мэдээ
А.Итгэлт: Малчид хуулиа мөрдөж чадвал мал хулгайлах гэмт хэргийн гаралт буурах магадлал өндөр байна

Админ
2025 оны 11 сарын 09

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй мал хулгайлах гэмт хэргийн талаар ярилцлаа.
-Өвлийн идэшний цаг болж буйтай холбогдуулан малын хулгай их гарах боллоо гэж малчид хэлж байна. Ер нь малын хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Цагдаагийн байгууллагад 2025 оны эхний 10 сарын байдлаар 445 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Урьд оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өссөн гэх дүн мэдээ бий. Яагаад энэ тоо өссөн бэ гэвэл Мал эмнэлгийн ерөнхий газар болон цагдаагийн байгууллага хамтраад 2020 оны нэгдүгээр сараас хойш малын гарал үүслийн бичгийг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, мал хулгайлах гэмт хэргийг цагдаагийн алба хаагчийн ур чадвараар таслан зогсоож, илрүүлсэн тоон мэдээлэл давхар бүртгэгдсэн учраас өссөн үзүүлэлттэй байгаа. Өмнө нь гарал үүслийн бичгийг зөвхөн малын эмчээс цаасан хэлбэрээр авдаг байсан. Харин одоо цахим хэлбэрт шилжсэнээр тухайн малын амьд ахуй үеийн зургийг хавсаргаж оруулдаг болсон. Мөн тухайн малыг Увс аймгийн Давст сумаас “Хүчит шонхор” зах хүртэл тээвэрлэнэ. Энэ бол эцсийн цэг гэх мэтчилэн маршрутыг нь хүртэл зааж өгсөн байгаа.
-Гарал үүслийн бичгийг цахим хэлбэрт шилжүүлсэн явдал нь малын хулгайн гэмт хэргийг илрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж чадаж байна уу?
-Хамгийн сүүлд гэхэд цагдаагийн алба хаагч гарал үүслийн бичгийг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотойгоор нэгэн малчны алдсан найман үхрийг олж тогтоосон. Энэ кейсийн хувьд анх тухайн үхрийн махыг тээвэрлэж явсан этгээдийн цахим гарал үүслийн бичгийг шалгаж үзэхэд ямар ч зөрчил илрээгүй. Малын эмчээсээ зөвшөөрөл аваад, Мал эмнэлгийн улсын байцаагчаар баталгаажуулчихсан бичиг баримттай явж байсан юм. Гэтэл энэ бичиг баримт дээр улаан зүсмийн үхрийг нядлаад, толгой, шийр, арьстай нь аваад явж байна гэсэн байсан. Харин цахим бүртгэл дээрх тухайн үхрийн амьд ахуй үеийн зургийг харвал хар зүсмийн мал байсан. Тэгэхээр малын эмч, улсын байцаагч нар хар зүсмийн үхрийг нядлахад зөвшөөрөл өгсөн гэсэн үг. Түүнээс биш улаан зүсмийн үхэр нядлах зөвшөөрөл олгоогүй болж байгаа юм. Тиймээс эхний удаа цахим бүртгэлд мэдээллээ буруу оруулсан байна гэж бодсон ч тухайн цагдаагийн алба хаагч дахин шалгаж үзэхэд малын хулгайн гэмт хэрэг үйлдэгдчихсэн байсан. Энэ мэтчилэн гарал үүслийн бичгийг цахим хэлбэрт шилжүүлсэн ач холбогдол олон бий. Дээр нь тухайн мал, махыг худалдаж авч байгаа иргэдэд баталгаа болно.
-Жишээлбэл?
-Зах болон худалдааны төвүүд тухайн мал, махыг авахдаа гарал үүслийн цахим хэлбэрийг нь заавал шалгаж байж авдаг. Жишээ нь “Хүчит шонхор”, “Нарантуул”, “Хархорин” зах эсвэл “Номин”, “И март” гэх мэт бүхий л байгууллагууд улсын байцаагчийн баталгаажуулалтыг хардаг. Жишээлбэл, Увс аймгийн Давст сумын малчин Доржийн тэдэн тооны мал, мах Улаанбаатар хотын “Хүчит шонхор” зах хүртэл тээвэрлэгдлээ. Харин “Хүчит шонхор” зах дээр улсын байцаагч тухайн малын бүртгэлийг шалгаж үзээд, энэхүү махыг худалдан борлуулж болно гэх зөвшөөрлийг олгох журамтай. Ингээд тухайн мах бүхий л зах, худалдааны төвд худалдан борлуулагддаг. Энэ нь эргээд худалдан авагч иргэд бид гарал үүслийн бичигтэй, баталгаатай мах хүнсэндээ хэрэглэж байна гэсэн үг. Малчид маань ч өвлийн идэшний цагаар хамаатан садан, найз нөхөд, үр хүүхдэдээ мал, мах явуулахдаа гарал үүслийн цахим аппликэйшнээ бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай байна. Түүнчлэн цахим бүртгэлдээ нядлах гэж буй малынхаа зургийг заавал байршуулж, аль сумаас хаашаа явах гэж буйгаа бүгдийг нь тодорхойлж чадвал замдаа ямар нэгэн сааталгүй хүрнэ гэсэн үг.
-Та малчдад сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөхгүй юу. Юун дээр илүү анхаарах хэрэгтэй байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас малын хулгайчдыг баривчлаад, тодорхой хариуцлага хүлээлгээд явж байгаа. Малчдадаа зарим нэг сэрэмжлүүлгийг хүргэе. Малчид туслах малчин ихээхэн авдаг шүү дээ. Ингэхдээ хаанаас ирсэн, ямар хүн бэ гэдгийг нь сайн судлах шаардлагатай. Хоёрдугаарт, цагдаагийн байгууллага болон хамгийн ойр байгаа хэсгийн төлөөлөгчдөө тэдэн ам бүл, малтай ийм туслах малчин аваад ажиллуулж байгаа гэдгээ заавал мэдээлэх шаардлагатай байна. Уг мэдээллийг авсан цагдаагийн алба хаагч тухайн туслах малчин өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан уу. Яагаад манай сум, нутгийг зорьж ирээд, туслах малчнаар ажилд орох болсон гэх асуудлыг хуулийн дагуу шалгаад, бүртгэлтэй болно гэсэн үг.
Манай малчид ихэвчлэн тухайн хүнээ сайн судлаагүйгээсээ үүдэн хохирдог. Нүдэнд дулаахан залуу гэдэг ч юм уу иймэрхүү сэтгэл хөдлөлөөрөө туслах малчнаар ажилд авчихдаг. Гэтэл тухайн хүн өмнө нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож, хамжигчаар оролцож байсан. Тодорхой ял шийтгэл эдэлж байгаагүй ч ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байсан этгээд туслах малчнаар ажилд ороод, бусад гэмт хэрэгтнүүдтэйгээ холбогдоод, таны мал сүргийг хулгайлах эрсдэлтэй байдаг шүү. Малын хулгайчид тухайн орон нутгийнхаа талаар сайн мэдээлэлтэй байдаг учраас айлаас малыг нь хол аваачиж нядлаад, хогийн цэг дээр толгой, шийрийг нь булсан тохиолдол гарч байсан. Тиймээс малчид сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Мөн саахалт айлууд чинь ямар хүмүүс байна. Танай нутгийн уугуул хүмүүс үү. Отор, нүүдлээр ирсэн үү гэдгээ цагдаагийн байгууллагын алба хаагчдадаа мэдээлээд, хамтарч ажилласнаар мал хулгайлах гэмт хэрэг багасна. Ер нь манай малчид хуулиа мөрдөж чадвал мал хулгайлах гэмт хэргийн гаралт буурах магадлал өндөр байна. Тиймээс аль болох цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй.
А.Дулам
Энэ онд 9000 гаруй тонн давс, 9500 тонн бодис нөөцөлджээ
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 1277 ажилтан авто замын цас цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлж, 350кг давс 62кг бодисыг цацаа...
7 цагийн дараа
Бохир усны шугам, хоолойд хуримтлагдсан хогийг цэвэрлэжээ
Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэжээ. Оршин суугчид 00 ца...
7 цагийн дараа
П.Ганзориг: Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал яригдахаар Монголын төр засагт тогтворгүй нөхцөл үүсдэг нь сонин тохиолдол
Улсын Их хурлын гишүүн, Оюу толгойн хянан шалгах түр хорооны гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзоригтой ярилцлаа. -Оюу...
7 цагийн дараа
Шим И Соб: Шинэ Монгол Улсыг цогцлоох түүхэн боломжийн гол баатрууд нь Монголын залуучууд юм
БНСУ-ын Мёнжи их сургуулийн эдийн засгийн ухааны доктор, профессор, “Этүгэн” их сургуулийн хүндэт професс Шим И Соб-той уулзаж ярилц...
6 цагийн дараа
А.Итгэлт: Малчид хуулиа мөрдөж чадвал мал хулгайлах гэмт хэргийн гаралт буурах магадлал өндөр байна
Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй мал хулгайлах гэмт хэргийн тал...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


