Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Г.Ариунболор: Манай улсын хувьд ойлгомжгүй нэгэн засаглалын субьект нь “Ерөнхийлөгч” гэж үзэх олон улсын судлаачид байдаг

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 10 сарын 23

img

35

news-img

Улс төр судлаач, эрх зүйч Г.Ариунболортой өнөөгийн улс төрийн нөхцөл байдал болон улс төрийн нам, парламент засаглалын асуудлаар ярилцлаа.


-Парламентын дархлааг унагасан үйлдлүүд их болж байна. Сүүлдээ намгүй төрийн төлөө гэдэг зүйлийг гишүүдэд уриалж байгаа талаар та судлаачийнхаа хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа “парламентын дархлаа”, “ардчилсан Үндсэн хуулийн парламентын засаглалын үнэ цэн”-ийн талаар ихээхэн ярьдаг байсан. Үүний хүрээнд 2021 оноос “Улсын Их хурлын хяналт шалгалтын тухай хууль”-ийн төслийг санаачилж тухайн үеийн УИХ-ын ЕНБД Л.Өлзийсайханаар ахлуулан энэхүү хуулийг өргөн барьж батлуулж байв.

2024 оны уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар парламентын хяналт тэнцэл сайжирч байна гэх мессэжийг ч олон нийтэд цацаж байсан. Гэтэл өнөөгийн дүр зураг яг өөрийнх нь тухайн үеийн зарчмын эсрэг явж байна гэж харж болохоор байна. Угтаа Үндсэн хуульд төрийн абсолют эрхийг хязгаарлах зорилгоор эрх мэдлийн хуваарилалтыг сонгодог онолын дагуу хийж, хууль тогтоох буюу парламент, гүйцэтгэх буюу Засгийн газар, шүүх засаглал хэмээн хуваарилж өгсөн ч өнөөгийн улс төрийн тэмцэлд аль аль эрх мэдэл нь бие биенээ үгүйсгэж байгааг харвал парламентын дархлааг сулруулах зорилго улстөрчдөд байж болзошгүй байдал ажиглагдаж байна.

-Тэгэхээр таны хувьд парламентын засаглалыг үгүйсгэх оролдлого бодитой гэж үзэж байна уу?

-Мэдээж энэ асуудал дээр зөвхөн онол, хууль ярихаас илүүтэй ямар байх ёстой вэ, суурь шалгууруудыг хангаж байна уу, үгүй юу гэдэг дээр судлаачид болон иргэд дүгнэлт хийхэд гүйцэтгэх засаглал парламентын засаглалыг үгүйсгэх оролдлого бодитойгоор хийж байгаа гэхэд хилсдэхгүй болчихлоо. Нөгөөтэйгүүр парламентын хяналт тэнцэл хаана явж байна вэ гэдгийг бид харж, парламентын өөрийн хэлэлцэж байгаа асуудлын цар хүрээ, шийдвэрлэсэн байдлын чанарт үнэлгээ дүгнэлт өгөх цаг нь болсон гэж харж байна.

-ҮХЦ-ээр Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна. Та эрх зүйч хүний хувьд уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхий сайдыг огцруулах асуудалд улс төрчид болон судлаачид хоёр талын эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлж байх шиг байна. Байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-н чуулганаар хэлэлцүүлэх нь зөв гэж хэсэг нь үзэж байхад нөгөө талд буруу гэдэг өнцөг байна. Аль аль өнцгүүд өөрсдийн тайлбарыг хуулийн зүйл заалтаар тайлбарлаж байгаа ч миний хувьд арай өөр өнцгөөс хармаар санагдаж байгаа. Энэ нь хуулийг Улсын дээд шүүхээс албан ёсоор тайлбарладаг байсан тайлбарыг товхимол хэлбэрээр тайлбарлах эрхийг эргэн сэргээх тухай асуудал. Албан ёсны тайлбаргүй болсноор маш олон казус буюу сайн дурын тайлбар гарч ирж органик хуулийг төдийгүй Үндсэн хуулийг хүртэл хүссэнээрээ тайлбарлаж хэрэглэх боломж нэгэнт бүрджээ. Угтаа манай улсын эрх зүйн зарчимд “Хуулийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах” зарчим бий. Гэтэл улстөрчид улс төрийн зорилгоор, эрх зүйчид өөрт зөв санагдсан байдлаараа хуулийг тайлбарлаж байгаад бид одоо дээр дурдсан эрх мэдлийн гурван салаа мөчрийн нэг болох шүүх засаглал өөрөө энэхүү хуулийн зохицуулалтыг хэрхэн тайлбарлахыг харах үлдээд байна.

-Яг хууль зөрчсөн үү?

-Улсын их хурлын эрх зүйн байдлын тухай хууль болон дэгийн тухай хуулийг харвал дэг зөрчөөгүй гэж харагдахаар, гэтэл Засгийн газрын тухай хууль болон Үндсэн хуулийн зарим заалтыг харвал зөрчилдөж байгаа гэж харагдах ч эцсийн шийдвэрийг шүүхээс гаргасан шийдвэрээр тогтооно. Одоогоор бид Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр тайлбарлахаас аргагүй боллоо. Шүүхийн шийдвэр, тогтоолын үндэслэх хэсэгт хуулийг тодорхой тайлбарладаг тул судлаачийн хувьд хуулийн албан ёсны тайлбарыг хүндэтгэн үзэхээс аргагүй гэж санаж байна.

-Парламент засаглалтай оронд Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа огцруулахыг дэмжсэн УИХ-ын тогтоолд хориг тавьдаггүй. Ийм жишиг дэлхийд байдаггүй гэж зарим гишүүд үзэж байна. Энэ зөв үү?

-Өмнө нь 1997-2005 онд Н.Багабанди Ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаандаа нийт 37 удаа УИХ-ын тогтоолд хориг тавьж байсантай харьцуулж харвал тооны хувьд цөөн ч гэлээ манай улсын хувьд эрх зүйн хувьд ч улс төрийн онолын хувьд ч ойлгомжгүй нэгэн засаглалын субьект нь “Ерөнхийлөгч” гэж үзэх олон улсын судлаачид байдаг. Угтаа Ерөнхийлөгчийн засаглалтай орнуудад ерөнхийлөгч гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрыг тэргүүлдэг бол манайд Засгийн газраасаа тусдаа нэг бие даасан субьектийн хэлбэрийг агуулаад явдаг. Үүнийг олон улсын хэмжээнд эрх зүй болон улс төр судлалд түгээмэл биш хэлбэр хэмээн үзэж манай улсыг “хагас ерөнхийлөгчийн засаглалтай орон” гэж олон улсын парламентын судалгааны байгууллага ангилсан байдаг. Үндсэндээ 1992 оны Үндсэн хуулиар ийнхүү хуульчилсан байдлыг бодитойгоор дүгнэсэн явдал болсон.

-Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа хамгаалж байна гэх шүүмжлэл бас байна…?

-Хоёр эрх мэдлийн байгууллагын хурцадмал байдалд Ерөнхийлөгч аль нэг талд нь үзэмжээр хандах хандлага гаргахгүй байх зарчмын тухай асуудал энд хөндөгдөж болох юм. Жишээлбэл, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж, нийтэлж байгаа шиг Гүйцэтгэх засаглалыг өмөөрсөн хэлбэр гэж үзвэл хууль тогтоох засаглал нь түүнийг хүлээн авахгүй байх боломжтой. Гэхдээ мэдээж тодорхой хууль зүйн фактыг урьтал болгож байж шийдэхгүй бол алдаатай парламентын засаглал, ерөнхийлөгчийн буруу засаглалын хэлбэрийг өөгшүүлэх эрсдэл мөн харагдаж байна. Энэ эрсдэл одоогийн нөхцөл байдалд биднээс хол биш болчихлоо.

-МАН эрх мэдэл, сандал суудлын төлөө төрийг ч, үндсэн хуулийг ч уландаа гишгэлж байх шиг. Нөгөө улс төрийн намын төлөвшил 100 жил болсон ч бодитой хэрэгжихгүй юм биш үү?

-Өнгөрсөн жилийн хавар парламентын сонгуулийн өмнө улс төрийн намууд нэгдэж, эв нэгдэлтэй, чин шударга өрсөлдөж улс төрийн намын соёлыг төлөвшүүлнэ хэмээн пи-ар хийж байсан нь саяхан. Нэгдсэн Үндэсний байгууллага болон олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу 2023 оны долдугаар сард “Улс төрийн намын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг баталсан. Гэтэл өдгөө хөрсөн дээр практикт тус хуулийн зарчим бүрэн хэрэгжихгүй байгааг Ардчилсан намын дүрмийн бүртгэл Улсын дээд шүүх дээр гацсан байдлаас, МАН бага хурлаа хийхдээ дүрмийн шинэ төслийг хэлэлцсэн эсэхийг хэн ч мэдэхгүй байгаа байдлаас, МАН-ын даргын өөрчлөлт Дээд шүүхэд дүрмийн төслийн хамт хүргэгдсэн эсэхийг олон нийтэд мэдээлэхгүй байгаа зэргээс бэлхнээ харж болохоор байна. Намын төлөвшил гэдэг дээр Улс төр судлалын профессор, доктор С.Мөнхбатын нэг сэдэвт бүтээлд маш тодорхой дурдсан байдаг. Тэр нь улс төрийн нам хэдэн жил болсноороо биш, хэр зэрэг зохион байгуулалт бүхий институци болж бэхэжсэн бэ гэдгээр хэмжих ёстой ойлголт юм.

-Олон улсад тодорхой жишээ бий байх, тийм үү…?

-ХБНГУ болон Франц улсад улс төрийн намууд үзэл баримтлалын эсрэг чиглэлд байр суурь илэрхийлэх, бодлого тодорхойлбол намын гишүүд намын тухайн буруу чиглэлийн байр суурь илэрхийлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох боломжтой байдаг. Энийг улс төрийн намын соёл, төлөвшил хэмээн харах учиртай, гэтэл манай улсад хэр зэргийн соёл төлөвшил байгааг бид МАН-ын бага хурлаас бэлхнээ харсан. Мэдээж ийм тийм хүн хэрэгтэй гэдэг дүгнэлтийг нийгмийн захиалгаар, түүвэртэй судалгаагаар илэрхийлэх боломжтой тул хувь хүний өнцгөөр зөвлөмж өгөх нь зохимжгүй болов уу.

-Гадаад нөхцөл байдал амаргүй байгаа гэж манай улстөрчид хэлдэг. Тэгвэл Монголд болж байгаа энэ бүх улс төрийн үйл явц гадаад талдаа хэрхэн харагдаж байгаа бол…?

-Энэ сарын 20-ны өдөр Al Jazeera сувгаар Монголын улс төрийн байдлыг мэдээлэхэд манай улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулийг үндэслэл болгон дурдаад “Монгол Улсын Ерөнхий сайд парламентын саналаар огцорлоо” хэмээн мэдээлсэн. Цаашлаад BBC, CNBC агентлагууд мөн л манай улсын хуулийг давхар тайлбарлан мэдээлж байв. Гэтэл тэдний мэдээний дүгнэлт хэсэгт Монголын улс төрийн тогтворгүй байдал нь гадаад зах зээлд төдийлөн нөлөөлөхгүй ч дотоодын зах зээл болон ашиг сонирхлын үүднээс өрнөдөг гадаадын хөрөнгө оруулалт, томоохон төслүүд хувийн хэвшилд халтай зүйл болж байна гэх дүгнэлтийг агуулсан байв.

-Яагаад…?

-Үүнд бид дүгнэлт хийх ёстой. Аливаа гадны компаниуд тухайн улсад хөрөнгө оруулахдаа улс төрийн тогтвортой байдлыг нэгдүгээрт судалж үздэг. Хэт их эрх ашиг ихэдсэн газарт хөрөнгө оруулалт хийх нь маш их эрсдлийг бий болгоод зогсохгүй, өмнөх гадаадын хөрөнгө оруулалтын маргаануудыг шүүх дээр хэрхэн шийдвэрлэсэн байдал, шүүхээр энэ төрлийн маргааныг шийдвэрлүүлэхэд баримталдаг зарчим, процесс, өртөг, хугацааг тэд маш нарийн судлуулдаг. Гэтэл энэ мэтээр улс төр нь тогтворгүй хуулийг нэг мөр тайлбарлан хэрэглэх боломжгүй эдгээр байдал нь мэдээж гадаадаас ирэх мөнгөн урсгалыг дээрх хэлбэрээр хаана гэсэн үг. Цаашлаад хоёр хөршөөс аливаа бүхий л зах зээлээр хамааралтай манай улсын хувьд тогтоворгүй байдал удаан үргэлжилбэл үндэсний аюулгүй байдал ч хөндөгдөх аюултай. Эдгээр нөхцөлд бид сөрөг хүчинтэй боллоо хэмээн баярлаж байх ч одоогоор сөрөг хүчин ч тодорхой алхмуудыг хийхгүй байгаад гадаад хүчин зүйл гэхээс илүү дотоод ашиг сонирхол хангагдахгүй байгаатай холбоотой гэж харагдахаар байгаа юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн бүс, Нисэх, Яармагийн түгжрэл буурна

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын ...

img

7 цагийн дараа

ТББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.10.23/ хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялг...

img

7 цагийн дараа

“Хермес” худалдааны төвийн нүхэн гарцыг Монгол Улсад анх удаа түлхэж оруулах технологиор барьж байна

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замтай огтлолцохгүйгээр шийдэх зорилтын хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд төмөр зам...

img

6 цагийн дараа

Зам засварын улмаас Ч:24Б чиглэлд түр өөрчлөлт орно

Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наада...

img

6 цагийн дараа

БНСУ хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй гадаадын иргэдийг албадан нутаг буцаахгүй

БНСУ-ын Хууль зүйн яам хууль бусаар оршин суугаа боловч цалин хөлсөө авч чадаагүй гадаадын иргэдийг албадан нутаг буцаах арга хэмжээ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд