мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа

Админ
2025 оны 10 сарын 15

18

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргаснаа зарлалаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Төрийн тэргүүн болон Ерөнхий сайдын мэдээллийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхий сайд Нарендра Моди,
Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Мянга мянганаар хэмжигдэх агуу соёл иргэншлийн өлгий нутаг, үзэсгэлэнт Бхарат орноо бид бүхнийг халуун дотноор хүлээн авч, хүндэтгэл үзүүлж буй эрхэм хүндэт Ерөнхий сайд Танд болон Энэтхэгийн төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Сүрлэг Гималайн уулс, өнгө алагласан өв соёл, эртний гүн ухаан, орчин цагийн хөгжил дэвшлийг хослуулсан Энэтхэг Улсад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн тэргүүн төрийн айлчлал хийж байна.
Монгол Улс нь Энэтхэг Улсыг өөрийн гуравдагч хөрш, Өмнөд Ази, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд манай хоёр улсын “Стратегийн түншлэл“-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Эрхэм хүндэт Ерөнхий сайд таны удирдлага дор өдрөөс өдөрт өргөжин хөгжиж буй Энэтхэг Улсын өргөн их хөгжил дэвшил, ард түмний найрсаг, зочломтгой зан чанар, баялаг өв уламжлал, түүх, соёлтой ойр дотно танилцаж байгаадаа сэтгэл хангалуун байна.
Ганга мөрний урсгал лугаа адил амгалан дөлгөөн Энэтхэгийн ард түмэн, уудам тал нутаг шигээ уужим сэтгэлтэй Монголын ард түмний учрал холбоо нь одоогоос 2,500-аад жил буюу Хүннү гүрний үеэс эхтэй.
Энэтхэгийн гүн ухаан, бурхан шашны ариун сургаалыг эрхэмлэн хүндэлсэн бидний өвөг дээдсийн уламжлалт найрсаг харилцаа өнөө цагт оюун санааны хөршийн хувиар улам гүнзгийрэн хөгжсөөр байна.
Одоогоос 10 жилийн өмнө Монгол, Энэтхэгийн харилцааны түүхт 60 жилийн ойгоор Эрхэм хүндэт Ерөнхий сайд Нарендра Моди таны мөнх тэнгэрийн орон, манай сайхан улсад хийсэн албан ёсны анхны айлчлал нь харилцааны түвшнийг “Стратегийн түншлэл”-д хүргэж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх үндэс суурийг тавьж байсан юм.
Тэгвэл энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд Эрхэм хүндэт Ерөнхий сайд та бид найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 70 жилийн үр дүн, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ хамтран тодорхойлж, газрын зургаа зуран, Монгол, Энэтхэгийн харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа эхлүүлж байгаадаа баяртай байна.
Та бидний яриа хэлэлцээний дүнгээр “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргалаа.
Мөн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, соёл, хүмүүнлэг, залуучууд, спорт, соёл, урлаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Энэтхэг Улсын “Виксит Бхарат-2047” үндэсний хөгжлийн стратегитай уялдуулан хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны цаашдын хөгжил дэвшилд стратегийн чухал, онцгой ач холбогдол бүхий төсөл юм.
Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа Энэтхэг Улсын төр, засаг, аж ахуйн нэгжүүд, эрхэм хүндэт Ерөнхий сайд Танд гүн талархал илэрхийлж байна.
Айлчлалын хүрээнд байгуулсан хоршооллыг дэмжих, бичил төслүүдэд Энэтхэгийн буцалтгүй тусламжийг чиглүүлэхэд анхаарч, хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэмжинэ.
Мөн орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн шинэ гарцуудыг эрэлхийлэх нь чухал байна.
Бид гуравдагч улсын боомт, тээврийн коридоруудын боломжийг хамтдаа ашиглах, хоёр орны хооронд шууд нислэгтэй болох, транзит нислэгийг нэмэгдүүлэх боломжийг судлахаар боллоо. Монголын агаарын тээврийн компани энэ оны сүүлээр Дели болон Амрицар хот руу захиалгат нислэг үйлдэнэ.
Энэ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүн дотроо аялал жуулчлал, бизнесийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.
Геологи, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан нь харилцаа, хамтын ажиллагааг нэг шинэ салбараар тэлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, цаашид хамтран ажиллах өргөн боломж бий болгоно.
Энэтхэг Улс эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч байр сууриа улам бататган, “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-г санаачлан байгуулж байгаад талархалтай ханддаг бөгөөд энэ холбоонд Монгол Улс албан ёсоор нэгдэн орж байгааг мэдэгдэж байна.
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг Улсын хонины ноос боловсруулах, ялангуяа хивс, нэхмэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, хоёр орны давуу талыг уялдуулан түүхий эдийн нийлүүлэлт, хүний нөөцийн солилцоо, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хамтран гаргах боломжийг судлан үзэхээр тохирлоо.
Айлчлалын хүрээнд Дели хотноо зохион байгуулах Монгол-Энэтхэгийн бизнес форум нь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжихэд чухал ач холбогдолтой.
Айлчлалын хүрээнд “Цахим хөгжил, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг”-т талууд гарын үсэг зурсан нь энэ салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, ирээдүйн хөгжлийн замыг тодорхойлох бас нэгэн чухал алхам болж байна.
Эрхэм хүндэт Ерөнхий сайд таны шийдвэрээр манай улсад баригдаж байгаа, “Энэтхэг, Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль” нь хоёр улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэл төгс байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Энэтхэг Улсад суралцаж байгаа залуус ч хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийн гүүр болж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхэн уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан энэтхэгийн тал Засгийн газрынхаа тэтгэлэгт хамрагдах манай оюутан залуусыг тоог нэмж байгаад баяртай байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндэсний урлагийн театрын уран бүтээлчид анх удаа Дели хотноо “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулж, тал нутгийн эгшиг аялгуугаар энэтхэг ах дүүсийнхээ сэтгэлийг хөглөн, сонорыг мялааж, мартагдашгүй сайхан дурсамж бүтээх гэж байгаад баяртай байна.
Харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал хэсэг бол соёл, хүмүүнлэг, спорт, соёлын арга хэмжээ гэдгийг та бид ярилцаж санал нэгдсэн.
Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,
Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрхэм хүндэт Ерөнхий сайд, дотны нөхөр таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг талархан тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.
Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна.
Манай хоёр орны найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, эртний түүхт, оюун санааны хөрш, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.
Эрхэм хүндэт Ерөнхий сайд таныг мөнх хөх тэнгэрийн орон, эртний төрт улсуудын өлгий нутаг, манай сайхан оронд тааламжтай цагтаа зочлох урилгыг таны сайхан өргөөнд гардуулж байна.
Танд баярлалаа.
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАРЕНДРА МОДИ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,
Хоёр орны төлөөлөгчид,
Хэвлэлийн анд нөхөд өө,
Та бүхэн сайн байна уу?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон нийт төлөөлөгчдийг Энэтхэг Улсад хүлээн авч байгаадаа баяртай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч зургаан жилийн дараа Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж байгаа нь чухал ач холбогдолтой. Энэ айлчлал Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, “Стратегийн түншлэл” тогтоосны 10 жилийн ойтой давхцаж байна.
Бид өнөөдөр уулзалтынхаа өмнө хамтдаа мод тарьж, байгаль дэлхийдээ өргөл өргөлөө. Бидний суулгасан мод ирээдүй хойч үед маань хоёр улсын байгаль орчныг дээдлэх хичээл зүтгэлийг илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна.
10 жилийн Монгол Улсад айлчлах үеэрээ харилцаагаа ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн. Өнгөрсөн 10 жилд бид энэ түншлэлийн хүрээнд салбар бүрийг хөгжүүлж, шинэ түвшинд гаргалаа.
Батлан хамгаалах, аюулгүй байдлын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр, шинэ санал, санаачилгуудыг хэрэгжүүлж ирлээ.
Энэтхэг Улс чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа Монгол Улсын хил хамгаалах, Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ. Эдгээрийг бид өөрсдийн нийтлэг, үнэт зүйлсдээ тулгуурлан хөгжүүлэх болно.
Нэн ойр түншийн хувьд бид олон улсын тавцанд хамтран ажиллаж, нээлттэй, оролцоог хангасан, хууль ёс, дүрэмд суурилсан Энэтхэг, Номхон далайн бүсийг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
Энэтхэг, Монгол нь дипломат харилцаатай төдийгүй оюун санааны маш ойр дотно нөхөд. Энэ нь манай хоёр орны ард түмний харилцаанаас тод харагддаг гэдэгт итгэлтэй байна.
Буддын шашин бол манай хоёр улсын нийтлэг хэлхээ холбоо болж ирсэн. Иймээс манай хоёр улсыг оюун санааны ах дүүс гэж нэрлэдэг.
Бид өнөөдөр хэд хэдэн чухал шийдвэрийг гаргаж, уламжлалт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж, түүхийн нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Бид ирэх жил шашны дурсгалт үнэт өвийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж байна. Мөн санскрит номын багшийг Гандантэгчэнлин хийдэд илгээж, гүнзгийрүүлсэн судалгааг өргөжүүлж, тухайн хийдэд байгаа Будда бурхны зураг хөргийг нарийвчлан судлах болно. Бид нэг сая ширхэг эртний монголын номлолыг цахимжуулна.
Бид Засгийн газар болон байгууллага төдийгүй Архангай аймаг, манай Лех хот дахь Ладакийн автономит бүс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж байна.
Бид газар нутгаараа хиллэдэггүй ч Монгол Улсыг үргэлж хөршөө хэмээн хүндэлж ирсэн. Иймээс иргэд хоорондын харилцааг хөхиүлэн дэмжихийн төлөө хичээн ажиллана. Бид цахим визийг Монгол Улсын иргэдэд үнэгүй олгохоор шийдвэрлэлээ.
Монголын залуус, соёлын төлөөлөгчдийг жил бүр Энэтхэг Улсад хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ бол бид Монгол Улсын хөгжлийг байнга, тууштай дэмждэг нөхөр гэдгийн илэрхийлэл юм.
1,7 тэрбум ам.долларын санхүүжилтээр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж байгаа. Дэлхийд Энэтхэг Улсын хэрэгжүүлж байгаа хамгийн том энэ төсөл Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдалд эрч хүч өгнө.
Энэтхэгийн 2,500 гаруй хүн энэ төслийг бодит ажил хэрэг болгохын төлөө зүтгэж байна. Бид Монголын ажиллах хүчийг чадавхжуулахыг хичээж байна. Харилцаа холбоо, технологи, аутсорсингийн төв байгуулсан. “Монгол-Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль”-аар дамжуулан хүүхдүүдэд чанартай боловсрол олгож байна.
Эдгээр төсөл нь манай хоёр орны гүн гүнзгий харилцааны илэрхийлэл болж байгаа бөгөөд цаашид олон төсөл хэрэгжүүлж, хоёр орны иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх эерэг үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна.
Энэ хичээл зүтгэлээ ирээдүйд ч үргэлжлүүлж, ард иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан төслүүд хэрэгжүүлэх болно.
Хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлж, ашигт малтмал, уул уурхай, сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулалт, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахыг зорьж байна.
Бидний хоорондын холбоо нь харилцан итгэлцэл, нөхөрлөлд гүн гүнзгий суурилсан бөгөөд энэ уламжлал нь бидний өнө эртний соёл, иргэншлээс улбаалан өнөөг хүртэл хөгжиж ирсэн.
Цаашид ардчиллын үнэт зүйл болон хөгжлийн төлөөх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, “Стратегийн түншлэл”-ээ илүү өндөр түвшинд хүргэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Таныг төрийн түүхэн айлчлал хийж байгаад болон Энэтхэг Улсын төлөө гэсэн таны тууштай дэмжлэгт талархал илэрхийлье.
Баярлалаа.
Мэдээлэл өгсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хайдерабад ордны Хүндэт зочны дэвтэрт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч мянга мянганаар хэмжигдэх агуу соёл иргэншлийн өлгий нутаг, үзэсгэлэнт Бхарат орноо төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна.
Махатма Ганди-гийн “Бидний үнэнч нөхөрлөл болгон даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоох бат бөх суурийг бүтээж байдаг” хэмээн хэлсэнчлэн монгол, энэтхэгийн ахан дүүсийн найрамдал, нөхөрлөл улам бүр батжин бэхжиж, даян дэлхийн энх тайван, амар амгаланд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна” хэмээн бичиж үлдээлээ.
Айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан дурсгалын маркийн нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар оролцлоо.





Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүү...
4 цагийн өмнө
Монголд сүүлийн 3 жилд томуугийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгджээ
Сүүлийн 3 жилд манай улсад томуугийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгдсэн байна. Тандалтын мэдээгээр жилд ду...
4 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63...
5 цагийн өмнө
Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно
Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 122 мянган айлд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24...
5 цагийн өмнө
Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын хүрээнд Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, х...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд