мэдээ
ОУХМ Б.Ариунболд: Би бол оноо түүгч

Админ
2025 оны 8 сарын 07

17

Гурван онооны шидэлтийн гайхамшигт тамирчин, нэг тоглолтод нийт 158 оноо авч багаа ялалтад хүргэж байсан, лигийн шилдэг тоглогчдын нэг сагсан бөмбөгч Б.Ариунболд. Түүний энэ оноо бол Монголдоо төдийгүй дэлхийн сагсан бөмбөгийн түүхэнд гарч байгаагүй амжилт юм. Тэрбээр сагсны анхны лигийн анхны оноог авсан гэдгээрээ бас түүхэнд үлдсэн тамирчин. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
-АНУ-гийн NBA-гийн хувилбарыг Монголын хөрсөнд утгаар нь суулгасан анхны лигээс эхлээд өдийг хүртэл зам хазайлгүй сагсан бөмбөгийн төлөө зүтгэж яваа хүний нэг бол өөрөө. Одоо ямар ажил эрхэлж байгаа вэ?
-Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуульд сагсан бөмбөгийн дасгалжуулагч багшаар 11 дэх жилдээ ажиллаж байна. Ер нь боловсролын салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа. Боловсролын болоод биеийн тамирын тэргүүний ажилтан, дээрээсээ тав дахь ОУХМ гэсэн гуншинтай. /инээв/ Нэгэн хэсэг сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдаад хүч тарамдаж, тэмцээн уралдаанаа зохиож чадахгүйд хүрч байсан бол одоо нэгдээд, зөв хүмүүсийн удирдлаган дор хөгжлийнхөө дээд цэгт хүрч эхлээд байна. Илүү сайхан болох байх гэсэн найдлагатай л байж байна даа.
-Анх сагсны лигийн тэмцээнд та “Генералууд” багийн бүрэлдэхүүнд тоглож байсан. Дараа жил нь “Бизнесийн чөтгөрүүд” рүү урвасан. Энэ бүхэнд юу нөлөөлсөн бэ?
-Намайг 57 дугаар сургууль төгссөн найзуудтайгаа нэг баг болж тоглоё гэтэл БТДС-ийн багш нар маань “За, нөхөр минь энэ жил сургуулиасаа тоглохгүй бол төгсөхгүй шүү дээ” гэж тоглоом шоглоомоор сануулсан юм. /инээв/ Тэгээд “Генералууд”- тайгаа тоглосон. Хоёр дахь жилд нь “1+11” багт тоглох гэж байтал Д.Давааням багш дуудаад “Бизнесийн чөтгөрүүд”-дээ тогло” гэсэн. Тэгэхэд нь “Би 1+11 багтай нэг өрөө байрны гэрээтэй гэтэл “Түүнийг чинь бид өгчихье. Ялгаа байхгүй” гээд анх би нэг өрөө байраар шагнуулж байлаа.
-57 дугаар сургуулийн төгсөгчид сагсан бөмбөгөөр тухайн цаг үедээ шуугиулж явсан залуус. “Бизнесийн чөтгөрүүд” гэдэг бүтэн баг гарч байлаа шүү дээ. Лигийн хошой аварга “Бизнесийн чөтгөрүүд” бол яах аргагүй дуулиант багийн нэг. Багийг ийм амжилтад хүргэхэд өөрийн тань үүрэг их байсныг спортын хорхойтнууд хэлэх байх?
-Яахав, тэгэхэд залуу байсан шүү дээ. Биднийг голлон чиглүүлж өгсөн хүн бол 57 дугаар сургуулийн Д.Давааням багш минь. Би Д.Уртнасан багш дээр “Хоршоолол” нийгэмлэгт секцэнд явдаг байсан. Тэгээд 37 дугаар сургуулиас долдугаар ангидаа 57-д шилжиж очоод л 10 дугаар ангийн ах нартай баг болж заминд суугаад эхэлсэн. Доод үеийнхэнтэйгээ “Найдварын гараа” тэмцээнд орохдоо Абаатайгаа /П.Ганбат/ танилцаж байлаа. Багш маань Т.Түвшинбаярыг /МУГТ/ хөлбөмбөг тоглодог байхад нь сагсан бөмбөг рүү урвуулж байлаа. О.Баярцогтыг 39 дүгээр сургуулиас найм төгсөөд ирэхэд нь авч Сүхбаатарын районы шигшээд авч байлаа. Ер нь нэр тодроогүй олон сагсчид байгаа шүү.
-Сагсан бөмбөгөөр дагнахаасаа өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Хөнгөн атлетик, бокс сонирхож, МУГД Б.Ганбат багшийн боксын секцэнд “Хүч” нийгэмлэг дээр хичээллэж байлаа. Боксын нэгэн үеийн томчуулыг яг дэргэдээс нь харж, “Интернационал” тэмцээнийг алгасалгүй СТО-д үздэг байлаа. Тиймдээ ч Том, жижиг Энхбат, Н.Баярсайхан, Б.Алтангэрэл, О.Дэмбэрэл, Ц.Цэрэнням нарыг ид байхад дэргэдээс харж явлаа. Амаржаргал бол аймаар боксчин байсан. Би өөрийгөө сагс тоглоогүй бол боксчин болох байсан гэж боддог юм. Миний мөрөөдөл байсан юм, тэгээд л сагсан бөмбөг рүү хазайсан хүн дээ. /инээв/
-Боксчин болох мөрөөдлийг чинь мартагнуултал сагсан бөмбөг юугаараа өөрийг чинь татсан юм бол?
-Миний анхны багш 37 дугаар сургуулийн Баяраа гэж өндөр том биетэй, гар бөмбөг тоглодог багш байсан. Одоо бурхан болсон хөөрхий. Манай ангийн багш байсан юм. Биднийг үймүүлээд байхаар намайг ангиа удирд, ингэ тэг гээд анх секцэнд оруулж байлаа. Тэр үед том ах нарын бөмбөгийг зөөгөөд л, өдөртөө ганц бөмбөг олж шидвэл бөөн баяр. Сагсан бөмбөг чинь шал өөр спорт л доо. Ядаж охидууд ирж үзнэ, хөвгүүд нь тоглоно. /инээв/ Ганбаяр гээд 37-гийн сагсчин ахыгаа хараад эргэж буцалтгүй сагсчин болсон доо.
-Гурван онооны шидэлт бол холын зай. Үүнийг гаргахгүй юм аа, өөрөө. Одоо ч гурваас шидэж оноо авсаар л байна. Үүний нууц гэвэл?
-Тийм ээ /инээв/ Ёстой нөгөө сурсан юмыг сураар боохгүй гэдэг шиг. Хөгшрөөд ирэхээр туршлага л болдог юм байна. Анх яаж сурсан бэ гэхээр Уртаа багш маань гурваас шиддэг. Холоос сайн шидэж байгаа хүмүүсийг хараад үүн шиг л болох юмсан гэж мөрөөддөг байв. Уртнасан багш маань хойно төгсч ирээд Сүхбаатар районы томчуудад Абаа бид хоёрыг заминаар аваад шөвгөр Өлзий ах, Цэвэрээ багш, Дашаа ах, монхор Батдорж, Амар ах гээд их гоё баг бүрдсэн байсан. Тэд нарын бөмбөгийг зөөгөөд л. Тэгэхэд Уртаа багш ингэж тоглодог юм харж бай гээд эсрэг багийн гол тоглогчийг гаргахгүй би хамгаална гээд хамгаална гэж ийм юм байдаг юм, шидэлт гэхэд гурваас шидээд “Байна” гэхэд л ордог байсан. Тэгэхэд л шидэж сурсан нь дээр юм байна гэж бодсон. Би чинь солгой, Уртаа багш солгой. Манай Тамираа бас солгой. Ер нь солгойчуудыг Уртаа багш их цуглуулсан даа. Давааням багш ч солгой. Улсын аваргаар орж байхад Цэвэрээ багш “Давааням аа, чи баахан солгой хүүхэд цуглуулчихаад. Солгой хүн, жороо морь хоёр адилхан байдаг юм” гээд тухайн үед биднийг шоолж л байсан.
-Давааням, Уртнасан дасгалжуулагчдын аль аль нь их даруухан. Эмоцио тэр бүр гаргадаггүй. Тэдний гарын шавь та нар ч бас их даруу төлөвшилтэй. Өөрөө их хөөргөн дэврүүн сагсан бөмбөгч бас биш шүү дээ?
-Тийм шүү. Багшийн эрдэм шавьд гэдэг. Одоо Т.Түвшинбаяр, О.Баярцогт хоёр гавьяат сагсалзаж байна уу. Манай Абааг хар. Б.Тамираа маань атаман л болохоос талбай дээр сагсалздаг хүн биш. Манайхан тийм байх үндэс байхгүй. Багш ямар байна, шавь тийм л байдаг. Яагаад гэхээр ертөнцийг харах толь нь багш нь юм чинь. Ингээд шид гээд багш өөрөө үзүүлж чадахгүй бол бас утга байхгүй. Өөрөө биеэрээ үлгэрлэж байж л энэ спортыг таниулна. Хоёрын хоёр шавь нь гавьяат болчихоод байхад Давааням багшийгаа удахгүй гавьяат болох байх л гэж харж сууна.
-Нэг тоглолт дээр 158 оноо авсан үеэ эргэж дурсвал сонин байх. Яагаад гэхээр NBA-д ч ийм түүх байдаггүй юм билээ?
-Байхгүй ээ. Тоглолт дээр 100 гаргасан гурван рекордыг Монголын гурван сагсан бөмбөгч хийсэн. Ц.Шаравжамц маань энэ талаар ярьдаггүй юм билээ. О.Болор маань АНУ-д байгаа. Тэгэхээр би л хэлж таарах нь. 1999 оны лигийн үеэр “Аянга” багтай тоглоход Шараваа 105 оноо авсан юм. Манайх тэр үед 140 гаруй оноогоор хожиход Шараваа 105-ыг нь авсан. Тэр үед би “Бизнесийн чөтгөрүүд”-ээс “1+11”-д оччихсон байсан үе. Тухайн үед плей офф-д аварга авахын тулд “Бизнесийн чөтгөрүүд” АНУ-аас О.Болорыг дуудсан байсан. Алтангэрэлгомбо бид хоёрыг 1+11 рүү алдчихсан үед О.Болор нэг тоглолтод 145 оноо авсан байдаг юм. Тэгэхдээ Болорын авсан оноо бол минийхээс ч илүү хүнд. Яагаад гэхээр О.Болор гурваас шидээгүй, дан хоёроос алдаатай хамт оноо авсан. Тоглолт 147-гоор дуусахад хоёр оноог нь О.Баярцогт авсан байдаг юм. Өөрсдөө хийх байсан боловч Болорт өгөөд л хийлгээд байсан. Нэг удаа Баярцогт дороос нь хийчихээд хэлээ гаргаад өнгөрч байсан юм. Би тэр тоглолтыг яг хажуугаас нь үзээд сууж байлаа. Нөгөөдөр нь манайх тоглолттой байсан. “Торнада”-тай тоглоход нэгдүгээр үеийн тоглолт дээр би 20 гаруй оноо авчихсан байсан чинь манай нэг нөхөр хажуугаас “Багшаа, “Бизнесийн чөтгөрүүд”-ийн Болор 145 оноо авсан ш дээ” гэсэн чинь манай дасгалжуулагч С.Баттулга агсан “Тэгвэл пассаа наад Ариунболд руу явуулаад бай л даа. Хэд хүрэхийг харъя” гэсэн. Тэгээд намайг шид гэсэн. Би ч шидсэн. Тэр үед яг NBA шиг дөрвөн үе, 12 минутаар тоглодог байсан юм. Бүх пасс над руу ирээд л би 40 удаа гурваас хийж, 120 оноо авсан. Мөн дундаас хийсэн, пасс өгсөн. Тоглолт дуусахад 206 оноогоор манайх хожсон байдаг юм. Түүнээс 158-ыг нь л би авсан болохоос биш, бид тоглодгоороо л тоглосон. Нөгөө Армийн ДАШТ-д Вьетнам АНУ хоёр тоглоход 206:4-өөр дууссан гэдэг шиг л. /инээв/ Хоорондоо дайтдаг байсан болохоор тэр. Монголтой тоглоход америкчууд чинь их найрсаг тоглодог шүү дээ. 40, 50 онооны л зөрүүтэй л тоглолт өндөрлөх жишээтэй. Миний тэр 158 оноо авсан тухай мэдээлэл дор фэйсбүүк дээр “Энэ хүн байдаг юм уу, одоо амьд уу. Энэ чинь шоу шүү дээ” гэж янз бүрээр бичдэг л юм. Хүүхэд байхдаа ичдэг л байлаа. Одоо юундаа ичих вэ дээ. Тэр 158 оноо авсан тоглолтын талаар бичсэн таны сурвалжлагыг би одоо болтол хадгалдаг юм.
-Энэ рекордыг одоо хэн ч эвдэхгүй байх аа. Нэг хүн дээр төвлөрч тоглоод ч ийм үзүүлэлт гарахгүй байх. Өөрөө юу гэж бодож байна вэ?
-Шидлээ гэхэд түүнийг борлуулах хүн байхгүй бол хэцүү. Өнөөдөр Монголын лигт үнэхээр хоёр номер дээр шидэж байгаа тоймтой хэлчихээр хүн алга. Миний үед гэхэд манай Бат-Эрдэнэ буюу Док, Ганцогт гээд мундаг шидэгч нар байсан. Том Бадаа, жижиг Бадаа аймаар л байсан. Бид тэр ах нарыгаа харж өссөн. Одоогийн залуусыг харахаар хэтэрхий багийн тоглолтод орчихоод байна. Хуучин бол Т.Санчир аваад л дайрдаг байсан цаг өнгөрсөн. Багаараа тоглодог болохоор нэг хүнд оногдож байгаа цаг бага. Тийм болохоор юун 158 битгий хэл, 100 оноо авах ч бэрхтэй. Дэлхийн хэмжээнд гэхэд ковидын өмнө АНУ-ын Оюутны лигт нэг залуу 135 оноо авсан. Түүнийг л их сайн шидэж байна гэж бодсон.
-3×3-ын охидууд ДАШТ-ээс мөнгөн медаль авч цахиур хагаллаа. Монголчуудыг утгаар нь омогшууллаа. Одоо ч тоглосоор явна. Тоглолтыг нь харсан уу?
-Очиж үзэж чадаагүй ээ. Зурагтаар хараад захыг нь мушгиж суусан. Хүн юманд хүрэх гэж зорих юм бол амжилтад хүрдэг гэдгийг утгаар нь харуулсан том жишээ. Нутгийн дэвжээ түшнэ түшнэ гэхэд нэг тоглолтод азаар хожиж болно, гэтэл дэлхийн аварга Германыг хожлоо, дэлхийн том гүрэн урд хөршөө буулгаж авлаа, АНУ-ын багийг хожлоо. Үнэхээр энэ бол зүүд биш, аз эз биш шүү гэдгийг харуулж чадлаа. Биширмээр. Нутгийн дэвжээ яах аргагүй түшсэн. Айлын довтолгоо шийдэнд яг ороод л гарч байгаа юм. Тэгэхэд Ариунцэцэгийн Польшийн эсрэг шидсэн шидэлт гаранд нь цохиод гарах ёстой байтал орж байгаа байхгүй юу. Хүн бүрийн нэгдэл нийлэмж гэдэг энэ шүү дээ. Канадын дасгалжуулагч Стив Сэрийг энд дурдахгүй байх аргагүй. Тэр хүний гавьяа шүү. Цаашдаа ч илүү их амжилт үзүүлнэ гэдэгт найдаж байна.
-Гадаад дасгалжуулагчтай байна гэдэг тодорхой хэмжээнд амжилтад нөлөөлдөг ч гэсэн учир дутагдалтай байна. Монгол дасгалжуулагчаар дасгалжуулбал яасан юм бэ гэдэг. Энэ талаар?
-Аргагүй л мэдрэмжтэй асууж байна. Хятадын жишээн дээр ярихад бүх баг нь АНУ-аас дасгалжуулагч авчирдаг байсан. Олон жил ингэж явсан. Түвшин нь ахисан ч санаанд хүртэл амжилт гаргахгүй явсаар нондингоос ерөнхий дасгалжуулагчаа хятад хүнээр тавиад зөвлөх, туслахууд нь дандаа гадаадын иргэд болсон. Монгол хүн ч гэсэн адилхан. Одоо тэр шигшээгийн дасгалжуулагч грек өвгөн байна шүү дээ. Тэр мундаг. Түүнийг мундаг гэхгүй муу гэвэл хүмүүс гайхах байх. Гэхдээ тэр хүн монгол хүний онцлогийг мэдэхгүй. Хэрэгтэй үед Т.Санчирыг хэзээ дайруулах вэ, хэзээ болиулах вэ гэдгээ мэдэхгүй байна. Яагаад Т.Санчирыг хасаад хаячихаж байгаа юм. Үнэндээ багийн доторх жижиг сажиг асуудлаас л болж байгаа шүү дээ. Түүнээс бус сахилга батгүйдээ Санчир хасагдсан юм биш. Үүнийгээ сагсан бөмбөгчид л мэднэ. Олон түмэнд ярих юм байна, ярихгүй юм гэж байна. Хөшигний ард юу болж байгааг л мэдрэх ёстой.
Сая Азийн тоглолтыг очиж үзлээ. Ташрамд, Т.Түвшинбаяртаа баярлалаа гэж хэлмээр байна. Дээрээс хараад сууж байхад хэлчихмээр юм гарах юм аа. Манай Түвшээ “За, яах юм бэ, наадуул чинь мэдэж байгаа” л гэсэн. Тэгэхээр би ерөнхий дасгалжуулагчаар нь монгол хүнээ тавиад зөвлөх, туслахаар нь гадаадын хүнээ тавьж яагаад болохгүй гэж бодож байгаа юм.
-Өөрийн чинь хувьд анхны лигийн гурван ч багт тоглож үзсэн тамирчин. Энэ гурван багийн дотроос сэтгэлд тань нийцсэн хамгийн шилдгийг нь нэрлэ гэвэл?
-Яалт ч үгүй хамгийн шилдэг нь “Бизнесийн чөтгөрүүд” л юм даа. Хар багаасаа, хэн ч биш байхаасаа нөхөрлөсөн найзууд минь энэ багт харьяалагддаг. Тамираа, Абаа гээд л нэрлэмээр. Одоо ч намайг “Бизнесийн чөтгөрүүд”-ийн Ариунболд л гэдэг шүү дээ. Тэгэхээр юу хэлэх вэ.
-Та чинь бас “EFES” багийн дасгалжуулагч байсан байх аа. Яагаад гарсан юм бэ?
-Сэдбазарыг дасгалжуулж байхад би очоод хамт ажилласан. Багийн лидер нь Болортулга гээд. Багаа байрлуулахад тэр ганцаараа байрлахгүй. Өглөө бэлтгэлдээ ирэхгүй. Тийм багийн лидер ч гэж байгаад яах юм. Тэр нарийн асуудлыг би олон удаа ярьсан. Энэ завшааныг ашиглаад үнэнийг хэлчихье. Хэрвээ дуугүй яваад байвал энэ чадваргүйдээ л хөөгдөөд гарсан юм байна гэж ойлгоод байгаа юм. Хоёр жил Болортулгыг багийн лидер гэж байлгасан. Тэр хүн ач холбогдол өгөөгүй. Өөрөөр хэлбэл, хүмүүжээгүй. Тэмцээнээ дуусгаагүй байхад намайг маргааш битгий ирээрэй гэхэд нь би аавыг нь хүндэтгээд л явсан. Яагаад гэхээр аав бид хоёр нь нэг үед сагс тоглодог байсан. Аав нь над руу яриад миний хүүгийн багт ирээч гэхээр нь би очсон. Сайндаа биш. Өнөөдрийг хүртэл би чимээгүй л байсан. Баг нь мундаг яваад 3:0 болчихсон байхад би хожигдох юм бол сагснаас явлаа гээд л. Сүүлд нь эргээд ирсэн ч гэх шиг. Мөнгөтэй хүмүүс ямар байдгийг би мэдэхгүй юм даа. /инээв/
-Хар багаас нь бэлтгэж тамирчны дөр суулгасан шавь нарыг нь клубууд булааж авдаг жишиг тогтлоо. Үүн дээр юу хэлэх вэ?
-Үнэхээр клубууд энд тэндхийн сайн хүүхдүүдийг урвуулж аваад байна. “Алдар” руу хоёр гурван охиноо алдаж байгаа юм байх гэсэн чинь сая 15 настнуудын “Сэлэнгэ бодонс”-ийн нээлттэй тэмцээнд манай нэг охин шууд “Хасын Хүлгүүд”-ийн эмэгтэй багаас тоглоноо, багшаа” гээд. Тэгэхээр нь би “Яахаараа ингэдэг юм бэ. Эндээсээ тогло гэсэн чинь” нөгөө багш нь “31-ээсээ тоглох юм бол тэр чигээрээ зайлаарай” гэсэн гэнэ. Тэгээд тэр хүнтэй нь ярилаа. “Өө, би энэ хүүхдийг чинь сургасан юм” гэж хэллээ. Тэгсэн өөдөөс “Та тэгээд олигтой бол аваад явчихгүй яасан юм бэ” гэж байна. Удаа ч үгүй эргэж залгаад “Би наад охинд чинь хэлчихлээ. Хэл ам хийх юм байхгүй. Сургуулиасаа тогло гээд хэлчихлээ. Уучлаарай “ гэж хэлсэн. Үнэн байдал ийм л байна.
-Хэдийг хүртэл сагс тоглоно гэж бодож байна даа?
-Талбай дээр гараад тоглож чадахгүй болтлоо тоглоно гэж бодож байгаа. Би чинь Түвшинбаяр, Ж.Алтангэрэлгомбо (Боргоо), Чука шиг штангинд суудаг хүн биш. Шидчихээд л хөнгөн шингэн биеийн амраар тоглодог байсан хүн. (инээв) Шийдэнд үсрээд л, штанганд суугаад байх ч миний байрлал биш. Би бол оноо түүгч л хүн.
-Хамгийн сүүлийн амжилтаа нэрлэ гэвэл?
-Дэлхийн мастеруудын ахмадын ангилалд 5×5-д оролцож, мөнгөн медаль авсан. 3×3-д нь алтан медаль хүртлээ. Эмэгтэй баг дасгалжуулж явсан. Тэд маань хүрэл медаль авсан.
-Монголын сагсан бөмбөгийн ирээдүй таны хувьд гэрэлтэж байна уу?
-Гэрэлтэлгүй яахав.Нэг үе бүрхэг байсан бол одоо тэнгэр цэлмэсэн гэж харж байна даа. Хүүхдүүдийн толгойг эргүүлээд байгаа тэр клубуудыг л цэгцэлчихвэл бүх зүйл зөв гольдиролдоо орно доо.
Тэрбээр “Миний аав Н.Болдбаатар гэж МУСГЗ, чөлөөт бөх болон хөлбөмбөгийн спортын мастер, снукер биллиардын Монголын анхны аварга хүн бий. Ээж минь хөнгөн атлетикийн тамирчин байсан. Пионер сурагчдын спартиадын мөнгө, хүрэл медальтай. Алтан медалийн төлөө уралдах гэж байхдаа охидын үзлэгээр ороод жирэмсэн гэдэг шалтгаанаар хасагдаж байсан гэдэг. Тэр алтан медалийн хүүхэд нь би юм шүү дээ. Тийм болохоор аав ээжийн гени байдаг байх гэж боддог” гэсэн юм.
Ярилцсан Н.Саранчимэг





Хутга тулган бусдыг дээрэмдсэн этгээдийг олж тогтоон, дайчлан баривчиллаа
Энэ оны 07 дугаар сарын 24-ний өдөр СХД-ийн нутагт дэвсгэрт байрлах нэр бүхий барьцаалан зээлдүүлэх газрын ажилтныг үл таних этгээд ...
8 цагийн дараа
ТЦА: Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын дохио болон ослын зогсолтын тэмдгийг дүрмийн дагуу байрлуулаарай
Зам тээврийн ослын улмаас эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ойртон ирж яваа бусад жолооч нарт анхааруулах зорилгоор ослын гур...
7 цагийн дараа
ЗӨВЛӨМЖ: Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм. Галзуу өвчтэй...
7 цагийн дараа
Ойн 4 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.07/ 14:30 цагийн байдлаар 4 ой, хээрийн түймэртэй байгаагаас Увс аймгийн Сагил, Хөвсгөл аймгийн Цага...
6 цагийн дараа
Увс, Дорнод, Дорноговь аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу иржээ
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Монгол Улсын “Үндэсний их баяр наадм...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд