мэдээ
Э.Сүндарь: Эрчүүд боловсролын түвшнээ дээшлүүлэхгүй бол эмэгтэйчүүддээ гологдоно

Админ
2025 оны 9 сарын 20

46

Боловсрол судлаач Э.Сүндарьтай боловсролын түвшин дэх хүйсийн ялгаа нэмэгдэж буй талаар ярилцлаа.
-Бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалж буй хүмүүсийн 65 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Яагаад манай нийгэмд боловсролын түвшин дэх хүйсийн тэнцвэр алдагдах болов?
-Энэ хандлага ганцхан Монгол Улсад өсөөд байгаа юм биш. Сүүлийн жилүүдэд манай улс шиг дунд, эсвэл буурай түвшний хөгжилтэй орнуудад эмэгтэйчүүд нь илүү өндөр боловсрол эзэмших хандлага нэмэгдэж байгаа. PISA судалгаагаар ч охид, хөвгүүдийн дүнгийн ялгаатай байдал ажиглагдсан. Ихэнх хичээл дээр охид өндөр дүнтэй байх тохиолдол бий. Ер нь эрэгтэй хүүхдүүдийн боловсрол эзэмшиж байгаа байдлыг авч үзвэл бага ангиасаа л сурлагын хоцрогдол, дутагдалтай байх магадлалтай. Боловсролын түвшин дэх хүйсийн тэнцвэргүй байдалд бидний уламжлалт хандлага буюу соёлын хүчин зүйл хамгийн их нөлөөлдөг. Манай улсын хувьд хэзээнээс л эмэгтэй хүүхэд сургуульд сурч боловсрол эзэмших хэрэгтэй. Эрэгтэй хүүхэд бол мал дээр гарчихна гэх сэтгэлгээгээр хандаж ирсэн. Зөвхөн Монгол гэлтгүй бусад оронд ч эрэгтэй хүүхэд өв хөрөнгөө өвлөж авдаг уламжлалтай. Харин охин хүүхдэд инж өгөөд явуулдаг соёл бий. Охин хүүхэд хүний хүн болдог учраас тэндээ хөлөө хурдан олохын тулд боловсролтой болох ёстой гэж ярих нь хамгийн түгээмэл ажиглагддаг шүү дээ. Иймэрхүү хандлагаас болоод нийгмийн бүхий л бүлэг эмэгтэй хүүхдийнхээ боловсролд хамгийн их анхаардаг болчихсон. Судалгаагаар хараахан батлагдаагүй ч илүү их мөнгө зарцуулдаг ч байж магадгүй.
-Уламжлалт хандлагаас өөр нөлөөлөгч хүчин зүйл бий юу?
-Мэдээж, бий. Хоёрдугаарт, эрэгтэй хүүхдийн тархины гүйцэтгэх үйл ажиллагаа. Энэ нь ажлаа төлөвлөх буюу хувийн зохион байгуулалтын чадамжийг хэлж байгаа юм. Гэтэл эрэгтэй хүүхдийн энэ чадамж эмэгтэй хүүхдийнхээс илүү хойно хөгждөг. Тиймдээ ч илүү хариуцлагагүй, хичээлдээ идэвхгүй, санаачилгатай бус байдаг нь эрэгтэй хүүхдүүдийн тархины ялгаатай байдлаас үүдэлтэй. Харин эрэгтэй хүүхэд бага насандаа илүү идэвхтэй хөдөлж, энергиэ гадагшлуулах биологийн хэрэгцээтэй байдаг. Гэтэл манай сургалтын систем хүүхдүүдийг маш удаан хугацаагаар ширээний ард суулгадаг шүү дээ. Жишээ нь, Скандинавын орнуудын хичээл хоорондын завсарлагаа яагаад 15 минут байдаг вэ. Учир нь уг завсарлагаагаар хүүхдүүдийн гадаа талбайд чөлөөтэй тоглож, гүйх хэрэгцээг нь хангаж өгөхөд чиглэсэн байдаг. Үүний үр дүнд эрэгтэй хүүхдийн энергийг гадагшлуулж, биеийг нь стресст автуулахгүйгээр сэтгэл зүйн хувьд хичээл хийхэд бэлэн болгодог гэсэн үг. Мөн эрэгтэй хүүхэд эхнээсээ сурлагын хоцрогдолтой болоод ирэхээрээ би хичээлдээ муу юм байна гэсэн ойлголттой болчихдог. Энэ нь эргээд эрэгтэй хүүхэд хичээлдээ идэвхгүй оролцох үндэс болж байгаа юм. Гуравдугаарт, багш нар болон эцэг эхчүүдийн хүүхдэд тавих хүлээлт байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ сайн сурах ёстой гэсэн хүлээлт тавиад үүнийгээ мэдрүүлэх тусам сурлагын амжилт гаргах магадлал нэмэгддэг шүү. Гэтэл Монголд эрэгтэй хүүхэд угаасаа хичээлдээ муу, сахилгагүй, хариуцлагагүй байдаг гэх мэтчилэнгээр хүлээлтээ бууруулчихдаг. Зарим ангид охид илүү их хариуцлага хүлээлгэдэг. Жишээ нь, охидууд нэг, нэг эрэгтэй хүүхэд хариуцаж аваад гэрийн даалгаврыг нь зааж өгөөрэй. Эсвэл шалгалтанд туслаарай гэдэг ч юм уу эрэгтэй хүүхдэд багаас нь үүрэг хариуцлага хүлээлгэхгүйгээр хүлээлтээ бууруулах нь маш буруу. Энэ тохиолдолд эрэгтэй хүүхдүүд өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх, ачаалал даах чадварууд нь хөгждөггүй. Үүгээрээ охидоос хоцроод байна гэсэн үг. Эдгээр хүчин зүйлс бүгд тодорхой хэмжээнд нөлөөлдөг.
-Гэхдээ асуудлын нөгөө талд эмэгтэйчүүд албан тушаал дэвшихийн тулд илүү өндөр боловсролын зэрэг хамгаалдаг гэх судалгаа бий. Энэ талаар ярихгүй юу?
-Тийм. Бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалж буй байдлыг харвал жендерийн хэвшмэл ойлголтоос болоод эмэгтэйчүүд тушаал дэвшиж, цалингаа нэмүүлэхийн тулд боловсролын зэргээ заавал нэмэх шаардлага үүсдэг. Харин эрэгтэй хүмүүсийн хувьд илүү амархан тушаал дэвшдэг талтай. Нийгэмд боловсролын түвшнээрээ эмэгтэйчүүд илүү байгаа ч цалин орлогын хэмжээгээрээ эрэгтэйчүүд илүү байдаг. Мөн шийдвэр гарах түвшний албан тушаал хашиж буй хүмүүсийн ихэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. ТОП аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтнуудын бараг 90 гаруй хувь нь бас л эрэгтэйчүүд байх жишээтэй. Тиймээс нийгэмд эмэгтэйчүүд эрдмийн зэргээ нэмж байж эрэгтэйчүүдийн боловсрол эзэмшээгүй ч хүрдэг албан тушаалд суудаг гэсэн үг. Бид эмэгтэйчүүд, охид илүү боломж олдоод байна гэх хэт өрөөсгөл ойлголттой. Гэтэл бодит амьдрал дээр эмэгтэйчүүд илүү хөдөлмөрлөж, сурч боловсрол эзэмшиж байж эрэгтэйчүүдийн хүрч буй түвшинд очих хандлага байдаг.
-Эрэгтэй хүүхдүүд боловсрол ямар хэрэгтэй вэ гэдэгт бага ач холбогдол өгөх тал бий юу?
-Томчууд угаасаа л эрэгтэй хүүхэд ийм байдаг гээд хүлээлтээ бууруулчихдаг гэдгийг дээр дурдсан даа. Тиймээс бид сургалтын системээ эрэгтэй хүүхдэд илүү хүртээмжтэй болгох хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүүхдэд зориулсан сургалтын арга зүй хоорондоо жаахан ялгаатай байдаг. Тиймээс Англи улс гэхэд эрэгтэй хүүхэд рүү чиглэсэн сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эрэгтэй хүүхдүүдийн дуртай спортын болон бусад алдартнуудыг хичээл дээр нь урьж, сургуульд сурах сэдлийг нь өдөөж өгдөг байх жишээтэй. Мөн АНУ-ын зарим сургууль эрэгтэй хүүхдийн хувийн зохион байгуулалт хийх чадамжийг нэмэгдүүлэх агуулгыг сургалтын хөтөлбөртөө тусгайлан зааж өгдөг. Яагаад гэвэл хөвгүүд охидоос арай илүү хэнэггүй, хариуцлагагүй байдаг шүү дээ. Тиймээс үүнийг нь зорилттойгоор хөгжүүлдэг гэсэн үг. Магадгүй энэ чадвар ирээдүйд математик болон бусад хичээлээс нь илүү хэрэгтэй байж мэднэ гэх үүднээс юм. Харин манай улсад үүн дээр нь анхаарах битгий хэл угаасаа эрэгтэй хүүхэд ийм гэсэн хандлага газар авчихсан. Тиймдээ ч ангийн даргаар дандаа эмэгтэй хүүхдийг томилох жишээтэй.
-Боловсролын түвшин дэх хүйсийн ялгаатай байдал нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаанд ямар сөрөг үр дагавар бий болгодог вэ?
-Мэдээж, гэрлэх хүнгүй болно. Судалгаагаар сумын төвөөс явж байгаа эмэгтэй хүүхэд цаашаагаа магистрын зэрэг хамгаалаад суралцах магадлал нь 30-40 хувьтай гэх үр дүн гарсан байдаг. Гэтэл эрэгтэй хүүхэд магистрын зэрэг хамгаалах магадлал нь 10 хувьтай. Энэ юу гэсэн үг вэ гэвэл эмэгтэйчүүд илүү нийгмийн түвшнээ дээшлүүлээд байна. Харин эрэгтэй хүмүүс тэгж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь аяндаа нийгмийн тэгш бус байдлыг үүсгэдэг. Тиймээс эрэгтэйчүүд боловсролын түвшнээ дээшлүүлэхгүй бол эмэгтэйчүүддээ гологдоно. Ингээд эрэгтэйчүүдэд гэрлэх хүн олдохгүй хөдөө мал дээр байна гэдэг чинь болж байгаа юм шүү дээ.
А.Даваадулам





Монгол төмсний үнэ буурчээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
4 цагийн дараа
Эрэгтэйчүүд теннисчид 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ авлаа
Энэтхэгийн Бухванесвэр хотод ширээний теннисний насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн болж байна. Уг ...
4 цагийн дараа
Увсад мал тууж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
Увс аймгийн Тэс сумын нэгдүгээр багийн “Шар хөдөө” гэдэг газарт иргэн “У” нь аравдугаар сарын 12-ны өдрийн 09:30 цагийн орчим “Шар х...
3 цагийн дараа
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 93 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны аравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилог...
3 цагийн дараа
ДЭЭД ШҮҮХ: АН-ын хөтөлбөр, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх өргөдлийг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо
Ардчилсан нам Их хурлаараа шинээр сонгогдсон дарга О.Цогтгэрэлийг батламжилж, намын шинэчилсэн дүрмээ баталж Дээд шүүхэд хүргүүлсэн....
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд