Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

ЧУУЛГАН: Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

trend

Админ

img

2025 оны 10 сарын 02

img

32

news-img

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.10.02/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын 74 гишүүний ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа даргалсан.

Улсын Их Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс нэг өдрийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлж, энэ оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал хүргүүлснээ буцаан татаж буйгаа мэдэгдэв. Ийнхүү хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг үргэлжилж, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын 88 гишүүний 54.5 хувь нь дэмжлээ. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 53.4 хувь нь, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн хувь нь 54.5 хувь нь тус тус дэмжсэн.

Улсын Их Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжээгүй тул “Хуулийн төсөл буцаах тухай” тогтоол батлагдсанд тооцсон болохыг Х.Булгантуяа дэд дарга мэдэгдээд, тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан. Түүнчлэн гишүүдийн олонх Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд  нэмэлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг  дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүний энэ оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс нэг өдрийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцуулав.

Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээний тайланд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нь импортоос хамааралтай, хүртээмж нь газар зүйн байршлаас хамаарч харилцан адилгүй байгаа, ядуурлын түвшин буурсан ч ядууралд ойрхон байгаа хүмүүс аливаа сөрөг хямрал үүсэхэд өртөх эрсдэлтэй байгаа тул хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжилтийг нь дэмжих тогтолцоо, түүнтэй холбогдох зохицуулалт болон хоол хүнснээс гаралтай халдварт бус өвчлөл бууруулах зорилгоор “хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчны эрүүл аюулгүй байдлын харилцан шүтэлцээг хангах” зарчмыг тусгасан байна. Мөн уг  төслөөр хүнсний сүлжээнээс зохицуулагдаагүй үлдсэн тээвэрлэлт, хадгалалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа, түгээлттэй холбогдсон харилцаа, мөн сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний түүхий эд, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлтийг дэмжих зохицуулалтыг тусгав. Түүнчлэн мэргэшлийн сургалт, мэргэшлийн зэрэг олгох, хүнсний чиглэлийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжиж, хүнсний зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгаа хийхэд эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог чухалчилж, эрдэм шинжилгээний байгууллага, түүний чиг үүрэгтэй холбогдсон зохицуулалтуудыг тусгасан талаар танилцуулгад дурдлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо иж бүрэн, цогц байдлаар хэрэгжиж, хүнсний баталгаат байдал сайжрах төдийгүй хүнсний экспортын чанар сайжирч, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх юм байна. Түүнчлэн хяналтын тогтолцоог оновчтой болгосноор хүнсний сүлжээнд бүхэлд нь буюу хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл, хүнсний үйлдвэр, тээвэр логистик, гадаад, дотоодын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, түгээлт, хэрэглэгчийн хүнсний хэрэглээнд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ.

Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хүнсний хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээнд үндэслэн  хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын чиглэл, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог оновчтой болгох, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог сайжруулах, эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаатай, тэжээллэг, эрүүл хүнсний хэрэглээтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг хууль санаачлагч боловсруулсан бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар төрийн байгууллагаас  нэмэлт зардал гарахгүй байхаар тусгасныг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан байв.

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа гэдгийг Б.Уянга гишүүн танилцуулсан. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, М.Ганхүлэг, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, хариулт авав.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хяналт, шинжилгээний талаар төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан эсэхийг тодруулсан асуултад энэ төрлийн бүтээгдэхүүний талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулагддаг тул төсөлд ямар нэг холбогдох зохицуулалтыг тусгаагүй хэмээн М.Мандхай гишүүн хариулсан. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах шаардлагатайг гишүүд хэлээд хэлэлцэж буй төсөл тус хуультай хэрхэн уялдаж байгааг тодруулав. Хүнсээр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилгоор баяжуулсан хүнсийн өргөн утгаар нь хамруулж, ойлгох нь оновчтой хэмээн үзэж төсөлд тусгаснаа М.Мандхай гишүүн хэлээд ерөнхий хууль дахь үндэсний хөтөлбөр, хүнсний стандартын хэрэгжилт, хүнсний хангамж, аюулгүй байдлын зохицуулалтууд, нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хүрээнд хүнсний баяжуулалтын стандарт, аргачлалтай уялдуулах, баяжуулалтыг хэрэгжүүлэх төрийн зохицуулалт, хяналтыг сайжруулахад холбоотой хэмээн үзэж байна гэв.

Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа илэрхийлж, индрээс үг хэллээ. Хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгаат байдал гэдэг эрс ялгаатай ойлголтыг англи хэлнээс буруу орчуулснаас үүдсэн сөрөг үр дагаврыг нийтээрээ олон жил эдэлж буйг засах шаардлагатай байгааг тэрбээр хэллээ. Монгол Улсын нөхцөлд хийсэн судалгаагаар нэмэлт бүтээгдэхүүнээр Д амин дэм хэрэглэсэн хүмүүстэй харьцуулахад Д амин дэмээр баяжуулсан сүү хэрэглэсэн хүмүүс амьсгалын замын хурц халдварт өвчин тусах нь 50 хувиар буурч, эмнэлэгт хэвтэх нь багасан байдаг гэдгийг энэ үеэр хэлсэн. Энэ үр дүн нь хүний амьдралын чанарт шууд нөлөөлж байсныг гишүүн дурдав. Үүний зэрэгцээ Д амин дэмээр баяжуулсан сүү хэрэглэсэн хүүхдүүдийн биеийн хөгжил, өндөр хөгжингүй орны хүүхдүүдийнхтэй ижил болсон гэх судалгааны дүнг дурдаж байв. Мэргэжлийн хүмүүсээ сонсож, мэргэжлийн үйл ажиллагаа явуулснаар харьцангуй бага зардлаар, маш богино хугацаанд зөв ажлыг оновчтой хэрэгжүүлснээр дээрх жишээ шиг амьсгалын замын хурц халдварт өвчин, бусад өвчлөлүүдийг бууруулах бүрэн боломж байгаа гэдгийг хэлээд хүнсний асуудлыг тогтолцооны хэмжээнд харж, холбогдох мэргэжилтнүүд хамтдаа цогц үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэдэг санал хэллээ.

Ийнхүү гишүүн үг хэлсний дараа Х.Булгантуяа дэд дарга Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь хэсгийг үндэслэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг дараагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлууллаа. Үүгээр Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт доло...

img

4 цагийн өмнө

ҮСХ: ЕБС-ын сургуулийн нэг багшид дунджаар 21 хүүхэд ногдож байна

ЮНЕСКО-оос 1994 онд жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Тэгвэл удахгү...

img

4 цагийн өмнө

Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцооллоо

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацаа Өмнөговь, Дорноговь, До...

img

5 цагийн өмнө

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо

БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны о...

img

5 цагийн өмнө

“Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй” гэв

Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төсли...

img

6 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд