мэдээ
Урт наслах энгийн нууц, 102 настай йогийн багшийн түүх

Админ
2025 оны 10 сарын 28
53

Францын жижиг тосгонд хагас зуун жил йог заасан Шарлотт Шопен хатагтайн амьдралын философи
Урт насны ухаан хөдөлгөөн, тэнцвэр, энгийн амьдралаас эхэлдэг
Намрын үүлэрхэг нэгэн орой Францын Лэрэ тосгонд 102 настай эмэгтэй нам гүмхэн хөдөлгөөнөөр йогийн хичээлээ эхлүүлэв.
Бүдэг судалтай даавуун цамц, өмд өмссөн, бууралтсан богино үс нь бага зэрэг буржийсан түүнийг Шарлотт Шопен гэдэг. Тэрбээр 40 гаруй жилийн турш йог зааж байгаа бөгөөд энэ өдөр ч бусад өдрийн адил тайван, анхаарал төвлөрсөн зогсож байв.
Шинээр танилцсан хүн түүнийг анх харахад эмзэг, сулбагар мэт санагдаж болох ч хэдхэн минутын дараа түүний Дайчин йогийн байрлал (warrior), тэгш зогсолт, уян хөдөлгөөнүүдийг харахад хүч чадал, дотоод эрч ямар хүчтэй байдаг нь аяндаа ойлгогдож эхэлнэ.
Цаг хугацаа ба сахилга бат
Шарлотт хатагтай 1982 оноос хойш Лэрэ тосгонд йог зааж иржээ.
Хуучин цагдаагийн газар байсан түүний йогийн студи одоо дөрвөлжин жижиг өрөө, хувцас солих хэсэг нь хуучин шоронгийн өрөө байж. Түүний шавь нар 35-60 насны дөрвөн эмэгтэй. Хичээл эхэлмэгц Шарлотт хатагтай миний гарнаас барьж, модон саваар түшиж хамт сунгалт хийлээ. Эхэндээ би түүнийг унагаачих вий гэж эмээсэн ч тэр миний хүчийг төгс тааруулж байв.
Хананд бэхэлсэн оосортой хүнд дасгалыг хийхийг би эхэндээ татгалзсан ч тэр өөрөө тайван гэгч нь үзүүлж, инээмсэглэн “За одоо чи оролдоорой” гэж хэлсэн. Би дасгалыг амжилттай гүйцэтгэсний дараа тэр инээмсэглээд хэлэв:
“Гайхалтай,чи чадаж л байгаа биз дээ?”
Францын шоуны од ба Энэтхэгийн хүндэт өргөмжлөл
Сүүлийн жилүүдэд Шарлотт хатагтай Францад алдартай хүн болжээ. Тэрбээр 99 насандаа “La France a un Incroyable Talent” буюу “Авьяаслаг францчууд” шоунд оролцож, тайзан дээр 10 гаруй йогийн байрлал хийж үзүүлсэн байна.
“Хүмүүсийн алга ташилт, баяр хөөр намайг үнэхээр аз жаргалтай болгосон. Би үүнийг хэзээ ч төсөөлөөгүй” гэж тэрээр ярьжээ. Шарлотт хатагтай дараагийн шатанд шалгараагүй ч энэ үзүүлбэр нь түүнийг орон даяар алдартай болгосон бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хүртэл анхаарлаа хандуулсан байна.
Шарлотт хатагтайг йогийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж буй гавьяатай гэж үзэн Энэтхэг улс түүнд иргэний хүндэт медалиа хүртээжээ.
Түүнээс хойш тэрбээр олон уулзалт ярилцлага, арга хэмжээнд уригдах болж, дөрвөн хүүхдийнх нь нэг болох Клод Шопен (69 настай, физик эмчилгээний мэргэжилтэн, йог сонирхогч) нь түүний менежерээр ажилладаг болсон байна.
Түүний нууц: Талархал ба дуртай зүйлээ хийх
Би түүнтэй гэрт нь очиж уулзсан юм. XIX зуунд баригдсан, зуун жилийн түүхтэй жижиг байшиндаа тэрээр амьдардаг.
Ханын тавиур дээр гэр бүлийн зураг, йогийн дүрстэй жижиг баримлууд, “Аз жаргал гэдэг хүссэн бүхнээ авах биш, байгаа зүйлээ байгаагаар нь хайрлах юм” хэмээх үгтэй самбар харагдана. Шарлотт хатагтай 50 нас хүрч байж йогоор анх хичээллэж эхэлсэн байна. Тэрээр 10 жилийн дараа өөрийн тосгондоо йог зааж эхэлсэн бөгөөд “залхуурахгүйн тулд” л зааж эхэлсэн хэмээн инээмсэглэн хэлсэн.
Харин йог түүнд юу өгсөн талаар асуухад, тэрээр тун энгийнээр хариулсан:
“Тайвшрал.”
Тэрээр өөрийгөө философич гэж боддоггүй, урт наслах талаар онол гаргахыг хүсдэггүй.
“Би азтай хүн. Надад асуудал бага, дуртай зүйлээ хийдэг,” гэж Шарлотт хатагтай хэлсэн юм.
Амьдрал үргэлжилсээр
Хатагтай хэдий 100 настай болсныхоо дараа нэг өдөр харих замдаа жолоо барьж яваад, ухаан алдаж, осолд орсон байна.
Гэвч гуравхан сарын дараа эдгэрч, дахин жолоо барьсаар ангидаа эргэн ирсэн билээ. Тэрбээр өглөө бүрийг, кофе, тос, зөгийн бал эсвэл чанамалтай талхаар эхэлдэг. “Өглөөний цай бол өдрийн хамгийн сайхан мөч,” гэж хэлэх дуртай
Нийгмийн холбоо, хамгийн хүчтэй дасгал
Шарлотт хатагтайд хамгийн их эрч хүч өгдөг зүйл бол түүний шавь нар юм. Тэд түүнд хүмүүс хоорондын холбоо, халамж, дэмжлэг өгдөг гэж хатагтай ярьдаг.
Судалгаанууд ч урт настай, эрүүл хүмүүст хамгийн нийтлэг зүйл нь нийгмийн идэвхтэй харилцаа гэдгийг нотолдог.
Хүү Клодын хэлснээр:
“Ээж минь хүмүүст маш их хайртай. Тэрбээр хүнтэй харилцахдаа тун хялбар. Би түүнийг ажиглаад хөгшрөлт гэдэг айх зүйл биш гэдгийг ойлгосон.”
Тэр орой ангидаа ирсэн шавь нар дунд үйлдвэрийн ажилчин, хүнсний дэлгүүрийн худалдагч, тэтгэвэрт гарсан эмэгтэй, айлын эзэгтэй гээд олон янзын хүн байв.
Тэд бүгд олон жил түүнтэй хамт дасгал хийж ирсэн, хичээл эхлэхээс өмнө бие биеэ тэврэн мэндчилдэг найзууд болжээ.
Дасгалын үеэр Шарлотт хатагтай тайван гэгч нь алхаж, байрлалыг нь засаж өгч, илүү сайн хийхийг уриалж байв.
“Багш надад бараг хурдан хөгширмөөр мэдрэмж төрүүлдэг” гэж нэг шавь нь хэлж байжээ.
Хөдөлгөөн, урт насны гол түлхүүр
Шарлотт хатагтай 102 нас хүрсэн ч йогоо орхисонгүй.
Өмнө нь өдөр бүр дасгал хийдэг байсан бол одоо долоо хоногт гурван удаа оролцдог. Гэсэн ч тэрбээр сунгалт хийгээд хөлийнхөө хуруунд хүрч чаддаг хэвээр, алхаж, хөдөлж байхдаа 60 настай хүн шиг л уян хатан харагдана.
Хичээл нь өөрчлөгдсөн эсэхийг асуухад тэр инээмсэглээд:
“Үгүй дээ, би хичээлээ үргэлж адилхан байдлаар заадаг. Байрлалууд бол байрлалууд”. Түүний хувьд энэ нь жирийн байдал, тогтмол хэмнэл, дуртай зүйлдээ үнэнч байх л урт насны нууц бололтой.
Дүгнэлт
Шарлотт Шопен хатагтайн амьдрал: “Хөдөлгөөн бол амьдрал” гэсэн үгийн жинхэнэ баталгаа юм.
Тэр хэзээ ч залхуурч, шантраагүй.
Хамгийн гол нь тэр дуртай зүйлээ хийж, хүмүүстэй холбоотой амьдарч, одоо ч аз жаргалтайгаар йогоороо бусдад урам зориг өгсөөр байна.
“Аз жаргал гэдэг хүссэн бүхнээ авах биш, байгаа зүйлээ байгаагаар нь хайрлах юм.”
102 настай Шарлотт Шопен
Энэхүү нийтлэл нь “The New York Times” сонинд анх нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв.
Нийтлэлийн зохйогч: Danielle Friedman
Орчуулсан: М.Мядагбадам
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 3 машин мөргөлдөж, 3 хүн нас баржээ
Зам тээврийн ноцтой осол гарч, 3 хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2025 оны аравдугаар са...
1 цагийн дараа
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 10 дугаар сарын 20–ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цастай байгаагаа...
13 минутын дараа
“Гэм зэм” жүжгийг дахин тоглоно
“Орфей” театрын уран бүтээл болох Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн постдрамын жүжгийг Тусгаар ...
12 минутын өмнө
Япон-Америкийн харилцааны “шинэ алтан үе”-ийг эхлүүлнэ
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хоёр орны “харилцааны шинэ алтан эрин үе”-ийн тухай хэлэлцээр...
37 минутын өмнө
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликейшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягий...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд


