мэдээ
Ц.Туваан: Монгол Улсын таван жилийн үндсэн чиглэлд ямар ч тооцоо, судалгаа алга

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 11 сарын 17

Улсын Их хурлын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.
-УИХ ирэх оны төсвөө ямар ч байсан хуулийн хугацаандаа баталлаа. Иргэдэд нээлттэй болсон мэдээллээр нэг их наяд жаахан гаруй төгрөгөөр алдагдалтай гэж байна. Таны хувьд ирэх оны төсвийг хэр болсон гэж бодож байна вэ?
-УИХ-ын хууль батлахаас гадна хийдэг үндсэн ажлуудын нэг хэсэг нь улсын төсвөө батлах байдаг. Энэ нь Монгол Улс гэдэг нэг айлын ирэх жил хэдий хэмжээний орлого олох вэ, түүнийгээ юу юунд зарцуулах вэ л гэдэг асуудал. Үүнийгээ бид ямар ч байсан хугацаандаа баталж чадлаа. Энэ удаагийн төсөв бол 32.9 их наяд, үүн дотроо 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай. Мэдээж төсөв дээр алдаа ч бий, оноотой ч зүйл байгаа. Ер нь бол төсөв нэг хүрээн дотор, дорвитой шинэчлэл хийж чадахгүй байгаагийн шалтгаан нь нэгдүгээрт, төрийн албаны том данхар бүтэц. Маш их зардал авч байгаа. Нэмээд маш олон яамтай. Хоёрдугаарт, инфляци өндөр болсон, төгрөг үнэгүйдчихсэн энэ цаг үед ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон эмч, багш, тэтгэвэр авч байгаа хүмүүсийн цалин, тэтгэвэр нь амьдралд нь хүрэхээ байчихсан. Өөрөөр хэлбэл, үүнийг “Ажиллангаа ядуурах” гэж томьёолоод байгаа юм. Ийм байдалтай болчихоод байгаа учраас илүү ихийг хүсэхээр төсөв түүнийг нь баталж чадахгүй хязгаар дотор орчихоод байгаа л явдал. Тэгэхээр үүнийг задлах ёстой. Төсвийг арай өөрөөр, төсвийн реформ хийж шийдэх хэрэгтэй. Монгол Улс уул уурхайн орон болсон. Хоёрт нь хөдөө аж ахуйн орон. Тиймээс энэ салбаруудаа бодлогоор илүү дэмжиж, ялангуяа Үндсэн хуульд орсон, тусдаа хуультай болсон Баялгийн сан зэргээ арвижуулах тал дээр маш сайн бодлого явуулахгүй бол энэ байгаа төсөв дотроо бид дорвитой, бодитой шинэ өөрчлөлт хийж чадахгүй. Мөн энэ үед Монгол Улсын 2026-2030 оны Үндсэн чиглэл батлах асуудал УИХ-аар орж байна. Энэ бол бид яаж улс орноо хөгжүүлэх вэ гэдэг л бодлого.
Гэхдээ энэ дотор нэг зүйл байгаа нь яг тооцоо судалгааг нь хийгээд Монгол Улс жилдээ тэдий хэмжээний мах, гурил хэрэглэнэ. Ийм хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүн, үр тариа бий болгоно, мах экспортолно гэдэг тооцоо алга. Тэгэхээр нэг тийм бүх зүйл урсгалаараа явж байна. Өмнөх нийгмийг муу муухай гэдэг ч сайн юм бас байсан байна. Төлөвлөлт хийж чаддаг, тав таван жилээр нь төлөвлөөд эрэлтэд суурилсан нийлүүлэлт гэдэг зүйлийг хийж чаддаг байсан байна. Гэтэл одоо чинь элдэв улстөржилт, хэн нь Ерөнхий сайд байхаас хамаараад энэ төсөв чинь саваад байна шүү дээ. Тийм болохоор үүнийг хийдэг Төлөвлөгөөний комисс юмуу, яамдын яам ч гэдэг үү нэг ийм газартай болж байж асуудлуудаа төлөвлөхгүй бол бидний төсөв ч тэр, үндсэн чиглэл ч тэр урсгалаараа л яваад байна.
-Ноднин жилийн хувьд алдагдалтай төсөв баталлаа гээд Ерөнхийлөгч хориг тавьж байсан. Тэгэхээр энэ жилийн хувьд Ерөнхийлөгч хориг тавих болов уу. Үүнийг та юу гэж харж байна. Мөн энэ төсвийг тун удахгүй тодотгох магадлалтай гэж яриад байна шүү дээ?
-Хориг тавих бүрэн эрх нь Ерөнхийлөгчид байгаа. Хуульд заасан хугацаатай. Энэ хугацааг дуустал төсөв хоригоо хүлээгээд байж байна гэсэн үг. Би гэхдээ нэг зүйлийг гайхаад байгаа юм. Ерөнхий сайд, Сангийн сайдаас ч асуусан. Нэг жил хүрэхгүй хугацааны өмнө алдагдалтай төсөв шиг муу зүйл байхгүй гэж байгаад алдагдалгүй төсөв баталчхаад байхад өнөөх нь яагаад энэ жил алдагдалтай болчихдог юм. Үүнийг ерөөсөө гайхаад байна. Тэгэхээр манай улсын төрийн барьж байгаа бодлого чинь ийм тогтворгүй байгаа байхгүй юу. Тодотголын тухайд гэвэл, энэ өөрөө 2026 оны төсөв. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Мэдээж хэрэгжих явцдаа замын дундаас юу гарахыг хэлж мэдэхгүй. Өнгөрсөн хугацаанд чинь бид хэдэн ч төсвийн тодотгол хийсэн юм. Тэгэхээр тодотгол хийх эсэхийг яг одоо хэлэхэд эрт байна.
-АН-ын гишүүдийг Засгийн газартай тохиролцож, өөрсдийн тойрогт тодорхой хөрөнгө оруулалтыг шийдүүлчихлээ. Тийм болохоо төсвийг асуудалгүй гээд дэмжээд байна гэсэн шүүмжлэл гарсан шүү дээ. Үнэхээр ийм зүйл болсон уу?
-УИХ-ын гишүүд, ялангуяа тойргоос сонгогдсон гишүүд тухайн тойрогт амьдарч байгаа иргэдийг төртэй холбох гүүр нь, тэдний үйлчлэгч нь байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүс юу хүсч байна, түүнийг нь хууль, төсөв болгож батлуулах үүрэгтэй. Бидний сонгогдсон гол зорилго чинь энэ. Тойргоос маш олон хүсэлт ирдэг. Тэдгээрийг бүгдийг нь эрэмбэлээд Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яамтай яриад, туссан, тусаагүйг нягтлаад, тусгахын төлөө хөөцөлддөг. Хөөцөлдөх гэдэг нь монгол арга л юм даа. Тэр утгаараа бид саналууд гаргаж өгсөн. Түүнээс биш Ардчилсан намын гишүүний төсөв гэж байхгүй. Түүнийг гишүүн захиран зарцуулах ямар ч эрх байхгүй. Харин сонгогдсон тойрог, бүсэд хэрэгтэй зүйлүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлээд Төсвийн байнгын хороо, Төсвийн ажлын хэсэгт өгч шийдүүлж байгаа л гэж ойлгох хэрэгтэй. Үнэхээр тийм зүйлүүдийг бид тавьсан. Мэдээж эрх барьж байгаа намынхны хувьд яамны сайд нар өөрсдийнх нь намын хүмүүс байгаа. Тийм учраас тэд нараараа дамжуулаад өөрсдийн тойргийн хүсэлт, саналыг суулгачихдаг. Сөрөг хүчний хувьд бол ийм боломж байхгүй учраас төсөв хэлэлцэх үед нь саналуудаа тавьдаг. Тийм болохоор үүн дээр нэг их шинэ зүйл гаргаж ирээд хийчихсэн юм шиг яриад байх нь утгагүй. Төсөв бол иргэдийн амь амьдрал, улс орны эдийн засгийн цусны эргэлттэй холбоотой учраас хугацаанд нь ямар ч тохиолдолд батлах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Үүнийгээ ч сүүлийн хоёр парламентын хугацаанд барьж ажиллаж байна.
-Түрүүн яриандаа манай улс уул уурхайн орон болсон гэж байна. Таны хувьд тодорхой хугацаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг удирдсан. Тэгэхээр ирэх оны төсөвт уул уурхайн бүтээгдэхүүнээ түлхүү гаргах, түүнээсээ төсөвтөө илүү ашиг олох тал дээр дорвитой зүйл тавигдаж чадав уу?
-Таны асуултад хоёр хэсэгтэй хариулъя. Эхнийх нь, Монгол бол Дотоодын нийт бүтээгдэхүүний, улсын төсвийн орлогын гуравны нэг, экспортын орлогынхоо 93-94 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлж байгаа. Тиймээс уул уурхайн орон гэж хэлдэг нь ийм учиртай. Дээрээс нь бидэнд өвөг дээдсээс маань үлдээсэн энэ сайхан эх орны маань хөрсөн доор баялаг байна. Одоо энэ баялгийг зөв зохистой, хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэх замаар ашиглаад үр өгөөжийг нь хүртэх, зарим хэсгийг нь ирээдүй хойчдоо үлдээх гэсэн бодлоготой ажиллах ёстой. Энэ жилийн хувьд эмч, багш нарын цалин, ахмадын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмье гэхээр төсөв байхгүй. Дээрээс нь иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, орон сууцны асуудлыг шийдье гэхээр Баялгийн сандаа мөнгөгүй. Харин нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргээд ирэхээр улс орны эдийн засгийн цусны эргэлт сайжраад, иргэдийн амьдрал сайжирч, авч байгаа цалин, тэтгэвэр нэмэгдэх учиртай. Тэгэхээр одоо бид уул уурхайгаа ашиглаж энэ хэрэгцээгээ хангахаас өөр арга байхгүй. Гэтэл нэг гаж үзэгдэл буй нь сайхан амьдармаар байна, цалин тэтгэврээ нэм гэсэн мөртлөө нөгөө гараараа уул уурхайг эсэргүүцдэг явдал. Үүнийг зохицуулсан хууль эрх зүйг бий болгож, Ашигт малтмалын тухай хуулийг сайжруулж, энэ асуудлыг ярихаас өөр аргагүй ийм цаг үе болсон байна. Бас нэг гаж үзэгдэл нь одоо чинь 20-21 яам байгаа. Эдгээр дотроо хамгийн бага төсөвтэй буюу 70 гаруй тэрбум төгрөг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаман дээр тавигдсан. Өөрөөр хэлбэл, танайх баян салбартай яам гээд нэлээд орхигдуулж ирсэн юм билээ. Зүйрлүүлж хэлбэл, нэг морин тэргэн дээр бүгд овоорч суучихаад морио ороолгоод л, өнөө морь болох Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам нь туранхай, зүтгэж чадахгүй байгаа юм. Хоёрдугаарт, аж үйлдвэрийн салбартаа Монгол Улсын уул уурхайн төрийн өмчит компаниуд нь харьяалагддаггүй. Эрдэнэс Монгол, түүний дор байгаа 30-аад компани бүгдээрээ ЗГХЭГ-т харьяалагддаг. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай бодлого, аудитын дүгнэлт гэсэн хоёрхон зүйлээр холбогддог. Энэ бол засаж залруулах ёстой гаж тогтолцоо л гэж би боддог.
-Ноднин төсөв хэлэлцэж байхдаа нүүрсний үнийг өөдрөгөөр төсөөлөөд л тавьж байсан. Гэтэл олон улсад үнэ нь унаж, манай орлого тасрах эрсдэл үүссэн. Тэгэхээр ирэх онд бидний төсөөлсөн шиг байж чадах болов уу?
-Энэ бол биржүүд, манай гол худалдан авагч БНХАУ-ын гангийн салбарын худалдан авалт, эрчим хүчний нүүрсний хэрэглээ гээд маш олон зүйлээс шалтгаалдаг. Үндсэндээ биднээс хамаардаггүй гэж ойлгож болно. Бид энэ жилийн хувьд түүхэндээ байгаагүй буюу 90 сая тонн нүүрс экспортолно гэсэн өөдрөг төсөөлөл тавьчихсан. Үүндээ хүрэхгүй л бол дахиад төсвийн орлого бүрдэлт багасна гэж ойлгох хэрэгтэй. Үнэ бол урьд хөршийн асуудлаас шалтгаална. Дээрээс нь Америк, Хятад хоорондын тарифын болон худалдааны дайн, улс орнуудад үүсч байгаа геополитикийн дайн байлдааны асуудал нүүрсний үнэд шууд нөлөөлнө. Тийм болохоор яг тэд эд байна гэж хэлэх боломжгүй.
-Ирэх онд манай өмнөд хөрш таван жилийнхээ төлөвлөгөөг хэлэлцэнэ. Үүн дээрээ ногоон эдийн засгийг голчилж ярих болов уу гэсэн таамаглал байгаа. Тийм болохоор л манайх тооцоололдоо хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлолыг эдийн засагчид хэлээд байгаа. Энэ өмнөд хөршийн Их хурал манай талд тодорхой нөлөө үзүүлдэг үү?
-Үзүүлэлгүй яах вэ. Энэ өөрөө 1.4 тэрбум хүн амтай, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын таван жилийн төлөвлөгөөний асуудал шүү дээ. Тэднийх чинь би ярианыхаа эхэнд хэлсэн шиг тав, таван жилээр ажлуудаа төлөвлөөд, тэрийгээ батлаад, тэрэндээ хүрэх зорилгоо тавиад явдаг. Аливаа зүйл нь тодорхой гэсэн үг. Энэ удаагийн төлөвлөгөөнд дэлхийн дулаарал, ногоон эдийн засагтай холбоотой маш шинэлэг төсөөллүүдийг тавьж явж байгаа. Ингээд ирэхээр нүүрсний хэрэглээ дагаад хумигдана л гэж ойлгох хэрэгтэй. Мэдээж хумигдаж байгаа ч гэсэн нөгөө талд нь дэлхийн гангийн гол экспортлогч орны хувьд коксжих нүүрсний хэрэглээ байж л байна. Тийм болохоор дэлхийн эдийн засгийн тусгал, сүүдэр Хятадад хамаатай. Хятадын таван жилийн төлөвлөгөө Монголд хамаатай л гэж ойлгох нь зөв.
Өрхийн сарын дундаж орлого 1.9 сая төгрөг болжээ
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн дүн мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, нэг өрхийн с...
8 цагийн дараа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хурлаар гурван асуудлыг хэлэлцэж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2025.11.17/ хурлаараа гурван асуудлыг хэлэлцэж байна. 1. Хуулийн төслүүдийн танилцуулга ̵...
7 цагийн дараа
Эрх баригчид одоо л бидэн дээр ирэхээр боллоо
Өнгөрөгч долоо хоногийг эрх баригчид бүхэлд нь МАН-аар амьсгалсан өдрүүд болгон хувиргаж дөнгөв. Бүх л мэдээллийн хэрэгслийн индрийг...
7 цагийн дараа
“Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ
Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчийг сонгон...
7 цагийн дараа
Кая Каллас: Дайнд эхэлж мөнгөгүй, эсвэл цэрэггүй болсон тал нь ялагддаг
Европын Холбоо Оросын Украины эсрэг зэвсэгт довтолгоо үргэлжилж буйтай холбогдуулан шинэ хориг арга хэмжээний багц бэлдэх ажлыг эхлү...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


