мэдээ
Б.Лхагважав: Инфляци, мөнгөний ханшийн уналтаас болж иргэд татварын өрөнд орж байгаа нь маш харгис

Админ
2025 оны 9 сарын 15

30

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгээд бизнесийн орчны өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад иргэд маш их шүүмжлэлтэй хандаж байгаа. Бизнес эрхлэгчдийн хувьд гол тулгамдаж буй асуудал нь юу байна вэ. Нэмэлт, өөрчлөлтөд та бүхний хүссэн зүйл заалт тусгагдаж байгаа юу?
-Мэдээж, татвартай холбоотой асуудал бол чухал сэдэв. Бизнес эрхлэгчдийн төртэй харилцаж байгаа гол хуулийн нэг. Бид 1990 оноос хойш Татварын хуулийг дөрвөн удаа өөрчилж байна. Миний хувьд ч, танхим маань ч аль алинд нь идэвхтэй оролцсоор ирсэн. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ шинэ жилээр татвар, нийгмийн даатгал хоёр дээр шинээр концепци гаргана гэж тунхагласан.
Өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш тухайн үеийн Засгийн газрын бүх шатанд маш олон хэлэлцүүлэг хийсэн. Тэдгээр хэлэлцүүлэг болгонд оролцож байлаа. Харин одоо Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын үед энэ хуулийн төсөл жаахан хойшлогдсоор, гэхдээ бид энэ үеийг ашиглаад нягтруулах, сайжруулах зүйлсээ дахин харж амжсан. Одоо ингээд чуулганаар орно. Төсөв батлахын өмнө НӨАТ-ын хуультай хамт орох юм шиг байна. Бусад хууль том нөлөө үзүүлэхгүй учраас дагуулаад шууд батлагдана байх. Гэхдээ миний хувьд анхны концепци хэвээрээ байгаа.
Бид 2019 оны том өөрчлөлтийн дүн шинжилгээг бүгдээрээ хийх ёстой. Үүн дээр НӨАТ-ын хууль 2015 оноос хэрэгжсэн. Энэ бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хийгдсэн том хууль. Үүгээр том систем бий болгосон.
-Шинэ хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгаж байгаа вэ?
-Шинэ хуулиараа гааль дээр НӨАТ авах асуудлыг зогсоож байгаа. Гааль дээр гаалийн албан татвар, онцгой албан татвар, тэгээд НӨАТ авч байгаа шүү дээ. Гэтэл НӨАТ авах чинь Татварынхны хийх ажил байхгүй юу. Тиймээс одоо гааль дээр НӨАТ төлөхгүй. Гаальтай холбоотой хоёр онцгой татвараа төлчихөөд сар юмуу 2-3 сарын дараа НӨАТ-аа төлнө. Нэг ёсондоо мөнгөн суурийн нэг хэлбэр рүү орчихсон гэсэн үг. Бараа, үйлчилгээг эцсийн хэрэглэгч авах үед л нэг удаа татвар төлөгдөнө. Нэг ийм давуу талтай. Мэдээж, үүнийг УИХ харж батална байх. Хамгийн их эсэргүүцсэн нь гаалийнхан. Гэхдээ тэд гаалийнхаа ажлыг хий гэж байгаа юм. Гааль бол улсын төсөв бүрдүүлэх газар биш шүү дээ. Улсын төсөв бүрдүүлэх нь Татварын ерөнхий газрын ажил. Манай гааль дээр 1997 оноос хойш он удаан жил явсан нэг гажиг бол татварын газрын орлого бүрдүүлдэг ажлыг гааль өмнөөс нь хийчихээд, өөрсдийгөө гоё ажил хийсэн гэж үзүүлээд байдаг. Монгол Улс руу бүртгэлгүй болон хуурамч бараа, хуурамч гэрээ хэлцэлтэй бараа оруулахгүй гээд гаалийн өөрийнх нь хийдэг ажил бий. Түүнийгээ л хийх ёстой. Гэтэл гаалийн орлогын 80 хувийг нь НӨАТ бүрдүүлчихдэг учраас гааль их том ажил хийсэн харагдаад байдаг. Хоёрдугаарт, иргэнд өгөх НӨАТ-ын буцаалт 50 хүртэлх хувь руу очиж байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байх үедээ ч үүнийг хийх гэж оролдож байсан. Одоо бол өөрөө манлайлж оролцож байгаа. Мэдээж, шатлалууд байгаа. НӨАТ тэг рүү тэмүүлэх тусмаа сайн. Ерөнхий сайд Г.Занданшатарын онцолсноор бол 2027 оноос бүр 100 хувь буцааж өгье гээд байгаа шүү дээ. Ямартаа ч хоёр дахь сайн шат руугаа ингээд орчихсон. Дээрээс нь сар бүр гаргадаг НӨАТ-ын тайланг их уян хатан болгож байгаа. Аж ахуйн нэгжид ямар зовлон байсан бэ гэвэл НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч та төлж байгаа, таны мөнгийг 72 цагийн дотор дамжуулах ёстой, тэгээд сар болгон тайлан өгөх ёстой. Гэтэл энэ тайлангаа хоцрооно, орлогоо буруу бүртгэнэ. Үүнээсээ болоод манай аж ахуйн нэгжүүд өнөөдөр 560 тэрбумын НӨАТ-ын алдангид орчихсон. Энэ нь процессын алдаа. Бид одоо үүнийгээ сайжруулна. Татварын хууль, төсөвтэйгөө хамт хэлэлцэгдээд явна байх. Төсөвт хамгийн ихээр нөлөөлөх нь энэ хууль учраас. Бид энэ системээ сайжруулснаар хар зах зээл багасна. Татварын бусад орлого ч нэмэгдэнэ. Энэ тооцоо нь аяндаа дараа жилээс тодорхой болоод гараад ирнэ.
-Татварын орлого давж биелсэн. Сайн ажиллаж байгаа гээд л байдаг. Үнэндээ тэдэн нэгжээр торгоно гэсэн мөнгөн дүн л өсөөд байгаа. Энэ нь эргээд ард түмний нуруун дээр хүнд ачаа болдог. Ард түмэн гэж ерөнхийд нь хэлж байгаа ч энэ аж ахуйн нэгжид ч хамаатай зүйл шүү дээ?
-Дараагийн хууль нь мэдээж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль. Тэгээд Хувь хүний орлогын албан татварын хууль байгаа. 17 янзын татварын хууль бий. Энэ болгонд 2026 оноос өмнө нэмэлт, өөрчлөлт орно. Гэхдээ Татварын хуулинд мөнгөн дүн тавих нь буруу жишиг юм. Одоо зургаан тэрбумтай аж ахуйн нэгж нь дээшээ өндөр татвар төлнө гэж байна шүү дээ. Гэтэл зургаан тэрбумын ханш нь хоёр жилийн өмнөхөөс гурав дахин уначихсан. Инфляци, мөнгөний ханшийн уналтаас болж хүн татварын өрөнд орно гэдэг маш харгис. Энэ бол зүгээр л дээрэм. Мөнгөний ханш унасны төлөө илүү татвар төлнө гэдэг бол дээрэм, үүнийг өөрөөр юу гэж хэлэх вэ. Хоёрдугаарт, ногдол ашгаас хувь хүний орлогын албан татвар авдгийг зогсоомоор байгаа. Яагаад гэвэл, НӨАТ хүн цалин дээрээсээ бүх татвараа өгчихөөд, анхны үйлчилгээ авахдаа өгдөг маш хүнд татвар байхгүй юу. Иймэрхүү концепцийн ажлууд бол хийгдсээр яваа. Төр торгохдоо мөнгөн нэгж тавьчихаад тэрийг тэдээр үржүүлнэ гэдэг. Гэхдээ энэ нь инфляци, цалингийн доод хэмжээтэй уяатай байдаг л даа. Цалингийн доод хэмжээ нэмэгдэхээр торгуулийн санкциуд өсөөд явчихдаг юм. Гэхдээ төр торгуулийн алданги дээрээ ийм коэффициент хэрэглээд болоод байдаг. Тэгсэн мөртлөө төр өөрийнхөө өгөх ёстой үүрэгт алданги тооцдоггүй. Жишээлбэл, тендерийн мөнгийг удаасныхаа төлөө компанид мөнгө төлдөггүй. Тухайлбал, манай Эмийн холбоо гурван жил болчихоод байхад 200 гаруй тэрбум төгрөгийн авлагаа авч чадахгүй явж байна. Алданги тооцох ёстой шүү дээ. Тийм учраас би энэ асуудалтай уялдуулаад үүн дээрээ томьёо оруулаач гэдэг саналыг тавьж байгаа юм. Яах вэ, хоёр жилд нэг удаа өөрчлөөд явж болно. Манай Сангийн яамныхан жаахан “шил нь татна” байх. Гэхдээ хийе гэвэл болох л зүйл байхгүй юу.
-Та мөн Татварын шүүхтэй болмоор байна гэдэг санал гаргаж байсан?
-Шүүх засаглал Үндсэн хуулийн институт. Та тийшээ халдаж байна гээд зарим нь жаахан жийрхээд байгаа л даа. Гэтэл тийм биш байхгүй юу. Монгол Улс 30 гаруй жил чөлөөт зах зээлд явлаа. Үүнийхээ алдаа, оноог бид шударга шүүгчээр шүүлгэх Үндсэн хуулийн эрхтэй. Шударга шүүгч гэж манай Үндсэн хуулинд байгаа шүү. Шударга шүүгч гэж хэнийг хэлэх вэ. Тэр шүүгчийн хэрэглэж байгаа хууль нь шударга байх ёстой. Коммунист хуультай байж болохгүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр, шүүж байгаа шүүгч маань өөрөө тэрийгээ эзэмшсэн байх ёстой. Жишээ нь, одоо татварын хэргийн маргааныг Захиргааны хэргийн шүүх шүүж байгаа. Татварын шүүх байгуулж чаддаггүй юм гэхэд өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд татварын хэрэг шүүж байгаа шүүгч доод тал нь эдийн засаг, санхүүгийн магистр цолтой хүн байх ёстой. Мөн ийм төрлийн хэрэг боогоод сууж байгаа хүн ч ялгаагүй шүү дээ. Нөгөө талдаа ч 463 прокурорын 63 нь эдийн засгийн хэрэг дээр байгаа. Тэд ч ялгаагүй, ядаж макро, микро эдийн засгийн 10 кредит цаг авсан байх ёстой. Шударга шүүгчээр шударга шүүлгэнэ гэж би үүнийг хэлээд байгаа юм. Өнөөдөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч энэ талын ямар ч ойлголтгүй, шинжээчийн дүгнэлтээр л явдаг, нөгөө шинжээч нь хаана явдаг, хэн ч юм. Гэтэл өнөөдөр тэр шинжээчийн дүгнэлтээр л палхийтэл шийдвэр гаргаад явж байна. Хамгийн наад захын жишээ нь үл хөдлөх хөрөнгийнхөн одоо 10 их наядын барилга зардаг болжээ. Хоёр их наядыг нь албан ёсны зуучлагч компаниудаар хийлгэж байна. Найман их наяд нь компани хооронд явж байна. Гэтэл үүн дээр ямар асуудал гарч байна вэ гэвэл өнөөдөр хэрэглэгчээс баахан мөнгөний урьдчилгаа авчихаад хоёр жилийн дараа байрныхаа үнийг өсгөж өгнө, өндөр үнээр авахгүй бол гэрээгээ цуцална гэдэг. Хүний мөнгийг урьдчилан аваад ямар ч хүүгүй хэрэглэчихээд дараа нь ингэж авирлах чинь луйврын аюултай хэрэг шүү дээ. Гэтэл өнөөдөр ийм хэргийг Иргэний хуульд байдаг франчайзингийн хоёрхон заалтаар шийддэг. Тэр ч байтугай нэг төстэй хэрэг дээр нийслэлийн гурван өөр дүүрэг дээр гурван өөр янзын шийдвэр гарч байгаа юм. Үүнийг устгах ёстой. Өнөөдөр шүүх, хүчний байгууллагын албан хаагчид эдийн засгийн хэрэг дээр ажиллахдаа эрх зүйн хэдэн цээжилсэн аксиомоороо бизнесийн ертөнцийг бүх шатанд нь дарамталж байгаа. Гэхдээ бид шударга орчин хүсэж байгаа шигээ бизнесээ шударга хийх ёстой. Би МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн хувьд хар бизнесийг хэзээ ч дэмжихгүй шүү. Авлига, мафитай холбоотой зүйлийг ярих ч үгүй.
-Танхимын ерөнхийлөгч гэснээс саяхан Солонгос, Монголын бизнес эрхлэгчдийн форум болсон. Солонгосын бизнес эрхлэгчид манай улсад ямар хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг юм бол. Солонгосууд нутаг нэгтнийхээ буудалд буугаад, солонгос хоолоо идээд л буцдаг. CU-ээс өөр ямар хөрөнгө оруулалт байгаа юм бэ гэж зарим нь шүүмжилдэг?
-Солонгост Монголын 30-40 мянган иргэн амьдарч байна. Тэд тэндээс маш их үйлчилгээний соёл оруулж ирснийг үгүйсгэж болохгүй. Тэдний нэг нь CU-ийн сүлжээ. Нөгөөтэйгүүр, бидний арчаа муутайнх. Өнөөдөр булангийн бүх дэлгүүрээ CU-д алдчихсан. Бусдын бизнесийг муулж байгаа юм биш шүү. Сүлжээний дэлгүүрийг аль ч улс хяналтандаа байлгадаг. Гадаадын хөрөнгө оруулагчдад зах зээлийнхээ тодорхой хувийг өгөөд үлдсэнд нь өөрсдийнхөө сүлжээг байгуулж явдаг юм. Ялангуяа Зүүн Европын улсууд үүн дээр их алдаж байсан. Жишээлбэл, Варшав хот гэхэд хоёр сая ам.долларын хахууль авч байгаад л барууны дэлгүүрийн сүлжээг барьж байсан нь дараа нь илэрсэн шүү дээ. Тэгээд булангийн дэлгүүрүүддээ хөрөнгө оруулалт хийгээд Польшийнхоо “Мэлхий” сүлжээг хөл дээр нь босгосон. Худалдааны эргэлтийг хэн хянах вэ гэдэг чинь цаанаа их нарийн зүйл шүү дээ. Манайх энэ ТҮЦ, найман нэрийн барааны дэлгүүрүүддээ хөрөнгө оруулаагүй, эргэлтийн хөрөнгийг нь санхүүжүүлж чадаагүй байх хооронд тэд ирээд орсон. Булангийн дэлгүүрүүдээ алдахад тэр улс тусгаар тогтнолоо алдаж байдаг. Үүнийг өнөөдөр манай удирдлагууд харж чадахгүй байгаа. Ядаж нэг сая ам.доллараар эрхийг нь өгч байна уу. Зүүн Европынхон үүн дээр эхлээд алдаж байж, дараа нь хэдэн зуун сая ам.доллар зарцуулж байж булангийн дэлгүүрүүдээ буцааж олж авсан юм. Одоо энэ процесс манайд идэвхтэй явж байна. Хөөрхий, 20 жил болсон ТҮЦ-ээ л бярдаж буулгаад байгаа. Ний нуугүй хэлэхэд, тэнд хөрөнгө оруулалт хийгээд, менежментийг нь сайжруулчихвал адилхан л бизнес шүү дээ. Өнөөдөр малчдыг ч яг энэ аргаар “зайлуулж” байгаа. Угтаа мал аж ахуй бол хөрөнгө оруулалтаа хүлээж буй дараагийн “Оюу толгой” юм. Үүн дээр бид өөрсдөө ухаантай ажиллаж, жижиг, том гэхгүй аль ч бизнесийн мөнгөний урсгалаа монголчууд өөрсдөө мэддэг болох хэрэгтэй. Мэдээж тодорхой хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалт байх нь жам ёсны зүйл. Хэрээс хэтэрч болохгүй, зэрэгцээд монголчуудын бизнес явж байх ёстой.
-Нөгөө талд нь монголчууд солонгос хэлтэй. Бараг айл болгоноос нэг хүн тэнд ажиллаж амьдардаг. Үйлчилгээний соёл, энэ тэр гээд тэндээс сурч ирсэн зүйл их. Тиймээс худалдаа, үйлчилгээний салбар төдийхөнд биш, томоохон хөрөнгө оруулалтаар өөр салбарт хамтарч ажиллаж яагаад болдоггүй юм бэ гэдэг санал бас гардаг юм билээ?
-Ковидын өмнөх, хойдох эдийн засаг шал өөр болсон шүү. Трампын өмнөх, хойдох эдийн засаг их өөр болчихсон. Трампын шок чинь эдийн засгийн түүхэнд үлдэнэ л дээ. Төв Азийн таван улс үүцээ нээж байна, одоо. Тэнд япон, солонгосууд хөрөнгө оруулалт хийж байна. Зүүн хойд Ази ч эдийн засгийн интеграцичлалд орж байгаа юм. Энэ хоёрын голд нь Монгол Улс байгаа. Өнөөдөр Зүүн хойд Ази болон Төв Азийн эдийн засгийн эргэлт эрчимтэй болоход юу саад болж байна вэ. Монгол шүү дээ. Манай улсын юу нь саад болоод байгаа юм бэ гэвэл дэд бүтэц, эрчим хүч, усан хангамж байхгүй. Бид өнөөдөр байхгүйгээр дүүрээд энэ хоёр том интеграци, эргэлтэд чөдөр болчихоод байгаа юм. Тийм учраас энэ улсууд манайд “хайртай”-даа ирээд байгаа юм биш. Эсвэл бидэнд кимчи зарах гээд ч байгаа юм биш. Та нар хурдан дэд бүтцээ хийгээч, босоо, хөндлөн тэнхлэгийн төмөр замаа тавиач. Эрчим хүчний хангамжтай болооч. Хамтдаа хөгжмөөр байна гээд л байгаа юм. Ер нь бид аливаа зүйлд мэргэжлийн хандмаар байна л гэсэн үг.
Г.ГАНЧИМЭГ





ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын даг...
8 цагийн дараа
Mөнгөний нийлүүлэлт 44.3 их наяд төгрөгт хүрчээ
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 8 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 44.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 (6....
7 цагийн дараа
“Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэлжээ
“Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кино театруудаар үзэгчдийн хүртээл б...
7 цагийн дараа
АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр цахимжуулсан эртний ном судрууд таван сая хүнд хүрчээ
Өнгөрсөн баасан гаригт Үндэсний төв номын санд “Төвөд хэлт ном судрыг катлогижуулан цахимжуулах төсөл”-ийн хаалтын үйл ажиллагаа бол...
7 цагийн дараа
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны есдүгээр сарын 15-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Есдүгээр сарын 17-21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдө...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд