Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Р.Лхагвадулам: Соёлтой байх нь таны хэн бэ гэдгийг хүмүүст тодорхойлж байдаг

trend

Админ

img

2025 оны 8 сарын 23

img

38

news-img

Зөвлөх үйлчилгээний Имако институт, Залуу хатагтай ноёдын сургуулийн сургагч багш Р.Лхагвадуламтай нийтлэг соёлын талаар ярилцлаа.


-Хувь хүний биеэ авч явах соёл гэж юуг хэлдэг вэ?

-Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа гэрэл гэгээ, гоо сайханд ямагт тэмүүлж ирсэн. Тийм учраас соёл боловсрол хөгжлийн луужин нь байх. “Хунт нуур”,” Ромео Жульетта” бол дээд түвшний соёл. Өнөөдөр хоёулаа маш энгийн, өдөр тутмын болон хотын соёлын талаар ярилцъя.

-Тэгвэл бусдад саад болохгүйгээр биеэ зөв авч явах соёл монголчуудад байна уу?

-Мэдээж, байлгүй яах вэ. Нийгэм хөгжихийн хэрээр сайжирч, шинэчлэгдэж байгаа зүйл их ажиглагдаж байна. Гэхдээ би өөрийн нэг ажиглалтаа ярья. Өнгөрсөн жил би ажил, амьдралын шаардлагаар Америк явсан юм. Вашингтон хотын нисэх онгоцны буудал дээр дөнгөж газардаад шалган руу орох гээд дараалаад зогсож байхад дунд эргэм насны нэгэн монгол эмэгтэй дүрстэй дуудлага хийж утсаараа маш чанга ярьсан. Мэдээж, хүн бүр эхээс төрөхдөө иргэний боловсролтой, харилцааны соёлтой байдаггүй. Гэхдээ үүнд суралцах ёстой. Манай Залуу хатагтай ноёдын сургуульд МУБИС-ийн сургалтын алба хандаж байсан юм. Улаанбаатарт дөнгөж ирсэн хөдөө, орон нутгийн оюутнуудад хотын соёлын талаар хичээл орох санал тавьсан. Үүний дагуу бид оюутнуудад гудамжинд, театр, албан газарт, нийтийн орон сууц, орцонд, автобусанд, лифтэнд биеэ авч явах, үйлчилгээний ажилтантай хэрхэн зөв харилцах зэрэг сэдвээр сургалт орж байлаа. Оюутнуудтай лифтэнд өөд өөдөөсөө хараад зогсох уу, дээшээ, доошоо товчлуур ямар учиртай вэ, хэдэн цагаас өмнө бас хойно бусад руу утасдаж болохгүй вэ гэх мэт соёлын талаар ярилцсан. Монголчууд эрдэмд оройгүй гэж ярьдаг.

Өөрөөр хэлбэл, хотын соёлд суралцахад хэзээ ч оройтдоггүй юм. 17 жил орон нутагт амьдарсан хүүхэд хотод ирээд маш хурдтай соёлд суралцаад боловсон, цэмцгэр хүн болж болно. Насаараа Улаанбаатарт амьдарсан ч гудамжинд шүлс, тамхины ишээ хаядаг, нийтийн унаанд утсаараа чанга бичлэг үзээд суудаг, машины цонхоор хогоо шиддэг олон хүн бий. Тиймээс тухайн хүний тархин дотор соёл оршиж байна уу, үгүй юу гэдэгт л гол асуудал байгаа юм. Том хотод ажиллаж, амьдрахад ухаан зарах хэрэгтэй. Үүнийг бид ердөө олны дунд явах төдийхнөөр хязгаарлаж болохгүй.

-Та сая лифтэнд биеэ авч явах соёл гэж ярилаа. Ялангуяа бид Улаанбаатар хотод өдөр тутамдаа лифт ашигладаг шүү дээ. Хүмүүст сонирхолтой байж магадгүй, энэ талаар ярихгүй юу?

-Хүмүүс лифтэнд биеэ хэрхэн зөв авч явахаа сайн мэдэхгүйгээсээ болоод өөрөө эвгүй байдалд ороод зогсохгүй бусдыг ч эвгүй байдалд оруулдаг. Дэлхий нийтээрээ лифтэнд оронгуутаа шууд 180 градус эргэж зогсох дүрэмтэй. Хаалга руу буюу дээд талын 3,4,5 гэсэн цифр тоог харж зогсох ёстой юм. Түүнээс биш лифтэнд оронгуутаа бусад хүний өмссөн, зүүсэн рүү харах, биед нь хүрэх, налах, нүүр болон нүд рүү ширтэх зэрэг нь бүдүүлэг үйлдэлд тооцогддог. Лифтэнд хоорондоо ярилцах хүртэл тийм ч таатай биш. Яагаад гэвэл лифтний жаахан орон зайд хүний биеийн болон амны хөндийн үнэр, ярилцахад шүлс үсрэх магадлалтай байдаг. Нэмээд хэлэхэд, лифтэнд хууч хөөрөх битгий хэл мэнд мэдэлцэх ч албагүй. Гол дүрэм нь шил шилээ хараад чимээгүй зогсох. Хамгийн гол нь лифтнээс хүмүүс бүрэн гарч дууссаны дараа зөрөөд орох нь маш том соёл. Мөн нэгэндээ хаалга барьж өгөх нь хотын хамгийн чухал соёлуудын нэг. Хэдийгээр та бусдыг өмнөө оруулж, хаалга нээж өгөх албагүй ч хүн ёсны, бас ахуйн соёлын нэг илэрхийлэл юм. Нэгэнт л бид бүгд их хотод амьдарч байгаа учраас хотын дүрмээр л байцгаая.

-Хүн яавал бусдадаа төвөг удахгүй амьдрах вэ?

-Ер нь соёлтой хүн заавал өндөр боловсролтой байх албагүй. Өөрийгөө хүндэлдэг, сэтгэлгээний уудам орон зайтай, өөрийн гэсэн бодолтой, голч төв үзэлтэй, нийгэмд байр сууриа олсон хүмүүс бусдадаа төвөг удахгүйгээр амьдраад сурчихсан байдаг. Та хүн бүрд туслах албатай биш ч орчиндоо саад болохгүйгээр амьдрах ёстой.

-Ер нь хотын соёл гэж юу вэ?

-Миний хувьд Залуу хатагтай ноёдын сургуулиараа дамжуулан 23 жилийн турш хотын соёлын талаар ярьж байна. Хотын ч бай, орон нутгийн ч бай нийтлэг соёлын хамгийн анхны итгэлцүүр бол хоорондоо мэндлэх байдаг. Тэгээд уучлал гуйх, уучлах, бусдын оронд өөрийгөө тавих, талархах гээд харилцааны дүрмүүдийг хүн бүр өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Тухайлбал, үйлчилгээний газрууд инээмсэглэн угтаад, инээмсэглэн үйлчлээд, инээмсэглэн үдвэл үйлчлүүлж буй хүмүүст хэчнээн таатай, сайхан сэтгэгдэл төрдөг билээ. Үүнийг дагаад нийгмийн бухимдал бага ч гэсэн буурна биз дээ. Нэгэнт соёл гэж ярьсных улс төрийн соёлыг хөнгөхөн хөндье. Улстөрч хүний амнаас гарах, гарахгүй үг, үйлдэл, өмсөх эс өмсөх хувцас гэж бий. УИХ-ын гишүүн айл гэр болж тоглоод, түүнийгээ цахим орчинд шууд нэвтрүүлэг шиг орон даяар цацах нь тийм ч зохимжтой үйлдэл биш. Олон түмэн ч гэсэн Ким Кардашяны гэр бүлийн шоунд донтсон дундаж давхаргын америк үзэгчидтэй адил хүний мууд дурлахаа болих хэрэгтэй. Хайран цаг биз дээ. Түүний оронд хүүхдэдээ үлгэр уншиж өгөх, шүдний эмчид үзүүлэх, спортоор хичээллэхэд л цаг гаргадаг байх хэрэгтэй.

-Сүүлийн үед таксины жолоочтой харьцах соёл манай нийгэмд орхигдоод байх шиг байна. энэ талаар та юу хэлэх вэ?

-Миний нэг танил хөдөө хилийн цэргийн офицер байж байгаад хотод ирээд таксинд явдаг болсон юм. Танил мааны надад “Би Улаанбаатарын унаган хүнийг шууд таньдаг. Өөрөөр хэлбэл, тэд дээрэлхүү ихэрхсэн хүмүүс байдаггүй. Инээмсэглэсээр орж ирээд мэнд мэддэг. Таксины мөнгөө баталгаатай өгдөг, хамгийн гол нь жолооч намайг хүндэлж харьцдаг. Үүнд нь би хамгийн их баярладаг” гэж билээ. Харин нөгөө талд бүдүүлэг, соёлгүй хүмүүс таксинд орохоосоо л дээрэлхүү, ихэрхсэн зантай байдаг гэнэ. Тиймээс хотын соёлд суралцаагүй хүн илт байдаг. Хамгийн наад зах нь утсаараа хашхирч ярьдаг. Намайг биш цаад хүнээ загнаж, харааж байгаа ч түгшүүртэй, тухгүй мэдрэмж төрүүлдэг. Кино, бичлэг чихэвч зүүхгүйгээр чангаар үзэж, маш бүдүүлгээр инээнэ. Машины цонхоор нус, цэр, тамхины ишээ хаядаг. Тиймээс би дээрэлхүү баян хүнд үйлчлэх дургүй гэж хэлж байсан юм. Тиймээс хаана ч биеэ зөв авч явна гэдэг нь олон жижиг соёлын нийлбэр юм.

-Жижиг, жижиг соёлын нийлбэр гэснээс хооллох соёл ч гэсэн монголчуудад их дутмаг байдаг уу?

-Манай Залуу хатагтай ноёдын сургууль зоогийн соёлын хичээлээ сурагчаа ресторанд хооллож байх явцад нь зааж өгдөг. Тухайн хүний хооллох соёл ямар орчинд өссөнийг шууд нь харуулдаг. Яаралгүй тайван хооллох, сайн зажлах, хутга сэрээ ашиглаж идэх зэргийг гэртээ сурч амжаагүй хүүхдүүд байдаг. Гэхдээ хүүхдийг багаас нь дэг жаягт сургах ёстой. Наад зах нь хутгагүйгээр яаж стейк идэх вэ. Боломжгүй шүү дээ. Мөн кофе, цай уух соёл гэж байна. Халуун кофег үлээж хөргөх үү, цайг залгилж уух уу гээд эдгээр асуудлууд жижиг хэрнээ бидний өдөр тутамд тохиолддог. Тиймээс үүнд суралцах хэрэгтэй.

Мөн зоогийн ширээн дээр цүнх, нүдний шил, малгай, гар утас, тэмдэглэлийн дэвтэр тавих ёсгүй байдаг. Зөвхөн хоолны хэрэгсэл байна. Хэрэглэж байгаа аяга таваг, халбага, сэрээгээ нааш, цааш хөдөлгөх, хутга сэрээгээрээ хүн рүү зааж, даллаж, дохио өгч болохгүй. Нэг ёсондоо ширээн дээр байгаа хутга, сэрээг “битгий зовоо” гэсэн дүрмийг суралцаж байгаа хүүхдүүддээ хамгийн түрүүнд хэлж өгдөг. Түүнээс гадна ширээний ард эмэгтэйчүүд уруулаа будаж, үсээ самнаж, энгэсэг түрхэх нь үнэхээр бүдүүлэг үйлдэл. Энэ үйлдлүүдийг ариун цэврийн өрөөнд хийх ёстой. Зориулалт нь угаасаа ийм. Харин сүүлийн 10 жилд “Lipstick time” гэх шинэ нэр томьёо гарсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эмэгтэйчүүд хоолоо идэж дуусаад, ширээнийхээ ард толь хэрэглэхгүйгээр амаа гараараа халхалж байгаад уруулынхаа будгийг сэргээж болдог болсон юм. Тэгэхгүйгээр шууд олны өмнө ил задгай уруулаа будах нь үнэхээр бүдүүлэг үйлдэл шүү. Бид хоолны ширээний ард зөвхөн тухтай хооллох л ёстой. Өөр илүү, дутуу үйлдэл хийх шаардлагагүй.

-Сүүлийн үед буфет хоол их гарах болсон. Хооллох соёлтой адилхан буфет хоолны соёл, баримтлах дүрэм гэж байдаг уу?

-Мэдээж, байдаг. Бүх зүйлд дүрэм журам, соёл гэж бий. Буфет хоолны дүрэм гэж тусдаа зүйл бий. Та хоол, зууш руу хэдэн ч удаа очиж болно. Хэдэн удаа босож очсоныг тань хэн ч бүртгэхгүй. Харин нэг явалтаар тавгандаа олон юм хольж овоолох нь бүдүүлэг үйлдэл шүү. Эхлээд уух зүйлээ авна. Дараа нь ногооны салат, махан зууш, шөл, хоёрдугаар хоол гэх дараалалтай. Хамгийн сүүлд нь жимс, дессертээ авдаг. Бүх төрлөөс нэг тавган дээр овоолоод, тэрийгээ барахгүй байх нь үнэхээр бүдүүлэг, муухай дүр төрх. Зарим улсад тавган дээр их хүнс үлдээвэл хэрэглээний соёлгүй байна гээд торгодог ч тал бий. Зоог барих соёл, таксины жолоочтой харьцах соёл, дараалалд зогсох соёл, лифт, урсдаг шатаар зорчих дүрэм гээд энэ бүгд магадгүй хүмүүст жижиг зүйл мэт санагдаж болно. Гэхдээ энэ бүгдийн илрэл таны хэн бэ гэдгийг хүмүүст тодорхойлж өгч байдгийг мартаж болохгүй.

-Иргэд төрийн албаныхны харилцааны соёлд сэтгэл нэлээн дундуур байдаг. Бас их шүүмжилдэг. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?

-Төрийн албан хаагчдын харилцааны стандарт харилцан адилгүй байгаа нь үнэн. Буянт-Ухаа, Замын-Үүдийн гааль шалганы ажилтнуудтай харьцах болгондоо би халагладаг юм. Уг нь тэд Eye con­tact буюу харааны холбоо, харцны стандартаас эхлээд дуу хоолойны өнгө, биеийн хэлэмж нь хүртэл өөр түвшинд байх ёстой хүмүүс. Хамгийн гол нь тэднийг ядаж иргэдтэй хэрхэн түрүүлж, бүтэн мэндэлдэг болгох вэ. Төрийн үйлчилгээний зарим байгууллагын хүнд суртал, албан хаагчдын бүдүүлэг хандлага, харилцааны сөрөг соёл, чадвар, чадамж тааруу байгааг хөдөө хотгүй иргэд ярьдаг, шүүмжилдэг. Үүний шалтгаан нь мерит зарчим дээд, доодгүй зөрчигдөж, нам фракцынхан “нойлын ногоон тэгүүдийг” төрд шахдаг үзэгдэл юм. Цаашлаад системийн гажуудал гэж би боддог.

А.Даваадулам

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр ганцаар нь үлдээхгүй байхыг анхааруулж байна

 Энэ долоо хоногт “бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан” гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн....

img

6 цагийн өмнө

Халимагт монгол хэлт уран бүтээлчид чуулна

ОХУ-ын Халимаг улс ирэх есдүгээр сарын 24-нд улс орнуудын монгол хэлт уран бүтээлчдийг хүлээн авахаар бэлтгэж байна. Энэ бол Халимаг...

img

6 цагийн өмнө

“Нээлттэй парламент” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа

Монгол Улсын Их Хурлаас хүн төвтэй үзэл санаа бүхий нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, э...

img

7 цагийн өмнө

Монголын баг тамирчид багийн дүнгээр хүрэл медаль хүртлээ

Казахстан Улсын Шымкет хотод буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаа...

img

8 цагийн өмнө

“Нүүдэлчин” фестиваль руу автобус үнэгүй үйлчилж байна

Монгол Улсын соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн ну...

img

9 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд