гадаад
Дональд Трамп: Нефтийн үнэ 10 ам.доллараар унахад Путинд сонголт үлдэхгүй

Админ
2025 оны 8 сарын 07

36

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд “Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф ОХУ-ын төлөөлөгчидтэй энэ лхагва гарагт Москва хотноо уулзалт хийхээр төлөвлөж байна. Энэ хэлэлцээний дүнгээс хамааран ОХУ-д цаашид ямар арга хэмжээ авах талаар бид шийдвэр гаргана. Маргааш бид Оростой уулзалт хийнэ. Юу болохыг харцгаая” гэж мэдэгдэв. Өмнө нь тэрээр сэтгүүлчдэд “Уиткофф лхагва эсвэл пүрэв гарагт Оросыг зорьж магадгүй” гэж хэлж байсан юм.
Ерөнхийлөгч Трамп ОХУ-д Украины дайнд гал зогсоохыг шаардсан ультиматум буюу тулган шаардлага тавьж “Эс зөвшөөрвөл шинэ хориг арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн бөгөөд энэ шаардлагын хугацаа энэ баасан гарагт дуусгавар болно. Гэтэл Москва Украины энгийн иргэдийг хөнөөж, Европын улсуудын эсрэг явуулж байгаа мэдээллийн хорлон сүйтгэх ажиллагааг бууруулахгүй байгаа нь Цагаан ордны эгдүүцлийг төрүүлж орхив. Тухайлбал, энэ үеэр Кремль Украины хотын төмөр замын дэд бүтцүүд болох вокзал, депо, мөн орон сууцны байшингууд, эрчим хүчний объектуудад цохилт өгч хоёр иргэний амийг хөнөөж, 10 хүнийг шархдуулсны хоёр нь хүүхэд байжээ.
Мөн Лондоны Стратеги судлалын Хүрээлэнг(ISD)-ийн энэ сарын 5-ны мягмар гарагт нийтэлсэн судалгааны тайланд “Европын Холбооноос хаасан Оросын хэвлэл мэдээллийн сайтуудын ихэнх нь нээлттэй хэвээр ажиллаж байна. Тухайлбал, Европын Холбоонд хориглогдсон Sputnik болон Russia Today сайтуудад Герман улсад л гэхэд эдгээр сайтууд руу сар бүр 100 мянга гаруй хүн орж байна. X (хуучнаар Twitter) платформ дээр зөвхөн ганц сард л Russia Today сайтын 50 мянга орчим холбоос нийтлэгдсэнийг илрүүлсэн” гэжээ. Мөн Financial Times сонин “Хэрэв Москва энэ хугацаанд гал зогсоохыг зөвшөөрөхгүй бол АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа ОХУ-ын “сүүдрийн танкерын флот”-д шинэ хориг тавих асуудлыг авч үзэх юм байна” гэж мэдээлжээ. Цагаан ордны төлөвлөгөөг мэдэх хоёр эх сурвалж тус сонинд өгсөн ярилцлагадаа “Оросын танкеруудын эсрэг хоригийг хэрэгжүүлэх нь хамгийн энгийн эхний алхам гэж Трампын захиргаа үзэж байгаа. Эдгээр танкеруудаас гадна өөр олон хувилбар ч хэлэлцэгдэж байна” гэж дурдсан байна. Тэгвэл энэ үеэр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нийтийн сүлжээнд “Би ерөнхийлөгч Трамптай бүтээлч яриа өрнүүллээ. Хамгийн гол зүйл нь, мэдээж, дайныг зогсоох явдал байсан. Шударга бас урт хугацааны энхийн шийдэл олохыг зорьж, хүчин чармайлт гаргаж байгаа АНУ-ын ерөнхийлөгчид талархал илэрхийлье. Оросууд дайн сунжруулаагүй байсан бол аль хэдийнэ энх тайван тогтсон байх байлаа. Би АНУ-ын ерөнхийлөгчид Украины нийслэл Киев болон бусад хот, суурин газруудад хийсэн Оросын пуужингийн цохилтын талаар мэдээлсэн. Мөн хоёр улсын ОХУ-ын эсрэг авах эдийн засгийн хориг арга хэмжээний талаар ч хэлэлцсэн байна. Путины эдийн засаг уналтад орсоор байгаа. Тиймээс ч Москва одоогийн нөхцөл байдал, мөн ерөнхийлөгч Трампын шийдэмгий байр суурийг нухацтай авч үзэж байна. Энэ явдал олон зүйлд өөрчлөлт авчрах боломжтой. Бид манай хоёр улсын батлан хамгаалахын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн. Дроны хамтарсан төсөлтэй холбоотой гэрээний төслийг Украины тал аль хэдийнэ боловсруулсан. Бид уг төслийг дэлгэрэнгүй хэлэлцэж, эцэслэхэд бэлэн болсон” гэж мэдэгдсэн байна. Эдгээр явдалтай давхцан АНУ-ын Батлан хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг(DSCA) энэ сарын 5-ны мягмар гарагт “АНУ-ын Төрийн департамент Украинд M777 гаубиц их бууны засвар үйлчилгээ болон техникийн дэмжлэг үзүүлэх, зориулалтын тоног төхөөрөмж нийлүүлэхийг зөвшөөрсөн. M777 гаубицын засвар үйлчилгээ авах хүсэлтийг Украины Засгийн газар тавьсан” гэж мэдээлжээ. АНУ-ын Батлан хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг нь Засгийн газар хоорондын гэрээний дагуу гадаад улсуудад зэвсэг, цэргийн техник нийлүүлэх ажлыг хариуцдаг байгууллага юм. Тус агентлаг “Уг гэрээ нь АНУ-ын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын зорилгыг дэмжих бөгөөд түнш улсын аюулгүй байдлыг сайжруулах замаар Европ дахь улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах болно” гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд Украины дайныг зогсоох шахалт үзүүлж, хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол “шийтгэлийн арга хэмжээ” авах болно хэмээн анхааруулсан.Иймээс хэрэв Москва энэ сарын 8-наас өмнө гал зогсоохыг зөвшөөрөхгүй бол АНУ ОХУ-ын “сүүдрийн танкерын флот”-ын эсрэг хориг арга хэмжээ авах болно. ОХУ олон улсын хоригийг тойрч, нефть тээвэрлэж буй хөлгүүдийг хар жагсаалтад оруулбал, энэ нь Трампын ерөнхийлөгчийн суудалд эргэн ирснээс хойш ОХУ-ын эсрэг авч буй анхны хориг арга хэмжээ болох юм. Мөн Европын холбоо ч энэ чиглэлээр Орост шахалт үзүүлж байгаа бөгөөд өнгөрсөн сард Оросын “сүүдрийн флот”-ын хар жагсаалтад багтсан танкеруудын тоог 415 болгон нэмэгдүүлсэн бөгөөд 100 шинэ хөлөг онгоцыг нэмж оруулсан билээ. Мөн G7-ийн тогтоосон 60 ам.долларын дээд үнийн хязгаараас давсан үнээр Оросын далайн нефтийг худалдан авахыг Барууны орнуудын компаниудад хориглосон хэвээр байгаа билээ. Гэхдээ хоригт орсон хөлгүүд өөрийн ахмад, хөлгийн нэр, далбааг солиход л барууны хоригоос шууд гарчихна. Харин Оросын банкнуудад тавих хориг ялангуяа түүхий нефтийн үнийн уналт л Путин болон түүний дэглэм төдийгүй ОХУ-ыг ЗХУ-ын замаар явуулна. Иймээс л АНУ-ын ерөнхийлөгч Оросын ерөнхийлөгчөөс “Өөрийн өдөөсөн дайныг зогсоох уу? Эсвэл өөрийн дэглэм, ОХУ-ыг түүх болгож үлдээх үү?” гэж асуугаад, хариугаа энэ сарын 8-наас өмнө авах гээд байгаа хэрэг. Үүнийг баталж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп CNBC сувагт өгсөн ярилцлагадаа “Хэрвээ түүхий нефтийн үнэ ханш унавал, Путин хүмүүсийг алахаа болино. Нефтийн үнэ 10 доллараар унахад л Путинд сонголт үлдэхгүй. Оросын эдийн засгийн байдал сүйрлийн ирмэгт байна” гэж мэдэгдэв.
Ерөнхийлөгч Трампын Орост тавьсан гал зогсоох шаардлагын хугацаа энэ баасан гарагт дуусах бөгөөд биелүүлэхгүй бол шинэ хориг арга хэмжээнүүдээс гадна Оросын худалдааны түншүүдэд 100 хувийн гаалийн тариф ногдуулах болно. Ерөнхийлөгч Трамп мөн Энэтхэг Оросын нефтийг үргэлжлүүлэн худалдан авч буйтай холбогдуулан Энэтхэгийн импортод ногдуулах тарифыг 25 хувиас 50 хувьд хүргэж нэмэгдүүлэхээр зэхэж байна. Трамп бас нэг маш чухал шийдвэр гаргасан нь Европын мөнгөөр Украиныг хэрэгтэй байгаа зэвсгээр нь хангах болсон явдал. Тухайлбал, энэ үеэр Reuters агентлаг “Европын орнууд болон Канад улс санхүүжүүлж байгаа НАТО-гийн Украиныг зэвсгээр хангах санаачилга буюу “Prioritised Ukraine Requirements List (PURL)” төслийн хүрээнд Швед, Норвеги, Дани зэрэг орнууд Украинд ойролцоогоор 500 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Үүнд Patriot зенитийн пуужингийн систем, агаараас эсэргүүцэх хэрэгсэл болон танк эсэргүүцэх сум, техник орж байгаа бөгөөд Дани 90 сая ам. доллар, Норвеги 146 сая ам. доллар, Швед 275 сая ам. доллар, харин Нидерланд 500 сая евро гаргаж байгаа юм байна” гэж мэдээлэв.
Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА





Ойн 4 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.07/ 14:30 цагийн байдлаар 4 ой, хээрийн түймэртэй байгаагаас Увс аймгийн Сагил, Хөвсгөл аймгийн Цага...
8 цагийн дараа
Увс, Дорнод, Дорноговь аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу иржээ
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Монгол Улсын “Үндэсний их баяр наадм...
7 цагийн дараа
ОУХМ Б.Ариунболд: Би бол оноо түүгч
Гурван онооны шидэлтийн гайхамшигт тамирчин, нэг тоглолтод нийт 158 оноо авч багаа ялалтад хүргэж байсан, лигийн шилдэг тоглогчдын н...
7 цагийн дараа
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13 мянга боллоо
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өнөөдрийн мэдээллээр (2025.08.07) улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13171 болжээ....
5 цагийн дараа
Зууны шилдэг “нийллэг”
Зуун найм (гэсэн байхаа) сум 100 жилээ тэмдэглэн наадлаа. Монгол нутгийг, Монгол хүнийг наадамгүйгээр төсөөлөх аргагүй учраас үндэст...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд