Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус салбарын ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ажил хаялт зохион байгуулах гэж байгаа талаар өчигдөр мэдээлэл хийлээ.
Тус мэдээлэлд “Эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байгааг бид өмнө нь мэдэгдсээр байсан. Гэвч бидний шаардлага шийдэлд хүрээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэж байна. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоолоо Эрүүл мэндийн яаманд албан ёсоор хүргүүлнэ.
Ингээд ажлын таван хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 13-ны пүрэв гарагийн 08:00 цагт бидний ажил хаялт албан ёсоор эхэлнэ” гэлээ.





