мэдээ
“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Норовын Гантулга: Би ер нь гял цал юманд дургүй

Админ
2025 оны 11 сарын 10

“Голын цаана”, “Уулсын сэтгэлгээний тэлэлт”, “Тархин дотор орон зай хагарна” зэрэг сонин содон шүлгийг тэрлэгч, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Норовын Гантулгатай ярилцлаа. Тэрбээр өнөөдөр Монголын яруу найргийн бурхадыг цуглуулан Соёлын төв өргөөнөө “Найргийн үдэш”-ээ тунхаглана. Адуучин аавын эрх хонгор хүү, Арцын улаан хад, Хөшөөтийн гол орчмоор тооноттой цэл залуухан найрагч, өндөр босготой “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, нийгэм соёлын албаны дарга Н.Гантулгатай уран бүтээлийн тухай яриа өрнүүлэв.
-Та өнөөдөр болох цэнгүүнээ “Найргийн үдэш” гэж нэрлэжээ. Яагаад ийнхүү даруухан нэрийг сонгосон бэ. Яруу найрагчид их чамин, хээнцэр нэр өгдөг шүү дээ?
-Яруу найргийн цэнгүүн, үдэшлэг хийе гэж нэлээн дээрээс их бодсон л доо. Утга зохиол хэмээх их айлын “гал тогоо”-нд найргийн бурхадтай дөрөө харшуулан явах хувь зохиол өчүүхэн надад оногдсон юм. Ялангуяа, 2002 оны хөх хавар Хөтөл хотод “Болор цом”-ын эздийг урьж, “Уран үгсийн чуулган” хийсэн нь миний амьдралын сонирхолтой нэгэн агшин болж хувирлаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай явж амжихаа байгаад Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн II курсийн оюутан намайг явуулав. Ингээд би “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Т.Галсан, Д.Цоодол, Д.Төрбат, Ц.Чимэддорж, Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Г.Мөнхцэцэг нартай хамт явж байсан юм. Тэр цагаас хойш 23 жилийн турш утга зохиол, яруу найргийн их бурхадтай ойр дөт явжээ. Маш олон “Уран үгсийн чуулган”-д оролцож, шүлгээ уншиж, сүүлийн үеийн маш олон яруу найргийн баярыг ч зохион байгуулалцах хэмжээнд ирсэн байна. Миний хувьд, аавдаа хандаж “Аав аа, та намайг 2001 оны намар оюутан болоод нутгаа орхиод явж байхад “Миний хүү, олонтой л яваарай. Ард түмэн гэдэг аугаа байдаг юм шүү” гэж хэлж байсан. Би тэгэхэд анх удаа л хурдан хүлгийн нуруун дээр бүргэд мэт дүүлж, шуугиулж явсан аавыгаа нүдэндээ нулимс цийлэгнүүлж байгааг харсан. Хүү нь аавынхаа захиасыг маш их бодож явдаг юм байна. Тиймээс өнөөдөр “Аав аа, хүү нь олонтойгоо яваа шүү” гэдгээ Соёлын төв өргөөний алтан тайзнаас хэлнэ гэж бодож байна. Аавыгаа аугаа их Д.Урианхай, миний багш-Ардын уран зохиол Д.Цоодол, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа, Хөдөлмөрийн баатар Т.Галсан, Ардын багш Л.Дашням нарын Монголын шинжлэх ухаан, соёл, боловсрол, утга зохиол, яруу найргийн оройн дээдүүд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн хүмүүсийн дунд миний аав Хөшөөтийн голоос ирсэн адуучин, эгэл жирийн малчин хүн суугаад хүүгийнхээ яруу найргийн цэнгүүнийг үзнэ. Иймийн учир би Норовын Гантулгын “Найргийн үдэш” гээд л нэрлэчихсэн юм. Ер нь би гял цал юманд дургүй хүн шүү дээ. Нэг их уянгалсан, гоёж чимсэн зүйл надад байдаггүй. Хүмүүс миний шүлгийг сонсохоор л ирнэ байх.
-Д.Урианхай гуай “Хүн аавынхаа нэртэй хамт алдаршина гэдэг маш том зүйл” гэдгийг цахим сүлжээнд хэлсэн байна лээ. Таныг Норовын Гантулга гэж хүмүүс яриад байдаг. Өмнө нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч гэдгийг нь уншигчид мэддэг ч гэсэн дандаа л Бавуугийн Лхагвасүрэн гэж яриад байдаг байсан санагдана. Залуу үеийнхнээс таны овог нэрийг бүтнээр нь хэлээд байдаг юм билээ?
-Тийм ээ /Инээв/. Гэхдээ хүн бүхэн ингэж алдаршдаггүй шүү дээ. Хүмүүс намайг Гантулга аа гэдэггүй, Норовын Гантулга гээд байхаар нь ачтай аавынхаа алтан титмийг аятайхан авч явахсан л гэж бодогдуулдаг юм билээ.
-Адуучин Норовын хүү, яруу найрагч Гантулгын онгодын цагаан хүлэг хаанаас ирдэг юм бол?
-Манайхан одоо бүгдээрээ л үүнийг асуугаад бичээд байна шүү. Ард түмэн онгодын цагаан хүлэг, онготой их яруу найрагч Ш.Сүрэнжав гэж их ярьдаг. Аугаа их Ш.Сүрэнжав “Онгодын цагт би тэнгэрийн хүү” гэдгээ тунхаглачихсан. Гэтэл одоо цагт онготой их яруу найрагч Ш.Сүрэнжавыг санагдуулж байгаа хүү бол Норовын Гантулга гэж Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч До.Цэнджав гуай их айхтар үг хэлчихсэн байна лээ. Намайг аугаа их хүмүүн Ш.Сүрэнжавтай зүйрлүүлж хэлсэн нь л маш том хүндэтгэл, асар их итгэл, их өндөр хариуцлага, их том ташуур гэж ойлгож байна. Аугаа их Сүүеэ шигээ би олон сайхан шилдэг бүтээл туурвиж, түмний гэгээн сэтгэл, оюунд хүргэх том үүрэг даалгавар авч байна аа гэж л ойлгож байгаа. Би аугаа их Сүүеэдээ сэтгэлийн халуунаараа ойртож очно уу гэхээс биш цалгилсан их онгод, авьяас билэг, хувь заяагаар нь дүйнэ гэж юу байх вэ. Бараадах ч үгүй шүү дээ. Харин миний онгодын цагаан хүлэг бол Арцын улаан хаднаас л ирээд байдаг юм. Би энэ цэнгүүнээ “Арцын улаан хад” шүлгээрээ эхэлнэ. Найргийн шүншигтэй миний улаан хад л гэж би хэлдэг. Улаан хад бол яруу найргийн тэнгэрлэг их оршихуйн сүр сүлд минь. Яагаад, би ингэж хэлдэг вэ гэвэл яруу найргийн маань шүтээн, дээрээс нь тэр улаан хад өөрийгөө яруу найргийн шүтээн, сүлд, хийморь, эрдэнийн мөнгөн титэм нь болгох хувь заяагаа шүншиглэчихсэн. Хөшөөтийн голд төрж өссөн Норовын Гантулга гэдэг хүүгээр өөрийнхөө хэлэх гэсэн тэр үг, гаргах гэсэн дуу авиагаа ард түмэн, он цаг, түүхийн алтан шастир, хуудсан дунд үлдээх мөнхийн шид хутгийг надад өгч, намайг төрүүлсэн гэж би боддог. Арцын улаан хад маань 13 үелээгээр ханарч, гэрэлтэж байдгаараа ер бусын юм. Анх би Булганы Хишиг-Өндөр сумын сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа Их Арцын уул руу адуундаа давхиж яваад айж цочирдон, сүрэнд нь дарагдаж хулмайж явлаа шүү дээ. Гэтэл тэр улаан хад цагаан хугацааны явцад миний бүсгүй хүний хайрлан хүндэтгэх, ойлгох, гоо сайхны хэмжүүр, нарийн нандин бүхний маань ундарга болжээ.
-Та их сонин зүйл ярих юм аа. Бүсгүй хүний гоо сайхныг цэцэг навчтай л зүйрлэдэг шүү дээ. Гэтэл та хад чулуутай зүйрлээд байдаг?
-Тийм ээ, их сонин. Би анх оюутан байхдаа л “Есөн бүсгүйн харцанд алгадуулсан Улаан хадаа өрөвдөнө” гээд л шүлэг бичиж байсан.
-“Дуу хуурын өлгий Дундговь аймаг” гэдэг шиг л Хөшөөтийн гол орчмоос олон сайхан найрагчид төрсөн байдаг юм билээ. Бас их сонин шүншигтэй нутаг шүү?
-Би “Найргийн шүншигтэй Хөшөөтийн гол” гэдэг ном бичиж байгаа. Хөшөөт, Баянгол, Хульж, Уртын гол гэж бий. Ер нь манай сумын нутаг Могод сумтай ганцхан Таширын давааны наана, цаана л байгаа. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбиш, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Төрийн шагналт яруу найрагч С.Оюун, аугаа их эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба нарын эрхэм хүмүүстэй би чинь нэг давааны л наана, цаана төрсөн. Таширын давааны цаана нь Хульжийн гол, наана нь Хөшөөтийн гол байгаа юм. Булганы Могод, Хишиг-Өндөр сумын заагт эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбаас гадна Н.Очирбат гэж омголон сайхан найрагч байлаа. Обогийн маань
Уяан дээрээс мордуутаа
Улаан тоос хадаадаггүй
Тэлмэн жороогоо уналаа чиг
Тэлгүүлж галгиулж гайхуулдаггүй
Үзэхийн ихийг үзсэн
Үйлсийн уртыг туулсан
Дөрвөн мөнхөд хүлээцтэй
Дөлгөөн аавдаа хайртай би гэж бичсэн “Аавдаа” шүлгэнд хөгжмийн зохиолч Ч.Сангидорж ая хийж, ард түмний хайртай дууг бүтээсэн байдаг. За тэгээд, тэр Өвөр булаг, Хөшөөтийн гол орчимд З.Дорж гэж “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ. Монгол баян” гэж хэлсэн аугаа их яруу найрагч төрсөн. З.Дорж ахын төрсөн тэр бууцанд манай гэр өвөлждөг байсан юм. Би бага байхдаа л З.Дорж найрагчийн “Жангас”-ыг цээжээр уншдаг хүүхэд байсан. Ингээд аравдугаар ангид орсон жилээ “Хүрэл тулга” яруу найргийн наадамд ээжээрээ хөтлүүлээд ирэхдээ З.Дорж ах дээрээ “Хөшөөтийн голын адуучин Норовын хүү байна аа” гээд очиж байлаа шүү дээ. Манай ус нутаг яалт ч үгүй авшигтай сайхан нутаг шүү. Манайх нэгдлийн их адуутай байсан. Аав маань 17 азарга адуутай. Манайх 100 орчим гүү уядаг айл байлаа. Ээж маань 1989 онд “Улсын аварга залуу саальчин” алтан медалиа гүүн зэлэн дээрээ гардан авч байсан. Тийм учраас би “Олон адууны төвөргөөн, хөлс тоосны үнэртэй их сайхан хийморьлиг ертөнц намайг угтаж, аав минь морин дэл дээр өвөртлөн, хайрлаж өсгөсөн дөө” гэж хэлэх дуртай байдаг юм. Тэр ус нутагт төрсөн тийм хийморь лундаа, цэц билэгтэй аавын хүү болж, тэр сайхан өвгөдийн дунд төрж өссөн би яруу найрагч болохоос өөр хэн болохсон билээ гэж зарим үед огшино шүү дээ.
-Тэр сайхан нутаг усандаа уран бүтээлээ хэр зориулж, магтан дуулж байна вэ. Уран бүтээлчид шүлэг зохиолоо хайр сэтгэл, төрсөн нутаг, цэрэг, эх орон зэргээр сэдэвчилдэг шүү дээ?
-Би яг энэ асуултад жаахан өөр хариулт өгнө шүү. Арван жилийн сурагч байхдаа хүүхдүүд ийм сайхан нутаг, энэ миний төрсөн нутаг гэх утга агуулгатай шүлэг бичдэг шүү дээ. Би ч гэсэн тэр л үедээ Хөшөө чулуугаа бичдэг байлаа. Манай нутаг чинь дөрвөн хөшөө дурсгалтай. Тэгээд Хөшөөт гэдэг байхгүй юу. Гэхдээ би өөрийгөө олох цагтаа уул усаа магтан дуулсан энэ хэлбэрээс жаахан хазайсан. Ингээд 2003 онд
Түүчээ тогоруудын цэн нулимсанд хулсан бийрээ дүрж
Түмэн оны заагт ганцхан шүлэг бичье гэхэд голын цаана байна
Хүмүүний амьдралын мөн чанар төрөх-үхэхийн саруул зам
Хөл дор минь гишгэгдсэн өвсний зовлонтой дуу голын цаана байна гэж би яруу найргийнхаа мөн чанарыг 20-хон насандаа тодорхойлж, ойлгосон шүлэг бичсэн. Дараа нь 2004 онд “Цаг тутамд өөрөөсөө нүүж амьдарна”, 2005 онд “Тархин дотор орон зай хагарна”, 2007 онд “Сэтгэлгээний минь шилэн хананд”, тэгээд “Уулсын сэтгэлгээний тэлэлт” гэдэг шүлэг бичсэн. Шүлгүүдээсээ ерөнхийд нь нэрлэхэд нэг ийм арга барилаар явсан хүн л дээ.
-“Тархин дотор орон зай хагарна” шүлэг тань утга зохиолын хүрээнийхэнд маргаан дагуулж байсан санагдана?
-Д.Төрбат ахтайгаа хамт явж “Сэгс цагаан богд” найраглалын 50 жилийн ойд зориулан Баянхонгор аймгийн Шинэжинст суманд босгосон гантиг цагаан хөшөөний алтан туузыг хайчилж байлаа. Бид одоо найзууд болсон л доо. Гэхдээ Төрөө ах 2005 онд надад “Чи Цоодолоосоо урвасан. “Тархин дотор орон зай хагарна” гэж юу бичээд байгаа юм бэ” гэж хэлж байлаа. Тэр үед алтан, мөнгөн үеийн яруу найрагчид, модернист гээд л өөр өөр сэтгэлгээний тэлэлт болж байсан юм. Гэтэл намайг өмөөрч Төрөө ахтай муудалцсан хүн нь эрдэмтэн зохиолч, Д.Нацагдоржийн шагналт судлаач С.Лочин гуай байсан. Би бол Миний Лок л гэдэг юм. Сүүлдээ л бид хэд ойр болж байгаа шүү дээ. Тэр үедээ би Төрөө ахыг ч, Локоо ч мэдэхгүй шүү дээ. Лок “Энэ бол авьяастай хүүхэд байна. Төрбат аа, чиний шүлэг гэж ер нь юу байдаг юм бэ” гэж хэлээд л бөөн юм болохгүй юу. Үүнтэй холбоотой нэг дурсамж сөхөхөд А.Эрдэнэ-Очир ах тэр шүлгэн дотроос
Өвөрт унтсан бүсгүйнхээ зүүдийг шөнөөр дагуулан гарч
Өндөр тэнгэрийн цагаан бороонд норгохыг хүснэ гэсэн энэ хоёр мөрийг суга татаж ирээд “Энэ бол яруу найргийн нэг нээлт юм даа. Хүмүүс энэ тухай ярихгүй байгаа нь надад сонин санагдаж байна” гэж хэлж байсан. Ингээд би 2006 онд яруу найргийн гурван ч том наадамд түрүүлж байлаа.
-Энгийн уншигчид бол сэтгүүлч, зохиолч, яруу найрагчдыг нэг л хүн байдаг шиг ойлгодог юм билээ. Гэхдээ утга зохиол, сэтгүүл зүй хоёр тусдаа, том салбар. Харин та “хос морь”-той давхиж байна. Өдөр тутмын сонины ээлж халаагүй энэ их ажлын хажуугаар уран бүтээлийн ажлаа яаж амжуулж байна вэ?
-“Өдрийн сонин”-ы өндөр босгыг 2009 онд анх давж байлаа. Өмнө нь өөр сонинд ажиллаж байсан. Тэгсэн мөртлөө хамгийн түрүүнд л “Өдрийн сонин”-ыг үздэг, сэтгэлд нэг л ойрхон, дулаахан санагддаг байсан. Том, том нийтлэлчдийн бүтээлийг унших дуртай. Тэгээд малчин хүн “Тэнд сайхан нөмөр нөөлөгтэй нутаг байна. Өвөлжөө бууцаа засъя” гэдэг шиг л би “Өдрийн сонин”-д орох юмсан гэж боддог байсан. Тэгээд нэг л мөрөөдөл биелсэн. Гэхдээ анх Ж.Сандагдорж эрхлэгч над руу ярьсан юм. Би хэд хоног Сүхбаатар аймгаар яваад Д.Нямсүрэн гуайн нэрэмжит яруу найргийн наадамд оролцоод бүр шагнал аваад Дарьганга, Алтан-Овоогоор амьсгалсан ер бусын мэдрэмжтэй хүн л ирж байлаа. Ингээд өмнө нь ажиллаж байсан сониндоо “Дур мэдэж олон хоногоор ажил хаяж явсан” гээд бүтэн сарын цалингаараа торгуульдаг юм байна. За яах вэ, сайхан наадамд яваад шагнал аваад ирсэн юм чинь гээд өөрийгөө аргадасхийгээд явж байсан чинь нэг өдөр “Би өдрийн сонины орлогч эрхлэгч Сандагдорж байна. Чи “Дарьгангын тэнгэр дор Данзангийн Нямсүрэн эгшиглэв” гээд тэмдэглэл бичсэн байна. Би хааяа чиний бичсэн зүйлийг хардаг юм. Чи сайхан бичжээ. Хоёулаа танилцъя хө. Хамт сонин, хэвлэлийн салбарт ажилладаг хүмүүс байна даа. Чи нэг ирж уулзаарай” гээд л инээж байна. Надад “Ямар сайхан хүн бэ” гэж бодогдоод, хачин гоё санагдаж байгаа юм чинь. Тэгээд л би дараа нь нэг өдөр гүйгээд л ирэхгүй юу. “Өө, чи чинь ийм сайхан, залуухан хүн байсан юм уу” гээд л намайг явуулсаар угтсан юмдаг. Ингээд л “Өдрийн сонин”-ы хүн болсон доо.
Г.ГАНЧИМЭГ
Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хөрсний ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төслүүдийн талаар хэлэ...
8 цагийн дараа
Б.Оюунгэрэл: Өнөөдөр нийгмийн сүлжээнд эрээ цээргүй байдал бий болчихсон. Үүндээ алга ташаад сууж байна
Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй охидын хүмүүжлийн талаар ярилцлаа. -Монголчууд эрт дээр үеэсээ л үр хүүх...
8 цагийн дараа
Хамгийн их мөнгө олдог газраа хамгийн нэр хүндгүй хүнээр удирдуулах нь зөв үү
УИХ-ын чуулганы танхимаас анх удаа төрийн албан хаагч хөөгдлөө. Тэр хүн бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрги...
7 цагийн дараа
АН-ын бүлэг хуралдаж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа /2025.11.10/ гурван асуудлыг хэлэлцэж байна. 1. “Монгол Улсыг 2026-2030 онд хөг...
7 цагийн дараа
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр энэ сарын 11 буюу маргааш тохиож байна. Намрын адаг сарын 22-ны өдөр Бурхан багш 33...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


