мэдээ
Б.Оюунгэрэл: Өнөөдөр нийгмийн сүлжээнд эрээ цээргүй байдал бий болчихсон. Үүндээ алга ташаад сууж байна

Админ
2025 оны 11 сарын 10

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй охидын хүмүүжлийн талаар ярилцлаа.
-Монголчууд эрт дээр үеэсээ л үр хүүхдээ “Хүн шиг бай” гэж захиж сургадаг байсан. Мэдлэг боловсрол, хөрөнгө чинээтэй болгоно гэхээсээ илүү “Хүн болох багаасаа” хэмээх хүмүүжлийг хамгийн эхэнд тавьж иржээ. Тэрхүү хүмүүжил гээч зүйлийг та юу гэж тайлах бол?
-Бид хүнлэг, энэрэнгүй, хүний, эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэмд амьдраад 35 жил болж байна. Ардчилал бидэнд олон сайхан зүйлийг өгсөн л дөө. Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдэлдэг нийгэмд амьдарч байна. Гадаад, дотоодоор дуртай үедээ аялж, хүссэн бүгдээ үзэж, галуу шувууны мах идэж, ганган хээнцэр хувцасладаг боллоо. Гадаад хэл ч сурав. Их олон сайхан зүйлийг үзэж, нүд тайлсан. Гэхдээ нөгөө талдаа бид ардчиллыг яг юу гэж ойлгосон юм бэ гэдгийг асуумаар санагддаг. Өнөөдрийн нийгмийн байдлыг ерөнхийд нь харахаар хүчирхийлэл, ядуурал, ажилгүйдэл, архидалт, хар тамхи, мөрийтэй тоглоом, завхайрал зэрэг маш олон сэтгэл зовоосон асуудал бүр гамшгийн түвшинд хүрчихээд байна. Бид “Одоо яах вэ” хэмээн бие бие рүүгээ гайхширан харж, бухимдацгааж байгаа юм. Бид юугаа алдсан юм бэ. Үнэт зүйлээ алдаж үнэ бүхий зүйлийн хойноос л хөөцөлдсөн 35 жил болжээ. Ёс суртахуун, ухамсар, хүнлэг байдлаа бид уландаа гишгэсэн юм байна. “Мөнгөтэй болъё” гэдэг ганцхан мөрөөдөлтэй л урагшаа зүтгэцгээжээ. Бүгдээрээ их, бага хэмжээгээр мөнгөтэй болсон байна. Зарим нь хэдэн үеэрээ идэж барахааргүй хөрөнгөтэй болжээ. Хамгийн багадаа л нэг машин, эсвэл мотоцикл, хэд гурван цаас, хэдэн ээлжийн өмсөх хувцастай болчихсон. Эргээд хартал, бидний гэрт ажилгүйдэл, ядуурал, авлига, архидалт, хар тамхи, завхайрал, мөрийтэй тоглоом ороод ирчихсэн байна
“Ёс суртахуунгүй боловсрол бол нийгмийн гамшиг юм” гэдэг үг бий. Бид боловсрол гэж маш их ярьдаг. Мэдээж, боловсрол чухал. Гэхдээ бид хүн байх ухаанаа гээчихээгүй биз гэдгээ маш олон зүйл дээрээс хармаар байна.
-Хүмүүжил гэдэг чинь “хүнээр хүн хийх” их ухаан гэж хууччуул ярьдаг байлаа?
-Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл сэтгэл зовоосон асуудлууд болж байна. Гэтэл хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэлийг, гэр бүлийн хүчирхийллийг хэн үйлдэж байна вэ. Хүүхдийг гудамжинд танихгүй хүмүүс барьж авч зодож байна уу. Хүүхдийг танихгүй хүн гудамжинд барьж авч хүчиндэж байна уу. Өөрөөр хэлбэл, бид асуудлыг алсаас биш ойроос, хэн нэгнээс биш өөрөөсөө хайх цаг болжээ. Аав ээж, үр хүүхэд буюу хамгийн хайртай хүмүүсийн нэгдэл бол гэр бүл. Бид анх гэр бүл болохдоо энэ хорвоогийн хамгийн сайн сайхан үгийг хэлэлцэж, аз жаргалтай амьдрахаар харилцан тохиролцдог. Насан туршдаа энэ тангарагтаа үнэнч нэгэн байхад зарим нь “Чадахгүй нь ээ” гээд замаасаа буцаж байна. Гэтэл зарим нь салах ч биш, нийлэх ч биш болчихсон, бие биеэ хүчирхийлдэг, зоддог, бүр аминд нь хүрч байна. Ийм аймшигтай зүйл хаалганы цаана хамгийн хайртай хүмүүсийн дунд болж байна. Үүнийг тэр гэр бүлийн гишүүд л хамгийн сайн мэддэг. Гудамжинд явж байгаа хөндлөнгийн хүн мэдэх боломжгүй. Нөгөө нэг хүчирхийлэл нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж байдаг. Хүүхдийг хэн зодоод байгаа юм бэ. Хамгийн их хайрлаж хамгаалах ёстой эцэг эх нь зодож байгаа шүү дээ. Хүүхдийг хэн хүчиндээд байгаа юм бэ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 85 хувь нь хамаатнууддаа хүчиндүүлсэн байдаг.Төрсөн эцэг нь 10 хувь, хойд эцэг нь 20 хувь, тэгээд авга нь, нагац нь, ах нь, өвөө нь байдаг. Тэгэхээр та бид хүүхдийг хэнээс хамгаалж, хэн болгож өсгөж хүмүүжүүлэх ёстой вэ. Хамгийн ихээр хайрлаж хамгаалах, үр хүүхдээ ойлгож дэмжих ёстой тэр хүмүүс нь хамгийн аймшигтай зүйлийг хийгээд байна. Хамгийн дулаахан байх ёстой газар хамгийн хүйтэн болчихоод байна. Хамгийн аюулгүй байх ёстой газар хамгийн аюултай болчихоод байгаа юм. Энэ бол гэрийн орчин. Тэгэхээр бид хүмүүжил, хайр, халуун дулаан сэтгэлийг өөрсдөөсөө эхлээд хаймаар байна. Бид үр хүүхдүүдээ халуун дулаан сэтгэл, хайр халамж, зөв хүмүүжил, зөв ёс суртахуунтай болгож байна уу. Ер нь хүүхэд харсан зүйлээ хийж болно гэж боддог. Хэзээ нэгэн өдөр тэр харсан зүйлээ бодит амьдрал дээр хийдэг юм.
-Хөвгүүд, охидынхоо хэнийг нь эхлээд хүмүүжүүлэх ёстой юм бэ. Мэдээж, хоёуланг нь хүмүүжүүлэх ёстой байх. Гэтэл зарим хүн охидын хүмүүжлийн доголдол хэрээс хэтэрлээ. Хөвгүүдийг охидод гар хүрч болохгүй гээд байдаг мөртлөө эцэг эх нь охиддоо юу ч хэлэхгүй байна. Эрэгтэй хүүхдийг хэл амаар өдөх, цохиод авах зэрэг үйлдлүүдийг хийж байна гэж сүүлийн үед их ярих боллоо?
-Хүү ч байсан, охин ч байсан хүүхэд бол хүүхэд. Бид өнөөдөр нэг зүйлийг маш их ярьж байна. Монголчууд ерөнхийдөө эцгийн эрхт ёс, уламжлал, соёлтой ард түмэн.Эрт цагаасаа эхлээд эрчүүдээ хүндэтгэн дээдэлдэг. Эрчүүд нь эргүүлээд охид эмэгтэйчүүдээ ч хүндэтгэн дээлдэлдэг ард түмэн. Тиймээс ч анхдугаар Үндсэн хуулиндаа “Хүн бүр тэгш эрхтэй байна” гэж Ази тивд охид эмэгтэйчүүдийнхээ эрхийг баталгаажуулсан анхны улс байгаа юм. Гэтэл сүүлийн үед хүйсийн талцлыг маш их хийдэг болсон. Зөвхөн Монголд ч биш, дэлхий даяар жендерт суурилсан хүчирхийлэл гэдэг зүйл сэтгэл зовоосон асуудал болж байгаа нь үнэн. Монгол Улсад өнөөдөр өрх толгойлсон 80 мянга гаруй ээж, өрх толгойлсон 16 мянган аав байна. Үүний цаана 40 мянган өрөөсгөл гэр бүлд өсөн торниж буй хүүхдүүдийн асуудал яригдаж байгаа. Бид хөвгүүддээ “Миний хүү, охидод битгий гар хүр”, “Эмэгтэй хүнийг хүндлэх ёстой” гэдэг захиасыг маш их өгдөг болсон. Одоо хөвгүүд маш ихээр өөрчлөгдөж байгаа. Эмэгтэй хүнд халдаж болохгүй шүү гэдгийг залуу үеийнхэн маш сайн ойлгодог болсон байна лээ. Гэтэл эсрэгээрээ охидын асуудал одоо яригдаж эхэлж байгаа. Өчигдөрхөн гурван хүүтэй ээж ярьж байсан, “Манай хүүгийн сургуулийн охид хана дагаж зогсчихоод дундуур нь хөвгүүд явахаар биеэс нь татаж чангаах, базах, алгадах цохих зэрэг үйлдэл хийгээд байна гэж ярьж байна. Бидний багад хөвгүүд л нэг иймэрхүү авир гаргадаг байсан. Харин одоо эсрэгээрээ охид нүүрэмгий болсон байна. Гэхдээ бид аливаа асуудлыг хөндөхдөө хүйсээрээ их талцаж байна. Ялангуяа, хүүхдийн хүмүүжлийн асуудалд хүйсийн талцал байж болохгүй. Магадгүй, өнөөдөр зарим айл хүүтэй, нөгөө айл нь охинтой байгаа. Бүр хүү, охинтой ч айл байна. Гэтэл бид өнөөдөр нийгэмд бүх муу муухайг зөвхөн эрчүүд хийдэг мэтээр ойлгуулдаг. Монголын бүх эрэгтэй муу хүн мэт ярьдаг. Бүр нийгмийн сүлжээндээ хүртэл маш ихээр буллиддэг. Гэтэл сайхан аав ээжийн хүмүүжүүлсэн сайн хүү зөндөө бий. Хорвоогийн бүх эмэгтэй ч туйлын сайхан, сайн хүн байдаггүй. Бүр араатан мэт авирлаж байгаа адгийн ааштай эмэгтэй хүн ч байдаг. Тиймээс бүх эрэгтэй муухай, харин эмэгтэйчүүд сайхан гэсэн үг биш. Ингэж хүйсийн талцал хийснээс үүдээд охид хөвгүүдээ буллидэж, бүр зодох ч тохиолдол гарч байна шүү дээ. Яагаад гэвэл, бид хөвгүүддээ л “Охидод зөөлөн ханд. Тэдэнд гар хүрч болохгүй” гээд сургаад байдаг болохоос биш охиддоо “Хөвгүүдэд ч гэсэн гар хүрч болохгүй. Хэн нь ч хэнийхээ эрхэд халдаж болохгүй” гэдгийг сургаагүй юм байна л даа. Эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу, хүйсээс үл хамааран бие биеэ ойлгодог, хүндэлдэг, дэмждэг, хайрладаг байх ёстой. Түүнээс биш эмэгтэй хүүхэд хүчирхийлэл үйлдэж, хүний биед халдаж болно гэдэг ойлголт байж болохгүй. Тэр ч байтугай бүдүүлэг үг хэллэг, хараал хэлж, ер нь эмэгтэй хүн юу ч хийж болох юм байна гэсэн ойлголт төрүүлж огт болохгүй. Бид уг нь хүүхдээ хүү ч бай, охин ч бай “Хүнийг хүндэл” гэж л сургадаг.
-Бид богтлох ёсыг аль өнгөрсөн зууны 20-иод онд халчихсан. Гэтэл өнөөдөр яагаад охидоо эрийн боол, гэрийн зарц болгохгүй гэж яриад байдаг юм бол. Иймэрхүү хандлагатай үг хэллэг гаргаж, охидоо буруу хүмүүжүүлээд байна уу?
-Хамгийн суурь асуудал нь гэр бүлийн орчны нөлөө шүү дээ. Эцэг эх үр хүүхдүүддээ хэрхэн үлгэр дуурайл үзүүлж чадаж байна вэ, хайр халамж хэр үзүүлж байна вэ гэдэг чинь үүгээр харагдана. Гэр бүлийн салалт хүүхдүүдэд маш сөргөөр нөлөөлдөг. Хоёр дахь нь, сургуулийн орчин юм. Сургууль дээрээ хүүхдүүд хэнээс суралцаж байна вэ. Хүмүүжлийн ажлыг хэр зохион байгуулдаг билээ. Үнэндээ хүмүүжлийн ажлыг сургууль бүр мартсан шүү дээ. Тэгээд нийгмийн орчин хүүхдийн хүмүүжилд маш ихээр нөлөөлж байна. Өнөөдөр нийгмийн сүлжээнд эрээ цээргүй байдал бий болчихсон. Үүндээ алга ташаад сууж байна. Хамгийн чангаар хашхичсан, хараалын үгийг хайр найргүй хэлдэг, хамгийн муухайгаар бусдыг загнаж, гутаан доромжилдог хүмүүсийг бид “Зөв шүү дээ” гээд дэмжээд, бүр алга ташаад сууж байгаа. Гэтэл шүгэл үлээнэ гэдэг чинь бусдын нэр төрд бүдүүлгээр халдахыг хэлдэггүй. Амныхаа зоргоор хараалын үг урсгахыг ч хэлдэггүй юм. Харин ч энэ нийгэмд ямар урхагтай, муу үр дагавартай үйлдэл болохыг бид тунгааж бодолгүйгээр өөрсдөө түүнд нь оролцоод сууж байна. Хамгийн муухай, хэрүүл хараал, хүчирхийлэлтэй лайвуудыг бие биетэйгээ хуваалцаад үзэж байдаг. Үүнийг хажууд чинь хараад сууж байгаа хүүхэд ямар хүмүүжил авах вэ. Томчууд бидний л үлгэр байгаа биз. Хамгийн аймшигтай зүйлийг бид ирээдүйдээ өвлүүлэн үлдээж байна. Нийгмийн сүлжээг “Миний орон зай” гэж үзээд байх юм. Үгүй шүү дээ, энэ чинь нийтийн орон зай байхгүй юу. Хэдэн дагагчтайгаасаа шалтгаалаад нийгмийн сүлжээнд бүр улс даяар орилж байна шүү дээ. Бид одоо үүнийгээ ойлгох хэрэгтэй.
-Тэгэхээр охидын хүмүүжил гэдэг зүйл тусдаа байдаггүй юм гэж та хэлж байна, тийм үү?
-Ер нь эмэгтэйчүүдийн эрх, эрэгтэйчүүдийн эрх, охидын эрх, хөвгүүдийн эрх гэж тус тусдаа асуудал байдаггүй юм. Бид хүний эрхийн асуудлыг л ярих ёстой. Хүний эрх дотроо эмэгтэйчүүдийн эрх нь арай илүү зөрчигдөөд байсан учраас л илүү их анхаарал тавьж ажиллаж байгаа. Үүнтэй адилхан хүүхдийн хүмүүжлийн асуудалд хүйсийн ялгаа байхгүй. Бид үр хүүхдээ хүү ч байсан, охин ч байсан зөв хүн л болгож өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй. Хүн нэг бүр ёс зүй, ухамсартай байх ёстой болохоос биш охин хүүхэд юу хүссэнээ хийж болно гэдэг давуу эрх хаана ч байхгүй. Хүү, охин ялгаагүй бие биеэ хүндлэх ёстой. Тэгэхээр бид хүүхдийнхээ хүмүүжилд хүү, охин гэж ялгалгүй анхаарч, хэл амаар бусдыг доромжилж болохгүй, ялгаатай байдлаар нь шоглож болохгүй. Тэр ч байтугай биед нь хүрч болохгүй, хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, дээрэлхэж болохгүй, хэнд ч илүү эрх гэж байдаггүй юм гэдгийг сайн ойлгуулж, зөв хүмүүжүүлэх хэрэгтэй.
-Монголчууд бас охин хүүхдээ “Чи айлд очихоороо…”, “Нөхөрт гарахаараа…”, “Хадамдаа гологдоод…” гээд л айлын бэр болгож бэлдээд байдаг шүү дээ. Хар нялхаас нь охидоо ингэж хүмүүжүүлэх нь хэр зохимжтой вэ. Хүүхэд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй аяга хоолоо хийгээд идчихдэг, хэрэглэсэн тогоо шанага, өмссөн хувцсаа угаачихдаг байж болно биз дээ. Гэтэл амьдрал дээр заавал хэн нэгэн эмэгтэй л энэ бүгдийг хийж амжуулаад, гэр цэвэрлэх ёстой юм шиг ойлголттой байдаг?
-Манай монголчуудад хэд хэдэн хэвшмэл ойлголт байна л даа. Нэг үеэ бодвол ахиц дэвшил гарч байгаа. Гэхдээ тэрхүү хэвшмэл ойлголтууд бас байсаар л байна. Түүний нэг нь энэ. Бүр хорвоо дээр мэндэлсэн цагаас нь эхлээд хүйсийн хувьд ялгаад эхэлдэг. Хүүдээ энийгээ, тэрийгээ өвлүүлнэ. Охин хүүхэд яах вэ, айлын хүн болно гэх хандлагатай байдаг. Мэдээж, хүн болгонд болох, болохгүйн хязгаар гэж бий. Харин хүйсийн хувьд ялгахгүйгээр бие биеэ хүндэтгэх ёстой. Эмэгтэй хүнийг тэвчээртэй байх ёстой гээд байдаг. Тэвчээр хэтрэхээрээ сэтгэцийн өвчин болчихож байгаа юм. Хүчирхийлэл даамжирсаар хэн нэгнийхээ аминд хүрдэг. Тэгэхээр юуг хүлээн зөвшөөрч болох вэ, юуг болохгүй вэ. Ямар уламжлалыг бид авч явах вэ. Алийг нь өөрчлөх вэ гэдгээ бид ойлгох ёстой. Бид өнөөдөр технологийн эрин зуунд шинэ нийгмийн нэгэн эд эс нь болж хамтдаа бүтээж байна шүү дээ.
Г.ГАНЧИМЭГ
Дэмчогийн хийдийг цахилгаантай болгожээ
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дэмчогийн хийдийг цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг гүйцэтгэжээ. Тодруулбал, агаарын шуга...
8 цагийн дараа
Гадаад худалдааны бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар боллоо
Монгол Улс энэ оны эхний 9 сард 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар боллоо. Үүнээс экспор...
7 цагийн дараа
Аюулт үзэгдэл ослын 87 удаагийн дуудлагаар 4 иргэний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.03-11.09/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 84 удаагийн д...
7 цагийн дараа
Төрд учирсан хохирлыг 12 жилийн дараа нөхөн төлүүлжээ
Авлигатай тэмцэх газрын (АТГ) Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хийсэн шалгалтын дүнд төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохир...
6 цагийн дараа
Ахмадуудын тэтгэврийг 2026 он гэхэд 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардав
Ахмадын дуу хоолой хөдөлгөөнөөс “Төр засагт хүргэх ахмад настнуудын үг” хэвлэлийн хурал хийж, тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардав. Ахма...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



