мэдээ
Токиогийн Олон улсын кино наадам болж өнгөрөв

Админ
2025 оны 11 сарын 17

Парист 1933 онд байгуулагдсан Олон улсын кино продюсеруудын Холбоо /Federation Internationale des Associations des Producteurs de Films/-ний итгэмжлэгдсэн дэлхийн хамгийн том Канн, Берлин, Венецийн олон улсын кино наадамтай эн дүйцэх Азидаа хамгийн өргөн цар хүрээтэй болдог нэр хүнд бүхий Токиогийн Олон улсын кино наадам 38 дахь жилдээ аравдугаар сарын сүүл энэ сарын эхээр арав хоног болж өнгөрлөө. Токио хотын төв дүүрэг болох Гинза, Марүноүчи хавийн хэд хэдэн кино театраар арваад хэсэгт сонгогдсон 184 кино ээлж дарааллаар дэлгэцнээ гарч, 69000 орчим хүн үзэж, кино сонирхогч, оюутан залуус, уран бүтээлчид цугларан кино хэлэлцүүлэг, хурал, зөвлөгөөн өрнөн, кинонд дурлагсдын наадам хөгжөөн цэнгээн дүүрэн болж өнгөрөв. Япон улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр мөн Токио хотын захиргаа, Худалдаа аж үйлдвэр, сангийн яам, Япон сан зэрэг олон байгууллага хамтран оролцож, Ашгийн бус сангийн байгууллага “UNIJAPAN” гардан зохион байгуулсан юм.
Энэ удаагийн уралдаант хэсэгт 108 орны 1970 кино өрсөлдсөнөөс 15 кино шалгаран, найм нь дэлхийд анх удаа дэлгэцнээ /World premier/, долоо нь Азид анх удаа /Asian premier/ дэлгэцнээ гарлаа. “Өнгөрсөн жил Хятадын кино онцгой байр суурийг эзэлж байсан бөгөөд энэ жил хоёр кино бас Зүүн өмнөд Азийн орнуудаас гурван кино, баримтат хоёр кино шалгаран оролцож байна. Үймээн самуун, зөрчил тэмцэл өрнөж буй олон улсын тогтворгүй байгаа энэ нийгэм цаг үеийг кино уран бүтээлчид дэлгэцэнд хэрхэн буулгаж, тулгамдаж буй асуудалтай кино найруулагчид хэрхэн нүүр тулж, ямар арга хэлбэрээр урлаж буйг тод томруунаар харах боломжтой” хэмээн тус наадмын уран сайхны удирдаач, хөтөлбөрийн зохицуулагч Ичияма Шозо онцгойлж байв. Энэ удаагийн Токио хотын захиргааны нэрэмжит шагнал болох Гран-При цомыг Англи, Франц, Дани улсын хамтарсан Палестины эмэгтэй найруулагч Анмари Жаширын “Palestine 36” кино хүртэж, хотын захирагч Коике Юрико өөрийн биеэр хүрэлцэн ирж, монгол мөнгөөр 70 сая орчим төгрөгтэй тэнцэх мөнгөн шагнал болон цомыг гардуулав. Тус кино нь 1936 оны Английн колончилол дахь Палестин дахь араб, Йүдэйчүүдийн хоорондын тэмцэл, ардчилсан хөдөлгөөн, бослогын тухай өгүүлж буй нь одоо ч газар нутгийн маргаантай байдлыг тусган харуулжээ.
Найруулагч бүсгүй Канн, Берлин зэрэг томоохон наадмуудад кино нь нэр дэвшигдэж явсан алдартай аж. Ёслолын үеэр Токио хотын захирагч Коике Юрико “Дэлхийн шилдэг уран бүтээлчид энд цугларан, кино хэмээх урлагаар дамжуулан цоо шинэ түүхийг бүтээж байгаад маш их баяртай байна. Кино гэдэг нь үг хэл, соёлын хана туургыг давж, сэтгэл зүрхийг холбож өгдөг асар их хүчтэй урлаг гэж би боддог. Энэ жилээс Азийн Оюутны кино конференцыг анх удаа зохион явуулж, оюутан залуучуудыг цоо шинээр өөрийгөө нээж, сориход томоохон түлхэц нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Энэхүү наадмаас бүтээлч сэтгэхүй ундарч, соёлын олон янзын ялгаатай чанар бүрэлдсэн урлагийн оргил наадам болон цаашид улам хөгжин дэвжих нь гарцаагүй” хэмээн өгүүлэв.
Шүүгчдийн тусгай шагналыг Кампож, Франц улсын хамтарсан найруулагч Рити Панны “Бид ой моддын үр жимс” баримтат кино, Шилдэг найруулагчийн шагналыг Итали, Америкийн хамтарсан “Heads or Tails?” киноны найруулагч Алешио Риго де Риги болон Матио Зоппис, Хятадын “Mothertongue” киноны найруулагч Чанг Лү нар хүртэж, Шилдэг эмэгтэй жүжигчинд Японы “Echoes of Motherhood” киноны гол дүрд тоглосон Фүкүчи Момоко, Канны наадмаас шагнал хүртэж байсан найруулагч Кавасэ Наоми нар тодорч, Шилдэг эрэгтэй жүжигчнээр Хятадын “Mothertongue” киноны гол дүр Ван Чүанжүн, Урлагийн шилдэг зүтгэлтнээр Белги, Макадониа улсын хамтарсан “Ээж” киноны найруулагч Теона Стрүгар Митевска тодорч, Үзэгчдийн шагналыг Японы нэрд гарч яваа залуу найруулагч Сакашита Юүичиро “Шаргал үст” кино тус тус шалгарлаа. Энэхүү наадам жил бүр болдог бөгөөд аль ч улсаас оролцох боломжтой. Голдуу дөрөвдүгээр сараас долдугаар сарын дунд хүртэл бүртгэл явагддаг учир Монголын кино уран бүтээлчид киногоо сойх боломжтой.
Манай сонины Япон дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны...
8 цагийн дараа
Өнөөдрийн байдлаар нийт 35450 тонн шатахуун импортолжээ
Манай улс 2025 оны 10 дугаар сард нийт 205700 тонн шатахуун импортолсон бол 11 дүгээр сард 211.461 тонныг импортолжээ. Тэгвэл 12-дуг...
7 цагийн дараа
Дарвийн нурууны ард чонын гүйдэл тосон суусан нь
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний ургах нарантай зэрэгцэн Ховд аймгийн Дарви суманд ирлээ. Алтайн мөнх цаст уулсын хамгийн урт орши...
7 цагийн дараа
Г.Отгонбаяр: Бензин хайгаад явах уу, цахилгаан машин аваад хэмнэлттэй амьдрах уу гэх сонголт гарч ирлээ
Авто-Механик инженер Г.Отгонбаяртай цахилгаан машины талаар ярилцлаа. -Дэлхий нийтээрээ цахилгаан машиныг хэрэг-лээнд нэвтрүүлж байн...
7 цагийн дараа
Ж.Ганболд: Цахим залиланг олон удаа үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг
Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, иргэд залиланд ихээр өртөх болсон. Тэгвэл залилах гэмт хэрэгтэй хол...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



