мэдээ
Ч.Номин: Төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлсөн нь олон эрсдэл дагуулна

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 9 сарын 18

21

УИХ-ын гишүүн Чинбатын Номинтой ярилцлаа.
-УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар ямар асуудалд голчлон анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?
-”Өдрийн сонин”-ы нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд дэвшүүлье. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй анхны парламентын хоёр дахь намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганы хувьд улс даяараа анхаарч хэлэлцдэг асуудал бол яах аргагүй улсын төсөв байдаг. Энэ удаагийн чуулганаас эхлэн төсвийг таван үе шаттай хэлэлцдэг болсон нь том дэвшил болж байна. Төсөв бол улсын хөгжлийг хамгийн богино цаг хугацаанд төлөвлөдөг бодлогын баримт бичиг байдаг. Энэ ч утгаараа маш нарийн шүүлтүүрээр шүүж, хяналт тавьж байж чанартай төсөв батлагдана. Үүнээс гадна УИХ-ын бүтэц бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлтүүд орсон. Миний бие төсвийн болон төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагдан ажиллаж байна. Цаашид улсын төсөв, эдийн засгийн бодлого, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, төрийн бүтэц, үйл ажиллагаа, уялдаа холбоо зэрэг асуудлуудад голчлон анхаарч ажиллана. Монгол Улсын Их Хурлаас “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд маш олон ажлын хэсэг байгуулагдсан. Энэ намрын чуулганаар төрийн бүтэц, процессыг оновчтой болгох, татвар, нийгмийн даатгалын цогц реформ хийх зэрэг хэд хэдэн томоохон шинэчлэл хүлээгдэж байна. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа бараг л талдаа ороод байна. Иймээс цаашид хийх ажил, боловсруулан батлуулахаар төлөвлөсөн хуулийн төслүүд дээрээ төвлөрч, цаг хугацаатай уралдаж ажиллана даа.
-Ирэх оны улсын төсвийн хэлэлцүүлэг эхэллээ. 2025 оны төсвийн орлогыг хэт өөдрөг таамагласнаас төсвийн орлого тасарч, тодотгол хийхэд хүрсэн. Ийм зүйл дахиж давтагдах эрсдэлтэй юу. Ер нь ямархуу төсөв орж ирсэн гэж харж байна вэ?
-Засгийн газраас ирэх онд 31.6 их наяд төгрөгийн орлого олж, 33 их наяд төгрөгийн зарлага гаргахаар төлөвлөсөн буюу 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв оруулж ирсэн.
Төсвийн орлого энэ онд хийсэн тодотголоос 4.6 хувиар өсөж орж ирсэн. Энэ өсөлт үндсэн гурван сувгаас бүрдэж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 450 тэрбумаар буюу 7.4 хувиар, Нийгмийн даатгалын шимтгэл 700 орчим тэрбумаар буюу 11.8 хувиар, НӨАТ 800 тэрбумаар буюу 11 хувиар тус тус өсөж орж ирсэн. Төсвийн орлогыг бүрдүүлэхэд нүүрс, зэс зэрэг түүхий эдийн үнэ өндөр хамааралтай байдаг. Макро эдийн засгийн орчин, нүүрсний экспортын төсөөллийг нарийн ярих хэрэгтэй. Засгийн газраас ирэх жил нүүрсний биет хэмжээг 90 сая.тн буюу түүхэн дээд хэмжээгээр төлөвлөсөн. Энэ бол хүрэхэд хэцүү тоо. 2025 оны эхний 8 сарын байдлаар манай нүүрсний нийт экспорт 50 сая тонн байгаа. Үүнээс 8 сая.тн нүүрсийг зөвхөн наймдугаар сард экспортолсон. Энэ бол Төвөдөд баригдаж байгаа дэлхийн хамгийн том усан цахилгаан станцтай холбоотой өссөн эрэлт гэж үзэж болно. Цаашид энэ эрэлт хэвээр хадгалагдах уу гэдэг асуулт гарч ирнэ. Бид энэ хэвээр оны эцэс гэхэд ойролцоогоор 74 сая.тн нүүрс экспортлох хүлээлттэй байна. Гэтэл энэ жилийн төсөөлөл 85 сая.тн байсан шүү дээ. Бид бол боломж л байвал их хэмжээний нүүрс экспортолж, зарах хүсэлтэй байгаад байдаг. Гэтэл нөгөө талд БНХАУ авах уу гэдэг биднээс хамааралгүй буюу өнөөгийн дэлхийн тогтворгүй, ойлгомжгүй нөхцөлд тооцоолоход хүндрэлтэй асуудал шүү дээ. Дэлхийн эрчим хүчний агентлагаас мэдээлж байгаагаар БНХАУ-ын нүүрсний импорт 2025 онд 13 хувиар, 2026 онд 3 хувиар бууна гэсэн тооцоолол гаргасан. Энэ тооцооллоор бол бид ирэх онд ойролцоогоор 72 сая.тн нүүрс л экспортлохоор харагдаж байгаа буюу төсөв дээр орж ирсэн төсөөллөөс даруй 20 орчин сая.тн-оор бага байна. Тэгэхээр нүүрсний биет хэмжээ төсөөлөлд хүрэхгүй байх бодит эрсдэл байгаа гэж харж байна. Хоёрдугаарт, нүүрсний үнийг тонн тутамд 70 ам.доллараар төсөөлж оруулж ирсэн. 2025 оны 8 сарын байдлаар нүүрсний хилийн дундаж үнэ 56 ам.доллар байгаа. Олон улсын валютын сан, Дэлхийн банкны таамаглалаар эрчим хүчний эрэлтээс шалтгаалж дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ өснө гэсэн хүлээлттэй байгаа. Нөгөө талаар Трампын бодлогоор нүүрс, газрын тосны эрчим хүчний хөрөнгө оруулалт нэмэгдэж, ногоон эрчим хүчний хөрөнгө оруулалт багасгаж байна. Энэ бол манайд сайн зүйл. Гэвч дэлхийн банкны тооцооллоор нүүрсний үнэ өссөн ч ирэх онд 61-64 ам.доллар байхаар тооцоолсон. Энэ бол бидний төсөөллөөс бага дүн. Энэ хүлээлтээр буюу ирэх онд 72 сая.тн нүүрсийг 61-64 ам.доллараар зарлаа гэж бодоход нүүрсний экспортоос олох орлого 28 хувиар тасрах эрсдэлтэй харагдаж байна. Үүнийг АМНАТ болон ААНОАТ руу хөрвүүлбэл ойролцоогоор 1.1 их наяд төгрөгийн төсвийн орлого тасрах эрсдэл байна. Төсвийн орлого дээр бас нэг анхаарах зүйл бол Нийгмийн даатгалын шимтгэлийг 700 орчим тэрбумаар буюу 11.8 хувиар өсгөхөд ямар тооцоолол ашигласан нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Ирэх онд цалин 6.3 хувиар өсөхөөр байгаа. Дээрээс нь НДШ төлж буй ажиллах хүчний тоо 28 мянгаар буюу 2.4 хувиар өснө. Логикоор бол цалин, ажиллах хүчний өсөлт нийлээд НДШ-ийн орлого 8.7 хувиар л өсөхөөр байгаа. Энэ хэмжээний өсөлтийг бүрдүүлэхэд ойролцоогоор 86 мянган шинэ ажиллах хүчин хэрэгтэй. Тэгэхээр үлдсэн өсөлтийг хаанаас бүрдүүлж байгаа нь асуулт болж гарч ирнэ. Ерөнхийд нь дүгнэвэл, бид төсвийн орлогоо хэт өндрөөр төсөөлж байна. Одоо байгаа дүн дээр анализ хийгээд үзэхээр төсвийн орлого 1-2 их наяд төгрөгөөр тасрах бодит эрсдэл үүсгэж байгаа юм.
-Төсөв алдагдалтай ч эдийн засгийн үр өгөөжтэй, бодит өсөлт авчрах бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт туссан гэж харж байна уу. Төсвийн зардлыг юу гэж харж байна вэ?
-Төсвийн зардлын тухайд 33 их наяд төгрөг буюу 4.6 хувиар өссөн. Үүний дийлэнх нь Нийгмийн даатгалын тэтгэвэл тэтгэмж 500 орчим тэрбумаар буюу 9 хувиар өссөн. Энэ бол тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулан 6 хувиар өсгөж байгаа буюу зайлшгүй зардал юм. Үүнээс гадна Засгийн газрын дотоод шилжүүлэг 8 хувиар, тоног төхөөрөмжийн зардал 42 хувиар, бусад хөрөнгө оруулалт 750 тэрбумаар буюу 22 хувиар өссөн. Төсвийн зардлын 74 хувь нь урсгал зардал, үлдсэн 26 хувь нь хөрөнгө оруулалт байдаг. Төсвийн зардал өсөж байгаа бол хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийг нь тооцоолж, эрэмбээ зөв тогтоох ёстой. Аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийхдээ төслийн үр өгөөж, хэдэн жилийн дараа зардлаа нөхөх гээд бүхий л талаар тооцооллыг нарийвчилж хийдэг. Төр энэ тооцооллыг төсөл бүрээр нь нарийвчлан гаргаж, зарчим тэвчиж болох хөрөнгө оруулалтаа хойшлуулах нь зүйтэй. Ирэх жилийн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар орж ирсэн. Ер нь төсөв алдагдалтай байна гэдэг эдийн засагт асар их хор хөнөөлтэй байдаг. Өнгөрсөн оны төсөв батлах үед алдагдалгүй төсөв батлах зарчим баримталж, Ерөнхийлөгч хориг тавьж байсныг санаж байгаа байх. Ингээд бид алдагдалгүй төсөв баталж байсан. Нөгөө талаар төсвийн алдагдлыг ямар нэгэн байдлаар санхүүжүүлэх шаардлага гардаг. Ингээд Засгийн газрын буюу Монгол Улсын өр нэмэгддэг. Энэ удаагийн төсвийн 1.4 их наяд төгрөгийн алдагдлыг Засгийн газар 1.5 их наяд төгрөгийн шинэ бонд гаргаж санхүүжүүлэхээр оруулж ирсэн байна. Бонд гаргаж, өр ихсэх тусам Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, хүүгийн төлбөрийн дарамт нэмэгддэг. Бид айл өрхөөр бол санхүүгийн хувьд маш сахилга батгүй байна. Төрийн санхүүгийн сахилга бат сул байснаар арилжааны банк, хувийн хэвшлүүдэд ирж буй дарамт, эрсдэл нэмэгдэж байдаг. Иймээс хэт өндөр төсөөлсөн орлогоо бууруулж, зардлаа тэр хэмжээгээр танаж, алдагдалгүй төсөв батлах чиглэлийг баримтлах шаардлагатай гэж харж байна.
-Засгийн газраас мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн тайлбар хэлсэн шүү дээ?
-Эдийн засаг уналттай үед сангийн тэлэх бодлого буюу мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлдэг. Зах зээл рүү их мөнгө гаргаж байж богино хугацаанд эдийн засгийг өсгөх тактик гэсэн үг л дээ. Гэхдээ сангийн тэлэх бодлогыг инфляци маш бага үед хэрэгжүүлж байж үр дүнтэй байдаг. Энэ бодлогыг хэрэгжүүлж буй тод жишээ бол БНХАУ шүү дээ. БНХАУ-ын инфляци хасах руу орж дефляц болсон буюу эдийн засаг удаашралтай болсон учраас Засгийн газраас их хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мөнгө зарцуулж байж эдийн засаг, инфляцийг өсгөдөг. Манай улсын хувьд инфляци нь зорилтот түвшнээс давсан байдалтай байна. Одоогийн нөхцөлд сангийн тэлэх бодлого зохимжгүй байна. Сан тэлэх тусам инфляци дагаж өснө л гэсэн үг. Ингэхээр Монголбанк инфляциа барихын тулд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, дагаад зээлийн хүү өндөр байдаг. Энэ дунд баялгийг бүтээе гэсэн хувийн хэвшлүүд л хохирдог.
-Зунаас эхлэн гишүүдээс 15 тэрбум төгрөгийн төсвийн санал авсан гэдэг асуудал олны анхаарал татсан. Та үүн дээр эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн. Энэ асуудал юу болсон бэ?
-Өнгөрөгч долдугаар сард хийгдсэн төсвийн тодотголын дараа гишүүдээс тогтсон үнийн дүнд багтаан хөрөнгө оруулалтын санал авсан нь ард иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Энэ асуудал одоо л гарч ирж байгаа асуудал биш юм билээ. Томсгосон мажоритар тогтолцооны нэг сул тал бол улстөрчид өөрийн сонгогдсон тойрогт ахиу хөрөнгө оруулалт тусгуулах, төсөл, арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байдаг. Ингэснээр Монгол Улсын нийтлэг эрх ашигт хамааралтай томоохон төслүүд хэрэгжээгүй өнөөг хүрсэн. Харин сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснээр энэ мэт уламжлал болж тогтсон буруу жишгүүдийг эвдэж байна. Засгийн газар улсын нэгдсэн хөгжлийн бодлогоо тодорхойлоод, үр ашиг, хэрэгцээ шаардлагын дагуу хөрөнгө оруулалтаа эрэмбэлээд оруулж ирэх ёстой. Засгийн газраас оруулж ирсэн төсөв дээр УИХ-ын гишүүд хяналтаа тавиад, алдаа дутагдал байвал засаж залруулаад явдаг. Энэ бол зарчим шүү дээ. Цаашид татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах, засаглал хоорондын хяналт тэнцлийг алдагдуулах, төсвөөр барьцаалах явдал байх ёсгүй. Үүн дээр залуу гишүүд нэгдмэл байр суурьтай байгаа гэж найдаж байна.
-Ирэх оны төсвөөс хүлээлт үүсгэж байгаа нэг асуудал бол татварын шинэчлэл байна. Засгийн газраас НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох шинэчлэлийг оруулж ирлээ. Ер нь бид татварыг яаж шинэчилбэл хувийн хэвшилдээ бодит дэмжлэг болох вэ?
-Засгийн газраас татварын реформ хийнэ гэж байгаа ч бодит байдал дээр хэлбэр төдий засвар оруулах гэж байна. Бид үнэхээр татвар төлөгчдөө дэмжье, бизнесийн орчныг сайжруулъя гэвэл дорвитой өөрчлөлтийг зоригтой хийх шаардлагатай. НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар 350 тэрбум төгрөгийн л асуудал яригдаж байгаа. Бид үнэхээр л баялаг бүтээгчдээ дэмжиж, эдийн засгаа тэлье гэвэл татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ буулгах тал дээр анхаарах ёстой. Нийгмийн хүлээлт ч гэсэн ийм л байгаа шүү дээ. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлнэ гэдэг бол худалдан авалтыг буюу хэрэглээг л дэмжиж байна гэсэн үг. Манай улс үйлдвэрлэгч биш учраас зах зээл рүү бэлэн мөнгө гаргах тусам импортыг дэмжиж, валютыг гадагш урсгаж байдаг. Энэ нь эргээд инфляциа өдөөх, ханшаа суллах л үр дагавартай байдаг. Манай мөнгөний хатуу бодлого, сангийн тэлэх бодлого нь хоорондоо зөрчилддөг. Энэ байдал удаан үргэлжилбэл бид дампуурал руу л явна гэсэн үг. Засгийн газар урсгал зардал буюу хэрэглээг танах шаардлагатай. Энэ нь богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг бууруулна. Үүнийг тэвчиж байж бид инфляци, бодлогын хүүгээ бууруулна. Тэгж байж эдийн засаг төрийн оролцоогүйгээр хөгжиж, жинхэнэ баялаг бүтээж, ажлын байр бий болгож, хөрөнгийн зах зээл идэвхжих боломж бүрдэнэ. Эдийн засгаа эрүүлээр хөгжүүлье гэвэл богино хугацааны шокыг тэсвэрлэх шаардлагатай. Үүн дээр цаашид эдийн засагчидтайгаа хамтарч ажиллана.
-Та өмнөх Засгийн газарт дөрвөн жил сайдаар ажилласны хувьд цаашид Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрхэн харж байна вэ?
-Ер нь бол манай асуудал маш тодорхой шүү дээ. Бид гадаад худалдааны хувьд хөрш орнуудаасаа хэт хамааралтай. Бидний зарж буй бүтээгдэхүүн нүүрс, зэс л байна. Өнгөрсөн 35 жилд бид эрчим хүч, төмөр зам зэрэг суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хийж чадаагүй. Энэ бол маш харамсалтай асуудал. Одоогийн бидний утаа, түгжрэл, боловсрол, эрүүл мэнд зэрэг суурь асуудлуудыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулалт буюу мөнгө хэрэгтэй. Гэтэл бид орлого олох сувгуудаа нэмж чадахгүй байна. Өнгөрсөн Засгийн газрын үед үүнийг л шийдье гэж зориглосон шүү дээ. 20 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл, 27 жил яригдсан ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг Монгол Улсад зайлшгүй шаардлагатай мега төслүүдийг эхлүүлсэн. Одоо төмөр замын хил холболтын гэрээг харлуулах, гацаах ажил зохион байгуулалттай хэрэгжээд эхэллээ. Бид өнгөрснөөсөө огт суралцахгүй байна. Монгол Улсын хувь заяатай холбоотой том төслүүд дээр попорч, ард иргэдийг төөрөгдүүлдэг байдалд цэг тавигдах ёстой. Тэгэхгүйгээр бид хэчнээн том төсөл, шударга ёс яриад чөтгөрийн тойрогтоо эргэлдсээр байх болно. Аливаа улс орны хөгжлийн бодлого логик дараалалтай явдаг. Монгол Улс эхлээд аль болох хурдан хугацаанд суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хийж байж дараа дараагийн асуудлаа ярина. Үүнээс гадна уул уурхайн бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж, Үндэсний баялгийн сангаа арвижуулах шаардлагатай байна. Тэгж байж баялгийн шударга хуваарилалт бодит болж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны асуудлуудаа шийдвэрлэнэ. Мэдээж төрийн хэт данхар бүтцийг оновчтой болгож, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, үүнийг дагаад урсгал зардлаа бууруулах шаардлагатай. Төр компани ажиллуулаад ашиггүй юм байна гэдгийг хангалттай өндөр үнээр харцгаалаа шүү дээ. Үүнээс гадна улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг үргэлжлүүлж, улс төрд шилдэг мэргэжилтнүүдээ оруулсаар байх хэрэгтэй. Бид энэ шинэчлэлээсээ ухарч болохгүй. Попролт, хий хоосон улстөржилт багасаж байж зөв төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлнэ. Эцсийн эцэст, бид нэг л эх оронтой, дундаа нэг л асуудалтай шүү дээ.
-Танай намын талцал, хуваагдал сүүлийн үед улс төрийн хүрээнд ихээхэн анхаарал татаж байна. Их хурлаа хэзээ хийх вэ?
-Өрсөлдөөн бол хуваагдал биш. Үүнийг хэт улстөржүүлж байна гэж харж байгаа. Нийгмийн өөрчлөлт шинэчлэл, цаг үеийн шаардлага улс төрийн намыг илүү нээлттэй, ил тод, дотоод ардчилалтай байхыг шаардаж байна. Манай нам үеийн үед дотроо өрсөлдөж, намын даргаа дүрмийнхээ дагуу сонгож, олонхын шийдвэрээ дагасаар ирсэн. Цаг хугацааны хувьд бид Их хурлаа энэ ондоо багтаан хийж, улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу дүрмээ өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Бүх зүйл процессын дагуу, шударга, нээлттэй явагдана гэдэгт итгэж байна. МАН 2021 онд болсон 30 дугаар их хурлаараа олон чухал өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлж, дэвшилтэт нам байх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээндээ тогтолцооны өөрчлөлт хийж, өдгөө олон нам бүхий, мэтгэлцээнд тулгуурласан шинэ парламент байгуулагдаад явж байна. Бид эхлүүлсэн олон шинэчлэлээсээ ухарч болохгүй. Улс төрийн нам бол байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж, сайжирч байх ёстой. Энэ бол бидний сонгосон ардчилал, парламентын засаглалаа бэхжүүлэх үндсэн суурь шүү дээ.





АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 95 гомдол, мэдээллийг ша...
8 цагийн дараа
45 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа
Баянзүрх дүүргийн 27 хороонд байрлах 45 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комис...
8 цагийн дараа
Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд На...
7 цагийн дараа
Дундаж цалингийн хэмжээ 2.7 сая төгрөг байна
Энэ оны II улирлын статистик мэдээллээр улсын хэмжээнд нийт 830.8 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь өмнөх улирлаас 7.1...
7 цагийн дараа
Ч.Номин: Төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлсөн нь олон эрсдэл дагуулна
УИХ-ын гишүүн Чинбатын Номинтой ярилцлаа. -УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар ямар асуудалд голчло...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд