Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Р.Даваадорж: Х.Милейн реформыг Монголд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Гэвч шууд хуулбарлах нь тохиромжгүй

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 11 сарын 13

news-img

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейний хэрэгжүүлж буй эдийн засгийн реформ улс орноо богино хугацаанд хямралаас гаргаж чадсан гэж үнэлэгдэж байгаа. Х.Милейний хэрэгжүүлсэн бодлого өмнөх засгуудын бодлогоос ямар онцлог ялгаатай вэ?

-2025 оны аравдугаар сарын 26-нд ерөнхийлөгч Хавьер Милейн нам Аргентины парламентын сонгуульд олонх боллоо. Энэ бол түүнд итгэж буй ард түмний сонголт. Х.Милейн 2023 оны арванхоёрдугаар сард Аргентины ерөнхийлөгч болсон. Түүний сонгуулийн кампанит ажил зоримог амлалтуудаар дүүрэн байлаа. Улсынхаа Төв банкийг татан буулгаж, песогийн оронд ам.долларыг үндэсний мөнгөн тэмдэгт болгоно гэж амлаж байсан санагдана. Мөн Засгийн газрын зардлыг бууруулах санаагаа илэрхийлэхийн тулд цахилгаан хөрөө ашиглаж байсан нь олны сэтгэлд үлдсэн байдаг. Тэрбээр ерөнхийлөгч болсныхоо дараа Аргентины хувьд “шок буюу цочрол эмчилгээ” гэж нэрлэгдэх шинэчлэлийг хэрэгжүүлэв. Энэ нь 1990-ээд онд Орос, Польш зэрэг орнуудад хэрэгжүүлж байсан бодлоготой нэн төстэй юм. Милейн авч хэрэгжүүлж буй бодлого Чилийн 1970-80-аад оны шинэчлэлтэй (Пиночетийн үе) төстэй ч ардчилсан орчинд хэрэгжиж байгаа гэдгээрээ улс төрийн эсэргүүцэл их байна. 2025 оны байдлаар Милейн засаглалын дунд хугацааны сонгуульд ялалт байгуулж, шинэчлэлийг үргэлжлүүлэх боломжтой болсон хэдий ч нийгмийн зөвшилцөл консенсуст хүрэх томоохон сорилт тулгарч байгаа. Хэрэв шинэчлэл бүтэлгүйтвэл 2027 оны сонгуульд зүүний хүчинд ялагдах эрсдэлтэй. Милейн бодлого нь Аргентиныг “бүтцийн хямрал”-аас гаргах эхний алхам мөн боловч урт хугацааны амжилт нь улс төрийн тогтвортой байдлаас хамаарна. “Шок эмчилгээ”-ний шинэчлэлд үнийг шууд чөлөөлөх, мөнгөний нийлүүлэлтийг бууруулах, ашиггүй төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, татаасыг арилгах, шаардлагагүй яамдыг татан буулгах замаар засгийн газрын зардлыг бууруулах бодлого багтдаг.

Энэ нь 2023 онд улс орныг гипер инфляци 211 хувь, өндөр ядуурал 45 хувь, төсвийн асар их алдагдлаас ДНБ-ий есөн хувь гаргахад чиглэсэн. Богино хугацаанд инфляци буурч, төсөв ашигтай гарсан. Гэсэн ч эдийн засгийн агшилт 2024 онд ДНБ 2.8 хувиар буурсан, нийгмийн эсэргүүцэл зэрэг сөрөг талтай байна. Милейн бодлого нь өмнөх засгуудын ялангуяа 2003-2023 он хүртэл Перонист буюу Кирчнерын үеийн популист улс төр, эдийн засгийн загвараас эрс ялгаатай. Өмнөх засгууд нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэх, нийгмийн элдэв халамжийн хөтөлбөрийг өргөжүүлэх замаар богино хугацаанд аятайхан дүр зурагтай байсан ч урт хугацаанд инфляци, өрийн болон эдийн засгийн хямралд хүргэсэн байдаг.

-Милей засгийн бодлогын үр дүнд инфляцийн түвшин, валютын ханш, төсвийн алдагдал зэрэг гол макро үзүүлэлтүүдэд бодит өөрчлөлт гарсан гэж байгаа. Эдгээр өөрчлөлт нь удаан хугацаанд хадгалагдаж өгөөжөө өгөх үү эсвэл түр зуурын үр дүн гэж үзэх үү?

-2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар инфляци 2023 оны 211 хувиас 2025 оны гуравдугаар улиралд 43 хувь хүртэл буурчээ. Валютын ханш буюу песогийн ханш нэг ам.доллар 900 песо байсан бол өдгөө 1200-1300 хооронд хэлбэлзэж байна. Песо хэдийгээр 30-40 хувь суларсан ч инфляциас доогуур байна. Төсвийн алдагдал ДНБ-ийхээ 5-9 хувьд хүрч байсан бол өнөөдөр ДНБ-ийхээ 1.6-1.8 хувьтай тэнцэхүйц ашигтай гарсан нь 123 жилд гараагүй тохиолдол гэж шагширч байна. Ядуурлын түвшин 32 хувтай эхлээд 52 хувь хүртэл огцом өссөн хэдий ч одоо 30 орчим хувьд тогтворжоод байна. ДНБ жилд ойролцоогоор 1.6 хувь агшиж байсан бол энэ оны хоёрдугаар улиралд долоо орчим хувьд хүрч өссөн нь сүүлийн 20 жилд үзэгдээгүй үзүүлэлт гэж дүгнэж байна. Эдгээр өөрчлөлт нь богино хугацаанд буюу ердөө 1-2 жилд бодит тогтворжуулалт авчирсан ч удаан хугацаанд хадгалагдах эсэх нь улс төрийн тогтвортой байдал, гадаад хөрөнгө оруулалт, нийгмийн зөвшилцөл зэргээс хамаарна. Ямар ч байсан ОУВС, Дэлхийн банк, The Economist зэрэг эх сурвалжуудын үнэлгээгээр, энэ нь “бүтцийн шинэчлэлийн эхний алхам” амжилттай болж байгаа ч дотоодын эсэргүүцэл ихэссэн гэж дүгнэсэн байсан. Өөрөөр хэлбэл, Милейн өөрчлөлт шинэчлэл урт хугацаанд өгөөжөө өгөх потенциалтай ч түр зуурын шинжтэй байхыг үгүйсгэж болохгүй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль улс төрийн эрсдэл нь бөгөөд хэрэв Милей ялагдвал эдийн засгийн хямрал эргэж ирэх магадлалтай байгаа.

-Аргентины аж үйлдвэр, экспорт, хөрөнгө оруулалтын орчинд ямар бодит ахиц гарч байна вэ?

-Либертари үзэл буюу төрийн оролцоог бууруулах, зах зээлийг чөлөөлөх бодлого дээр суурилсан хууль Милейн “Ley Bases” хууль 2024 оны долдугаар сард батлагдсан. Энэ хууль нь хөдөлмөрийн зах зээлийг чөлөөлж, импортын зөвшөөрлийг хялбаршуулсан ч дотоод үйлдвэрлэгчдийг импортын өрсөлдөөнөөс хамгаалалтгүй болгосон. Үр дүнд нь 2024 онд үйлдвэрлэл агшсан ч энэ оны хоёрдугаар улиралд +7.6 хувь ДНБ өсөлттэй холбоотойгоор сэргэж эхэлсэн. Гэхдээ ажлын байрны алдагдал нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна.

Экспортын хувьд 2024 онд 18.9 тэрбум ам.доллараар импортоосоо давсан нь түүхэн амжилт болсон. Энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох гурил, үр тарианы экспорт ба эрчим хүчний нефть, шингэн хийн экспорт нэмэгдсэнтэй холбоотой. Энэ онд ч экспорт 15-20 хувь өсөх таамагтай байна. Хөрөнгө оруулалт ч сайн байгаа. Уул уурхай болон дэд бүтцийн том төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлж Хятад 3.4 тэрбум, ам.доллар, АНУ-ын Tesla, OpenAI дата төв 25 тэрбум ам.доллар, Rio Tinto 2.5 тэрбум ам.долларыг лити олборлох салбарт оруулснаар хөрөнгө оруулалт маш сайн байгаа. Товчоор хэлбэл, Милейн шинэчлэл нь экспорт, хөрөнгө оруулалтад бодит ахиц авчирсан ч аж үйлдвэрт түр агшилт үүсгээд байгаа юм.

-Төсвийн хэмнэлтийн бодлого нь ядуу болон дунд давхаргын амьжиргаанд ямар нөлөө үзүүлж байна гэж та дүгнэх вэ?

Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейн төсвийн зардлыг 30 хувь бууруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хасах, төрийн албаны ажилтнуудын тоог цөөлөх төсвийн хэмнэлтийн бодлого нь инфляци бууруулахад нөлөөлсөн. Гэвч богино хугацаанд ядуу болон дундаж давхаргын амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлсэн байгаа юм. 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар энэ бодлого нь эдийн засгийн агшилт, худалдан авах чадвар буурах, ажилгүйдэл өсөж 1.7 сая иргэн ядууралд нэрвэгдэн, өрхийн өр өссөн, орон гэргүй болж гудамжинд гарсан иргэдийн тоо 200 мянгаар нэмэгдсэн муу үзүүлэлт байгааг орхигдуулж болохгүй.

Дунд давхаргад тооцогдох ажилтай иргэн, жижиг бизнес эрхлэгчдийн хувьд худалдан авах чадвар 20.7 хувь буурч, 18.000 бизнес эрхлэгчид дампуурч, ажилгүйдэл 8-10 хувь өссөн гэсэн тоо байсан. Өөрөөр хэлбэл, энэ бодлого нь өртөгтэй. Богино хугацаанд сөрөг байж болох хэдий ч дунд, урт хугацаанд өгөөжтэй гэж тайлбарлаж байгаа.

-Монгол Улсад ч төсвийн тэлэлт, валютын савлагаа, импортын хамаарал өндөр байгаа. Ийм нөхцөлд Милейн хэрэгжүүлсэн “санхүүгийн сахилга ба төрийн оролцоог бууруулах” бодлого Монголд хэрэгжих боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Хувийн хэвшил дэмжих, төрийн компаниудыг хувьчлах ялангуяа, уул уурхайн, гадаад хөрөнгө оруулалтыг татах, төсвийн зардлыг танах, төрийн албан хаагчдыг чадвартай цөөн хүнээр удирдуулах гээд манай улсад ус агаар мэт хэрэгтэй бодлого бий. Гэхдээ бүгдийг шууд хуулбарлах нь тийм ч тохиромжтой биш.

-Монголын хувьд төрийн өмчит компаниуд, төсвийн дэмжлэг, халамжийн систем томоохон ачаа болж байгаа. Эдгээрийг Милейн загвараар шинэчлэх буюу зах зээлд шилжүүлэх нь бодитоор үр дүн өгөх үү?

-Хэд хэдэн авах, ажиллах жишээ дурдъя. Тухайлбал, Аргентины цахилгааны татаас нь улсын ДНБ-ий 1.5-тай тэнцэж байсан. Милейн үүнийг хоёр дахин бууруулна гэж амлаж байсан. Тэрээр 2023 оны арванхоёрдугаар сард ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоны дараа бараг тэр даруй эрчим хүчний шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Өмнө нь Аргентины ихэнх иргэд цахилгааны бодит өртгийн ердөө таван хувийг л төлдөг байв. 2024 оны зургадугаар сард татаасыг бууруулсны дараа бага орлоготой өрхүүд цахилгааны төлбөрийн 30 хувийг, дунд давхаргынхан 50 хувийг төлдөг болсон. Засгийн газар дундаж орлоготой өрхүүдийн хэрэглээний хязгаарыг сард 400-250 кВт.ц болгон бууруулсан. Үүнээс дээш үнийг бүрэн төлөх ёстой. Бага орлоготой өрхүүдийн хувьд цахилгаан эрчим хүчний хязгаарыг 350 кВт.ц болгон бууруулсан бол өмнө нь тэд бараг юу ч төлөхгүйгээр ямар ч хязгаарлалтгүйгээр цахилгаан хэрэглэдэг байв. Мөн хий, ус, нийтийн тээврийн хэрэгслийн татаасыг бууруулж өөрсдөө үнээ тогтоохыг зөвшөөрсөн. Хэрэв 2023 оны арванхоёрдугаар сард дундаж орлоготой Аргентины гэр бүл цахилгаан, хий, ус, нийтийн тээвэрт сард 30 мянга гаруй песо буюу ойролцоогоор 30 ам.доллар зарцуулдаг байсан. Тэгвэл 2024 оны есдүгээр сард эдгээр зардал дунджаар 141.5 мянган песо болж өссөн байна.

2024 оны гуравдугаар сард Милейн 70.000 төрийн албан хаагчийг цомхотгохоо зарласан бол зургадугаар сар гэхэд 25.000 хүн ажлаас чөлөөлжээ. 2025 оны аравдугаар сарын байдлаар 56.600 гаруй төрийн албан хаагчийг халжээ. Эдгээр тоо баримт айхтар санагдаж магадгүй. Аргентины төрийн салбарт 3.5 сая хүн ажилладаг. Дээрх цомхотголыг энэ тоотой харьцуулахад эрс бууруулсан гэж үзэж болохгүй. Гэхдээ манай улсад хэрэгжүүлэх ёстой бодлого мөн үү гэвэл мөн. Ийм олон зөв зүйтэй санаа, шууд аваад хэрэгжүүлэх бодлогууд бий.

Ингэхэд АНУ дундад Азийн орнуудад эдийн засаг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ хэлэлцээр өнгөрсөн хоногуудад үргэлжиллээ. Манай улс гуравдагч хөрш байж яагаад хоцорчихов?

-2025 оны арваннэгдүгээр сарын 6-8-ны үеэр АНУ болон Төв Азийн таван улс буюу Казахстан, Киргизистан, Төрийн Ази, Туркменстан, Узбекистан хоорондын C5+1 платформын 10 жилийн ойг тэмдэглэх форумын хүрээнд эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх олон гэрээ, хэлэлцээрийг баталлаа. Энэ нь эрчим хүч, дэд бүтэц, технологи, хиймэл оюун ухаан (AI), хөдөө аж ахуй, түүхий эдийн салбарт чиглэсэн нийт 1-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, худалдааны гэрээ хийгджээ. Гол зорилго нь Төв Азийг Хятад, Оросын нөлөөгөөс тусгаарлах, АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх явдал байсан болов уу. АНУ-ын Төв Азийн гэрээ нь бүс нутгийн тогтвортой байдалд чиглэсэн онцгой формат учраас Монголыг шууд хамруулаагүй. Энэ нь Монгол-АНУ-ын харилцааг сулруулахгүй гэдэгт итгэлтэй байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Эрүүл мэндийн салбарынхан ажил хаялтыг нэг хоногоор хойшлууллаа

Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлуулав Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамг...

img

8 цагийн дараа

ЧУУЛГАН: Таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхлэх товтой. Хуралдаанаар 2025 оны 10-р сарын 30-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүү...

img

8 цагийн дараа

 Хууль зүйн сайд, цагдаа хоёр сэтгүүлчид гүтгэлэг тарааж, улстөрчдийн нэр төрд халдсан гэдэг мэдээллээ баталж чадсангүй

Хууль зүйн сайд Б.Энхбаяр сэтгүүлчид дүрс эвлүүлэн улстөрчдийн нэр төрд халдав гэсэн мэдээлэл хийсэн. Мөн тэрээр “сэтгүүлчид нүүрсни...

img

8 цагийн дараа

Бусдад заазуур тулган автомашин дээрэмдсэн этгээдийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Автомашиныг маань хүн аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэ...

img

7 цагийн дараа

УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгож, Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдов

Улсын Их Хурлын чуулганы өчигдөр (2025.11.12)-ийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах, сонгох тухай асуудлууды...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд