мэдээ
Ардын зураач Г.Одонгийн охин Нямаа: “Ажлын дараа” бүтээл үзсэн хүний далд ухамсарт дандаа хүрч байдаг

Админ
2025 оны 11 сарын 08

Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Ардын зураач Г.Одон агсны алдартай “Ажлын дараа” хэмээх сайхан бүтээлээр нэрлэгдсэн үзэсгэлэн өчигдөр Уран зургийн галерейд өндөр үүдээ дэлгэлээ. Энэ үеэр охин О.Нямааг “Удам судар” буландаа урьж, ярилцсан юм.
-Алдартай сайхан бүтээл “Ажлын дараа”-гаар нэрлэгдсэн энэ удаагийн үзэсгэлэн Ардын зураач Г.Одон агсны хэд дэх удаагийн үзэсгэлэн бэ гэдгээс хоёулаа яриагаа эхэлье?
-Аав 1942 оноос уран бүтээлээ эхэлсэн байдаг юм. Анхных нь уран бүтээл “Эртний баатрууд” одоо Уран зургийн галерейн санд байгаа. Москвад В.И.Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургуулийг 1951 онд төгссөн. Тасралтгүй 54 жилийн турш уран бүтээлээ хийсэн байдаг. 1995 оныг дуустал уран бүтээлийн ажлаа хийсээр л байсан. 1996 оны гуравдугаар сард бурхан болсон доо. Сэрүүн тунгалаг ахуйдаа 1961, 1975, 1985, 1995 онд нийт дөрвөн удаа бие даасан тайлан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Арав, арван жилийн зайтай, дандаа шинэ уран бүтээлээрээ тайлан үзэсгэлэн бие даан гаргадаг байсан юм. Зураачдын намрын үзэсгэлэн 1962 оноос уламжлал болсон, тэр болгонд мөн шинэ уран бүтээлээрээ бэлэг барьдаг байлаа.
Ерөөсөө “Миний үүрэг” гэж үздэг. Тийм ч учраас нас барахынхаа өмнөхөн буюу 1995 онд ч энэ үзэсгэлэнд оролцож байсан. Тухайн үед социалист орнуудад манай зураачдын үзэсгэлэн гардаг. Аавын маань бүтээлүүдийг үзэсгэлэн алгасахгүй авч явдаг байлаа. Турк, Герман, Чехэд бие даасан үзэсгэлэн нь мөн гарч байсан. Маш олон үзэсгэлэнд зөндөө бүтээл нь тавигддаг байсан. Харин бурхан болсноос нь хойш тав дахь үзэсгэлэнгээ дэлгэж байна.
-Улсын сан хөмрөгт хадгалагдаж байдаг аавын тань хэд хэдэн бүтээл бий. Ер нь аавын тань хэчнээн бүтээл байна вэ. Та нар аавынхаа өвийг бүртгэж үзэв үү?
-Би бүр өөрөө явж, бүгдийг нь бүртгэсэн шүү. Улсын сан хөмрөгт 200 гаруй уран бүтээл бий. Мөн Төрийн ордон, Их тэнгэр, Монгол цэргийн музей, хувийн галерей, Дүрслэх урлагийн музей, хувь хүмүүс гээд хэд хэдэн газар аавын маань бүтээлүүд хадгалагдаж байгаа. Харин Лениний музейд байсан түүхэн сэдэвтэй болон аж байдлын зургууд алга болчихсон. Үүнд жаахан гайхаж л байна. Эдгээрээс гадна гэрт 1000 орчим зураг бий. Бид гэрийн архив, аавынхаа өв сангаас усан будгийн судалбар, таталбар, тосон будгийн судалбар зэрэг ажлуудаар үзэсгэлэн гаргаж байсан. Энэ оны долдугаар сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 100 жилийн ой аавын маань 100 насны ойтой ташлан тохиосон. Дашбалбар суманд Бүх буриадын өв соёлын музей баригдаж нээлтээ хийсэн юм. Аавын маань гэр музей 1982 онд байгуулагдсан байсныг бид 1996 онд эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээс нь өгч нэмж баяжуулсан. Соёлын төвийн харьяанд байсан энэ үзэсгэлэн одоо галерей болон баяжиж, шавь нарынхаа бүтээлтэй хамт Бүх буриадын өв соёлын музейд дэлгэгдсэн байгаа. Энэ удаагийн үзэсгэлэнгийн тавин хувь нь Уран зургийн галерейн сан хөмрөгөөс гарсан. Би нэмж 27 ажил өглөө. Үүн дотор өмнө нь хэн ч үзэж байгаагүй, Москвад оюутан байхдаа буюу Эх орны дайны дараа 1946-1947 онд хийж байсан ажлууд болох хар зураг, харандаан натурууд, натюрмортыг би гэрийнхээ архиваас гаргаж өгсөн.
-“Ажлын дараа” үзэсгэлэнд зориулж авчрав уу. Эсвэл Уран зургийн сан хөмрөгт үлдээх үү?
-Үзэсгэлэндээ зориулж авчирсан. Гэхдээ би ямар мөнх биш. Гэрт байгаа аавынхаа ажлуудыг яваандаа Уран зургийн галерейн сан хөмрөгт өгнө дөө. Хадгалалт хамгаалалт талаасаа ч тэр, ирээдүйг нь бодсон ч тэр Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалуулах нь зөв юм билээ.
-Ардын зураач Г.Одонгийнх гэдэг айл хэдэн хүүхэдтэй байв. Та хэд дэх хүүхэд нь вэ. Удам судрын өгөгдөл, ураг төрлийн улбаа гялбаа гэж бас их сонин зүйл байдаг шүү дээ. Үр хүүхэд, ач зээ нараас нь зурдаг, урладаг нүд, гар, сэтгэлийн уртай хүүхдүүд төрсөөр л байгаа даа?
-Бид эцэг эхээс тавуулаа. Би дээрээ хоёр ах, доороо хоёр дүүтэй, айлын ганц охин. Миний дээд талын ах О.Нямдаваа Москвад Кино урлагийн дээд сургууль төгссөн. Насаараа монгол киноны зураач хийсэн дээ. Маш олон киноны зургийн ажлыг хийсэн. Хамгийн бага дүү маань ч аавынхаа шавь байлаа. Улсын багшийн дээд сургуулийн уран зургийн ангийн хамгийн сүүлийн төгсөлт. 1988 онд төгссөн, бурхан бүтээдэг зураач байсан юм. Одоо байхгүй дээ, бурхны орондоо явсан. Ач нараас гарын уртай хүүхдүүд төрж байна.
-Та тэр их хүмүүнийг дэргэдээс нь харж өссөн хүүхэд шүү дээ. Тухайн үедээ нөхөрлөж үерхэж явсан найз нөхөд нь бишгүй л дурсамж яриа өрнүүлж байсан байх. Харин хүүхдийн нүдээр зураач аавыгаа харах өнцөг бас их өөр байсан болов уу?
-Их өвөрмөц ертөнц шүү дээ. Манай гэрээс тосон будаг ханхлаад л, зургийн шингэлүүр үнэртээд л. Тийм л орчинд бид төрж өссөн шүү дээ. Тухайн үедээ үүнийгээ мэдэхгүй, ийм л байх ёстой юм шиг бодож явсан байх. Хожим хойно, Улсын багшийн дээд сургуулийн 80 жилийн ойгоор бил үү дээ, танхимынхантай нь уулзах хэрэг гараад очсон юм. Босго даваад ортол гэв гэнэтхэн аавын маань үнэр ч юм шиг нэг их гоё, сэтгэлд дотно, багын танил үнэр сэнгэнээд л явчихсан. Юу билээ л гэж бодсон. Тосон будаг, будаг шингэлүүрийн үнэр л байхгүй юу. Өөрийн эрхгүй л нялх бага үеийн, аль эрт болоод өнгөрсөн дурсамжууд зурс зурсхийгээд л ямар гоё байсан гээч. Ер нь би аавынхаа ажлыг их үймүүлдэг дүрсгүй хүүхэд байсан. Аавын маань будаг бийр хэдэн ч хоног дэлгээтэй байсан надаас өөр хүрч үймүүлдэг хүн манай гэрт байгаагүй. Аав маань хараагүй царайлдаг байсан юм. Нэг удаа аав маань “Энэ ер нь хуруугаараа будаг өлгөж гүйгээд юу хийдэг юм бол” гээд сэмхэн харж л дээ. Би хүүхдийн өрөөний хаалганы ард нөгөө будагнуудаараа баахан сараачаад орхичихсон байж. Аав тэрийг огт хусаж цэвэрлэдэггүй байлаа. Бүр тэр чигээр нь орхичисон. Бүр сүүлд цагаан өнгөөр будсан юмдаг. Аав маань намайг маш их зурдаг байлаа. Харин би энэ үзэсгэлэнд Н.Цүлтэм ахын манай ээжийг 1952 онд орос чихрийн хайрцагны панеран дээр тосон будгаар зурж, модоор хүрээ хийсэн зургийг авчирч тавилаа. Би ч төрөөгүй байсан. Аав, ээж хоёр маань дөнгөж айл болоод одоогийн Нэгдүгээр эмнэлгийн урд Зураачдын байранд амьдарч байсан үе нь. Н.Цүлтэм ах, Ц.Доржпалам ах, аав гурав нэг ангийнхан. Н.Цүлтэм ахыг бид Дүндээ, О.Цэвэгжав ахыг Жуужай гэдэг байлаа. Бие биенийхээрээ орж гарч, үр хүүхдүүд нь ч хоолоо хувааж идэн өссөн дөө. Тэгээд Зураачдын байранд гал голомтоо бадрааж байсан аав ээжүүд нь насаараа нөхөрлөсөн шиг бид ч бас насан туршийн найзууд болцгоосон доо. Энэ үзэсгэлэнгийн нээлтэн дээр гэхэд л Ц.Доржпалам ахын охин Мандах маань, Н.Цүлтэм ахын ихэр хоёр хөвүүний нэг манай Мөнхжин ирлээ. Ямар сайхан байна гээч. Бид өдөр болгон уулзаад учраад байхгүй ч сэтгэлийн нандин холбоотой хүмүүс шүү дээ.
-“Ажлын дараа” үзэсгэлэнгийн нээлт өндөр сэтгэгдэлтэй эхэлж байгаа юм байна. Сайхан байна.
-Тийм ээ, сайхан байна. Би аавынхаа уран бүтээлийн цомгоор хоёр ном гаргасан. “Уран бүтээлийн цомог”-т 54 жилийн турш зурсан уран бүтээлүүдээс нь шилж сонгож байгаад оруулсан юм. Харин хоёр дахь бүтээл нь “Буриадын өв соёлын цомог”. Манай аав чинь буриад хүн. Тийм учраас Буриадын угсаатан зүйн судалгааг маш сайн хийсэн юм билээ. Дээл хувцас, гэрийн эд хэрэглэл, морины тоног, тэрэг, чарга, түүн дээрх хээ угалз, хийц гээд Буриадын өв соёлын бүхий л зүйлийг судалсан байна шүү дээ. Одоогийнхоор бол эрдмийн зэрэг горилж болохоор маш том угсаатан зүйн судалгааны ажил байх жишээтэй.
-Судалгааг маш сайн хийж байж уран бүтээлээ чансаатай зурдаг байсан байх нь?
-Монголдоо үндэсний зураач, урчуудыг төрүүлэн гаргах төрийн бодлогыг манлайлан хэрэгжүүлж Улсын багшийн дээд сургуульд багшилж байсан хүн шүү дээ. Үүнийхээ зэрэгцээ уран бүтээлийн ажлаа уйгагүй хийнэ. Шавь нартайгаа зэрэгцэж суугаад л зураад эхэлнэ. Ингэхээр чинь хэн ч залхуурч хойш сууж чадахгүй. Багшийгаа дагаад л зурна шүү дээ. Аав 35 жил багшлахдаа Монгол Улсын өнцөг булан бүрд таван үеийн багш нарыг төрүүлж гаргасан байна. Аав маань өөрийгөө олсон хүн. Ийм хүн яадаг гээч. Ерөөсөө хийж байгаа ажилдаа ядарч цуцдаггүй юм билээ. Дуртай ажлаа хийж байгаа хүн насан туршдаа аз жаргалтайгаар хөдөлмөрлөдөг юм байна гэдгийг би ааваасаа олж харсан. Хийх тусмаа ир ордог.
-Хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь “Ажлын дараа” яалт ч үгүй мөн. Та өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Энэ бүтээл судлагдаж дуусаагүй байгаа” гэж байсан?
-“Ажлын дараа” өнөөдөр 71 настай бүтээл болжээ. 1954 онд зурсан. Дараа нь марк хийсэн. Бас Ж.Пүрэв гуай зохиол болгож бичсэн байдаг. Сүүлд “Шүүдэр дундуур” нэртэй кино хийсэн. Гэтэл өнөөдөр ч гэсэн хүмүүс үзээд л, бодоод л байна. Бүр эрдэм шинжилгээний хурлын сэдэв болоод хэдэн янзын хувилбараар яригдаж байна. Ерөөсөө судлагдаж дуусахгүй, маш өгөөжтэй бүтээл болсон юм байна. Зураач хүн тэр зургийг зурахдаа нэг юм бодож, сэтгэж зурсан байгаа шүү дээ. Тиймээс тэр зураач хүний дотоод сэтгэлийг уудалж гаргаж ирэх хэрэгтэй болно. Тэгээд тэр дүрүүд нэг талбай дээр зурсан мөртлөө бүгдээрээ өөр. Дүр болгоны дотоод сэтгэл өөр. Ажил таслаад, айл хэсэж яваад ирсэн залуу гэхэд “Яая даа” гээд их гэмшиж байгаа. Буриад баавай гаансаа барьчихаад “Энэ, ёстой бөөн ажлын садаа” хэмээн зэмлэж өгч байгаа шүү дээ. Ганц залуу нь байхгүй. Хөгшчүүл нь бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ ажиллачихсан байгаа юм чинь. Наана нь байгаа эмэгтэй нөгөө залуугийн хайртай бүсгүй байхгүй юу. Өмөөрөөд, байж ядаад, бүр гар нь салгалж байгаа шүү дээ. Дүр бүрийн дотоод ертөнцийг сайн гаргасан учраас хүн болгонд уншигдаад байдаг. Олон ч уран бүтээлчийг хөглөж өгсөн. Үзсэн хүний далд ухамсарт дандаа хүрч байдаг бүтээл юм даа. Монголчууд ярьдаг даа, “Битгий хүнд дараа болоод бай”, “Энэ нэг юм дараатай юм аа” гээд. Тэгэхээр “Ажлын дараа” гэдэг бүтээл ажил хийж дууссаны дараа гэхээсээ илүүтэй ажлын саад, тээг, дараатай гэдэг утгатай. Бас нэг нууц задлахад, ажил таслаад айлаар нэрмэл эргүүлээд ирсэн залуугийн өвөрт байгаа ганц шил “юм”-ыг хэр баргийн хүн олж хардаггүй, дандаа дутуу унших гээд байдаг л даа.
Г.ГАНЧИМЭГ
А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холб...
8 цагийн дараа
Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцож, нэмнэ
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжу...
7 цагийн дараа
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2025 оны 11-р сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцуулж байна. Энэ сард: Нийгмийн...
6 цагийн дараа
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
Монгол Улсад 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 132 улсын 37939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бү...
6 цагийн дараа
Шийдвэр гаргах түвшинд 74.6 хувь нь эрэгтэйчүүд, 25.4 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна
Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Мо...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд


