мэдээ
Ч.Тамираа: Гаалийн байгууллага энэ онд улсын төсөвт 8.7 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлэх үүрэгтэй

Админ
2025 оны 11 сарын 20

Өчигдөр Гаалийн ерөнхий газраас харьяа бүх газар, хороотойгоо хамтраад гаалийн зуучлагч байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Улсын хилээр бараа тээврийг саадгүй нэвтрүүлж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүс, зуучлагчдаа урьж, ирэх онд хэрхэн, яаж хамтран ажиллах, хил гаалиар нэвтэрч байгаа бараа тээврийг хэрхэн хөнгөн шуурхай, саадгүй нэвтрүүлэх вэ гэдгийг хоорондоо ярилцаж, санал солилцож байсан юм. Мөн үеэр Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Ч. Тамираагаас хил, гааль дээр үүсдэг зарим асуудлын талаар тодруулан ярилцлаа.
-Хятад үйлдвэрлэгч улс учраас боломжтой болгоныг хилээрээ оруулдаг. Хориотой бараа байсан ч гаалийн байцаагч нь хараагүй юм шиг хөлөөрөө түлхээд л оруулчихдаг. Үүний ар дахь философи нь манай улсын иргэдийн аж амьдралд хэрэгтэй, эдийн засагт үр өгөөжөө өгөх юу ч байсан яах вэ гэдэг хандлага юм. Гэтэл манай улс иргэдийнхээ зовж зүдрэн үүргээр оруулж ирж байгаа бараа болгоноос татвар авч байна. Манайх тийм баян орон юм уу. Иргэд, зорчигдын хувьд хар тамхинаас бусдыг нь оруулж ирж яагаад болдоггүй юм бэ?
-Зөвхөн Монгол Улсын гааль биш, дэлхий дээр байгаа 180 орны гаалийн байгууллага нь тухайн улсынхаа үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй. Мөн улсын төсвийн орлогоо бүрдүүлдэг. Ийм хоёрдмол чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага нь гааль юм. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах зорилго, чиг үүргийн хүрээнд бүх улс орны гаалийн байгууллага тухайн улсынхаа хилээр нэвтэрч байгаа барааг гурван категориор нэвтрүүлдэг. Нэгдүгээрт, тухайн улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа. Хоёрдугаарт, тухайн улсын хилээр хязгаартайгаар нэвтрүүлэх бараа. Энэ нь хязгаарласан бараа гэдэг нэр томьёон дор явдаг. Гуравдугаарт, арилжааны болон бусад чөлөөт бараа гэж ангилдаг. Хориглосон бараа гэдэг нь тухайн улсын хүн ам, эрүүл мэнд, удмын сан, эдийн засаг, нийгэм, тусгаар тогтнолын аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулах бараануудыг хэлэх бөгөөд хилээр оруулах, гаргахыг шууд хориглодог. Тухайлбал, хар тамхи, мансууруулах бодис, түүнийг үйлдвэрлэх болон хэрэглэхэд зориулсан багаж хэрэгсэл, угтвар бодисуудыг хориглоно. Эсвэл ДОХ-ын шинжилгээ хийгдээгүй, ДОХ-гүй гэдэг нь тогтоогдоогүй цус, цусан бүтээгдэхүүн, хүний эд эрхтэн байдаг ч юм уу, энэ бүгдийг дурдаад байвал олон бараа бий. Энэ нь тухайн улс оронд нэвтрэх юм бол үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулдаг, эсдэлтэй, аюултай бараа учраас аль ч улсад хориглодог. Хязгаарласан барааг улсын хилээр нэвтрүүлнэ. Гэхдээ та бүхэн эрх бүхий байгууллагаас зөвшөөрлөө аваад нэвтрүүл гэдэг шаардлагыг л тавьдаг. Тухайлбал, эм, эмийн зүйлс үүнд хамаатай. Бид эм, эмийн зүйлсийг зөвшөөрөлгүй, эсвэл хяналтгүй оруулах юм бол орж ирээд хэрэглээ нь хэтэрнэ. Эмийн бодистой холбоотой эрүүл мэндийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулна шүү дээ. Чанарын шаардлага хангахгүй, Монгол Улсад бүртгэлгүй эм орж ирнэ. Эсвэл тун хэмжээ хэтэрсэн эм орж ирээд, түүнийг хэрэглэсэн тохиолдолд хүн амын амь насанд эрсдэл учирна шүү дээ. Үүнээс гадна хязгаарласан бараан дотор химийн бодис оруулж ирэхдээ зөвшөөрөл авдаг. Мөн согтууруулах ундаа, тамхи, тамхин бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрлөөр л оруулна. Эдгээр нь бүгдээрээ хязгаарласан бараанд ордог. Харин арилжааны зориулалттай буюу бусад энгийн барааг улсын хилээр чөлөөтэй нэвтрүүлье, та бүхэн гаалийн байгууллагадаа мэдүүлээд, одоо үйлчилж байгаа хууль тогтоомжийнхоо дагуу татвараа төлөөд ор гэдэг зохицуулалттай. Эхний хоёр категори нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Харин гурав дахь нь татвараа төлөөд ор, чөлөөтэй гэдэг зарчмаар л ажилладаг. Энэ нь зөвхөн Монгол Улсад биш, бүх улсад хэрэгждэг үндсэн зарчим.
-Ингэхэд Гаалийн ерөнхий газар татвар бүрдүүлдэг газар мөн юм уу. Гааль дээр дөрвөн төрлийн татвар авдаг. Шинээр өргөн барьж буй Татварын багц хуулийн төсөлд гааль дээр НӨАТ авахаа болино гэж байсан. Эсвэл та нарыг төсвийн орлого бүрдүүл гэж улсаас шахалт үзүүлдэг юм уу?
-Улс орнуудын гаалийн байгууллага хөгжлийнхөө түвшнээс шалтгаалаад чиг үүргүүд нь өөр байна. Өндөр хөгжилтэй, эдийн засгийн орлого нь үндэсний үйлдвэрлэлээсээ бүрдчихдэг, чадавхтай улс орнуудын гаалийн байгууллагын үүрэг зорилго нь аюулгүй байдлаа л хангах юм. Гэтэл нэг хэсэг улс нь 100 хувь татварын орлогоо бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Зарим буурай хөгжилтэй орнууд ийм л зорилготой. Харин манай улсын хувьд хоёр чиг үүргээ хамтад нь хэрэгжүүлдэг. Тиймээс улсын төсөвт тодорхой хэмжээний орлогыг төвлөрүүлэх үүрэгтэй. Гэхдээ энэ нь санамсаргүй, хийсвэр тооцоолол биш. Монгол Улсын тухайн жилийн импорт, экспортын орлого ямар хэмжээтэй байх вэ гэдэг эдийн засгийн тооцоолол дээр үндэслээд татварын тооцооллыг гаргадаг. Гаалийн байгууллага үүнийг төвлөрүүлэн ажилладаг юм.
-Улсын төсвийн орлогын хэдэн хувийг гаалийн татвараар бүрдүүлж байна вэ?
-Монгол Улсын гаалийн байгууллага зарим жил улсын төсвийн орлогын 1/4 хувийг бүрдүүлдэг. Импортын орлого өндөр байх үед улсын төсвийн жилийн орлогын 1/3 хувийг бүрдүүлдэг. Энэ жил буюу 2025 онд Монгол Улсын гаалийн байгууллага улсын төсөвт 8.7 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлэх үүрэгтэй. Импортын гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн гаалийн албан татвар, онцгой албан татвар, автобензин, дизель түлшний онцгой албан татвар гэх мэтчилэн, дээрээс нь үйлчилгээний хураамж зэргээрээ 8.7 их наяд төгрөгийг төвлөрүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байгаа. Татварын багц хуулийн хүрээнд НӨАТ-ыг хил дээр хураах нь зөв үү, үгүй юу гэдэг асуудлыг судлаачид ярьсан. Хууль тогтоогчид шийдвэрээ гаргана байх. Гаалийн байгууллага одоогоор НӨАТ-ын тухай хуулиа хэрэгжүүлэн ажиллаж байна. “Импортын бараа улсын хилээр орж ирж байгаа тохиолдолд түүнд НӨАТ ногдуулж, хурааж авна” гэсэн хуулийн зохицуулалттай. Гаалийн байгууллага хэрэгжүүлэгч агентлагийнхаа хувьд энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй юм.
-Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр оруулж ирэхдээ иргэд их гомдол гаргадаг юм билээ. Монголд нэгэнт байхгүй эмийг иргэн арай хямд үнээр аваад ирэх гэхээр гурван эмийн нэгийг нь үлдээгээд хоёрыг нь хураагаад авчихлаа гэдэг?
-Тухайн улсын эрүүл мэнд, удмын сангийн аюулгүй байдалтай холбоотойгоор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас тодорхой шинжилгээнд орчихсон, сорил давсан, нутагшуулаад хүн ам нь хэрэглээд сурчихсан эмийн бүртгэлийг хийдэг. Гаалийн байгууллагын үүрэг нь тэр бүртгэлд орсон эмийг л улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавьж ажиллах юм. Энэ эмийн бүртгэлд ороогүй эмийг улсын хилээр оруулахыг хориглосон хуулийн заалттай. Зарим тохиолдолд иргэд Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй, бүтэц найрлага, гарал үүсэл нь тодорхойгүй эм, эмийн зүйл оруулах гээд байдаг. Бид хууль хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу л шаардлага тавьж ажилладаг. Гэхдээ нэг ийм боломж бий. Манай улсын иргэн гадаад улсад очоод эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлээд, тухайн улсын сертификат, жорын дагуу зарим эмийг бичүүлээд, зөвхөн хувийн хэрэглээндээ эмтэй орж ирэх тохиолдол байна. Яг ийм үед тухайн эмийг бичиж өгсөн эмнэлгийн байгууллагын дүгнэлт, бичсэн жор, хэрэглэх заавар, тунд үндэслэсэн тоо хэмжээгээр хувийн хэрэглээнийх нь эмийг л нэвтрүүлнэ. Харин арилжааны юм уу ямар зорилгоор оруулж ирж байгаа нь тодорхойгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд оруулаагүй эмийг гаалийн байгууллага Эмийн хуулийн дагуу нутаг дэвсгэрээрээ нэвтрүүлэх эрхгүй. Үүнд хяналт тавьж ажилладаг. Тиймээс илүү гарсан, хэт их тун хэмжээтэй эмийг нэвтрүүлэхгүй.
-Гааль дээр эмч байдаг уу. Малын эмч байсан гэдэг иргэний гомдол гарч байсан шүү дээ?
-Наад асуудал чинь ийм учиртай юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын Хилийн хорио цээрийн албаны чиг үүрэг 2022 оны нэгдүгээр сараас гаалийн байгууллагатай нэгдсэн. Түүнээс хойш хорио цээрийн чиглэлээр эм, ургамал, амьтны хяналтын байцаагч нар нарийн мэргэжлийн чиглэлээрээ гаалийн байцаагч болон тангаргаа өргөн ажиллаж байгаа.
-Гаалийнхан “Хүнд сурталтай”, “Үнэхээр баавартай юм аа” гэдгийг иргэд маш ихээр хэлдэг. Зарим тохиолдолд зураг хөрөгтэй нь цахим орчинд шууд цацчихаж л байна?
-Тийм ээ, гаалийнхан хүнд сурталтай. Хурдан шуурхай биш байна. Бидний үйл ажиллагаанд хүндрэл саад учруулж байна гэж гомдол гаргадаг. Ийм гомдол санал гарах бүрд гаалийн байгууллагаас дотоод хяналт, аюулгүй байдлын чиглэлээрээ дотоодын шалгалт хийдэг. Үнэхээр үндэслэлгүйгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын барааг саатуулсан байна уу гэдгийг шалгана. Гаргасан гомдол үндэслэлтэй, тухайн гаалийн байцаагч үнэхээр ашиг сонирхлын зөрчилтэй бол ажлаас халах хүртэл арга хэмжээг аваад явж байгаа. Шаардлагатай тохиолдолд тухайн албан хаагчид Эрүүгийн хэрэг үүсгэн, эрх бүхий байгууллагаар шалгуулахаар шилжүүлдэг. Гаргаж буй гомдол зарим тохиолдолд үндэслэлтэй, заримдаа үгүй, янз бүр л байна. Үндэслэлгүй бол “Энэ албан хаагч хуулийнхаа дагуу ажлаа хийсэн байна” гэдгийг мэдэгдээд явдаг. Буруутай бол хариуцлагыг нь ч хүлээлгэдэг зохицуулалттай.
-Гаалийн байцаагчдын цалин хангамж ямархуу байдаг юм бол. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдох тохиолдол сүүлийн үед гарч байна уу?
-Гаалийн байгууллагын ажилтнууд тусгайлсан өөр схем, тарифаар цалинждаг систем байхгүй. Бүгдээрээ л төрийн албан хаагчдыг цалинжуулдаг шатлал буюу Засгийн газрын тогтоолоор цалинждаг. Бусад төрийн тусгай албан хаагчидтайгаа адилхан хувь хэмжээгээр л цалингаа авдаг. Шинээр дөнгөж орсон гаалийн улсын байцаагч 1.6 сая төгрөгийн үндсэн цалинтай. Хил дээр ажиллавал хилийн нэмэгдэл авна. Олон жил ажилласан хүмүүс зохих нэмэгдлээ авна гээд бусад төрийн байгууллагуудтайгаа адилхан системээр явдаг. Илүү болон дутуу зүйл байхгүй. Хэрэв гаалийн ажилтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа янз бүрийн байдлаар ашиг сонирхлын зөрчил гаргаад, хууль тогтоомж зөрчвөл АТГ, цагдаагийн байгууллага руу шилжүүлээд л шалгуулчихдаг. Дотоод хяналт шалгалтаас гадна давхар хөндлөнгийн хяналт, шалгалтыг ч хийлгэдэг юм. Гаалийн байгууллага 2800 ажилтантай. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт гаалийн байцаагчийн 7-8 орчим хувь нь сахилгын шийтгэл хүлээсэн. Гаалийн ерөнхий газар болон харьяа бүх газар, хороодод энэ онд сахилгын зөрчил авагдсан 150 орчим гаалийн байцаагч байна. Ёс зүйн зөрчил хүлээсэн 10 байцаагч байна. Ямар нэгэн байдлаар дахиад зөрчил гаргавал гаалийн албанаас шууд халагдана. Харин хууль хяналтын болоод бусад байгууллагад шалгагдаж байгаа мэдээлэл надад одоогоор алга.
Г.ГАНЧИМЭГ
МАН-ынхан засагтаа АН-тай эвсэх эсэхийг Н.Учрал биш, Г.Занданшатар мэднэ
МАН-ын Их хурал болж, 2200 гишүүн нь хэдэн өдрийн турш хуралдаад тарлаа. Тэд алба амины яриа гэдэг шиг нам, төрийнхөө олон л асуудлы...
8 цагийн дараа
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг маш их, Хөвсгөл, Дорноговь аймаг их эрсдэлтэй гарчээ
Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, заавар”-ын дагу...
7 цагийн дараа
МАН: Удирдах зөвлөлөөс бодлогын хороодыг байгуулав
Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.11.20/ Тусгаар тогтнолын ордонд хуралдав. Удирдах зөвлөлийн хуралдаанаар бодлогын хо...
7 цагийн дараа
А.Ганбаатар: Баялгийн сангуудаа идэвхжүүлж, зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой
УИХ-ын гишүүн А.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ирэх оны төсөв батлагдсан. Таны хувьд энэхүү төсвийн хэлэлцүүлгийн үед х...
7 цагийн дараа
” Сандал, ширээгүйн улмаас 12 сургууль бүрэн хүчин чадлаараа хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байна” гэв
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургуулийг ашиглалтад оруулаад байна. Гэвч ашиглалтад оруулса...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд


