Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

М.Саруул-Эрдэнэ: Номын баяраар “Өдрийн сонин”-ыхоо асарт хоёр шинэ бүтээл болон өмнө нь хэвлүүлж байсан номуудаа дэлгэн сууна

trend

Админ

img

2025 оны 9 сарын 18

img

23

news-img

АНУ-ын Конгрессын номын сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор “Өдрийн сонин”-ы АНУ-ын Вашингтонг дахь тусгай сурвалжлагч, орчуулагч М.Саруул-Эрдэнэтэй ярилцлаа.Тэрбээр “хөтөлгөө морь шиг” хоёр шинэ номтой эх орондоо буужээ. Эхнийх нь Ларсон гүний намтар, удаах нь монголчуудын Хар Дорж хэмээн нэрлэсэн Кара Дьёрдь хэмээх алдартай монгол судлаачийн хууч ярианаас сэдэвлэсэн бүтээл юм байна.


-Та хэзээ Монголдоо ирэв ээ. Эх орондоо амрахаар ирэв үү. Эсвэл ажлаа хийж явна уу?

-Туркийн Истанбул хотод монгол хэл шинжлэлийн хуралд оролцож итгэл тавьчихаад энэ сарын 12-нд ирлээ.

Энэ удаад Конгрессын номын сангийн сан хөмрөгийг монгол номоор баяжуулах ажлаар явна. Конгрессын номын санд номоо яаж өгөх вэ, хэнтэй уулзах вэ, ном хандивлах гэсэн юм гэж хүмүүс их асуудаг. МУБИС-ийн номын санг тэрхүү хандивлаж байгаа номыг албан ёсоор хүлээж авдаг болгож байгаа юм. Номын санч, каталогич нартаа зориулж гарын авлага бэлдсэн.

Би гурван жил ирж хичээл заасан, түүнийгээ гарын авлага болгож хэвлүүллээ. Гол ажил маань энэ. Тэгээд нэгэнт ирсэн юм чинь хэл шинжлэл, угсаатны зүйн хуралд илтгэл тавих зэргээр ажилтай л байна.

-Конгрессын номын санд анх таныг очиход монгол номын баяжилт хэр байв. Очсоноосоо хойш ямар өнгө төрхтэй болгов. Ер нь манай номнууд тэнд хэр байдаг юм бол?

-Одоо 14-15 мянган монгол номтой болж байгаа. Конгрессын номын сан албан ёсоор 1993 оноос хойш Монголоос ном авч эхэлсэн юм. Түүнээс өмнөх номууд бий л дээ. Тэдгээр номыг албан ёсоор биш Оросоор дамжуулан авсан юм билээ. Социализмын үед манайхаас ном авах боломжгүй байсан шүү дээ. Тийм учраас Оросоос ном авдаг компаниар дамжуулаад Орост гарсан ганц, хоёр, ер нь цөөхөн ном авч байсан юм билээ. Тэгээд 1993 оноос хойш гол, чухал номуудыг авдаг болсон. Номын баяжилтын хувьд бол ном аваад байгаа. Хамгийн чухал нэг асуудал нь би яагаад тэнд номын санчаар орсон бэ гэвэл монгол номын каталоги хийхгүй бол тэр чинь нэмэргүй шүү дээ. Каталоги хийхгүй л бол тэдгээр ном эргэлтэд орж уншигдахгүй, хэн ч мэдэхгүй. Намайг очихоос өмнө монгол номыг яадаг байсан бэ гэвэл Энэтхэгийн Шинэ Дели дэх салбарт Дорж гэдэг төвөд хэлтэй дээд монгол хүн юм шиг байна билээ, тэр хүн каталоги хийж явуулдаг байж. Тэр хүн гэнэт өнгөрснөөс хойш монгол номын каталоги хийдэг хүнгүй болжээ. Тэгээд би нэг хэсэг сайн дураараа каталоги хийж өгч тусалдаг байлаа. Сүүлдээ ажилтан нь болсон. Сан хөмрөгийн хувьд ном авдгаараа авч, баяжуулалтаа хийдэг л байсан. Гол нь каталоги хийх хүнгүй болчихсон байсан юм билээ. Тийм учраас би тийшээгээ орж ажиллахаар шийдэж, багшийнхаа ажлыг өгсөн дөө.

-Тэнд байгаа номонд энд байдаггүй ховор, сонирхолтой ном байдаг уу?

-Бий. Их олон ном байгаа шүү. Манай номын санд анх намайг очиход 81 ховор, хуучны ном судар байсан юм. Тэр нь АНУ-ын алдартай дипломатч Уиллим Вудвилл Рокхилл/1854-1914/-той холбоотой. Тэрээр Бээжинд Элчин сайдаар сууж байхдаа төвөд, монгол хэл сонирхдог, ном судар цуглуулдаг хүн байсан. Тэрхүү цуглуулгаа Конгрессын номын санд хандивлажээ. Түүнээс үүсэлтэй хуучны ном судар анх намайг ажилд орж байхад 81 ширхэг байснаа сүүлд 200 орчмоор нэмэгдсэн. Тэдгээр номыг Холландын Хаагийн хуучин ном цуглуулдаг хүнээс авсан юм. Ховор ном, хуучны судраас гадна манай улсын номын санд байхгүй1900-гаад оны эхээр гарч байсан сонин сэтгүүлүүд тэнд байна. Хамгийн анхны гарч байсан “Монголын сонин бичиг”-ийн нэлээд хэдэн дугаар хадгалагдаж байдаг юм. Харин манай энд ихэнх дугаар нь байхгүй шүү дээ. Тэгээд “Монгол Төвөдийн 10 хоног”-ийн сэтгүүл, “Монгол үгийн бодрол бичиг” гээд одоо олдохоо байсан, тухайн үедээ монгол бичгээр гарч байсан ховор дугаарууд байна. Хамгийн чухал сонин зүйл гэвэл хэвлэмэл материалаас гадна хувь хүмүүсийн гар бичмэл, хувийн архивыг үр ач нар нь Конгрессын номын санд өгчихдөг юм. Түүн дотроос маш сонирхолтой зүйлс гарч ирдэг. Ганцхан жишээ хэлэхэд, би Дилав хутагтын захидлуудыг ном болгож хэвлүүлсэн. Дилав хутагтын эхлээд Монголоос бичиж байсан, дараа нь Америкт очсон хойноо бичиж байсан тэр захидлууд уг эхээрээ Конгрессын номын санд бий. Би одоо дахиад нэг ном гаргаж байгаа. Ларсон гүний бичээд хэвлүүлж чадаагүй номыг хувийн архиваас нь авч, гаргаж байгаа юм. Монголын түүхтэй илүү холбоотой, маш чухал зүйлүүд энэ мэтийн баримтаас гарч ирдэг юм.

-Таны хийж байгаа ажлын хамгийн чухал үнэ цэнэ юу вэ?

-Би гурван зүйлийг л хэлдэг. Ховор сонин зүйлийг эхлээд олох хэрэгтэй. Олчхоод “Аа, ийм юм байна” гээд орхичихвол хүн мэдэхгүй шүү дээ. Тиймээс түүнийгээ судлах ёстой. Гадаад хэл дээр байвал орчуулна. Захидлууд байвал хэнд бичсэн бэ, яагаад бичих болов гээд агуулгыг судална. Тэгээд тэрхүү судалсан ажлаа хэвлүүлнэ. Ийм гурван шат дараалсан ажлыг хийж байж тэр зүйлийн чинь үнэ цэнэ нь тодорно. Тэгэхгүй бол хэчнээн мундаг, сайхан, алтан ном байлаа гээд каталогид ороогүй бол тэндээ хүнд хүрэхгүй байж л байна. Тийм учраас үнэ цэнэ гэдэг зүйл чинь судлагдаж, судлагдахууны эргэлтэд орж байж гялалзана гэсэн үг. Үгүй бол газарт булаатай эрдэнэ шиг байж л байна.

-Таны хувьд ном судар, хэвлэмэл материал, ховор нандин зүйлсийн үнэ цэнийг ойлгож мэднэ. Харин орчин үед хүмүүс ном судар байтугай өдөр тутмын сонин уншихаа ч больж байх шиг байна. Ялангуяа залуучууд цахим орчинд, хийсвэр зүйлд хэт автамхай болжээ. Хиймэл оюун ухаан, цахим орчин техник, технологийн дэвшлийг үгүйсгэж байгаа юм биш. Бодит байдал ийм л байна?

-Анзааралгүй яах вэ. Энэ нь дэлхий нийтийн асуудал болж байна. Хүүхэд залуучууд киндлээс ном уншдаг л даа. Гэхдээ хэвлэсэн ном, хүн хоёрын харьцаа, түүнээс авах мэдрэмж, таашаал гэдэг чинь их өөр зүйл байдаг шүү.

-Монголоос Америкт сурахаас очиж байгаа хүүхэд, залуусын түвшин ямар байна вэ. Дэлхийн иргэн гэж ярьдаг болоод удлаа. Манай хүүхдүүд тэр хэмжээнд байж чадаж байна уу?

-Сайн шүү. Хүүхдүүд одоо хэл сайтай болжээ. Ингэхээр чинь хэний ч дор орохгүй болчихож байгаа юм. Бидний үед ямар асуудал байсан бэ гэвэл гадаад хэл сурах гэж цаг алддаг байж. Харин одоо больжээ. Монголоос очиж байгаа залуус хэлний бэрхшээлгүй болчихсон. Тиймээс яг ижил түвшнээс эхлэн суралцаж байна.

-Та сүүлийн үед ямар бүтээл хийж байна вэ?

-Хоёр ном гаргана. Эхнийх нь Ларсон гүний намтар. Түрүүнд би цухас дурдсан даа, нэг ном нь Монголд их алдартай Ларсон гүн гэж сайн, муу гээд хоёрдмол, ер нь их олон талтай хүн бий. Орчин цагийн хэллэгээр бол их ашиг сонирхлын зөрчилтэй, сонирхолтой хүн. Яг л Барон Унгерн, Дамбийжаа нар шиг. Өмнө нь Америкт хэвлэгдсэн ном нь Монголд орчуулагдан гарсан. Түүнээс өөр, Ларсон гүний өмнө нь хаана ч хэвлэгдээгүй 1947 онд бичсэн Монголын тухай маш сонирхолтой ном олдсон юм. Үүнийг орчуулаад, зүүлт тайлбар хийгээд, уг эхтэй нь хэвлүүлж байна. Энэ их сонирхолтой ном болно. Түүхчид, угсаатны зүй судалдаг хүмүүс ч сонирхоно байх. Өнөөдөр би энэ талаар судалгааны илтгэл тавина. Хоёр дахь хэвлүүлж байгаа ном маань “Хар Дорж багшийн хууч” гэдэг нэртэй. Хар Дорж гэж алдартай багш байсныг манай монгол судлалынхан бүгд мэднэ. Кара Дьёрдь агсан унгар хүн л дээ. Б.Ринчен гуайн хүргэн байсан юм. Шанз гэж охиных нь нөхөр. Тэрээр их алдартай, мундаг сайхан монгол судлаач, агуу их эрдэмтэн байлаа. Би Индианагийн их сургуулийн зочин судлаачаар очоод байхдаа энэ сайхан хүнтэй таван жил хамт ажилласан юм.Маш олон сонирхолтой зүйл ярина. Түүнээсээ монгол судлал, монгол хэл шинжлэлд хэрэгтэй зүйлээр нь тэмдэглэл хөтөлдөг байсан юм. Түүнийгээ одоо ном болгон гаргаж байна. Тэрээр Монголд нэг удаа иртэл тос гэдэг монгол үг байсаар байтал бүгдээрээ масло гээд л яриад байж. Та нар яагаад тос гэдэг монгол үг байсаар байтал масло гэж оросоор хэлээд байгаа юм бэ гэж асуутал нэг дарга “Бид хэлээ баяжуулж байгаа юм. Бид одоо хүнсний тосоо масло гэдэг болсон. Хүнснийх биш бол тос гэж хэлнэ” гэжээ. Тэгээд гурав бил үү таван жилийн дараа дахиад Монголд иртэл жолооч нар бүгдээрээ масло гэдэг болчихсон байж. Уг нь тостой жолооч гэж ярьдаг биз дээ. Гэх мэтчилэнгээр үгийн үүсэл гарал гээд хэл шинжлэлийн талаар нарийн нандин мэдээллүүд бий.

-Энэ намрын номын баярт их содон, сонирхолтой бүтээлтэй оролцох юм байна?

-Хоёр шинэ номоосоо гадна хоёр жилийн өмнө “Алтан- Өд” хүртсэн ч сая ирээд шагналаа гардаж авсан “Чингис” гэдэг шүлэглэсэн эмгэнэлт жүжгийн ном маань бий. Энэ жүжиг бүр 1769 онд Англид тавигдаж байсан. Энэ мэтээр хүмүүсийн асуугаад байдаг өмнө нь гарсан номууд ч бий. Номын баяраар би “Өдрийн сонин”-ыхоо асарт хоёр шинэ бүтээл болон өмнө нь хэвлүүлж байсан номуудаа дэлгээд өөрийн биеэр сууж байх болно.

Г.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллахаар болжээ. Тэрбэ...

img

8 цагийн дараа

Дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Т.Тулга эх орондоо ирлээ

Хорватын нийслэл Загреб хотноо болж буй Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын...

img

7 цагийн дараа

Б.Галбадрах: Багш нар аргаа барсандаа тэмцлийн хөдөлгөөн өрнүүлж байна

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхий боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрахтай багш нарын ц...

img

7 цагийн дараа

Газын дайн ба геноцид

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газа хотыг эзлэх өргөн цар хүрээтэй довтолгоо эхэлснийг баталж “Израиль бүхэл шөнийн турш ...

img

7 цагийн дараа

Хөвсгөл аймгийн Тариалан суманд бага насны хүүхэд сураггүй алга болсон тул эрлийн ажиллагаа үргэлжилж байна

2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” г...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд