Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

П.Ганзориг: Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал яригдахаар Монголын төр засагт тогтворгүй нөхцөл үүсдэг нь сонин тохиолдол

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 11 сарын 09

news-img

Улсын Их хурлын гишүүн, Оюу толгойн хянан шалгах түр хорооны гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзоригтой ярилцлаа.


-Оюу толгойн хянан шалгах түр хорооны ажил хэр урагштай явж байна вэ?

-Оюу толгойн хянан шалгах түр хороо долдугаар сарын 2-ны өдөр УИХ-аас байгуулагдсан. Үүнээс хойш тогтмол ажиллаж байгаа. Ингэхдээ хоёр зорилго тавиад ажиллаж байна. Нэгт, Оюу толгойн төслийн Хувь нийлүүлэгчийн гэрээнд орсон Монгол талын зээлийн хүүг бууруулах, Монголынхоо эрх ашгийг хамгаалах асуудал бий.

Хоёрт, Онтрэ-ийн лицензтэй холбоотой асуудал байна. Энд Оюу толгойгоос илүү өндөр агууламж, үр өгөөжтэй ордууд байдаг. Тиймээс үүн дээр тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ хийж, шинээр төсөл эхлүүлэх шаардлагатай гээд ажиллаж байна. Түр хорооноос нийтдээ 15 мэргэжлийн шинжээч томилсон. Тэд маань Оюу толгой төсөл эхэлснээс хойших хугацааны бичиг баримтууд дээр дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Шинжээчдийн дүгнэлт энэ сардаа багтаад гарчихна. Тэгээд хуваарийнхаа дагуу ирэх сарын эхээр нээлттэй сонсгол зохион байгуулах ёстой. Ингэснээр нийт иргэдэд бодитой мэдээлэл ил болно гэсэн үг.

-Рио тинто группийн зүгээс зээлийн хүүг ямар ч байсан буулгана гэсэн амлалт өгсөн гэдэг мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-УИХ-аас хянан шалгах түр хороо байгуулагдан ажиллаж байна. Нөгөө талаас Засгийн газраас хүү бууруулах тал дээр Б.Жавхлан сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Мөн Г.Дамдинням сайдаар ахлуулан Онтрэ-ийн лицензтэй холбоотой асуудал дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Хянан шалгах түр хороо энэ хоёр ажлын хэсэгтэй маш сайн уялдаж, дэмжиж ажиллаж байна. Үүний үр дүнд долоон жилд нэг хүүг бууруулах боломж олгодог гэрээний заалтыг заавал ингэж хязгаарлахгүй, хүүгийн асуудлыг эргэн харж, харилцан ашигтай, олон улсын жишигт нийцсэн хүүнд хүргэе гэдэг урьдчилсан тохиролцоо хийсэн байна лээ. Ингэхээр хянан шалгах түр хорооны ажлын үр дүн давхар харагдаад явж байгаа гэж харж байна.

-Хэрвээ зээлийн хүүг буулгалаа гэхэд бидний төлөөгүй байгаа төлбөр дээр бодогдох уу. Эсвэл гэрээг шинэчилснээс хойш тооцогдоод явах юм уу?

-Энэ бол өөрчлөлт орсноосоо хойш тооцогдож явна. Оюу толгойн төслийг бүтээн байгуулахад манайх зургаан тэрбум ам.долларыг жилийн 11 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Энэ нь олон улсын жишигт асар өндөр хүү юм. Ингээд хүү бодогдож явсаар үндсэн зээл, хүү хоёр маань нийлээд 12 тэрбум ам.доллар болчихсон байна. Нэг жилд 1.3 тэрбум ам.долларын хүү бодогдож байгаа. Ийм маягаараа хүү бодогдоод явах юм бол 2035 он гэхэд бид 24 тэрбум ам.долларын өрөнд орно. Тэгэхээр Оюу толгойн гэрээнд нэг анхаарах заалт байгаа нь монголчууд ногдол ашгаа хэзээ авах юм бэ гэхээр үндсэн зээл, хүүгээ төлсний дараа үлдсэн мөнгөнөөс авна гэж байгаа. Тийм болохоор бид нэг талдаа баялгаа ашиглуулаад байгаа хэрнээ нөгөө талдаа өрөнд ороод байгаа юм. Ингэж баялгаа ашиглуулаад, өрийн хавханд орох асуудал үүсчихээд байна. Тиймээс үүнийг яаралтай засах ёстой. Одоо байгаа 11 хувийн хүүг бууруулаад долоо болгоход бид зөрүү дөрвөн хувь нь 480 сая ам.доллар болно. Жил бүр ийм хэмжээний мөнгө хэмнэнэ. Үүнийг төгрөгөөр бодвол 1.8 их наяд. Гэтэл өнөөдөр Засгийн газар эмч, багш нарынхаа цалинг нэг их наядаар нэмэх гээд чадахгүй байгаа. Зөвхөн хүүг бууруулахад л энэ бүх асуудлыг шийдчихэж болж байна. Гэхдээ нөгөө талдаа бид хөрөнгө оруулагчаа бодож байгаа. Тиймээс бид хүүг хөнгөлөөч гээгүй. Зүгээр л дэлхийн зах зээлийн шударга зарчимд нийцүүл л гэж байгаа юм.

-Та яриандаа энэ хүүг яаралтай бууруулах тухай ярьж байна. Гэтэл 2018 онд ийм боломж бидэнд байсан. Харамсалтай нь тэр үед эрх барьж байсан МАН ямар нэгэн зүйл хийж чадаагүй. Бүлэг нь 32, 33 хоёр хуваагдчихсан байсан. Гэтэл өнөөдөр гэтэл бас л иймэрхүү дүр зурагтай байна. Тэгэхээр энэ зээлийн хүүг бууруулчихна гэсэн итгэл үнэмшил байна уу?

-Итгэл үнэмшил байна, байхгүйгээс илүүтэй заавал байлгах ёстой. Монгол Улсын хувьд энэ маш чухал учраас энд тэр намын дотоод зөрчилдөөн бол ёстой нөгөө 1000 дахь асуудал. Тиймээс энэ том эрх ашиг дээрээ хянан шалгах түр хороо, ажлын хэсгүүд нэг ойлголттой ажиллаж байгаа. Долоон жилийн өмнөх боломжоо алдсан нь харамсалтай. Хамгийн гайхалтай нь яг энэ Оюу толгойн гэрээний хүүнд өөрчлөлт оруулах асуудал яригдахаар Монголын төр засагт тогтворгүй нөхцөл байдал үүсээд байгаа нь сонин тохиолдол. Ер нь байж болохгүй зүйл. Бид хэчнээн дотроо бужигнаж байсан ч энэ том эрх ашиг дээрээ нэгддэг л байх ёстой гэж харж байгаа.

-Ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна. Гэтэл зарим гишүүн төсвөө буцаан тат гэдэг асуудлыг хөндөөд эхэллээ. Үүн дээр танай ХҮН намын зөвлөл ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид зөвлөлөөрөө төсвийн асуудлыг хоёр, гурван удаа хэлэлцсэн. Ингээд нэгт, олон жил хаягдаж ирсэн багш, эмч нарын цалинг нэмэх ёстой. Ингэхийн тулд урсгал зардлуудаа хэмнэх байдлаар зохицуулж нэм гэдэг зарчмын шаардлага гаргасан. Монгол Улс хөгжлийнхөө бодлогыг монгол хүн, тэр тусмаа эрүүл монгол хүн, боловсролтой монгол хүн гэж харж байгаа бол энэ хоёр салбартаа хөрөнгө оруулалт хийх ёстой. Уул уурхайн баялаг тодорхой хугацааны дараа дуусна. Тэр үед эрүүл, боловсролтой монгол хүн л улсаа авч явна. Тийм учраас жил бүрийн төсөв дээр хүн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэгт тавь. Тэгэхгүй хойш нь хаяж, том том төслүүд рүү мөнгө хийж байна гэж орхигдуулж ирснээс болоод энэ хүмүүс чинь өнөөдөр тартагтаа тулчихаад байна. Авч байгаа цалин нь амьдралд хүрэхгүйгээр барахгүй нөхцөл байдалтай болчихлоо. Тиймээс үүнийг зас гэж байгаа. Харин төсвийг бүхлээр нь буцаан тат гэдэг бол зарчмын хувьд тун хэцүү. Цаг хугацаандаа төсвөө баталж чадахгүй бол Их хурал тарах хуультай. Гэтэл ийм хүнд цаг үед төр засаг тогтвортой байх хэрэгтэй байна. Тэгэхээр Засгийн газар оруулж ирсэн төсөвтөө шаардлагатай өөрчлөлтүүдийг нь хийгээд батлаад явах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Парламент маань даргагүй болоод чамгүй олон хоночихлоо. Энэ нь олон талын эрсдэл дагуулж болох тухай улс төр судлаачид хэлээд байгаа. Тиймээс даргаа оруулж ир, томил гэдэг талаар эрх баригчдыг шахаж байна уу?

-УИХ гэдэг бол хамгийн тогтвортой, байнгын үйл ажиллагаатай байж, тулгамдсан асуудлуудыг шийдэж байх ёстой. Тэр утгаараа дарга, дэд даргынхаа асуудлыг хурдан шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүнийг ХҮН нам 100 хувь хэлж, шаардаж, шахаж ажиллаж байгаа. Одоо чинь дэд даргаа хүртэл томилж чадахгүй байна. Хоёрдугаарт, УИХ-ын дарга гэдэг бол ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг, Ерөнхийлөгчийг орлодог маш чухал үүргүүдтэй. Тийм учраас даруй энэ асуудлаа шийдээд явах ёстой гэж үзэж байгаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Хатант интернэшнл”, “Од групп” багууд ялалтаа авлаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдаанд энэ жил Үндэсний шилдэг найман ком...

img

8 цагийн дараа

Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг холбогдох хууль тогтоомж, гэрэ...

img

7 цагийн дараа

Энэ онд 9000 гаруй тонн давс, 9500 тонн бодис нөөцөлджээ

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 1277 ажилтан авто замын цас цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлж, 350кг давс 62кг бодисыг цацаа...

img

6 цагийн дараа

Бохир усны шугам, хоолойд хуримтлагдсан хогийг цэвэрлэжээ

Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэжээ. Оршин суугчид 00 ца...

img

6 цагийн дараа

П.Ганзориг: Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал яригдахаар Монголын төр засагт тогтворгүй нөхцөл үүсдэг нь сонин тохиолдол

Улсын Их хурлын гишүүн, Оюу толгойн хянан шалгах түр хорооны гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзоригтой ярилцлаа. -Оюу...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд