мэдээ
Бороогоор айдаст автуулахаа боль. Жинхэнэ аюул ирэхэд ард түмэн дөжирчихсөн байна шүү
Б Нямаа
2025 оны 8 сарын 22

52

“Сүржигнэхээ больчих л доо” гэдэг үгийг цаг агаарын мэдээ зарладаг хүүхэн дэлгэцэнд гарч ирэх бүрд санацгаая. Дээр нь УОК-ын сүржин мэдээлэл байна. “Ингээд муусайнуудыг айдаст автуулаад гэрт нь хорьчих юм бол бидэнд амар” гэж боддог юм уу, хаашаа юм. Тэдний мэдээлэл нийгмийг айдаст автуулснаар монголчуудыг жинхэнэ дүнз болгох нь. Уг нь бол өнгөрсөн бүх цаг хугацаанд монголчууд нүүр нүдгүй цасан шуурга, долоо хоногийн гал хөсгүй үргэлжилсэн бороон дундуур явж ирсэн. Хавар, намрын гэнэтийн хүчтэй салхи шуурганд гэнэдэж осолдож хашир суусан алийг тэр гэх вэ. Тэр хэрээрээ байгалийг мэдэрдэг, шинждэг болсноороо дэлхийд том. Тэгэхээр өчигдрийн бороо бол бидний амьдралд өдөр бүр тохиолддог, тохиолдоход бэлэн байдаг байгалийн ердийн нэг үзэгдэл. Тэгсэн хэрнээ яасан их сүржигнэв. Утастай бүхнийг айдаст автууллаа. Телевизийн цаг агаар бүхэн цунами гэж мэдээллээ.
Саяны бороог бол 50-иас дээш насны хэн нь ч сүртэй хүлээж аваагүй. Аль хэр үргэлжлэхийг нь багцаалж байсан. “За өмнөөсөө урьж орлоо доо, үүлийг нь хөөсөн салхи алга, уртдаа өдөр шөнө л орох биз. Харин хуурай хөрсөн дээр цочир, ширүүн орвол үер усны аюул хэцүү шүү. Энэ бороо тийм биш байна. Зөөлөн талдаа, намирч орж байна” гэх хүмүүс дэргэд байсан. Тэднийхээр л боллоо. Гэтэл зэрэгцээд зурагт телевиз, сошиал орчинд “Үхлийн харанга, хар шуурга” аятай зар мэдээлэл зогсоо зайгүй түгэв. Монголчууд өнөөдөр сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай, стресстэй байгаа дээр энэ сүржигнэл жинхэнэ дарамт болов. Зарим нь ажлаасаа чөлөө авлаа… гээд бичиж эхлэх. Шууд л утсаа шүүрч гэр рүүгээ залган “Миний охин дугуйландаа явж болохгүй шүү, үер болох нь…” гэж харагдав. “Атар, Лүн, Эрдэнэсант руу гарах хүргэлтийн машинуудаа зогсоо, юу ч болж мэдэх нь” хэмээн дэргэд утсаар орилох.
“Яармагийн зам дээр жижиг тэрэг живэхээр үер бууж байна гэнэ, битгий тийшээ зүглээрэй” гээд сошиалд бичих… Үгүй ээ ерөөсөө энэ хотод дайн болж байгаа аятай юм болцгоов. Тэр бүгдийн ард ажил амьдрал, орлого зарлага гэдэг айхавтар эдийн засаг таг гацаж байгаа нь тэр. Энэ цусны эргэлт нэг өдөр бүү хэл, нэг минут ч зогсож болохгүй тийм цаг үе шүү дээ.
Бороо зогссоны дараа хар даа, мянга мянган жил болж ирсэн, цаашид үргэлжилсээр байх байгалийн үзэгдэл яваад л өнгөрлөө. Ард нь хий дэмий сүржигнэсэн хэдэн монгол ямар ч үр бүтээлгүй гэртээ жин, сахараа нэмээд үлдэв. Энэхүү хийрхсэн мэдээгээ хэрхэн яаж нийгэмд хүргэхээ бас мэдэх юм аа, телевизүүд. Бөгс хагас сайтай, цээж товгор, хагас нүцгэн шахуу бүсгүйг дэлгэцийн өмнө нааш цааш нь алхуулан цаг агаарын сүртэй мэдээллээ тайлбарлуулах юм. Тэр мэдээллээс “байгалийн гамшигт үзэгдэл” гэдэг үгийг тогтоож аваад, гоё хүүхэнд нь итгэчих юм. Ингээд л үсэрч босоод ойр тойрныхон руугаа утасдаж, хөдөө хот руу залгаж “Цаана чинь сүйд болох нь” хэмээн үймүүлэх. Нөгөөдүүл нь цааш бас тийм сүржнээр дамжуулна. За ингээд Монголоор нэг ЦУНАМИ болох. Одоо УОК үүнд анхаарах цаг болжээ.
Нэгдүгээрт, та бүгдийн худлаа сүржигнэл чинь айдсаар нийгмийг удирдах технологийн нэг хэлбэр болчихлоо. Энэ бол их ноцтой. Та нараас сэдэл авсан ямар ч бүлэглэл наадахыг чинь буруугаар ашиглаж болно. Нийгмийг айдаст автуулан удирддаг технологи дэлхийд цөөнгүй. Хоёрдугаарт, ард түмэн дөжрөх гэж хамгийн ноцтой асуудал бий. Сонссоор байгаад улиг болдог. Нийгмийн сэтгэл зүй “Аан ингэж сүржигнэж л байдаг юм” гэж тоомжиргүй хандаад жинхэнэ аюулын өмнө балардаг, сөнөдөг, амь нас, эд хөрөнгөө алддаг. Ийм жишээ дэлхийгээр дүүрэн. Энэ талаас нь УОК, телевизүүд анхаармаар байна, хувь хүмүүс дор бүрдээ бодмоор байна.
Байгалийн үзэгдэлд бодитой хандах боломж УОК-т байтугай энгийн иргэдэд ч өнөөдөр боломжтой болсон. Технологи ашиглаж чаддаг хүмүүсийн хувьд ухаалаг утсаараа л үүлний байршил, салхины хурд, үргэлжлэх хугацаа, цаг минут, бороо цас хаана явааг мэдэх боломжтой. Жишээ нь, эдийн засагч Н.Энхбаяр доктор бол утас, хэлний мэдлэгээ ашиглаад л цаг агаарыг энгийнээр нийгэмд тун багцаатай хүргэчихдэг. Жирийн иргэн ингэж чадаж байхад бүхэл бүтэн УОК чадалгүй яахав дээ. Сүржигнэхээсээ урьд тайван, нухацтай, энгийнээр нийгэмд мэдээлэх хэрэгтэй. Яармагийн орчимд ингэж үргэлжилнэ. Хотын төвд хүн бүр усны гутлаа өмсөөрэй… гээд мэдээлэх нь хэцүү бус шүү дээ. Төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбооноос шалтгаалах зүйл. Уулын амнууд угаасаа эрсдэлтэйг бүх хүн мэднэ. Тэнд УОК-ын ажиллагаа, анхааруулга чухал. Тэр хэсгийн айл өрхүүдэд технологийн дэвшлийг ашиглан хүргэж болно. Тэрнээс Зайсан орчимд уулын нуранги, хөрсний гулгаа болохгүй нь тодорхой шүү дээ. Гэтэл нийтэд нь хамаад, хот хөдөөгүй айдаст автуулан гэрт нь хорих арга хэрэглэх юм. Ямар энэ нийслэлд чинь онцгой дэглэм тогтоосон биш дээ. Гадны булаан эзлэгчид хотын захад ирчихсэн биш.
Саяны бороо бол байгалийн ердийн үзэгдэл шүү. Иргэдэд хувийн бэлтгэл, хувийн зохион байгуулалтдаа анхаарахыг УОК хэлэх ёстой. Усны гуталтай, бүх сүлжээ дэлгүүрийн үүдэнд байгаа гялгар цув, гялгар шүхрийг өргөнөөр ашиглахад болно. Нөгөө талаасаа харинчиг бороо ус багатай энэ зуны хувьд нийслэлд чийглэг уур амьсгал бүрдүүлсэн, шороо тоос дарсан, хуурай Монголын хувьд жинхэнэ алт болсон бороо боллоо. Нийслэлчүүд нийтээрээ айдаст автсанаас биш бүгд гараад алхамаар байсан нь тодорхой.
Тэгэхээр монголчууд минь сүржигнэх юман дээрээ л сүржигнэцгээе. Тэрнээс бидний амьдралд мөнхөд байж ирсэн цас бороо, салхи шороог айдас болгочихвол цаашид яаж амьдрах гээд байгаа хүмүүс вэ.
Б.Нямаа





Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас “Барс” захын хойно өөрийн ашиглалтын 2.3 га газарт доороо авто зогс...
2 цагийн өмнө
Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч монгол хүн байхгүй
Улсын Их хурлын дарга асан Д.Лүндээжанцантай есдүгээр сарын 2-нд болох 1945 оны Чөлөөлөх дайны 80 жилийн ойг тохиолдуулан ярилцлаа. ...
2 цагийн өмнө
Ам.долларын ханш өсөж 3615 төгрөгт хүрчээ
Долдугаар сарын эхээр ам.долларын ханш сарын сүүлээр 3615 төгрөгт буюу 2025 оны хамгийн өндөр ханшдаа хүрсэн юм. Наймдугаар сарын эх...
2 цагийн өмнө
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент “Хүн төвт” эрх зүйн бодлогынхоо хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны...
3 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р шатны хүсэлтийг 28-наас авна
Нийслэлийн цэцэрлэгийн 1-р шатны цахим бүртгэл 2025.08.04-2025.08.18-ны өдрүүдэд явагдаж дууслаа. Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

Болд
Цаг агаарын мэдээ зарладаг хүүхэн монголоор яримаар байна аа.
…Хэрлэн болоод Туул гол…..Хангай болоод Хөвсгөлийн уулсаар…. бороо болоод аадар орох …гм хэлдэгээ болиод монгол хэлний БА , Болон гм үгсээ хэрэглээрэй.