Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 11 сарын 03

img

32

news-img

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоотой ярилцлаа.


-Оюутолгойтой холбоотой элдэв дуулиан улс төрийн гол зэвсэг болж ирсэн. Таны хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Рио Тинто”-той хэлэлцээний ширээний ард суухад ажлын хэсгийн гишүүн байсан шүү дээ. Тухайн үед уг хэлэлцээ “Монголын талд ашигтай болсон, түүхэн амжилт” хэмээн зарлаж байлаа. Гэтэл өнөөдөр хөрөнгө оруулагчийн зүгээс Монголын талын 300 сая ам.долларын авлигыг олон улсад зарлана гэх шуум яваад эхэллээ. Энэ нь үнэн үү?

-Монголын талын 300 сая ам.долларын авлигын асуудлыг анх удаа одоо л сонсож байна. Энэ чинь маш их мөнгө шүү дээ, ийм их хэмжээний авлигыг хөрөнгө оруулагч тал зарлана гэдэг эргэлзээтэй л болов уу. “Рио Тинто” компаниас одоогоор тийм мэдээлэл, мэдэгдэл гарсныг хараагүй, мэдэхгүй асуудал байна. Оюутолгой төсөлтэй холбоотой авлигын асуудал үнэхээр байгаа бол холбогдох мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд шалгаж, тогтоох ёстой.

-Та бол тухайн үед “Рио Тинто”-той хийсэн яриа хэлэлцээний үр дүнг хамгийн сайн ярих хүн. Энэ тухай эргэн сануулахгүй юу?

-Миний бие 2020 оны наймдугаар сард төрийн албанд томилогдон ажиллахад Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолсноос даруй 30 гаруй хувь буюу 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хоёр жил гаруй хугацаагаар хойшилж хүндрэлтэй нөхцөл үүссэн байсан. Энэ талаар Рио Тинто компани 2019 оны долдугаар сард олон нийтэд анх мэдээлж байсан бөгөөд шалтгааныг геотехникийн нөхцөл буюу өөрсдөөс шалтгаалаагүй гэж тайлбарлаж байсан. Оюутолгой төслийн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа ийнхүү хойшилж, зардал их хэмжээгээр нэмэгдсэн нь төслөөс манай улсад ирэх үр өгөөжид сөргөөр нөлөөлсөн. Оюутолгой ХХК-ийн мөнгөн урсгал хойшилсноор өнөөдөр асуудал болоод байгаа зээлийн хүү их хэмжээгээр хуримтлагдаж Оюутолгой ХХК-ийн өр зээлийг нэмэгдүүлсэн. Тиймээс энэ асуудлын шалтгаан нөхцөлийг судалж тогтоох шаардлагыг Засгийн газрын Ажлын хэсгээс 2020 оны 10 дугаар сард гаргасан. Үүний дагуу Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Тусгай хороог 2020 оны 11 дүгээр сард байгуулсан. Тусгай хороо гадаадын мэргэшсэн зөвлөхүүдийг томилон ажиллуулж, 2021 оны наймдугаар сард хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Үүнд геотехникийн нөхцөл байдал биш, харин Рио Тинто компанийн менежментийн алдаанаас шалтгаалж зардал их хэмжээгээр хэтэрч хугацаа хойшилсон гэж дүгнэсэн байдаг. Мөн зардлын аудит хийх зөвлөмжийг дүгнэлтэд тусгасан байдаг. Үүнд үндэслэн Оюутолгой ХХК-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтын хяналтыг сайжруулах хүрээнд 2021 оны 11 дүгээр сард Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоол баталж байсан. Монголын талын 34 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Оюутолгой” ХХК төсөлд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зорилгоор 20 сая ам.долларыг дөрвөн жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн. Гурван хуудас урт, дэлгэрэнгүй тогтоолд зардлын аудит хийх асуудал ч туссан байдаг. Дээр дурдсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн яриа хэлэлцээний тодорхой үр дүн гарч, Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглүүлж, нэмэлт зардлыг Рио Тинто компани бүрэн хариуцахаар болсон.

Өөр асуудлуудаар ч зөвшилцөлд хүрсэн нь УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолд тусгалаа олсон. Засгийн газрын Ажлын хэсгийн үйл ажиллагаанд УИХ-аас байгуулсан Түр хороо хяналт тавьж ажиллаж байсныг дурдах нь зүйтэй бөгөөд Түр хороонд ажлаа танилцуулсны үндсэн дээр 103 дугаар тогтоолыг УИХ-аас баталж байсан. Зэс олборлолтоороо дэлхийд тэргүүлэх уурхайд бид 34 хувь үнэгүй эзэмших болсон нь байгалийн баялаг ихтэй бусад улсуудад ч жишиг болохуйц яриа хэлэлцээний үр дүн байсан гэж бодож байна. Яриа хэлэлцээний явцад шийдвэрлэхэд хамгийн төвөгтэй байсан асуудал нь татварын маргаан байсан юм. 2013 оноос хойш шийдэл гараагүй энэ асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэх нь хууль эрх зүйн хувьд боломжгүй байсан. Хөрөнгө оруулагч тал энэ асуудлаар буулт хийх сонирхолгүй байлаа. Намайг ажил хариуцаж эхлэхэд Оюутолгой ХХК-д ногдуулсан татварын актуудтай холбоотойгоор Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд Оюутолгой ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж маргаан аль хэдийнэ үүссэн байсан бөгөөд Засгийн газраас Кинг энд Спалдинг хуулийн фирмтэй хамтарч ажиллаад эхэлсэн байсан.

-Дэлхийд гарсан “Монгол хаан” жүжгийг долоон тэрбумаар санхүүжүүлсэн гэх дуулиан бий. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-“Эрдэнэс Оюутолгой” ХХК-иас “Монгол хаан” жүжгийг санхүүжүүлсэн гэх асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар саяхан томилогдсон УИХ-ын гишүүн Б.Энхбаярын өгсөн ярилцлагаас анх удаа сонссон. Энэ талаар “”Эрдэнэс Монгол”” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт мөн мэдээлэл өгсөн байхыг хэвлэлээр харсан. “Монгол хаан” жүжгийн продюсерын багаас мөн санхүүгийн дэмжлэг аваагүй гэсэн мэдэгдэл гаргасан байсныг харсан. Гэхдээ төрийн албанд ажиллаж байсан хүний хувьд, өөрийн туршлагаас хэлэхэд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн чиг үүрэгт “Монгол хаан” жүжгийг санхүүжүүлэх асуудал хамааралгүй, шууд санхүүжилт олгосон байх боломжгүй. “Эрдэнэс Оюутолгой” ХХК үнэхээр “Монгол хаан” жүжигт санхүүжилт олгосон бол чиг үүрэгт нь хамааралгүй асуудлаар яагаад санхүүжилт олгов гэдгийг мэдээж шалгах ёстой. Гэхдээ долоон тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө. Ийм хэмжээний санхүүжилтийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал дангаараа, дур мэдэж зарцуулсан байх боломжгүй болуу. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн өндөр үнийн дүнтэй гэрээ байгуулах зөвшөөрлийг олгодог, бизнес төлөвлөгөө, гүйцэтгэлийг баталдаг. Тэгэхээр “Эрдэнэс Монгол” ХХК мэдэлгүйгээр ийм хэмжээний санхүүжилт “Эрдэнэс Оюутолгой” ХХК-иас гарах бараг боломжгүй юм. Хэрэв гарсан бол тухайн үед нь мэдэх бүрэн боломжтой, шалгах ч боломжтой. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг 2022 оны 11 дүгээр сард томилж байсан. Гүйцэтгэх захирлын хувьд харьяа компаниудын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд оруулж шийдвэрлүүлдэг. Хэрэв үнэхээр ийм хууль зөрчсөн асуудал гарсан бол мөнгө захиран зарцуулах эрхтэй байсан “Эрдэнэс Оюутолгой” компанийн удирдлагуудаас гадна харьяа компанийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй С.Наранцогт захирлын хариуцлагын асуудал ч яригдах ёстой. Асуудал болоод байгаа 20 сая ам.долларын санхүүжилтийг анх Оюутолгой ХХК-д хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор баталж байсныг дээр дурдсан. Бид 34 хувь эзэмшдэг хувьцаа эзэмшигчийн хувьд энэ төсөлтэй холбоотой мэдээллийг бүрэн авч, дүн шинжилгээ хийдэг чадавхтай байх ёстой. Энэ чиг үүргийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК хэрэгжүүлдэг. 2021 оныг хүртэл хугацаанд Оюутолгой ХХК-иас ногдол ашиг аваагүй учраас “Эрдэнэс Оюутолгой” ХХК өөрийн орлогогүй байсан. Оюутолгой төсөлтэй холбогдох хяналт тавих зардлыг тухайн компаниас гаргах нь олон улсын жишигт нийцнэ. Компанийн засаглалын хүрээнд хөндлөнгийн шинжээчдийн зардлыг Оюутолгой ХХК-иас гаргасан жишгээр шийдвэрлэсэн гэсэн үг. Энэ асуудлыг Оюутолгой компаниас авилга авсан мэтээр тайлбарлаж, шууд авилга авсан мэтээр буруу ойлголт төрүүлж байгаад харамсаж байна. Нөгөө талаар “Эрдэнэс Оюутолгой” компани энэ санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй байсан, тухай бүр тайлан гаргаж ажилласан байх ёстой. Хэрэв зориулалтын дагуу зарцуулаагүй бол холбогдох чиг үүргийн байгууллагууд хяналт тавьж, хариуцлага ногдуулах нь зүйн хэрэг юм. Миний хувьд Эрдэнэс оюу толгой ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, мөнгөний зарцуулалтыг захиран зарцуулах эрх бүхий албан тушаал хашиж байгаагүй.

-Та бүхний Рио Тинтотой хийсэн хэлэлцээ өнөөдөр Монголын эдийн засагт ямар эерэг дүр зураг авчрав?

-Яриа хэлэлцээний үр дүнд манай улсад нэмэлт зардлын дарамтгүйгээр Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт бараг дууссан байна. Хүлээгдэж байсан энэ томоохон хөрөнгө оруулалтын төсөл ашиглалтад орсноор гадаад хөрөнгө оруулалтын орчинд мэдээж эерэг дохио өгсөн. Манай экспортын орлого нэмэгдэнэ, зэс олборлолтоор тэргүүлэх уурхай бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлнэ гэдэг улсын эдийн засагт мэдээж эергээр нөлөөлнө. Энэ том амжилт Оюутолгой төсөлд ажиллаж буй нийт ажилтнуудын ажлын томоохон үр дүн. Оюутолгой уурхайд очих бүрд тэнд ажиллаж буй монгол залуучууд, мэргэжилтнүүдээр бахархан сэтгэл төрж байсныг дурдах нь зүйтэй. Цаашлаад Оюутолгой ХХК ашигтай ажиллаж, ногдол ашиг тарааж эхлэхэд бид “Рио Тинто” компанитай адил нөхцөлөөр 34 хувьд ногдох ногдол ашиг авах боломжтой болсон.

-Оюутолгойн зээлийн хүүгийн асуудал нийгмийн анхаарлыг татсан сэдэв. Рио Тинтогоос бид 11 хувийн хүүтэй ам.долларын зээл авсан, хүүнээс нь хүү тооцогддог гэхээр санаа зовохгүй байхын аргагүй. Рио Тинтогоос 2010 оноос хойш авсан Оюутолгойн 6.1 тэрбум ам.долларын зээлийн хүүгийн хүүг тооцогдож явсаар өнөөдрийн 12 тэрбум ам.доллар давсан гэж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчтай талтай хийсэн өмнөх хэлэлцээнд зээлийн өндөр хүүг бууруулах асуудлыг яагаад шийдээгүй юм бэ?

-Энд нэг зүйлийг тодруулж хэлье. Монголын талын эзэмшиж байгаа буюу төрийн эзэмшлийн 34 хувьтай холбогдуулж өр зээл байхгүй. 34 хувьтай холбогдох зээл, хуримтлагдсан хүүг 2021 оны яриа хэлэлцээний үр дүнд бүрэн тэглэсэн. Монгол Улс Оюутолгой төсөлд 34 хувийг үнэгүй эзэмших болсон гэсэн үг. Энэ асуудал бүрэн шийдэгдсэн. Харин одоо яригдаж, хэлэлцээ хийхээр хүлээгдэж байгаа зээл, хүүгийн асуудал бол “Рио Тинто” компаниас Оюутолгой ХХК-д олгосон зээлийн хүүгийн асуудал юм. Оюутолгой төсөл бидний анх төсөөлж байснаас маш өндөр өртөгтэй болсон. Гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт өртөг долоон тэрбум ам.долларыг давсан. Оюутолгой төслийг санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын зарим зардлыг Рио Тинто компаниас зээл олгох хэлбэрээр санхүүжүүлсэн гэсэн үг. Энэ зээлийн хүү одоо 11 хувь, улирал тутам хүүгээс хүү тооцдогоос шалтгаалж зээлийн үлдэгдэл бага хугацаанд хурдтайгаар нэмэгдэж байгаа нь бидний анхаарах шаардлагатай, бодитой асуудал. Тодруулбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар Оюутолгой ХХК-ийн нийт зээлийн хэмжээ 19.9 тэрбум ам.долларт (хуримтлагдсан хүүг оруулаад) хүрсэн. 2021 оны 12 дугаар сард энэ асуудлаар тодорхой саналыг манай талаас гаргаж тавьж байсан, Рио Тинто компанийн зүгээс тухайн үед хүлээж аваагүй. Нөгөө талаас энэхүү зээлийн хүүтэй холбогдох яриа хэлэлцээг долоон жил тутам хийхээр 2011 онд тохирсон юм билээ. Өмнөх яриа хэлэлцээний боломж 2018 онд тохиож байсан гэсэн үг. Тухайн үед яриа хэлэлцээ мөн үр дүнд хүрч байгаагүй юм билээ.

-Монгол Улсын Засгийн газар Рио Тинто групптэй хэлэлцээний ширээний ард суулаа. Эндээс ямар үр дүн хүлээж болох вэ. Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээнүүдийг сайжруулж засах ямар боломжууд байна?

-Юуны өмнө Оюутолгой ХХК-ийн өрийн дарамтыг бууруулах хүлээлттэй байна. Оюутолгой ХХК-ийн нийт өр энэ оны төгсгөлд 20 тэрбум ам.долларыг давахаар байна. Энэ их өр, зээлийг төлж дууссаны дараа Монголын талын 34 хувьд ногдох хувь эзэмшилд ногдол ашиг хуваарилах зохицуулалттай. Хувь нийлүүлэгчийн зээл олгох замаар санхүүжилт хийж, хүүг өндрөөр тогтоосон нь Рио Тинтод ашиг шилжүүлж буй нэг хэлбэр юм. Энэхүү үнэ шилжилтийн асуудал татварын маргааны томоохон хэсэг. Засгийн газрын Ажлын хэсгээс мэдээлснээр зээлийн хүүгийн хэлэлцээнээс гадна Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Рио Тинто компанид төлдөг менежментийн төлбөрийг эргэж харах асуудал яриа хэлэлцээний сэдэв байхаар байна. Түүнчлэн, Оюутолгойн зэс-алтны бүлэг ордын нийт нөөцийн 30 орчим хувь байрладаг талбайн тусгай зөвшөөрлийг Онтре компани эзэмшдэг, Оюутолгой ХХК-тай ашиг хуваах хэлцэл байгуулсан. Бид энэ асуудалд Монгол Улсын эрх ашгийг хамгаалж, яриа хэлэлцээ хийх шаардлагатай.

-Энэ хэлэлцээгээр Монголын талын хүртэх ашиг 50 хувиас дээш болох боломжтой гэж бичээд эхэлжээ. Энэ бодитой хувилбар уу?

-Яриа хэлэлцээнд сайн бэлдэж, тодорхой хүлээгдэж буй асуудлууд дээр шийдэл гаргаж чадвал энэ төслөөс манай улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Ийм үр дүнд хүрэх суурь ч тавигдсан. Өмнө дурдсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон нь Рио Тинто компанийн менежментийн үйл ажиллагаанаас шалтгаалсан болох нь тогтоогдсон. Энэ асуудлаас шалтгаалж үүсгэсэн маргаантай холбогдуулж Рио Тинто компани Оюутолгой төсөлд шууд бусаар хувь эзэмшиж байсан АНУ-ын хөрөнгө оруулагчдад 138.75 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр тохиролцсоныг АНУ-ын шүүхээс баталсан талаар мэдээлэл саяхан гарсан. Энэ шийдвэрийг бид цаашид судлах шаардлагатай, холбогдох гэрчүүд, оролцогч талууд, Рио Тинто компаниас ч мэдээлэл авах шаардлагатай.

-Сая талууд хэлэлцээний ширээний ард суухаас хэдхэн хоногийн өмнө Оюутолгойн худалдан авах ажиллагааны нэр бүхий хүмүүс авлигад холбогдлоо. Авлига болон хууль бус үйл ажиллагааны мэдээлэлтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч тал буюу “Рио Тинто”-гийн байр суурь хэрхэн өөрчлөгдөж болзошгүй вэ?

-Оюутолгой ХХК-ийн худалдан авах ажиллагаа хариуцсан зарим албан тушаалтнуудыг авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулж холбогдох чиг үүргийн байгууллагаас баривчилсан талаарх мэдээлэл хэвлэлээс авсан. Ерөнхий сайд Г.Занданшатар мөн Тагнуулын ерөнхий газраас тодорхой ажиллагаа явуулсан талаарх мэдээллийг УИХ-ын чуулганы танхимд хийсэн байсан. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оюутолгой ХХК худалдан авах ажиллагаатай холбогдуулж дотоод хяналт шалгалт хийж, Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын дэмжлэгийг хүссэн гэсэн мэдээлэл гарсан байсан. Авлига, хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлыг мэдээж шалгах, тогтоох хэрэгтэй. Тиймээс Рио Тинтогийн байр суурь хэрхэн өөрчлөгдөх гэхээс илүүтэй бид цаашид Оюутолгой ХХК-ийн засаглал, дотоод хяналтыг хэрхэн сайжруулах вэ гэдэгт анхаарч, 66 хувийн хувьцаа эзэмшиж, менежментийг хэрэгжүүлж буй Рио Тинто компанид тодорхой шаардлага тавьж ажиллах ёстой. Тодруулж хэлэхэд Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын багийг Рио Тинто компани өөрийн үзэмжээр, бие даан сонгож томилдог, менежментийг хэрэгжүүлсний төлөө их хэмжээний менежментийн төлбөр авдаг. 2013 оноос хойш нийт 1.24 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийг менежментийн төлбөр хэлбэрээр Оюутолгой ХХК-иас авсан байна. Худалдан авах ажиллагаатай холбогдуулж авлигын асуудал байгаа нь тогтоогдвол Рио Тинто компанийн дотоод хяналт, хариуцлагын асуудал ч яригдах ёстой болов уу.

-Оюутолгой төсөл өнөөдрийг хүртэл ногдол ашиг тараагаагүй. Энэ төслийн үр өгөөжийг ахиулах ямар боломжууд байгаа вэ?

-Бид дотооддоо нэгдмэл байж, улс төрийн хүсэл зориг хангалттай байхад Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээнүүдийг сайжруулж засах бүрэн боломжтой. Оюутолгой ХХК-иас ногдол ашиг авах хугацааг урагшлуулж ойрын хугацаанд ногдол ашиг авах ч боломж бий. Тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж байгаа шүү дээ. Бидэнд яриа хэлэлцээнд давуу тал ямагт байдаг, яриа хэлэлцээнд сайн бэлдэж, улс төрийн манлайлал, хүсэл зоригтой ажиллавал бодит үр дүн гаргах бүрэн боломжтой. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тухайн үед Засгийн газрын Ажлын хэсэгт улс төрийн дэмжлэг, манлайлал үзүүлсний үр дүнд бид манай 34 хувийн эзэмшилд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, үр дүнтэй яриа хэлэлцээ хийж чадсан. Цаашид энэ жишгээр Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг үр дүн гаргаж ажиллана гэдэгт найдаж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай

Угаарын хий буюу нүүрсхүчлийн дутуу исэл нь нүүрс, мод зэрэг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг органик нэгдлүүдийн дутуу шаталт, автом...

img

6 цагийн дараа

Б.Хулан Дэлхийн аваргын хошой медальтан боллоо

Тайланд улсын Бангкок хотноо 3дахь өдрөө үргэлжилж буй жюү жицүгийн 2025 оны ДАШТ-ий +70кг жинд барилдсан “Thunder BJJ” ...

img

6 цагийн дараа

МУГТ Э.Цэндбаатар Мексикийн мэргэжлийн боксчин Abraham Eduardo Montoya Torres-той энэ сарын 21-ний өдөр тулалдахаар товлогджээ

МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 7-ны өдөр ээлжит тулаанаа хийх байсан. Гэвч түүний өрсөлдөгч Мексикийн боксчин Brandon Abenamar León Ben...

img

6 цагийн дараа

МАН-ЫН БҮЛЭГ: Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөгийг бууруулж шийдвэрлэнэ

 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр / 2025.11.03/-ийн хуралдаанаар боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны 11 дүгэ...

img

5 цагийн дараа

Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж ба...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд