гадаад
Кая Каллас: Дайнд эхэлж мөнгөгүй, эсвэл цэрэггүй болсон тал нь ялагддаг

Админ
2025 оны 11 сарын 17

Европын Холбоо Оросын Украины эсрэг зэвсэгт довтолгоо үргэлжилж буйтай холбогдуулан шинэ хориг арга хэмжээний багц бэлдэх ажлыг эхлүүлэв. Энэ тухай энэ сарын 14-ний баасан гарагт “E5” бүлгийн уулзалтын дараа Берлинд болсон хэвлэлийн бага хурал дээр Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус болон Европын түнш сайд нартай хамт Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Кая Каллас нар мэдээлжээ. Каллас “Дайнд эхэлж мөнгөгүй эсвэл цэрэггүй болсон тал нь ялагддаг” гэж онцлоод “Оросын зэвсэгт довтолгоо үргэлжилсээр байна. Иймээс Оросын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэн чангатгах шаардлагатай. Хориг арга хэмжээ нь олон улсын түншүүд хамтарсан үед илүү үр дүнд хүрдэг. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Оросын нефтийн компанид тавьсан сүүлийн үеийн хоригууд нь Орост очих дарамтыг улам нэмэгдүүлж байна. Америкийн энэхүү шинэ хориг нь Украинд дайтаж буй Орост дайныг үргэлжлүүлэхэд шаардлагатай нөөцийг нь бууруулж эхэлсэн байна” гэж мэдэгдэв. Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус Орос Украины эрчим хүчний дэд бүтцэд халдсаныг эрс буруушааж “Хүмүүсийг үүнээс илүү ихээр хохироож бас доромжлохыг төсөөлөхөд бэрх. Украин улс дайны дөрөв дэх өвөлдөө орж байгаа бөгөөд Оросын ерөнхийлөгч Владимир Путин үүнийг украинчуудын хувьд аль болох тэсвэрлэхийн аргагүй болгож, тэдний эсэргүүцлийг нухчин дарахыг хичээж байгаа нь илт байна. Тэр амжилтад хүрэхгүй байгаа ч халдлага нь аймшигтай хэвээр үргэлжилж, олон улсын хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Иймээс Герман болон түүний “Е5” бүлгийн түншүүд Украиныг үргэлжлүүлэн дэмжих болно” гэж мэдэгдэв. Энэхүү “Е5” бүлэгт Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч болон Франц, Их Британи, Итали, Польшийн батлан хамгаалахын сайд нар багтдаг бөгөөд Европын батлан хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Европын Холбооны дараагийн хоригийн багц нь 2022 онд Орос Украинд зэвсэгт халдлага эхлүүлснээс хойших 20 дахь багц болох юм. Харин 19 дэх багц нь өнгөрсөн сард хүчин төгөлдөр болсон бөгөөд АНУ-ын хоригтой адил Оросын хий, нефтийн борлуулалтын орлогыг бууруулах зорилготой байсан. Учир нь ОХУ-ын төсвийн 40, гадаад валютын нөөц нь бараг 100 хувь түүхий нефтийн борлуулалт байдаг юм. Энэхүү шинэ хоригоор Оросын шингэрүүлсэн байгалийн хийн Европ руу хийх импортын бүрэн хориг анх төлөвлөснөөс нэг жилийн өмнө хэрэгжиж эхэлнэ. Үүнээс гадна санхүү, худалдааны салбар болон Оросын дипломат ажилтнуудын Европын Холбоон доторх хөдөлгөөнд нэмэлт хязгаарлалт тогтоох юм байна. Харин Каллас Берлинд 20 дахь хориг багцад орж болзошгүй бусад арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Гэсэн ч Брюсселийн дипломатчдын мэдээлснээр, Оросын шинэ эрчим хүчний компаниуд болон “сүүдрийн флот” хэмээн нэрлэгддэг зарим хөлгийг хоригийн жагсаалтад нэмэх асуудлыг хэлэлцэж байгаа аж. “Сүүдрийн флот” гэж ихэвчлэн хуучирсан, гадаад улсын далбаатай хөлгүүдийг хэлдэг бөгөөд эдгээрийг Орос нь барууны орнуудын тогтоосон нефтийн үнийн дээд хязгаарыг тойрч гарахад ашигладаг. Ачааны гарал үүслийг нуухын тулд хөлгийн автомат таних систем(AIS)-ийн мэдээллийг унтраах, өөрчлөх, эсвэл задгай тэнгист нэг танкераас нөгөөд нь нефть шилжүүлэн ачих зэрэг арга техникийг хэрэглэдэг байна.
Өнөөгийн Орос нь цагаан хаантай адил хөлсний цэргээр байлдаж байна. Энэ нь Кремль валютгүй болбол түүх давтагдаж “буутай цэрэг” Москваг зорих болно гэсэн үг юм. Учир нь Bloomberg агентлаг “Дэлхийн далай, тэнгисүүдэд танкерт хадгалагдаж буй нефтийн нийт хэмжээ нэг тэрбум баррельд хүрсэн бөгөөд үүний “хэт их” буюу томоохон хэсэг нь хоригт орсон орнуудаас гаралтай байна. Судалгаа, хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянадаг “Vortexa”, “Kpler”, “OilX” зэрэг компанийн мэдээллээр, эдгээр илүүдэл нефтийн 40 орчим хувь нь Орос, Иран, Венесуэл улсын түүхий нефть байна.
Энэ нь хамгийн багаар буюу 20 хувь гэж тооцсон ч эдгээр гурван орны дэлхийн нефтийн нийт олборлолтод эзэлдэг 17 хувиас нь илүү гарч байна. Танкерт хуримтлагдсан нефть худалдаалагдахгүй гэсэн үг биш боловч, энэ нөхцөл байдал нь хоригт орсон орнуудын экспортын орлогыг бууруулж, дэлхийн зах зээлд нийлүүлэлт хэтэрч, илүүдэл үүсэх эрсдэл үүсгэж байгааг шинжээчид анхааруулж байна. Энэхүү илүүдэл нефтийн өсөлт нь барууны хориг улам чангарч буйгаас болж Оросын нефть далайн усан онгоцнуудад гацаж, буулгаж чадахгүй байгаатай холбоотой юм. “Clarksons Securities” компанийн шинжээчид үүнийг баталж “Оросын нефть усан замд гацсан” гэж онцолсон байна. Энэтхэг Оросын нефтийн ирэх сарын нийлүүлэлтийн захиалгаа бууруулсан нь эдгээр хоригийн нөлөөг харуулж байна. Мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Ди.Вэнс болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар Туркийн Гадаад Хэргийн сайд Хакан Фидантай энэ сарын 10-нд уулзахдаа НАТО-гийн бүх холбоотнуудыг Оросын эрчим хүчний бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоохыг уриалсан байна. Турк нь Хятад, Энэтхэгийн дараа ордог Оросын нефтийн гурав дахь том худалдан авагч юм. Мөн өнгөрсөн сарын сүүлчээр АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба(OFAC) Украины энхийн хэлэлцээг дэмжин “Оросын талын бодит сонирхол дутагдаж байна” хэмээн үзэж Оросын “Лукойл”, “Роснефть” болон тэдний 34 охин компанид шинэ хориг тавьснаас долоо хоногийн өмнө Их Британи ч мөн адил “Лукойл”, “Роснефть”-д хориг тавьсан билээ” гэж мэдээлжээ. Үнэхээр АНУ-ын хоригийн дараа 54-өөс шууд 62 ам.доллар болж өссөн Оросын Urals маркийн нефтийн фьючерс үнэ өчигдрийн байдлаар 53 ам.доллар болж, бодит амьдрал дээр 20 ам.доллараар зарагдан өөрийн өртгийг ч нөхөж чадахгүй болов. Энэ нь бас бусад улсын түүхий нефть Оросын зах зээлийг эрчимтэй эзлэн, шахаж байгаатай холбоотой юм.
Кремль өнөөдөр мөнгөгүй болсноос үүдсэн ажилгүйдлийг нуухын тулд ажилтнуудын ажлын цаг, өдрийг цөөлж, бага цалин олгон “далд ажилгүйдэл”-д нэрвэгдэв. Социализмын үе шиг рублийн ханшийг төр тогтоодог болов. Холбооны улсын удирдлагууд төсвийн алдагдлаа банкнаас арилжааны зээл аван нөхөж эхлэв. Энэ аюултай, аргаа барсан арга нь Оросын банкны системийг удахгүй сүйрүүлэх болно. ОХУ-ын эдийн засаг үндсэндээ тээвэр, ой мод, хөдөө аж ахуй, онгоц, автомашин, сансрын үйлдвэрлэл гэх мэт 24 салбараас бүрддэг. Өнөөдөр эдгээрийн 18 салбар нь рецесст ороод байна. Энэ нь Оросын иргэний зориулалттай бүх салбар дампуурч эхэлсэн гэсэн үг. Хамгийн гол нь энэ бүхэн Кремлийн дэглэмийн мөхөл, ОХУ задрал албан ёсоор эхэлж байгаа явдал юм. Үүнийг л Кая Каллас “Дайнд эхэлж мөнгөгүй болсон тал нь ялагддаг” гээд байгаа хэрэг.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал намын шинэ даргаар Н.Учралыг сонгосон бол хоёр дахь өдрийн хурлаар Монгол Ардын намын хичээн э...
8 цагийн дараа
Эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ
Амбулаториор нийт 281,624 хүн тусламж үйлчилгээ авснаас 5.1 хувь (14,308) нь томуу, томуу төст өвчтэй байна. Үүнээс Улаанбаатарт 34....
7 цагийн дараа
Инфлүүнсер Х.Мягмарсүрэн: Монголчуудын хувьд цагийн менежмент, төлөвлөлт нь буруу байдаг
Инфлүүнсер Х.Мягмарсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр урлаг соёл, дижитал маркетинг, гэртээ сууж байгаа ээж, эмэгтэйчүүддээ эерэгээр нөлөөлө...
7 цагийн дараа
“Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг толилуулна
“Pro” театрынхан Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжгээ арваннэгд...
7 цагийн дараа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 84 гомдол, мэдээллийг ш...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



