэрэгцээ 100 сая ам.доллар дотор л байдаг.

Сүүлийн дөрвөн жилд том алдаа гаргасан. Нүүрсний орлогоо хасч байгаад бусад салбаруудаа тооцсон бол өнөөдөр ийм байдал руу оруулахгүй байх ёстой байсан. Нүүрснээс гадна төмөр, зэс гээд гурав, дөрөвхөн эрдэс баялгийнхаа орлогыг мөнх юм шиг бодоод бусад салбараа хаясан. Дандаа тэр орлого байх юм шиг төр их томорсон. Төрийн албан хаагчид ялангуяа дарга нарын тоо 80 мянгаар нэмэгдсэн. Одоо үүнээс авахуулаад энэ том данхар бүтцийг буцааж агшаах процесс явах ёстой.

-Дараа жилийн төсөв дээр санал аваад эхэлсэн. МҮХАҮТ-ын байр суурь ямар байгаа вэ?

-Маш тодорхой. “2026 оны төсөв тооны хувьд энэ жилийнх шиг л байх хэрэгтэй” гэсэн саналтай байгаа. Ер нь хямралын үед ингэж л баталдаг. Тоон дүнг нь нэмж болдоггүй. Үүнийг багаар баталж чадвал бидний тэжээгээд байгаа төр жижгэрнэ гэсэн үг. Төрийн 250 орчим мянган албан хаагч дээр намуудын 200 мянган хүн нийлэхээр нийт 500-гаад мянган хүнийг тэжээдэг үүрэгтэй болчихоод байгаа юм монголчууд. Нарийндаа нийтийн санхүүгээр нийтэд зориулсан зүйлийг чанартай, хямд хийж чадна гэдэг нь орчин үеийн улстөрчийн ганц шалгуур. Гэтэл нийтийн мөнгийг нийтэд зориулахдаа авлига маш их шингэдэг, чанар, менежментийн алдаа гаргадаг. Нийтийн юм гэхээр хамгийн муу гэдэг хандлагаасаа салах хэрэгтэй. Европын орнуудын нийтэд зориулсан юм бүхэн яагаад чанартай байдаг вэ гэвэл тэнд тендер юм уу концессоор ажил үйлчилгээ хийж буй компанийн цалингийн фонд ердийн компаниас 1.5-2 дахин илүү байдаг. Нэг ёсондоо цалингийн фондоороо дамжуулаад чанартай ажилтан, чанартай бүтээгдэхүүн бий болдог юм билээ. Харин манайх эсэргээрээ. Ерөөсөө авлига гэдэг юмнаас салах хэрэгтэй. Сая Кыргызстан улс руу Ерөнхийлөгчийн айлчлалаар очиход тус улс гурван жилийн өмнөхөөс өөр болсон байна. Одоогийн байгаа ерөнхийлөгч нь шийдвэртэй арга хэмжээ аваад төр, бизнес холилдсон мафийн системийг бүрэн устгасан юм билээ. Үр дүнд нь зах зээлээ төрд биш бизнесүүддээ шударгаар өгсөн. Төрөөр дамжсан бүлэглэлүүдэд ч өгөхгүй байх энэ боломжийг нээж өгсөн нь зөвхөн Кыргызстаны ард түмнийг, залуучуудыг ялангуяа компаниудыг урам зоригтой болгожээ. Үүнийг манай улсын Төрийн тэргүүн айлчлахдаа онцолж харсан байх. Үнэндээ манай зах зээлд төр, төрийн өндөр эрх мэдэлтнүүдийг дагасан түүний хэдэн компаниудын хуваарилалт явж ирсэн. Тэрхүү төр дагасан мафижсан системийн мухардал одоо илэрч байгаа. Яах аргагүй бодит үнэнийг олж хараад зөв замд нь оруулах ёстой.

-Манайд бизнесийнхний хамгийн том дарамт төр болчихоод байгаа. МҮХАҮТ-д бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд энэ тал дээр ямар кэйсүүд хэлж байна вэ?

-МҮХАҮТ 6500 гишүүнтэй хэрнээ хуультай ганц төрийн бус байгууллага. Бусад бүх бизнесийн эрх чөлөөний төлөө л ажиллах ёстой. Бизнесийн эрх чөлөө хумигдаж байна уу, өргөжиж байна уу, төрийн дарамтад байна уу, татвар, даатгал ямар буруу системээр явж байна гэдэг асуудалд анхаарч ажиллах үүрэгтэй. МҮХАҮТ бол төрөөс, төрийн өндөр албан тушаалтнаас бизнесийн эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй л дээ. Дээрээс нь буруу өрсөлдөөн, авлигаас хамгаалах ёстой. Авлига тойрсон бизнес бол хамгийн хортой.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13 мянга боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өнөөдрийн мэдээллээр (2025.08.07) улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13171 болжээ....

img

7 цагийн дараа

Зууны шилдэг “нийллэг”

Зуун найм (гэсэн байхаа) сум 100 жилээ тэмдэглэн наадлаа. Монгол нутгийг, Монгол хүнийг наадамгүйгээр төсөөлөх аргагүй учраас үндэст...

img

7 цагийн дараа

Н.Тавинбэх: “ДЦС-3” дээр өнгөрсөн онд 15 удаа яг ийм төрлийн осол гарч байсан

Дулааны III цахилгаанд станцад өчигдөр шөнө гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-д хяналт тавих Засгийн газрын...

img

7 цагийн дараа

Дональд Трамп: Нефтийн үнэ 10 ам.доллараар унахад Путинд сонголт үлдэхгүй

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд “Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф ОХУ-ын төлөөлөгчидтэй энэ лхагва гарагт М...

img

7 цагийн дараа

“Их хурд-10” наадамд зориулсан 256 бөхийн барилдаан болно

Монголын Морин спорт, уяачдын холбооны 30, дээд дэлхийн амжилт тогтоосны 13 жилийн ой, Монголын уяачдын өдөрт зориулсан шигшмэл хурд...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд