мэдээ
Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 10 сарын 23

18

Ерөнхий сайдыг огцруулсан процессыг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар өчигдөр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцсэн юм. Өглөө тус хурал нээлттэй эхэлсэн ч өдөр нь хаалттай болж хувирсан. Харин үүний дараахан УИХ-ыг төлөөлж болон гэрчээр дуудагдаж очсон гишүүд хуралдааныг орхин гарсан. Тэгвэл УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Баасандорж болон Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацогт нар Цэцийн хуралдааны дараа гарч ирж мэдээлэл өгсөн юм. Харин Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны дүгнэлтийг өчигдөр 22:50 цагт ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан уншиж танилцууллаа. Улмаар ҮХЦ Ерөнхий сайдыг огцруулах аравдугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын 95 дугаар тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн байна. Үүнээс гадна хүсэлтээр хандсан маргаанд гомдол гаргах эрхгүй гэдгийг тэрбээр онцолсон юм.
Мөн УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь УИХ-ын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалгахаар мэдэгдэж зохион байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
ҮХЦ-ийн Их суудлын хуралдаантай холбогдуулан илэрхийлсэн хүмүүсийн байр суурийг тоймлон хүргэж байна.
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
-Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Цэцээс онцгой хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал гэж үзэн хуулийнхаа 4 дүгээр зүйлийг эшилж хуралдаан зарласан. Тус хуульд зааснаар долоогоос доош хоногийн өмнө төрийн төв хэвлэлд хуралдаан болох талаар зар хүргэх зохицуулалтыг зөрчсөн. Тиймээс энэ хуралдаан хууль зөрчсөн шүү.
Хоёрдугаарт, 30 хоногийн дотор биш 30 хоногт багтаан хуралдааныг зарлаж байгааг хуралдаан даргалагч тайлбарласан. Энэ нь Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч өчигдөр сошиал хаягтаа оруулсантай ижил байр суурь байсныг дурдаж хэлье.
Гуравдугаарт, Их суудлын хуралдаанаар маргаан бүхий гурван асуудлыг нэгтгэн шийдэж байгаа нь Үндсэн хууль болоод Үндсэн хуулийн Цэцийн Маргаан хянан шийдвэрлэх тухай, УИХ-ын тухай хуулийг зөрчиж байна. Учир нь УИХ-ын тогтоолыг Цэцийн Дунд суудлын хуралдаанаар шийдвэрлэж, Монгол Улсын Их хурал уг асуудлыг хүлээж авах эсэхийг шийдвэрлэж, үүний дараа Их суудлын хуралдаан хуралддаг. Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн цэц урьдчилан хяналт хийх ёсгүй. Яг одоогийн байдлаар Цэц урьдчилсан хяналт гараагүй, хүчин төгөлдөр болоогүй УИХ-ын тогтоолыг хянан шийдвэрлэж байна. Одоо ч хүчин төгөлдөр болоогүй байгаа. Ерөнхийлөгч хориг тавьсан. Гэтэл Цэц нэг талдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа. Нөгөөтэйгүүр, хууль хүчин төгөлдөр болоогүй буюу Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээгүй байгаа энэ цаг мөчид цаашид ямар шийдвэр гарах нь тодорхойгүй байхад ирээдүй цаг дээр Цэц маргаан хянан шийдвэрлэж байна.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Хууль ижил тэгш үйлчлээсэй
-Тухайн үед ирцийн хувьд би үнэхээр санаа зовсон. Энэ бол 10 хоногийн дотор УИХ хэлэлцэж шийдвэрлээд, тогтоолоо гаргах ёстой. Цаг хугацаатай. 126 гишүүнээс даргалах хүн байна уу гэхэд, “Би даргалъя” гэж гараа өргөөд даргалаагүй. УИХ-ын тухай хуулийн хүрээнд, чиг үүргийнхээ дагуу тухайн өдрийн хуралдааныг даргалсан гэсэн үг. Хэрвээ тэр өдөрт багтаан 10 хоног дотроо хэлэлцэн шийдвэрлээгүй бол хуралдаан даргалагч би бас Үндсэн хууль зөрчсөн болоод энд дуудагдах байсан байх. Хуралдаанд би даргалагчийн хувьд тухайн үед чиг үүргээ хэрэгжүүлж, 10 хоногийн дотор хэлэлцэх Үндсэн хуулийн заалтыг хуулиа хүндэтгээд хэрэгжүүлэхийг зорьсон. Гэтэл хэлэлцэх гэж байсан асуудал дээр Ерөнхий сайд өөрөө энэ томьёоллыг “Үндсэн хууль зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргаж өгөөч гээд хүмүүсээр хаа сайгүй яриулж байна. Мөн “Энэ бол Үндсэн хууль зөрчих гэж байна шүү” гэж УИХ-ын гишүүдийн бие дааж шийдвэр гаргах эрхэд халдсан. Би тэгж үзэж байна. Энэ үгнээс маш олон УИХ-ын гишүүн айсан. Нээрээ би Үндсэн хууль зөрчих гээд байгаа юм болов уу гэх айдас бий болсон. Би аргаа бараад индэр дээрээс тайлбарласан. Ж.Эрдэнэбатын, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахдаа ТББХ-ны санал дүгнэлтийг үндэслэж байсан. Тэгвэл яагаад Г.Занданшатар гэдэг хүн яг энэ Үндсэн хуулиар явахад ийм нөхцөл байдал үүсэв гэдгийг та бүхэн маань сайн бодож үзээрэй. Шууд дамжуулалт байхгүй байгаа учраас би үүнийг гараад олон нийтэд ярих ёстой юм байна гэж бодлоо. Хууль ижил тэгш үйлчлээсэй гэж би бодож байна. Үндсэн хууль зөрчсөн гэдгийг нэг алх тогшиж шийдээд, албан тушаалаас нь чөлөөлөөд ард түмний дайсан болгох шийдвэр гаргах гэж байхад харамсалтай нь би өөрөө өмгөөлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд байна.
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн хямралруу хөтөлж болохгүй
-Тогтоол бүрэн хүчин төгөлдөр болоогүй байгаа. Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа дууссаны дараа хүчин төгөлдөр болно. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 27.1-т УИХ чуулганы хэлбэрээр шийдвэрээ гаргана гэж заасан. Тийм учраас Байнгын хороог огт үгүйсгэж болохгүй. Үндсэн хууль, 27.6-д Байнгын хороо олонхоороо шийдвэр гаргахыг тодорхой зааж өгсөн. Байнгын хороо УИХ-ын бүтцийн нэг хэлбэр. Мөн 28.2-т Байнгын хорооны бүрэн эрхийг хуулиар тогтооно гэсэн. Хуулиар тогтоож өгсөн, УИХ-ын тухай хуулийн 22.2-т Байнгын хороо тухайн асуудлаар санал дүгнэлт гаргаж, чуулганаар хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлнэ гэсэн болохоос танилцуулна гээгүй. Мөн УИХ-ын тухай хуулийн 22.3.7-д УИХ-аар томилдог албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах асуудлаар санал гаргана гэж заасан. Санал гаргах эрхтэй. Чуулганы хэлбэрээр шийдвэрээ гаргахад нэгдсэн хуралдаан, Байнгын хороо, намын бүлгүүд, Дэд хороо, Түр хорооноос бүрдэнэ гэсэн учраас зөвхөн нэгдсэн хуралдаанаар шийднэ гэж үзэж буй нь буруу томьёолол. Одоо хэрвээ Цэц энэ асуудлыг Засгийн газрын хэлж байгаагаар шийдвэл Л.Оюун-Эрдэнийг итгэл үзүүлэх эсэх асуудлын санал хураалт буруу болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар хууль бус Ерөнхий сайд болно гэсэн үг. Цэцийн гишүүд маш хариуцлагатай албан тушаалд томилогдсон. Төр тогтвортой байх уу, үгүй юу гэдэг асуудлыг шийднэ. Үндсэн хуулийн хямрал руу хөтөлж болохгүй. Тиймээс бид энэ асуудалд маш анхааралтай хандах түүхэн хариуцлагатай цаг мөчид та бид хуралдаж байна. Цагаан дээр хараар тодорхой бичсэн байна. Бид төрөөрөө тоглож болохгүй, самарч болохгүй.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Юунаас айж сандарч, хуйвалдаан хийж байгаа юм бэ
УИХ-ын болон холбогдох хууль тогтоомжуудын дагуу нэр бүхий гишүүдийг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Үүний дотор миний нэр байсан. УИХ шийдвэр гаргах процесст оролцсон буюу шийдвэрээ ямар үндэслэлээр гаргасныг хамгаалж ярих хүмүүс нь УИХ-ын гишүүд. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх маргаанд оролцсон буюу ҮХЦ-ийн маргаанд шийдвэр гарган оролцсон хүнийг гэрчээр дуудна гэдэг ойлголт байхгүй. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль хүч түрж, бидний гаргасан хүсэлтийг хурал даргалагч ганцаар тайлбар хийж хүлээж авсангүй. Дор хаяж гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэн шийдвэр гаргаж таны хүсэлт үндэслэлтэй, үндэслэлгүй гэж тайлбарлах ёстой. Ц.Сандаг-Очир гишүүн бид хоёрыг ярих буюу УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг биелүүлэх боломжийг олгосонгүй. Мөн УИХ-ын бүрэн эрхэд халдлаа. Ямар гишүүнээр Үндсэн хуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох вэ гэдэгт халдаж, шууд ямар үндэслэлээр гэрчээ тогтоож байгаа нь мэдэгдэхгүй, гэрчээ тогтоосон гэдэг шалтгаанаар явж байна. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч үгээ хэлж байхад шууд дамжуулалтыг унтрааж байна. Юунаас айж сандарч, хуйвалдаан хийж байгаа юм бэ. Монгол Улсын Үндсэн хуульт ёс, парламентын ёсыг нураахад дахиад нэг алхчихав уу даа гэх болгоомжлол, эмзэглэл байна. Бид өнөөдөр ҮХЦ-рүү дайрсан зүйл байхгүй. Хамгийн гол нь асуудлуудыг ҮХЦ-ээр хэлэлцүүлэхгүй гээд байгаадаа биш, дэг журмын дагуу явуулахыг хүсэж байгаа юм.
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр: С.Бямбацогт сайд гар утсаа хураалга гээд хайрцаг бариад гүйх юм
ҮХЦ-ийн Их суудлын хуралдааныг хуульт ёсоо дээдлэх, тэр тусмаа Үндсэн хуулиа дээдэлдэг шударга ёсны ноён оргил гэж итгэж л ирсэн. Гэтэл асар ашиг сонирхлын зөрчилтэй байлаа. Тухайлбал, ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах үндэслэл бүхий хүсэлтийг тавьсан ч хүлээж авч, шийдвэрлээгүй. Нотлох баримттай асуудал байсан шүү дээ. Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, эл шүүх хурлын шүүгдэгч хэлж болно. Түүнд өмгөөлөгч авах Үндсэн хуульд заасан эрхийг нь эдлүүлсэнгүй. Үүнээс гадна Засгийн газрын гишүүн, С.Бямбацогт сайд гар утсаа хураалга гээд хайрцаг бариад гүйх юм. Чи энд суухгүй, тэнд суу гэж хурлын дотоод зохион байгуулалтыг хийгээд явах юм. Мөн дуугарч болохгүй гээд зандраад байсан. Одоо бүр ҮХЦ-ийн дээр Засгийн газрын гишүүн гарчихлаа, энэ болохгүй. Эндээс харахад өнөөдрийн ҮХЦ-ийн хуралдаанаас Засгийн газраас захиалгатай улс төрийн шийдвэр гарах юм байна. Энэ хуралд сууж байгаа бидний эрх хангагдахгүй байна. Тэнцвэртэй хурал болж чадахгүй байгаа тул хурлыг орхиж гарахаар шийдлээ.
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацогт: Цэц энэ зөрчлийг таслан зогсооно гэдэгт найдаж байна
-Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болдог. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрыг огцруулахтай холбоотой процесс дээр Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гаргаж маргаан үүсгэсэн. Онц хүндрэлтэй, нэн яаралтай асуудал учраас Цэц хуралдаж, шийдвэрээ гаргах гэж байна. Онц хүндрэлтэй, яаралтай гэж үзэж байгаа учир нь өнгөрсөн баасан гарагт Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гурван гишүүний хоёр нь албан үүргээсээ чөлөөлөгдсөн. УИХ-ын дарга өөрөө хүсэлтээрээ ажлаа өгсөн. Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн бус аргаар огцруулсан. Үндсэн хуульд заасан томьёоллоор хэрэв Ерөнхий сайд огцорсон бол ямар нэг маргаан гарахгүй. Маргалдагч талуудаас асуулт асууж, хариулт авах байдлаар хурал явагдсан. ТББХ-ны саналаар чуулганд санал хураалт явуулбал төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн эрүүгийн гэмт хэрэг болно шүү гэдгийг би уулзаж, Х.Булгантуяа даргад сануулсан, анхааруулсан. Гэтэл миний үгийг үл тоож худлаа мэдээлэл цацаж өнөөдрийн энэ байдалд хүргэлээ. УИХ-ын гишүүн гэж илүү эрх эдэлдэг хүн биш, харин хууль дээдэлж, Үндсэн хуулиа сахих үүрэгтэй. Үндсэн хууль бол Монгол Улсын дээд хууль. Хуульд нийцээгүй зорилгоор олонхын хүчээр аливаа шийдвэр гаргах нь төрийн эмх журам, тогтвортой байдалд аюултай. Бид энэ эмх замбараагүй, хууль зөрчсөн үйл явцыг таслан зогсоох ёстой. Монгол төр төвшин, түмэн олон амгалан байх ёстой. Цэц өнөөдөр/өчигдөр/-ийн хуралдаанаар энэ зөрчлийг таслан зогсооно гэдэгт найдаж байна. Гэрчээр дуудсан гишүүн П.Сайнзориг хуралдааныг орхиж гарсан бол УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Б.Баасандорж хуралд эхнээс нь дуустал оролцож, асуултад хариулсан. Би хувьдаа энэ бүхний цаана бүх бурууг Тамгын газрын дарга руу чиглүүлэх гэж байна гэсэн сэжиглэл байна. Гэтэл төрийн албан хаагч бол тангараг өргөсөн хүн, хурал орхих эрхгүй. Харин УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд гарч болно. Тиймээс аль аль тал нь төрийн албан хаагч руу бүх хариуцлагыг чихэж байгаа мэт харагдаж байна. Энэ бол буруу.
Б.Баасандорж: Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж хуульд заасан
-Үндсэн хууль бол бидний үнэт зүйл. Чуулганы хуралдааны бүх үйл ажиллагаа Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцсэн УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, Хяналт шалгалтын тухай хуулиар явдаг. Намайг энэ хуралдаанд гэрчийн хувиар дуудаж оролцуулсан. Нийтдээ 02:20 цагийн хугацаанд ҮХЦ-ийн гишүүд болон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн асуултад хариуллаа. Чуулганы хуралдаан болон байнгын хорооны хурлын бүх проткол, тэмдэглэлийг нотлох баримтын хүрээнд ҮХЦ-д өгсөн. Ер Дэгийн тухай хууль дээр байгаа. Хуульд өөрөөр заагаагүй бол чуулганы хуралдаанаар орох гэж байгаа бүх асуудлыг харьяалах байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гээд заачихсан. Энэ үүднээсээ Ерөнхий сайдын асуудал Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдэнэ.
Хуульч Э.Эрдэнэжамъян: Дэлхийд парламентын гишүүдийнхээ санал болон томьёоллыг шүүдэг улс байхгүй
-Үндсэн Хуулийн Цэц Ерөнхий сайдын хүсэлтээр буюу огцорсон Засгийн газрын хүсэлтээр хэрэг маргаан үүсгэсэн. Энэ нь парламентын засаглалтай улсад байдаггүй агуулга. Ингэж үг, үсгээр хөөцөлдөж болохгүй. Ер нь дэлхий дээр парламентын гишүүдийнхээ санал болон томьёоллыг шүүдэг улс байхгүй. УИХ-ын гишүүн өгсөн саналдаа хариуцлага хүлээхгүй. Саналын томьёолол гэдэг бол УИХ-ын гишүүдийн бүрэн эрх. Гэтэл Цэцийн хуралдаан дээр саналаа яаж томьёолсон, хэн томьёолсон гэж асуугаад байх юм. Яагаад саналын томёоллоор хэрэгтэн олох гээд хайгаад байгаа юм. Ингэж байгаа нь хамгийн аймаар санагдлаа. УИХ дээр ямар нэгэн хууль, тогтоол хэлэлцэхэд Засгийн газар нь тэр шийдвэрийг хэлэлцэж батлахаас нь өмнө “Энэ хэдэн юм бидний дургүй шийдвэрийг гаргах гэж байна. Үүний саналын томьёолол буруу байна” гээд хэрэг маргаан үүсгээд Үндсэн Хуулийн Цэцэд өгдөг жишиг рүү орчихлоо.





“Бахрейн 2025″ Азийн залуучуудын наадмын нээлт боллоо
Азийн Олимпийн зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа эргэн ирж буй Азийн залуучуудын III наадам нь Баруун өмнөд Азид Персийн булангийн...
8 цагийн дараа
Түлш борлуулалтын нэг цэгт өдөр бүр 5–10 тонн түлш нийлүүлэгдэж байгаа нь иргэдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байна
ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /10.22/ түлш борлуулах төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн өрхү...
7 цагийн дараа
“Шаг мад”
Унгарын нийслэл Будапештэд болох Трамп, Путин нарын уулзалттай холбогдуулан Европын Холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас “Энэ...
7 цагийн дараа
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
Нийслэл Улаанбаатар хот болон зарим аймаг, сумдад бензин, түлшний хомсдол үүсээд байгаа. Тэгвэл шатахуунтай холбоотой үүсээд буй асу...
7 цагийн дараа
Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд а...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд