Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Б.Жаргалан: АТГ нь өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл болтлоо тогтолцооны гажуудал бий болсныг засах ёстой

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 9 сарын 17

img

40

news-img

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Намрын чуулган эхэлж байна. Намрын чуулганаар мэдээж ирэх оны төсвийг хэлэлцэн батлах ёстой. Ирэх оны төсвийг харахад юуг илүү анхаарах шаардлагатай гэж та дүгнэж байна вэ?

-2026 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг өнгөрсөн зургадугаар сард байгуулагдсан шинэ Засгийн газар өргөн барьсан нь энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгийн онцлог юм. Г.Занданшатарын Засгийн газар сонгуулийн үр дүнгээр бус өмнөх Засгийн газар огцорсны улмаас байгуулагдсан. Тиймээс шинэ Ерөнхий сайдын хувьд Засгийн газрынхаа хөгжлийн бодлого, алсын хараа, манлайллаа төсвийн төсөлдөө суулгаж, нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх нь чухал байв. Гэвч өргөн баригдсан төсвийн төслөөс Г.Занданшатар сайдын улс төрийн манлайлал буюу бодлогын өнцөг төдийлөн харагдахгүй байна. Өмнөх Засгийн газар сайн ажиллаж чадаагүй учраас огцорсон тул шинэ Засгийн газар ямар нэгэн ялгаралтай байх ёстой биз дээ. Эс бөгөөс Доржийг Дондогоор солиод яах юм бэ. Харин хэлбэр талаасаа шинэ Ерөнхий сайд хангалттай попорлоо. Засгийн газар төсвийн төсөлд иргэдээс нэр төдий санал авах гэж бүтэн сарын кампанит ажил өрнүүлэв. Уг нь төсвийн төслийг боловсруулах нь хуулийн маш нарийвчилсан зохицуулалттай, нарийн хуваарьтай ажил. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө иргэдийн саналыг авдаг.

Төсвийн цаглабарын хувьд энэ нь хамгийн эхэнд хийгддэг ажил буюу гуравдугаар сараас эхэлж явдаг. Гэтэл анхан, дунд шатны засаг захиргааны байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагч нарын шат дамжлагыг даваад Сангийн яаманд ирсэн байхад иргэдийн саналыг авч тусгана гэж хөөрцөглөх бол ердөө популизм юм.

-Нөгөөтэйгүүр манай улс төрчид тэр дундаа эрх баригч намаас гарч ирсэн гишүүд, сайд нар нийгмийн сүлжээнд тавигдсан мэдээлэл, шүүмжлэлээр ажлаа хийдэг, дүгнэдэг байдал газар авлаа. Үүнийг та хувьдаа юу гэж харж байна вэ?

-Яг тийм. Сошиалаар ажлаа хийхээ хэзээ болих вэ гэдгийг байнга хэлдэг. Сайд, дарга нар нь сүртэй постер, видео хийж, дарагдсан лайкын тоог ажлын үр дүнгээ гэж ойлгох болсон. Гэтэл цаана нь бодит ажил хүлээгдэж байдаг.

Энэ дүр зураг шинэ Засгийн газрын хувьд ч яг л хэвээрээ байна. Агуулгын хувьд ч тэр, хэлбэрийн хувьд ч тэр, орчин цагийн манлайлал дутаж байна уу гэлтэй. Өмнөх Ерөнхий сайд мега төсөл ярьсаар буусан бол шинэ Ерөнхий сайд Хүний хөгжил гэдэг мега төсөл хэрэгжүүлнэ гэж зарлаж байх жишээтэй. Засгийн газар хүний хөгжилд, тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбарт нэн тэргүүнд анхаарч ажиллах нь зүй ёсны асуудал байтал бодлогын тодорхой шийдэл санал болгохгүйгээр ингэж хийсвэрээр тунхаглах нь өрөөсгөл санагдаж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн дагаж биш, дагуулж явах ёстой, хүнд шийдвэр гаргах чадвартай байх ёстой гэж боддог.

-Алдагдалгүй төсөв батлаач ээ л гээд байгаа. Энэ удаагийнх бас алдагдалтай төсөв орж ирсэн харагдсан. Таны хувьд төсөв алдагдалтай батлах нь эдийн засагт ямар нөлөө үзүүлнэ гэж боддог вэ?

-Төсвийн алдагдал нэмэгдэнэ гэдэг бол Монгол Улсын өр нэмэгдэнэ ээ гэсэн үг. 2016 онд Монгол Улсын Засгийн газрын өр 22.3 их наяд төгрөг байсан бол 2024 онд энэ тоо 33.4 их наяд болж өсчээ. Ирэх жилийн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай орж ирж байна гэхээр манай улсын өр төдий чинээ нэмэгдэх нь байна. МАН-аас томилогдсон үе үеийн Сангийн сайд нар “Бид чухам Ардчилсан намынхны тавьсан өрийг төлөөд байна” гэж уйлан дуулдаг. Гэтэл бодит байдал дээр өнгөрсөн найман жилийн хугацаанд Засгийн газрын өр даруй 11 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Нэг ч төгрөг эргэж төлөгдөөгүй. Уг нь өнгөрсөн 8-9 жилийн хугацаа бол гадаад зах зээлийн хувьд маш таатай, нүүрс, зэсийн үнэ өсөлттэй цаг хугацаа байлаа шүү дээ. Зах зээлийн таатай мөчлөгийг ашиглан улс орны хөгжлийг хурдасгах, макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ ахиулах алтан боломж байлаа. Даанч чадсангүй. Сонгуулийн 2-3 цикль гэдэг бол маш урт хугацаа. Оновчтой бодлого, шийдвэр гаргаж ажиллаж чадах юм бол улс орныг хөл дээр нь босгох, эс чадваас улс орныг сөхрүүлэх цаг хугацаа байдаг юм байна. Эрх баригчдын бодлого ерөөсөө болохгүй байгаа учраас, Монгол Улс авлигад живж байгаа учраас, монголчуудын мөрөөдөл, ирээдүйд итгэх итгэл өдөр ирэх тусам замхарч байгаа учраас залуус бухимдаад байна шүү дээ. Монгол Улсын төсвийн бодлого эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ гэхээс илүүтэй төсвийн зарлагын хэдэн хувь энэ авлигажсан тогтолцоог санхүүжүүлж байна вэ гэдэг асуулт зохимжтой санагдах боллоо. Хэрэв үнэхээр хөгжлийн бодлогод хөрөнгө оруулалт хийе гэвэл төсвөө алдагдалтайгаар батлаад, нэмж мөнгө босгоод ажиллаж болно. Гэтэл төсвийн мөнгө ирээдүйг бус, хөгжлийг бус, харин авлигыг, шударга бус байдлыг санхүүжүүлж байна. Нийгэм нэг тэсрэхээрээ айхтар тэсэрдэг юм байна гэдгийг Непал улсад болж буй үйл явдал харуулж байх шиг. Тиймээс Улсын Их Хурал энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэгт маш хариуцлагатай хандаж, Засгийн газрыг шахаж ажиллах үүрэгтэй гэж харж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газар байгуулагдах үед тодорхой бодлогын шаардлагуудыг хүргүүлсэн байгаа, тэдгээрийг мөн шаардаж ажиллах болно.

-Г.Занданшатарын Засгийн газрын хувьд анхны төсвөө өргөн барих цаг хугацаа нь Засгийн газрын 100 хоногтой давхцаж байна. Засгийн газрын 100 хоногийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Шинэ Ерөнхий сайдын үйл ажиллагаанаас бодлогын манлайлал, эрс шийдэмгий шинэчлэл хийх эр зориг харагдахгүй байгааг өмнө хэлсэн. Хувь хүний хувьд бэлтгэл муутай байсан уу, эсвэл голлох яамдын сайд нараа өөрчилж чадаагүйн улмаас дорвитой өөрчлөлт хийж чадахгүй байна уу, ямар ч байсан өнгөрсөн хавар Сүхбаатарын талбайд жагссан залуус, УИХ-ын танхимд үг хэлсэн гишүүд, нийт иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байх шиг.

-НӨАТ-ын асуудлыг Ерөнхий сайд нэлээд олзуурхаж ярьж байна лээ. Таны хувьд НӨАТ-ын буцаан олголт ер нь НӨАТ-ыг системийн хувьд ямар бодлогоор чиглүүлэх ёстой гэж үздэг вэ?

-Засгийн газраас өргөн барьсан төсөлд НӨАТ-ын буцаан олголтыг нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад таван хувь, түүнээс дээш худалдан авалтад хоёр хувь буюу хуучнаар нь байлгах зохицуулалт тусгагдсан байна. Ингэснээр иргэдэд очих буцаан авалтын хэмжээ 375 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо хийсэн байна лээ. Тэгсэн атлаа 2026 оны төсвийн орлогыг тооцоолохдоо НӨАТ-аас орж ирэх орлогыг долоон их наяд төгрөг гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл, санал болгож байгаа өөрчлөлт нь нийт татварын дарамтыг бууруулах гэхээс илүү мөн л хэлбэр төдий жижиг засвар байгаа юм. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн мэдэрч байгаа татвар, төрийн дарамтыг бууруулахын тулд шийдэмгий шинэчлэл хийх ёстой болохоос биш цонхны цаанаас чихэр долоолгох маягаар аргацааж болохгүй л дээ. Ирэх жил иргэд, аж ахуйн нэгжүүдээсээ нийт 29.7 их наяд төгрөгийн татвар хураан авах гэж байж 375 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг татварын шинэчлэл гэж сурталдаж ч болохгүй. Энэ чинь нийт татварын орлогын ердөө ганцхан хувьтай тэнцэнэ. Саяхан татварын газраас мэдээлэл авахад 2024 оны байдлаар татварын байгууллагад нийт 53 мянган аж ахуйн нэгж хуримтлагдсан өр төлбөртэй, өр төлбөрийн хэмжээ нь 3.5 их наяд төгрөгт хүрсэн буюу 2023 оны дүнгээс даруй гурав дахин нэмэгдсэн байдалтай байгаа юм. Аж ахуйн нэгжүүд татвараа төлж чадахгүй түвшинд хүрчээ гэсэн үг. Хувийн хэвшлээ бүрмөсөн сөхрүүлчихгүйн тулд татварын бодлогын шинэчлэлээс гадна төгрөгийн ханш, инфляцийн түвшинг тогтвортой байлгах макро эдийн засгийн бодлого, төрийн өмчит компаниудын хувьчлал, засаглалын бодлого, хамгийн гол нь бүх шатанд авлигатай тэмцэх улс төрийн зориг үгүйлэгдэж байна. Чөлөөт, өрсөлдөөнт зах зээлийн орчинд л бизнесүүд цэцэглэдэг, ажлын байр бий болдог, өрсөлдөх чадвар нэмэгддэг. Гэтэл манай улсад чөлөөт өрсөлдөөн хэдийнэ үгүй болжээ. Шалтгаан нь ердөө авлига, улс төрийн клиентелизм. Авлигатай тэмцэх газар нь өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл болтлоо тогтолцооны гажуудал бий болсныг засах ёстой.

-Шаталсан татварын систем Монголд тохирохгүй байна, эсвэл бодлогын алдаатай байна гэдэг зүйлийг судлаачид хэлж байна. Таны хувьд уг асуудалд ямар байр суурьтай байдаг вэ. Цаашид татварын системийг хэрхэн өөрчлөх, ард түмэн, бизнесийн орчныг бодитой дэмжихэд чиглэсэн байдал руу яаж орох ёстой вэ?

-Ардчилсан намын хувьд үеийн үед flat tax буюу шатлалгүй татварын бодлогыг дэмжиж ирсэн байдаг. Анх 2000-аад онд дөрвөн 10-ын бодлого буюу ХАОАТ, ААНОАТ, НӨАТ болон НДШ-ийг 10 хувь болгох санаачилгыг дэвшүүлж байлаа. Татварын дарамтыг бууруулах буюу бүх төрлийн татвар, хураамжийг аль болох нам дор байлгах бодлого нь Ардчилсан намын үндсэн үзэл санаа, үзэл баримтлалын гол цөм юм. Бизнесийг дэмжихэд элдэв янзын ялгаварлалтай салбарын бодлого, эсвэл хөнгөлөлттэй зээл тусламж гэхээс илүү маш ойлгомжтой, тодорхой, тогтвортой татварын бодлого чухал гэж үздэг. Харин Монгол ардын нам бол татвар нэмэхгүй гэж сонгуулиар амлаж амлачихаад ялаад гараад ирмэгцээ хамгийн түрүүнд татвар нэмдэг муу зуршилтай. 2016 онд ийм зүйл тохиолдсон, 2020 онд ийм зүйл тохиолдсон. Энэ удаад ч гэсэн ялгаа алга. Хамгийн гол нь сонгуулиар хариуцлага хүлээхгүй байгаа учраас ёстой жинхэнэ даам гарна гэдэг шиг юм болоод байна л даа. Татварын тогтолцооны хувьд төлөх татварын хувь хэмжээнээс гадна тогтолцоо нь өөрөө маш ойлгомжтой, тайлагнахад хялбар, хүнд суртал багатай байх нь бизнесийн орчныг дэмжихэд чухал нөлөөтэй.

-АН-ын хувьд саяхан шинэ даргатай боллоо. Улс төрийн хүрээнд АН улс төрийн шинэ жишиг тогтоолоо гэж ам сайтай байна. Таны хувьд шинэ дарга цаашид юун дээр битгий алдаасай гэж бодож байна вэ?

-Ардчилсан нам Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хороо, намын Их хурлаа хуралдуулж шинэ даргаа сонгохын сацуу намын Үндсэн дүрэм, хөтөлбөрөө Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн баталлаа. О.Цогтгэрэл дарга 63 хувийн саналаар намын гишүүдийнхээ итгэлийг хүлээж, улс төрийн манлайллаа харууллаа. Энэ дашрамд би Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчлэлийг онцолмоор байна. Улс төрийн намууд ил тод, нээлттэй байх нь, намынхаа дотоод ардчиллыг бэхжүүлэх нь ардчиллын бас нэгэн чухал шалгуур юм. Тийм ч учраас Ардчилсан намын хувьд он гарснаас хойш намын Үндсэн дүрмийг шинэчлэх ажлын хэсэг байгуулан ажилласан. Энэ удаагийн намын их хурлаар Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталж чадсан нь О.Цогтгэрэл даргын хувьд луужин болох учиртай. Шинэ дүрмийн үзэл санаа нь намынхаа нийт гишүүд, дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэх, анхан, дунд шатны намын байгууллагыг бэхжүүлэх, бүх шатанд хамтын удирдлага бүхий шийдвэр гаргах механизмыг бүрдүүлэх, эмэгтэйчүүд, залуусын оролцоог баталгаажуулахад чиглэсэн. Ардчилсан намын шинэ удирдлага намынхаа дотоод ардчиллыг бэхжүүлэхэд анхаарахаас гадна нийгмийн хүлээлтийг маш сайн мэдэрч, Ардчилсан намын нийгмийн өмнө хүлээдэг үүрэг хариуцлагыг биелүүлж ажиллах ёстой гэж бодож байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ

Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Са...

img

8 цагийн дараа

ЗГ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 17-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаан...

img

7 цагийн дараа

Ч.Отгочулуу: Хууль хяналтын тогтолцоо дарангуйлагчдын гар хөл хэвээр байна

Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуутай түүний орчуулсан ном болоод “Хөгжлийн банкны 80”-ын гэх хэргийн талаар ярилцлаа. -Хөгжлий...

img

7 цагийн дараа

“Халзан бүрэгтэйн” ордын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Эдийн засгийн байнгын хороотой хамтран өнөөдөр (2025.09.17) хуралд...

img

7 цагийн дараа

О.Анхбаяр: Гэмт хэргийг хаана, хэн үйлдсэн, ямар үр дагавартайг олон нийтэд мэдээлэх хэрэгтэй

 Хуульч, өмгөөлөгч О.Анхбаяртай ярилцлаа. -Гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нууцыг задруулбал хүлээлгэдэг ял шийтгэл нь ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд