Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Инфлүүнсер Х.Мягмарсүрэн: Монголчуудын хувьд цагийн менежмент, төлөвлөлт нь буруу байдаг

trend

Админ

img

2025 оны 11 сарын 17

news-img

Инфлүүнсер Х.Мягмарсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр урлаг соёл, дижитал маркетинг, гэртээ сууж байгаа ээж, эмэгтэйчүүддээ эерэгээр нөлөөлөх зэргээр өдөрт дөрвөн салбарын ажлыг өөрийнхөө гаргасан хуваарийн дагуу амжуулдаг юм байна. Нийгэмдээ гэрэл гэгээ түгээсэн бүсгүйтэй ярилцах сонирхолтой байв.


-Нисэх, Яармагийн чиглэлд автобус хүлээж зогсоох хүмүүсийг машинаараа үнэ төлбөргүй дөхүүлж буулгадаг тухай постыг тань үзээд хамгийн түрүүнд яагаад гэдэг асуулт төрсөн. Энэ нь тухайн хүмүүст уг нь хэрэгтэй. Гэхдээ зарим нь итгэж ядаад байдаг гэж сонссон?

-Коронагоос хойш цахим орчинд ийм давлагаанууд их болсон шүү дээ. Ялангуяа цас бороотой өдрүүдэд настай болон хүүхэдтэй хүмүүсийг дөхүүлээд өгчихдөг байгаарай гэх зэрэг уриалга гардаг байсан. Түүнээс үүдэлтэй. Хоёрдугаарт, миний хувьд өвөл болохоор баримталдаг нэг зарчим бий. Би ч гэсэн энэ хүмүүс шиг автобус хүлээгээд буудал дээр зогсдог байсан байхгүй юу. Гурван жилийн өмнө би гурван хүүхдээ автобусаар хичээл сургуульд нь зөөдөг байлаа. Тэгээд хаа байсан Нисэхийн эцэст амьдардаг байж, XIII хороололд ажилладаг. Хорвоо ертөнцийн хамаг түгжрэлийг туулаад л, Нисэхийн тойрог, Яармаг, Маршалын гүүрээ даваад л ажилдаа ирнэ. Манай нийслэлийн хол чиглэлийн автобуснууд ид түгжрэлийн үеэр дандаа нэг талдаа гараад бөөгнөрчихдөг. Тэр үед буудал дээр автобус хүлээж байгаа хүмүүс багадаа 30-40 минут, заримдаа нэг цаг ч зогсох тохиолдол гарна. Тэгээд өвлийн хүйтэнд хөлнөөсөө даарч хөрөөд л. Нүдээ ширгэтэл “Автобус хэзээ ирэх бол” гээд хүлээнэ. Тэр үедээ би боддог байсан юм. Биднийг ингээд л даарч хөрөөд, нүдээ ширгэтэл автобус хүлээж байхад “Энэ машин дотор ганц, ганцаараа дулаахан явж байгаа хүмүүс гэр лүүгээ явах замдаа биднээс суулгаад 2-3 буудал ч болтугай дөхүүлээд буулгачихаж болдоггүй юм байх даа” гэж.

Ингээд өөрөө машинтай болонгуутаа “Энд ингээд зогсож байгаа хүмүүс миний тэр үе шиг бодоод л зогсож байгаа байх даа. Би яагаад ганцаараа том машин дотор ганцаараа дулаахан, тухтай яваа юм чинь Нисэх хүртэл ядаж таван хүн суулгаад хурдан хугацаанд гэр лүү нь дөхүүлж болохгүй гэж” хэмээн бодогдсон. Ингэж бодсоны үүднээс л Нисэх, Яармаг чиглэлд автобус хүлээж зогсох хүмүүсийг авч эхэлсэн юм.

-Гэтэл манай нийгмийн сэтгэл зүй хаашаа ч болчихсон юм бэ. “Өрөөлийн хүүхдийг чирж явахаар өөрийнхөө хүүхдийг хүргэ” гээд таныг бас шүүмжилсэн байна лээ?

-Тийм ээ. Яах вэ, манай хүүхдүүд харьцангуй гэртэйгээ ойрхон сургуульд явдаг юм. Нарийвчлан хэлбэл, хоорондын зай нь 450 метр газар. Манай том, дунд хүү хоёр маань зургаа, дөрөвдүгээр ангид сурдаг. Биеэ даахаар хэмжээнд хүрсэн. Охин маань нэгдүгээр ангид сурдаг учраас “Гараас гарт” өгч авдаг. Хэн боломжтой нь хүргэж өгч, авдаг. Миний амьдрал цахим орчинд ил байдаг болохоор “Энэ хэзээ байхдаа өөрийнхөө хүүхдийг зөөж авчирдаг байсан юм” гэх утгатай үгийг л хэлсэн байна лээ. Хүн хүний өдөр тутмын амьдралын хэмнэл өөр өөр шүү дээ. Заавал өөрийнхөө хүүхдийг л зөөнө гэдэг юм уу, эсвэл бусдын хүүхдийг зөөж попроод, өөрийнхөө хүүхдийг хаялаа ч гэдэг юм уу, энэ нь жаахан утгагүй. Яах вэ, цахим орчимд “хар масс”-тай болчихлоо л доо. Ийм сөрөг зүйлийн эсрэг хэрүүл хийх нь ч хаашаа юм. Багахан хэсэг хүн нь гэгээлэг байлаа ч, тэд нь цаашаагаа гэрэл гэгээг түгээнэ байх.

-Цахим орчинд нэр нүүргүй, нууц хаягаар давшлаад байгаа хүмүүсийг ухаад судлаад үзвэл хамгийн ойрхны, таныг хамгийн сайн мэдэх хүнээс л гарсан авир байдаг гэх юм билээ шүү дээ. Энэ бас их муухай хандлага шүү?

-Манай монголчууд ах дүү, хамаатан садан, найз нөхөд байх нь хамаагүй, нэг нь амьдралын шат ахиж, дээшээ гарах, амжилттай явах, ажил, орлоготой болоход, “Энэ одоо надаас илүү гарчихлаа. Нусаа хацартаа наасан юм байсан. Энэ яахаараа…” гэдэг хандлагаар хандах гээд байдаг. Гэтэл үгүй байхгүй юу. “Энэ чинь тийм байж байгаад ийм болчихсон байхад би яагаад үүнээс хоцорчихов” гээд хор шарандаа уг нь тэмцээд адилхан дээшээгээ авирмаар байна шүү дээ. Тэгэхгүй болохоороо, дээшилж байгаа нэгнээ яаж ийгээд доош нь татаж унагах гээд үзээд байдаг. Энэ нь хаа сайгүй, нийгмийн салбар бүрд л байдаг.

-XIII хороололд та ямар ажил хийдэг байв. Ер нь холоос ажилдаа ирж очиход нэг өдрийн дотор амьдралыг бүтнээр нь харж туулчихдаг гэхэд хилсдэхгүй дээ. Хэдий яарч, цаг хугацаа урсаж байгаа хэдий ч тэр урт холын замд юу эс тохиолдох вэ?

-Би радио, телевизийн сэтгүүлч мэргэжилтэй. Гэхдээ 2015-2022 онд “Шидэт хайрцаг” хүүхэлдэйн театрт жүжигчнээр ажиллаж байсан. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд хүүхэлдэйн жүжгийг очиж тоглож өгдөг, соён гэгээрүүлэх, их гоё энергитэй ажил хийдэг байлаа. Үндсэн театрын маань оффис XIII хороололд байрладаг байсан юм. Тэгээд өглөө гараад театр дээрээ очоод хувцас хэрэглэлээ бэлдэж аваад л, өнөөдөр ямар төлөвлөгөөтэй, хаана ямар тоглолттой байна вэ тийшээгээ очно. Тэгээд өдөр нь тоглолтоо хийж ирчихээд л, цэцэрлэг, сургууль тарахын өмнө тардаг болохоор хүүхдүүдээ аваад харьдаг байлаа.

-Сэтгүүлчээрээ ажиллаж байгаагүй юу?

-Би мэргэжлээрээ сургуулиа төгсөнгүүтээ жил хүрэхгүй хугацаанд ажиллаж үзсэн.

-Та бүх зүйлээ тэгш дүүрэн авч явдаг юм билээ. Гэрт амьдарсан ч, байшинд амьдарсан ч их цэвэрхэн, гэр орноо цэвэрлэж байгаа стори их оруулсан харагдсан. Гэхдээ дандаа гэртээ суугаад байхгүй юм. Бизнес эрхлэгчидтэй ч, урлаг соёлынхонтой ч хамтраад ажиллах юм. Найр хурим ч хөтлөх юм. Энэ бүгдийг яаж зохицуулж авч явж байна вэ?

-Нийгэм хүнийг универсаль байхыг шаардаж байна л даа. Өнөөдөр хүн мэргэжлээрээ өдрийн найман цаг ажиллахаас илүү хэн хөдөлмөрлөж, хөдөлж, зохион байгуулалттай байна вэ, тэр хүн илүү орлого олох боломжтой нээлттэй нийгэмд амьдарч байна. Тэгэхээр ажил хүнийг голохоос, хүн ажлыг голохгүй гэдэг шиг би бүх боломжоо ашиглаж байгаа. Би сошиал маркетингийг сүүлийн 3-4 жил тасралтгүй хийж байна. Хүмүүс сайн мэднэ дээ, хамгийн анх гэрээ цэвэрлэдэг эмэгтэй гэдэг байсан. Хоёрдугаарт, би нийгэмд нөлөөллийн ажил хийдэг. Гэртээ сууж байгаа ээж, эмэгтэйчүүдийгээ идэвхжүүлэхдээ “Та нар гэртээ зүгээр сууж байгаа гэрийн авгай биш шүү. Энэ нийгмийг, ирээдүйг бүтээж байгаа хамгийн чухал ажлыг хийж байгаа ээж, эмэгтэйчүүд шүү. Өөрсдийгөө хэзээ ч битгий хэн нэгний “Гэрийн авгай” гэсэн үгээр, эсвэл “Цалинтай ээж”-ийн 50 мянгаар хязгаарлаарай. Та нар маань гэртээ суух энэ хугацаагаа хөгжих, боловсрох, өөрөө өөрийгөө олох, суралцахад зарцуулаарай” гээд урам зориг өгдөг. Түүнчлэн урлаг соёлын хүнтэй ханилж суугаад 10-аад жил болсных, “Алтны хажуудах гууль шарлана” гэгчээр ханиасаа суралцаад хөтлөгч, дуучин хийж байна, арга хэмжээ хөтөлж байна. Цахим орчинд олон дагагчтайнхаа ачаар хувь хүн, албан байгууллагуудтай сошиал маркетингаар хамтарч ажиллан тодорхой хэмжээгээр өөртөө нэмэлт орлого бүрдүүлэхийг хичээж байгаа. Би энэ дөрвөн ажлыг нэг өдөрт амжуулахын тулд хуваарьтайгаар хийгээд явж байна.

-Хүн гэртээ суухаар өөртөө амралт өгөөд бүр юу ч хийхээ больчихдог. Гэтэл та дөрвөн салбарын ажлыг хийдэг гэж байна. Өөртөө маш өндөр шаардлага тавьдаг бололтой. Яагаад гэвэл, таныг хэн ч хажуунаас чинь шахаж шаардаж, үглэж дуулахгүй. Гэтэл цагийн нарийн хуваарийн дагуу ажиллаж, өөрийгөө сэдэлжүүлдэг гол нууц нь юу вэ?

-Манай монголчуудын хамгийн сул тал нь цаг баримжаалах, тооцоолох чадваргүй. Цагийн менежмент, төлөвлөлт нь буруу байдаг. Бусдаас өө хайгаад, түгжрээд байгаа юм чинь, зам ийм байхад, өнөөдөр цас орсон гээд байдаг. Үгүй шүү дээ. Би бүх цаг үед, хүнд яг хэлсэн цагтаа л байхыг эрмэлздэг. Тэгэхийн тулд би Нисэхээс Сонсголон ортол хэдэн минут зарцуулах вэ, түгжрэлтэй үед яах вэ, төвөөр орж хүнтэй уулзаад цаашаа явахын тулд хэдий хэр хугацаа хэрэгтэй вэ гэх зэргээр цагаа дандаа нөөцлөн тооцоолдог. Өнөөдөр хийх ажлаа дандаа урьд орой нь бичиж тэмдэглэн төлөвлөдөг юм. Би ер нь их төлөвлөгөөтэй амьдардаг гэх үү дээ. Ер нь монголчууд төлөвлөлт муутай. Гэр бүлийн амьдралд орж ирэхдээ буюу ээж, эхнэр болохдоо гэр бүлийн төлөвлөлтгүй байдаг. Ээж, аав юу хийх юм бэ. Хүүхэд ямар үүрэг хүлээх юм бэ.

-Цагийн менежмент дээр хүмүүсийн гаргадаг алдаа бол аливаа ажлыг төлөвлөхдөө ямар ч завсарлагагүй таг, таг гээд л биччихсэн байдаг. Харин таны хувьд нөөц цаг гэдэг маш чухал санааг хэлсэн нь таалагдаж байна шүү?

-Жишээ нь би 11 цагт хүнтэй уулзахаар товлосон байлаа гэхэд нөгөө хүн маань 20 минут хоцроод ирвэл тэр хугацааг жижиг рийл, пост хийхэд зарцуулна. Ер нь хоцорч очсоноос түрүүлж ирчихээд хэрэгтэй зүйлд цагаа зарцуулж, үр ашигтай байлгаж болдог. Улаанбаатарын түгжрэлд зохицуулахын тулд нөөц цагаа 20-60 минутаар төлөвлөх зүгээр юм шиг санагддаг.

-Та ойрын хугацаанд дижитал маркетингийн сургалт хийх гэж байгаа юм билээ?

-Би улиралдаа нэг удаа 50 хүнийг өөд өөдөөс нь харуулж суулгаж байгаад танхимын сургалт хийдэг. Жижиг, дунд бизнес эрхэлдэг ээж, эмэгтэйчүүдээ урьдаг юм. Том компаниуд маркетингийн алба, хэлтэстэй байгаа. Тэд хүссэн, хүсээгүй идэвхжүүлэлтээ хийдэг. Гэтэл гэртээ лаа, саван, эсгий бойтог хийчхээд, түүнийгээ зарж борлуулж чадахгүй суугаа бүсгүйчүүддээ зориулаад гэрээсээ яаж сошиалыг ашиглаж мөнгө олж болох вэ, бага багаар орлого олох тэр аргыг л би зааж өгдөг юм. Миний сургалтад ирж байгаа бүсгүйчүүд хамгийн түрүүнд “Яаж тан шиг болох вэ” л гэж асуудаг. Хүн болгон над шиг болох албагүй шүү дээ. Тиймээс би яаж өөрийгөө олох вэ гэдгийг нь л хэлж өгдөг.

 

Г.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд

Энэ долоо хоногт /2025.11.17-2025.11.20/ УИХ-аар хэлэлцэх асуудлуудын тов, дарааллыг танилцуулж байна. ДАВАА ГАРАГ /2025.11.17/ Д/Д ...

img

8 цагийн дараа

Мөс цөмрөх аюулаас болгоомжил!

Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна. ...

img

7 цагийн дараа

Токиогийн Олон улсын кино наадам болж өнгөрөв

Парист 1933 онд байгуулагдсан Олон улсын кино продюсеруудын Холбоо /Federation Internationale des Associations des Producteurs de Fi...

img

7 цагийн дараа

Газар эзэмших, ашиглах эрхийг цахимаар авч шийдвэрлэж байна

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын харилцааны үйлчилгээг бүрэн цахимжуулахаар болсон. Тодруулбал, иргэд газар эзэм...

img

7 цагийн дараа

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал намын шинэ даргаар Н.Учралыг сонгосон бол хоёр дахь өдрийн хурлаар Монгол Ардын намын хичээн э...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд