Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

М.Ганхүлэг: Удирдах зөвлөлөөс нэр орж ирээд, Бага хурал 100 хувийн саналаар дэмждэг байдал жаахан өөрчлөгдөөсэй

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 9 сарын 08

img

164

news-img

Улсын Их хурлын гишүүн М.Ганхүлэгтэй ярилцлаа.


-Таны хувьд өнгөрсөн хаврын чуулганы үеэр ямар гол ажлуудад анхаарал хандуулав?

-Ярилцлагадаа урьж оролцуулсан танай сонинд болон эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие 2024 оны УИХ-ын сонгуульд зүүн бүсийн тойргоос сонгогдсон. МАН-аас нэр дэвшиж, бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдсан анхны сонгуулиар энэ удаагийн парламентад сонгогдон гишүүн болох хувь тохиосон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэд хэдэн ажлын хэсэгт орж ажиллалаа. Миний хувьд Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн, энэ салбартаа ажиллаж байсан. Тэр утгаараа хөдөө аж ахуйн салбарын ажлын хэсгүүдэд нэлээд орж ажилласан. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн 2017 онд манай улс баталж, залуучуудын орон гэдэг НҮБ болон олон улсын байгууллагын түвшинд өөрийн гэсэн эрх зүйн орчинтой боллоо гэдэг сайшаалыг хүртэж байсан. Гэвч түүнээс хойш тодорхой үр дүнгүүд гараагүй байгааг эргэн дүгнэе гэсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг би ахалсан. ХХААХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байхдаа Шинэ хоршоо хөдөлгөөний ажлын хэсгийг хариуцаж байсан болохоор хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа дөрвөн том хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулах, Шинэ хоршоо хөдөлгөөнийг эрчимжүүлэх, санхүүжилтийг нь зогсоохгүй байх зэрэгт идэвхтэй ажилласан байна.

-Энэ удаагийн парламентын гол онцлогийг та юу гэж харж байна вэ?

-Парламент гэдэг бол бага ард түмэн. Бидэн дунд янз бүрийн боловсролтой, нас насны, янз бүрийн хүйсийн хүмүүс орж ирж, Монголын нийт ард түмэнд тулгамдаж байгаа асуудлууд дээр дуу хоолойгоо хүргэж, ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр бодитоор хэлэлцэж байж үр дүнгүүд гарна. Бид зохицуулалт хийж чадахгүй байгаа олон асуудал, нийгмийн ялгаатай байдлууд, төрийн тодорхой бодлого нүдээ олохгүй, зорилтот бүлэгтээ хүрэхгүй байгаа зэрэг олон зүйлийг мэдрэх боломж нь энэ парламентын үед бий болж байна гэж харж байгаа

Тэр утгаараа бид бүхэн энэ удаагийн парламентад хамгийн их эмэгтэй гишүүнтэй боллоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд орж ирсэн. Нийт 126 гишүүний 80 гаруй нь шинэ буюу анх удаагаа сонгогдсон хүн байна. Тийм болохоор парламентыг шинэчлэх, нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг хүргэх гэдэг агуулгаараа энэ удаагийн парламентад сайшаалтай байгаа.

-Таны хувьд том тойргоос сонгогдсон. Тийм болохоор чуулган завсарласан үед тойрогтоо ажиллах, сонгогчидтойгоо уулзах гээд ажил ундардаг байх. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Манай зүүн бүсээс сонгогдсон долоон гишүүний зургаа нь МАН-аас сонгогдсон. Ингээд бид зургаа нийлээд “Эргэх холбоо” гэдэг хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Зөвхөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаас гадна эргэх холбоотой байна гэдэг бол улстөрч хүний хувьд хамгийн том шалгуур. Олон хүн энэ тухай хэлж сануулдаг. Сонгогдчихоод алга болчихгүй байхыг захидаг. Тийм болохоор энэ үгийг санаж байхын тулд хөтөлбөрөө ингэж нэрлэсэн. Бид сонгогдсон даруйдаа бүх сумандаа ажилласан. Өнгөрсөн намрын чуулган завсарлаад бид нийтдээ 220 гаруй багт хуваагдан хүрч ажиллаж чадсан. Томсгосон тойргийн хувьд бүгдээр нь явна гэдэг хэцүү. Тэгэхээр том тойрогт илүү хүрч ажиллахын тулд нэгдэх ёстой юм байна. Гишүүдийн нэгдсэн ажлын албыг байгуулъя гээд иргэддээ байнга тайлангаа хүргэн ажиллаж байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өнгөрсөн жилийн төсөв бол сонгогчидтой очоод уулзахаар нүүр улайхаар байсан. Шинэ бүтээн байгуулалт нэгийг ч хийгээгүй. Байгаа мөнгөнийхөө ихэнхийг эрчим хүчний, дэд бүтцийн, аж үйлдвэрийн томоохон мега төслүүд рүүгээ оруулъя гэсэн. Тиймээс энэ бүхнийг ойлгуулах хэрэгтэй болсон. Түүнийгээ ч бид бүхэн амжилттай хийсэн.

-Та өөрөө хөдөө аж ахуй талын мэргэжилтэй, салбарт нь ажиллаж байсан хүн. Тэгвэл энэ жилийн хувьд зүүн бүсэд газрын гарц, тариа ногооны ургац хэр байна вэ?

-Энэ жил Монгол Улсын нийт газар нутгийн 70 гаруй хувь нь гантай, гандуу, анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Тийм ч болохоор энэ тал дээр салбар яамнаас нэлээд анхаарал хандуулан ажиллаж байх шиг байна. Харин зүүн бүсийн хувьд харьцангуй газрын гарц сайн. Сайхан зун болж өнгөрсөн. Хоёр жилийн өмнө зүүн бүс маш хүнд өвлийг даван туулсан. Сүхбаатар аймаг л гэхэд тэр зуднаар мал сүргийнхээ 70 хувийг алдсан. Хэнтий, Дорнод аймгууд ч хүнд байсан. Тэгэхээр цаашдаа илүү их хамтрах, хоршоо болох агуулга руу малчид маань нэлээд бодсон цаг үе байсан л даа. Гэхдээ зүүн бүс бол бэлчээр, тэжээл мал аж ахуйн хувьд хамгийн таатай гэж хэлж болох газар. Тиймдээ ч хавь газрын адуу зүүн бүсэд байна. Малын шилжилт хөдөлгөөн улам ихсэх хандлагатай байгаа учраас үүн дээр тодорхой зохицуулалт хийх шаардлагатай. Тийм болохоор үе шаттай арга хэмжээг аваад эхэлж байна. Бид чинь зүгээр л тойрч уулзаад сонсоод байж болохгүй. Тэндээс гарсан санал санаачилгыг ажил хэрэг болгохын төлөө явах ёстой. Тиймдээ ч зүүн бүсийн залуу уяачдаас гарсан саналын дагуу бид импортын адууг хориглох тухай УИХ-ын тогтоолыг гаргуулж чадсан. Тус тогтоолоор 10 жилийн хугацаанд гаднаас адуу болон үр оруулж ирэхийг бүрэн хориглосон. Ингэснээр хэд хэдэн давуу тал үүснэ гэж харж байгаа.

-Тухайлбал?

-Тухайн нутаг орны онцлогт тохирсон шилмэл адуун сүргийг хөгжүүлэх бололцоо бий болно. Морины уяа сойлгод дабль стандарт бий болоод эхэлсэн. Илүү мөнгөтэй хүмүүс нь хээлтүүлгийн ажлыг зохион байгуулж, энгийн хөх уяачид уралдах боломжгүй болж байна. Энэ асуудлыг мэдсээр байж дуугарахгүй яваад байж болохгүй. Нөгөө талдаа малын өвчлөл маш их байна. Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт сүүлийн жилүүдэд хангалтгүй байгаа. Гурван жил тутамд үнэлгээ гаргах ёстой ч хоёр, гурван удаагийн үнэлгээ нь гараагүй байх жишээтэй. Тэгэхээр бид энэ асуудалд шинжлэх ухаанч бусаар хандаад байгаа учраас бэлчээр, малын тоо толгой, нэгж малаас авах ашиг шимийн асуудал гээд олон зүйл бий болоод байна. Тиймээс энэ бүхнийг сууриар нь 10 жил барих нь чухал. Энэ бол бод малын хувьд бүтэн үе солигдох хугацаа гэж болно.

-Долоо хоногийн дараа намрын чуулган эхлэх гэж байна. Мэдээж ирэх оны төсөв гол асуудал байх нь дамжиггүй. Гэвч та энэ намрын чуулганаар ямар асуудал дээр анхаарч ажиллах вэ?

-Мэдээж хөдөө аж ахуйн салбарынхаа төсөв дээр нэлээд анхааралтай ажиллана. Энэ салбарт сүүлийн жилүүдэд хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг болохын тулд “Хүнсний хувьсгал”, ноос ноолуур, арьс ширээ боловсруулдаг болохын тулд “Цагаан алт”, “Атар IV” аян, эдгээр гол суур нь мал аж ахуй учраас Шинэ хоршоо гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Цаашдаа энэ хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулахын тулд хэсэг гишүүний хамтаар Хөдөө аж ахуйн суурь хууль, Хүнсний тухай хуулийг өргөн барина. Одоо бол Ерөнхийлөгч ч юм уу, эсвэл ЗГХЭГ-ын дарга нь ямар нэгэн санаачилга гаргаж байж ажил яваад байгаа юм. Гэтэл энэ бүхэн чинь бусад улсад тогтвортой байж л байдаг. Мөн миний хувьд цаашдаа хөдөө аж ахуйн банк бий болох ёстой гэж боддог. Энэ салбарт тулгуурласан ногоон зээлүүд, санхүүгийн дэмжлэгүүд байж байх ёстой. Ингэж үндсэндээ тогтолцоог нь өөрчлөх ёстой юм. Өмнөх жилүүдийнхээс нэмэгдүүлэхгүйгээр төсвийн санал орж ирж байна. Энэ нь хоёр, гурван эрсдэл дагуулна.

-Тэдгээр нь юу вэ?

-Хуучин зээл авчихсан байгаа хоршоо, аж ахуйн нэгжүүд маань төлөвлөсөн байдлаараа төлөгдөөд дуусчихна. Дахиад хоёр дахь жилийн эргэн төлөлт дээр хүүгийн татаас хэрэг болно. Тэгэхээр өмнөх жилээсээ нэмэгдүүлж явж байж шинэ үйлдвэрлэгчид орж ирэх боломж бүрдэнэ. Үүн дээр ямар зохицуулалт хийх юм гэдэг дээр нэлээд шахаж ажиллана. Улам хөгжүүлээд явах ёстой. Эхний ээлжинд 100 мянган малчнаа хоршоонд элсүүлчихлээ. Одоо 30 орчим мянга нь 50 хүртэлх сая төгрөгийн зээлээ аваад эхэлж байна. Эхний нэг жил нь төлөлтгүй, хоёр дахь жилээс төлж эхэлнэ. Эрсдэлтэй гэж байсан ч малчид маань төлөөд эхэлсэн. Зориулалтын бус зүйлүүд байгаа ч бид сайжруулаад явах хэрэгтэй. Махны экспорт нэмэгдэж, ноолуурын шат дэмжлэг сайжирч байна гээд бидний оролцоогүй яваад эхэлж байгаа. Таван жилийн дараагаас эхний үр дүнгүүд гарна.

-Та өнгөрсөн жил Залуучуудын хөгжлийн тухай хууль дээр нэлээд ажилласан байх аа?

-Тэгсэн. Энэ хуулийн ажлын хэсэгт 11 гишүүн орсон байсан. Монгол орны 15-34 насны залуучуудыг онцгойлон анхаарч үзээд асуудлуудыг нь үндсэндээ гаргаж ирж, дэмжье гэсэн агуулгатай хууль. Энэ хуулийн хүрээнд Залуучуудыг дэмжих сантай болгоё гэсэн ч татан буулгасан. Гэсэн ч явсаар бид залуучуудын яамтай, аймгууд дэргэдээ залуучуудын зөвлөлтэй болсон зэрэг сайн талууд бий. Гэхдээ яг тэдний үндсэн асуудлууд орхигдсон хэвээр байгаа. Тиймээс салбар яам байгаа учраас бүх боломж бололцоогоо дайчлаад шинэчилсэн найруулгыг нь оруулаад ирээч. Ингээд ажлын хэсгийн гишүүд түүн дээр нь ажиллаад явъя гэж байгаа. Ажлын хэсгээс таван хөтөлбөрийг 2026 оны улсын төсөвт тусгаж хэрэгжүүлээч гэсэн саналыг оруулсан. Хамгийн эхлээд боловсрол дээр 100 залууг гадагшаа сургахаас илүүтэй 1-2 багшийг авч ирээд 1000, 1000 залууг дотооддоо бэлддэг болох тухай бодож, эхний туршилтаа хийж үзье. Ер нь Боловсролын зээлийн санг Боловсролын хөгжлийн сан болговол яасан юм. Буцалтгүй зээл олгохоос илүүтэй гаднаас багш нар авч ирэх, гадны сургуулийн салбарыг байгуулах гэсэн хоёр үндсэн саналыг оруулж ирж байгаа юм. Ингэснээр дотоодын сургуулиудын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, залуучуудад зориулсан түрээсийн орон сууцны хөтөлбөр чухал байна. Оюутан болон дөнгөж ажлын байран дээр гарч байгаа залуусын хувьд амьдралын хамгийн хэцүү үетэй тулгардаг. Тиймээс эцэг эх, аль нэгэн хүнээс урьдчилгаа гуйх, тэднээс хамааралгүйгээр бие даан амьдрах боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Нөгөө талдаа орон нутагт очиж амьдрах ямар ч нөхцөл алга. Үүнийг шийдэхийн тулд Түрээсийн орон сууц хөтөлбөрийг энэ жил 65 суманд хэрэгжүүлсэн. Энэ төслийг ирэх жилээс нийт 330 суман дээр хэрэгжүүлээч ээ гэсэн саналыг өгсөн. Тиймээс энэ ажлаа төсөв хэлэлцэх үеэр нэлээд шахаж ажиллана. Мөн цагийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой саналыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд уламжилсан. Цагийн хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудаас НДШ авах хэрэггүй. Ингэх юм бол оюутнууд цагийн хөдөлмөр эрхлэх, хүмүүс давхар ажил хийх боломж бүрдэнэ. Одоо бол ямар ч ялгаагүй байна шүү дээ.

-Улс төрийн намуудын тухай хуулиар намууд Их хурлаа хийж, асуудлуудаа цэгцлэх ёстой. Зарим нэг нь ч хийгээд эхэлсэн. Харин саяхан танай намын зарим гишүүд Их хурлаа хийх шаардлагыг удирдлагууддаа хүргэж байна лээ. Ер нь танай намын Их хурлын тов гарсан уу. Та бүхэнд мэдэгдсэн зүйл байна уу?

-Хуулийн дагуу бүх нам энэ ондоо багтаж Их хурлаа хийх ёстой. Улс төрийн намууд өөрчлөгдөж, сайжраад явах ёстой гэж би хувь хүнийхээ хувьд боддог. Учир нь би 2009 онд намд элссэн. Ингээд бодохоор хэдийгээр залуу боловч улс төрийн байгууллагад ажилласан цаг хугацаа бол бусдаас нэг их дутахааргүй. Нэг хэсэг МАН үе шилжилтийг маш сайн хийж байна, 1990-ээд оныхон руу шилжлээ гээд байдаг чинь би юм шүү дээ. Тухайн үед намынхаа Улс төрийн бодлогын газрын даргаар сонгогдон, намынхаа шилжилтийн гол гол ажлуудад гар бие оролцсондоо баяртай байдаг. Тийм учраас намын Их хурал, одоогийн болох процессуудад нэлээд чих тавьж, олон нийтэд нээлттэй ил тод байдлаар зохион байгуулалтаа хийж, дотоод дахь асуудлаа илэн далангүй ярьж, өөрчлөлт рүү чиглэсэн байдлаа хадгалаасай гэсэн хүлээлттэй байгаа. Хэд хэдэн зүйлийг шахаж байна. Нэгдүгээрт, энэ удаад жагсаалтын гишүүн нэлээд орж ирсэн. Гэвч тэд маань одоогоор Бага хурлын гишүүн болж чадаагүй байгаа. Тэгэхээр Бага хурлын чадамжийн асуудлыг ярих хэрэгтэй. Хоёрдугаарт, аль болох өрсөлдөөн бий болоосой. Манайхыг гол шүүмжилдэг зүйл чинь шууд хүн томилоод Удирдах зөвлөлөөс нэр орж ирээд Бага хурал нь 100 хувийн саналаар дэмжээд явдаг гэдэг. Тиймээс энэ байдал жаахан өөрчлөгдөөсэй. Аль болох олон хүн өрсөлдөж, санаа бодлоо хэлэх боломжийг олгох хэрэгтэй. Бусад намаасаа суралцаасай гэж бодож байгаа. Ялангуяа тэр мэтгэлцээн надад их зөв санагдсан. Энэ байдлуудыг намын гишүүн, ялангуяа залуу гишүүнийхээ хувиар нэлээд шахна гэсэн бодолтой байна. Мэдээж улс төр учраас дотроо ярилцах, хэлэлцэх цаг хугацааны зүйл гарч байгааг үгүйсгэхгүй. Ямар ч байсан энэ ондоо багтаад бүх асуудал нь жигдрээд явах нь зөв. Мөн одоогийн намын дарга бол ялсан намын дарга. Улс төрийн нөхцөл байдал ийм болоод л намын даргыг нь авах тухай ярьж байгаа юм шиг боловч үндсэндээ энэ хүн өнгөрсөн сонгуульд дийлэнх олонхын саналыг буюу 68 гишүүнийг ялуулж чадсан. Тийм болохоор энэ хүн намын дүрмээрээ явах ёстой. Гэтэл бид ялалт авч ирсэн биш, ялж чадаагүй хүнээ хүртэл Ерөнхий сайд болгочихоод явж байгаа тохиолдол байна. Ингээд нарийн бодмоор, ярилцмаар зүйлүүд бий. Хувь хүнийхээ хувьд надад өмнөх үеийнхээ хүмүүстэй ямар нэгэн буруу зөрүү харилцаа байхгүй. Гэхдээ аль нэг хүн гэхээсээ илүү зарчим, намын дүрэм журам, үнэт зүйлээсээ гажихгүйгээр, намын гишүүдийнхээ нийтлэг үнэт зүйлийг хангаж, сонсож, ойлгосон байдлаар хурал хуйгаа хийгээсэй гэсэн хүлээлттэй байгаа. Үүнийгээ өөрийнхөө хэмжээнд шахна. Зарим гажуудлыг бид бий болгоод яваад байж болохгүй гэж бодож байгаагаа хэлэх нь зөв байх гэж бодож байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг дарга М.Цэрэндаш согтуурсан үедээ танхайрч, бусдыг хутгаар сийчсэн тухай мэдээлэл олон нийти...

img

2 цагийн өмнө

Тарваган тахал нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм

Монгол Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувь буюу 443.3 км квадрат талбай тарваган тахлын байгалийн гол...

img

4 цагийн өмнө

“Ulaanbaatar Music Festival 2025” задгай талбайн фестиваль болно

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, ийм өргөн цар хүрээтэй “Ulaanbaatar Music Fes...

img

4 цагийн өмнө

Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байна

Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний талаарх нөхцөл байдлын мэдээллийг эмя-д хийлээ. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгий...

img

4 цагийн өмнө

М.Лхагвагэрэл, Г.Ганхуяг, Т.Тулга нарын бөхчүүд ДАШТ-д оролцохоор Хорватыг зорилоо

2025 оны Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-21-нд Хорват Улсын Загреб хотод болох юм. Э...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд