мэдээ
Улс төр судлаач С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа байхгүй болсон мэт өнгөрвөл дахиад л дараагийн хямрал руу хөтөлнө

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 11 сарын 05
1

Улс төр судлаач С.Энхтөртэй ярилцлаа.
-Эрх баригч МАН-ын хагарал төрийн хямрал руу орлоо. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Улс төрийн хямрал болж байна. Аливаа улс төрийн хямрал нэг бол нийгмийг урагшлуулдаг, үгүй бол хагарал хуваагдалд хөтөлдөг. Одоогийн хямрал нэг талаараа шинэ юм биш. Ерөнхийлөгчийн институци, нам, парламентын институцитэй байнга зөрчилдөж ирсэн. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа гарч байгаагаараа энэ хямрал нэг талаараа шинэ үзэгдэл юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг зорилго энэ асуудлыг шийдэх байсан. Гэвч энэ зорилгодоо хараахан хүрээгүй нь одоо харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, бидний шинэ Үндсэн хуулийн нэг асуудлыг ил гаргаж өглөө, энэ хямрал. Одоо үүнийг дахин засварлах уу, түр аргалаад дараагийн хямралыг хүлээх үү гэдэг л асуулт байна. Дээр нь саяны ҮХЦ-ийн шийдвэр өөр нэг асуудлыг шийдэж цэг тавьж өглөө. Энэ утгаараа бид энэхүү хямралаас тодорхой дүгнэлт хийж, түүнийгээ засаад явж байгаа нь сайн.
Харин жагсаалтын гишүүдийг сонгон шалгаруулах асуудлыг намын даргын үзэмжээр шийдэж байгаа нь хууль тогтоогчдын хараат бус байдалд шууд нөлөөлөх сул тал байгааг бид бас харж байна. Улс төрийн намын хууль дүрэмд үүнийг тодорхой зохицуулж өгөхгүй бол жагсаалтынхан автоматаар намын даргын кноп болдог энэ асуудал үргэлжлээд явах нь. Тиймээс эдгээр асуудлуудаа шийдээд явбал энэ хямралаас бид нэг шат ахиж гарна. Харин асуудлуудаа түр хойш тавиад эвлэрсэн нэрээр асуудлуудаа байхгүй болсон мэт өнгөрвөл дахиад л дараагийн хямрал руу хөтөлнө.
-Үнэхээр намын даргын суудлын төлөө МАН-ынхан бие биенийхээ хулгайг дэлгэх шиг болж байна. Үүнд хууль хүчний байгууллагуудыг татан оролцуулж байгаа нь нийгэмд айдас түрүүлж байх шиг. Энэ үзэгдлийг судлаачийн хувьд хэрхэн ажиглаж байна вэ?
-Энэ бол аюултай үзэгдэл мөн. Хууль сахиулагчид хуулинд захирагдах бус улс төрийн клиентүүдэд үйлчилдэг болсон нь тодорхой харагдаж байна. Үүн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэмэгдэж манипуляци хийж буй нь давхар аюул. Хэн дарга болох үгүйгээс илүү том асуудал. Харамсалтай нь үүнд хэн ч ач холбогдол өгөхгүй, өөр өөрсдийн зорилгодоо хууль сахиулах байгуулагуудыг ашиглахаа л бодож байна. Саяхан гарсан Дэлхийн хуулийн засаглалын индексээр манай улс бүх үзүүлэлтээрээ тун тааруу гарсан нь үүний илэрхийлэл. Энэ асуудлыг засахгүйгээр бид ардчилал, хүний эрхийг хангана гэж байхгүй. Нэг дарга нь одоо ялсан ч дараагийн удаа хууль сахиулах байгууллагуудын золиос болох нь тодорхой. Дэлхийн олон оронд, ялангуяа дарангуйлал тогтож буй улсуудад энэ үзэгдэл тов тодорхой харагддаг. Хууль хүчний байгууллагуудыг өөртөө үйлчлэхээр зохион байгуулдаг ч эцэст нь түүндээ идэгдэж дууссан эмгэнэлтэй кейсүүд зөндөө байна. Ардчилсан оронд ийм асуудал уул нь байх ёсгүй. Жинхэнэ ҮХ-ын асуудал болоод байна.
-Ингэхэд энэ цаг үед сөрөг хүчний үүрэг роль ямар байх ёстой вэ?
-Бүх л сөрөг хүчний үүрэг тодорхой, засгийн эрхийг авах. Тэр зорилгодоо л үйлчилнэ. Ингэхийн тулд шүүмжлэл өрнүүлж эрх баригчдын сул талыг иргэдэд таниулах ажил хийнэ. АН энэ ажлаа тодорхой хэмжээгээр хийж байна. Гэхдээ эрх баригчдын хэрүүлд татагдан орж, тэдний агентлаг яриад явах нь тийм ч ухаалаг биш.
-Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад намын хагарлыг эвлэрүүлэх ажлын хэсэг гарсан. Нийгэм тэднийг харахдаа, эрх баригчид улс орныг сүйрүүлчхээд хулгайгаа нуухын тулд эвлэрээд өнгөрөх нь гэсэн шүүмжлэлтэй байгаа. Харин шинжээчид бодит нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа бол?
-Эвлэрлийн ажлын хэсгийг огт ойлгохгүй байгаа. Тэд шүүгч биш, мөрдөгч биш, хэн нь буруутай үгүйг тогтоохгүй. Хэрвээ хуулийн гаргалгаа байгаа бол заавал ажлын хэсэг гаргах шаардлагагүй. Наймаалцах гэж байгаа бол ажлын хэсэг асуудлыг улам л хүндрүүлнэ. Учир нь бүгд өөр өөрийн эрх ашгаа энэ процесс дунд шингээх гэж оролдоно. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг зүгээр сайн санаж, нейтрал байдлаар үүнд оролцоно гэж бодохгүй байна.
-МАН-ын даргын сунгаа Г.Занданшатар, Д.Амарбаясгалан гэдэг хоёр хүний өрсөлдөөнд төвлөрч байна. 300 гаруй мянган гишүүнтэй улс төрийн ууган хүчин болсон МАН-д энэ хоёроос өөр намын дарга хийх хүн үнэхээр байхгүй гэж үү. Магадгүй МАН даргаараа гуравдагч хувилбарыг дэмжвэл улс төрийн тогтвортой байдал, намын дотоод зодоон намжих уу гэсэн олон асуулт хариулт нэхэж байна. Хөндлөнгийн судлаачийн хувьд та МАН-ын Их хурлаараа намын даргын асуудлаа эцэслэж чадна гэж харж байна уу?
-МАН-ын Их хурлаар даргын асуудал нь эцэслэгдэх байх. Гэхдээ хямрал тэр дороо алга болно гэж бодохгүй байна. Харин нэг талын ялалт илүү бэхжиж нөгөө талын хохирол л нэмэгдэнэ. Магадгүй хэсэг хугацаанд намжиж байгаад сонгуулийн өмнө дахин хямрах магадлалтай. Сонгуулийн дараа ажлаа өгсөн ерөнхийлөгч зүв зүгээр тэтгэвэрт гарах уу, эсвэл намдаа эргэн ирэх үү гэдэг асуулт байж байна. Ямар шийдвэр гарахаас хамаараад улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөнө. Харин намын их хурлаараа намын дүрмээ дорвитой өөрчилж, сонгуулийн жагсаалт гаргах, эвсэх зэрэг асуудлуудаа ардчилсан, хяналттай болгож чадвал эерэг үр дүн гарна. Тэрнээс нэг хүнийг даргаараа тавиад бүх асуудлуудаа шийднэ гэвэл андуурал. Нэгэнт их хурлаа хийж байгаа бол системийн чанартай, хямралын үндэс болсон асуудлуудаа шийдээд авбал улс төрийн институцийн хувьд амжилт болно.
Монголын тамирчид таван хүрэл медаль хүртлээ
Франц улсын Парис хотноо энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гранд Мастерс буюу Ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэм...
8 цагийн дараа
Ч.Нарантуяа: Эмч нар хугацаагүй ажил хаяна
Цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болох эмч нарын цалингаа нэмэгдүүлэх хүсэлт жагсаал цуглаан, суултаар хэрхэн үргэлжилсэн хийгээд т...
7 цагийн дараа
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолг...
7 цагийн дараа
“Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 08, 09-ны өдрүүдэд болно
Монголын үндэсний бөхийн холбооноос “Алтан цом”-ын төлөөх шилдэг найман багийн хоёрдугаар тойргийн барилдаан 11 дүгээр сарын 08, 09-...
7 цагийн дараа
Андрей Пионтковский: Путинизм бол Орос дахь дээрэмчдийн капитализмын төгсгөлийн шат юм
Оросын ШУА-ийн Системийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, АНУ-ын Математикийн нийгэмлэгийн ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


