мэдээ
М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бодлогоор дэмжих хэрэгтэй

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 10 сарын 15

35

“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо”-ны Гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.
-Олоогүй орлогоос АМНАТ тооцож авдаг болсон нь уул уурхайн салбарыг хүнд байдалд оруулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа. Ялангуяа хүнд үйлдвэрийн салбарынхан АМНАТ-өөс болж ар араасаа хаалгаа барьсан. АМНАТ-ын давхар тооцож, аж ахуйн нэгжид үүсгэдэг дарамтыг болиулах тал дээр шийдэл байна уу?
-Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа энэ салбарын эрх зүйн орчноо эрс сайжруулах шаардлагатай. Өмнөх УИХ-ын найман удаагийн хавар, намрын чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх жагсаалтад ордог боловч Засгийн газраас өргөн барьдаггүй. УИХ хуулийн ажлын хэсэг байгуулаад жил гаруй боллоо.
Сангийн яам АМНАТ-ийг монголчлоод экспортлогчид, үйлдвэрлэгчдийг хэт өндөр “жишиг үнэ”-ээр борлуулалт хийсэнд тооцож өрөнд оруулдаг, өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд дахин АМНАТ ногдуулснаар бүгд хаалгыг нь бариулсан. Хүдэр, баяжмалд ногдох АМНАТ-өө төлчихсөн байхад түүнд өчүүхэн агуулагддаг дагалдах металлыг борлуулсан гэж үзээд Лондонгийн биржийн ханшаар АМНАТ нэмж ногдуулж өрөнд оруулна. Монголд үйлдвэр барьж хөрөнгө оруулсан иргэд өмч хөрөнгөөрөө ингээд хохироод байвал хэн үйлдвэр барьж, иргэдийг ажилтай орлоготой байлгаж, орон нутгийг хөгжүүлэх билээ. Дотоодын компаниуд өрөнд орох нь орж, дампуурах нь дампуураад, гадаадын хөрөнгө оруулагчид хүлээсээр эхнээсээ гарч яваад байна. Бусад оронд байдаггүй хүндрэлтэй татварын асуудлуудыг шийдэхгүй бол гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхохоо больсон. Дан ганц дотоодын хөрөнгө оруулалтаар энэ том салбар хөгжихгүй.
-АМНАТ-өөс болж улсын төсөв, Баялгийн санд төвлөрөх орлогод өөрчлөлт орж байна уу?
-Улсын төсөв болон Үндэсний баялгийн санд орох ёстой орлого орохгүй гацаад байна. Би санал, дүгнэлт хэлэх хэмжээний хүн биш ч энэ чиглэлээр нэлээд судалгаа хийж болж бүтэхгүй хүндрэлтэй асуудлуудыг экспортлогчдын болон үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалж шүүмжилж ирсэн.
Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолыг батлагдахын өмнөх өдөр Сангийн сайд экспортлогчидтой уулзалт хийж гэрээний үнийг үндэслэхгүй “жишиг үнэ”-д АМНАТ ногдуулах гэж байгаагаа танилцуулсан. Экспортлогчид бүгд олоогүй орлогоосоо илүү АМНАТ төлөх хүндрэлтэй талаар хэлсэн.
Миний хувьд АМНАТ-ийн их хэмжээний өр үүснэ шүү гэдгийг сануулж байсан. Тэд шийдвэрээ гаргасан, үр дүнд нь одоогийн яригдаад байгаа гурван их наяд төгрөгийн өр, маргаан үүссэн. Их мөнгө шүү дээ.
Уг нь өнгөрсөн зун Засгийн газраас АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан шүү дээ. Тэр нь хэрэгжихгүй байна уу?
-Шинэ Засгийн газар байгуулагдаад Ерөнхий сайд, бусад сайдууд экспортлогчидтой, үйлдвэрлэгчидтэй уулзалт хийж энэ салбарт үүссэн хүндрэлийг сонсож 2021 оны 174 дүгээр тогтоолын гажуудлыг засч 55 дугаар тогтоолыг гаргасан гэж үзэж байгаа. Ашигт малтмалын хуулийг өөрчилж, өргөн барьж чадаагүй ирсэн гурван Засгийн газрын буруу шүү дээ.
-АМНАТ-тэй холбоотой гарсан Засгийн газрын 55 дугаар тогтоолын талаар улс төрийн хүрээнд маргаан үүсээд байх юм. Тэр тогтоол нь аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болж чадсан юм уу?
-Уул уурхайн биржийн арилжаанд оролцож буй компаниудад дэмжлэг болно. Яагаад гэвэл бодит борлуулалтын орлогоо бодит үнээр тооцуулж АМНАТ-өө төлнө. Дөрвөн сарын хугацаатай шийдвэр л дээ, тэр тогтоол. Уул уурхайн биржээр 25 хувиас дээш бүтээгдэхүүнээ борлуулсан компаниудын мэдээлэл ил тод хяналттай байгаа учир тэд үлдсэн бүтээгдэхүүнээ хэт доогуур үнээр, эсвэл хэт өндөр үнээр борлуулж их хэмжээний татвараас зугтах боломжгүй. Тэд тайлангаа одоогоор өгөөгүй байгаа. Татварын хуулиудад татвараас зайлсхийсэн бол нэлээд хатуу заалтууд үйлчилдэг учир компаниуд зөв тайлагнахад эрсдэл бага шүү дээ. Энэ бол нэг компанид зориулж гаргасан шийдвэр биш. Цаг хугацаа харуулна.
-Ингэхэд ашигт малтмалын экспортын үнэ, биржийн ханшаас хамааруулж АМНАТ тооцдог механизм дэлхийн улс орнуудад яаж хэрэгждэг вэ?
-Бусад оронд Royalty буюу АМНАТ-ийг биет хэмжээнээс, борлуулалтын орлогоос, цэвэр ашгаас авахаар маш ойлгомжтой тогтоосон байдаг. Борлуулалтын орлогоос тооцдог орнуудад тухайн компанийн гэрээний дүнгээс тээврийн зардлыг, бусад татвар, төлбөрийг хасч тооцдог. Маргаан гардаггүй. Манай улс ямар ч зардлыг хасдаггүй, бүр олоогүй орлогоос нь АМНАТ авах тогтолцоотой. Үүнийг л Ашигт малтмалын тухай хуульдаа яаралтай засах хэрэгтэй.
-Үнэн хэрэгтээ дотоодын үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа ахиулахад нь АМНАТ том тушаа болж байгаа биз дээ?
-Тийм. Жишээ нь, Зэсийн баяжмалын үйлдвэр хөгжихөд АМНАТ-ийн хувь хэмжээ хэт өндөр байна. Өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд хөгжих ямар ч боломжгүй нь батлагдаад байна.
-АМНАТ-ийг давхар тооцдог байдлыг болиулбал манай эдийн засагт ямар бодит нөлөө үзүүлэх вэ?
-Өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд 2019 оноос өмнөх үе шиг олноор байгуулагдана. Нүүрсээ хагас кокс, металлургийн кокс, Төмрийн хүдрээ хорголжин, ширэм, жоншны хүдрээ эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх болно. Нэмүү өртөг нь Монголдоо үлдэж маш олон ажлын байр бий болж их хэмжээний валютын орлого олох боломжтой болно.
-Ер нь хүнд үйлдвэрлэгчдийн зүгээс энэ асуудлыг шийдэх тал дээр ямар хувилбартай байгаа вэ?
-Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хүнд үйлдвэрийн бодлогоо боловсронгуй болгож Сангийн яам АМНАТ-ийн алдаатай бодлогоо засаасай гэж хүсч байна. Дэндүү удаан байна.





Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүү...
2 цагийн өмнө
Монголд сүүлийн 3 жилд томуугийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгджээ
Сүүлийн 3 жилд манай улсад томуугийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгдсэн байна. Тандалтын мэдээгээр жилд ду...
2 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63...
3 цагийн өмнө
Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно
Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 122 мянган айлд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24...
3 цагийн өмнө
Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын хүрээнд Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, х...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд