мэдээ
Гэр хорооллын иргэд: Шинэ түлш шаталт сайн, илчээ удаан барьдаг ч “Маргааш бид амьд байна” гэсэн баталгаа алга

Админ
2025 оны 10 сарын 13

52

Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн долоон дүүргийн 331 цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлсэн билээ. Тиймээс шинэ түлшний чанар болон иргэдийн сэтгэл ханамж ямар байгааг Чингэлтэй дүүргийн VIII хорооны Дунд Тасганы оршин суугчдаас тодрууллаа.
Чингэлтэй дүүргийн VIII хорооны Дунд Тасганы 156 дугаар түлш борлуулах цэгийн ажилтан “Хагас коксон нүүрс өдөрт таван тонн ирэх ёстой. Одоогийн байдлаар яг таван тонн ирэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, хуучин нүүрс 100 ширхэг буюу 2.5 тонн, хагас коксон түлш 2.5 тонноор холимог ирсэн. Хүмүүс сайн худалдан авч байгаа. Нэг хүн хамгийн дээд тал нь долоон шуудай нүүрс авах эрхтэй. Ингэхдээ дандаа хуучин, шинэ эсвэл холиод авч болно. Нэг айл долоо хоногт долоон шуудай нүүрс хэрэглэнэ гэсэн үг. Хуучин шахмал түлш нэг шуудай нь 25кг 3750 төгрөгийн үнэтэй бол хагас коксон нүүрс 5000 төгрөг. Шинэ, хуучин нүүрс ирээд л дуусдаг. Өнөөдөр (өчигдөр) гэхэд зургаахан шуудай хагас коксон нүүрс үлдсэн байна шүү дээ. Өчигдөр би шинэ түлшээ түлж үзлээ. Өмнөх түлштэй харьцуулахад тоос тортог нь нэлээн багассан байна. Шаталтын хувьд ч гэсэн өмнөхөөсөө илүү гэж хэлж болно” хэмээв.
Тус дүүргийн VIII хорооны дунд тасганы оршин суугч Г.Цэрмаа “Хэлбэр, хэмжээний хувьд хуучин түлштэйгээ яг адилхан санагдсан. Өнгө нь жаахан хөхөвтөр. Хуучин шахмал түлштэй харьцуулахад хөө тортог багатай. Утаа ч бага гардаг, шаталт сайн байна. Харин хуучин түлштэй яг ижилхэн хэмжээгээр үнс гарч байсан. Түүнчлэн хуучин шахмал түлштэй харьцуулахад дулаанаа хоёроос гурван цагаар илүү барьдаг юм билээ. Гэхдээ энэ нь бидний амьд явах баталгаа болж чадахгүй шүү дээ.
Сар бүр хүмүүс угаартаж нас барсан тухай мэдээлэл цахим орчинд явж байна. Энэ сард гэхэд манай дүүрэгт амьдардаг ээж, охин хоёр угаартаж нас барлаа. Тэднийх угаарын хий мэдрэгчтэй байсан гэсэн.
Одоо би гэртээ байгаа угаарын хий мэдрэгчээ үнэн ажиллаж байгаа эсэхэд ч эргэлзэж байна. Өмнөх тохиолдлууд ийм байхад шинэ түлшийг дэмжээд, эсвэл сэтгэл хангалуун хүлээж авч үнэхээр чадахгүй байгаа. Мэдээж, сайн шаталттай, дулаанаа сайн барьдаг. Гэхдээ маргааш өглөө бид амьд байна гэсэн баталгаа алга байна шүү дээ. Хуучин шахмал түлш ч гэсэн илчээ гайгүй барьдаг, дундаж шаталттай байсан. Гэтэл хэчнээн хүний амь насыг авч одлоо. Хорооноос удахгүй угаарын хий мэдрэгчийг дахин шинээр солино гэж хэлсэн” хэмээв.
Амьдрах гэж үйлээ үзэж үзчихээд эцэст нь угаарын хийнээс болж амиаалданагэдэг юу гэсэн үг юм бэ
Чингэлтэй дүүргийн VIII хорооны Зүүн Тасганы оршин суугч Б.Нэмэхбаяр “Бид олон жил Налайх, Багануурын нүүрсийг түлсэн. Тухайн үед сар бүр гэр бүлээрээ угаартаж нас барсан тохиолдол бараг гарч байгаагүй. Харин шахмал түлшийг түлж эхэлснээс хойш сар бүр хүмүүс угаартаж амь насаа алдах боллоо. Есдүгээр сард гурван том хүн, хоёр хүүхэд угаартаж амиа алдсан. Энэ сард гэхэд манай дүүргийн ээж, охин хоёр нас барлаа. Шалтгаан нь ерөөсөө нүүрс, угаарын хий. Амьдрах гэж үйлээ үзэж үзчихээд эцэст нь угаарын хийнээс болж амиа алдана гэдэг юу гэсэн үг юм бэ. Дэндүү хайран биз дээ. Зүгээр л зам гарах гэж яваад машинд дайруулаад нас барж байгаатай яг адилхан. Гэр хороололд амьдардаг бидэнд амьд явах баталгаа алга. Үүнд төр яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Иргэдийн чинь амь насыг эрсдэлд оруулаад байгаа энэ түлшийг зогсооё гэхийн оронд одоо илүү сайжруулчихсан. Харин та нар амаа хамхиад түл гэх жишээтэй. Бид үнэхээр айдастай болсон. Хэзээ манай ээлж ирэх бол гэсэн хар бараан бодолтой болдог юм билээ. Яагаад гэвэл бид яг адилхан түлш түлж байгаа. Миний хувьд ээж, охин хоёрыг өрхөө бүтээснээс болж нас барсан гэж бодохгүй байна. Учир нь монголчууд анх удаагаа нүүрс түлээгүй шүү дээ. Хэн ч сайн дураараа өөрийн амийг эрсдэлд оруулахгүй. Угаартаж нас барсан тохиолдол гарах бүрд бид илүү болгоомжтой, сонор сэрэмжтэй болдог. Өмнөх онуудын жишээ бидэнд хангалттай сургамж болсон. Айсандаа шөнө ч бүтэн нойртой хонохоо больсон шүү дээ. Шөнө бүр сэрж, орчин тойрон, хүүхдүүдээ шалгаж харна. Ийм байхад яаж төр бидний хариуцлагагүй байдлаас үүдэлтэй гэж хэлж чадаж байна аа. Өөрсдийнхөө тарааж байгаа түлшийг ямар ч асуудалгүй гэж хэлэхээсээ ичээсэй. Иргэдийнхээ хэр сайн амьсгалах чадвартайг шалгаж байгаа юм шиг. Энэ түлшнээс болж хүн нас бараад байгааг мэдсээр байж түлүүлээд байна гэдэг ямар бөх зүрх вэ. Одоо хагас коксон түлш ирсэн. Өдөртөө л дуусч байна. Манайх гэхэд хуучин, шинэ хоёр түлш холиод долоон шуудайг аваад түлж байгаа. Яах вэ, өмнөх түлшээ бодвол тоос тортог бага, хурдан шаталттай. Гэхдээ хэн бидэнд баталгаа өгөх юм. Анх шахмал түлшийг тарааж байхдаа ч илүү сайжруулсан, маш сайн гээд амаа олохгүй магтаж байсан. Тэгээд шахмал түлшнээс болж хэчнээн хүн нас барсан билээ. Одоо тарааж байгаа шинэ түлшнээс болж хүн барсан ч та нарын өөрсдийн чинь хариуцлагагүй байдлаас болсон гэж хэлнэ. Гэхдээ уучлаарай, нүүрс түлчихээд яндангаа аваад, өрхөө бүтээдэг нэг ч монгол хүн байхгүй. Бид нүүрс түлэхээсээ өмнө ч зуухандаа мод хийчихээд өрхөө бүтээж байгаагүй юм шүү. Хүн угаартахаа хүрвэл шатаж байгаа цааснаас ч угаартдаг. Манай дүүргийн бүх айлууд үүнийг мэднэ. Тиймээс энэ утгагүй тайлбараа зогсоо. Амьд явах баталгаа үнэндээ алга. Манайх угаарын хий мэдрэгчгүй. Хорооноос удахгүй өгнө гэсэн. Ер нь манай дүүргийн ихэнх айл угаарын хий мэдрэгчгүй. Угаарын хий мэдрэгчтэй байсан ч нас барсан тохиолдол гарч байна. Ийм байхад амьд явах баталгаа угаасаа алга. Одоо азандаа найдахаас өөр яах вэ дээ” гэв.
Монгол Улсад мөрдөгдөж буй сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлуулж “MNS5679:2025” стандарт мөрдөгдөж эхэлжээ. Стандартыг шинэчлэн батлуулснаар стандартын техникийн шаардлагыг илүү нарийвчилж, хатуу түлшинд тавигдах техникийн шаардлагыг чангатгаж, олон улсын түвшинд хүргэж байгаа юм. Тухайлбал, хагас коксон түлш нь “дулааны аргаар боловсруулан авсан хагас кокс (13-50мм ширхэгтэй), хагас коксыг холбогчтой шахсан түлш гэж стандартад тусгажээ. Шинэ стандартад хагас коксон түлшний техникийн шаардлагыг илчлэг 5500 ккалл\кг-аас багагүй, хүхэр 0.5 хувиас ихгүй, дэгдэмхий 12 хувиас ихгүй, чийг 6 хувиас ихгүй, үнслэг 20 хувиас ихгүй байхаар тусгажээ. Мөн 25-кг-ын нэг шуудай түлшний үйрмэгийн хэмжээ нь нийт жингийн 5 хувиас хэтрэхгүй байхаар стандартад тусгасан байна. Харин хуучин шахмал түлшний сатандартад чийг 6 хувиас ихгүй, үнслэг 27 хувиас ихгүй, ичлэг 5200 ккалл\кг-аас багагүй, хүхэр 1.00 ихгүй, дэгдэмхий 22 хувиас ихгүй гэж тусгасан байжээ.
А.Даваадулам





Монгол төмсний үнэ буурчээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
5 цагийн өмнө
Эрэгтэйчүүд теннисчид 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ авлаа
Энэтхэгийн Бухванесвэр хотод ширээний теннисний насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн болж байна. Уг ...
5 цагийн өмнө
Увсад мал тууж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
Увс аймгийн Тэс сумын нэгдүгээр багийн “Шар хөдөө” гэдэг газарт иргэн “У” нь аравдугаар сарын 12-ны өдрийн 09:30 цагийн орчим “Шар х...
6 цагийн өмнө
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 93 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны аравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилог...
6 цагийн өмнө
ДЭЭД ШҮҮХ: АН-ын хөтөлбөр, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх өргөдлийг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо
Ардчилсан нам Их хурлаараа шинээр сонгогдсон дарга О.Цогтгэрэлийг батламжилж, намын шинэчилсэн дүрмээ баталж Дээд шүүхэд хүргүүлсэн....
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд