мэдээ
Б.Мөнхсоёл: Парламентын нэр хүндийг сэргээх нь улстөрчдийн үүрэг хэдий ч түүнийг дамжуулах сэтгүүлчдийн хариуцлага ч чухал

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 11 сарын 24

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2026 оны улсын төсвөө УИХ арай л гэж хугацаанд нь амжиж баталлаа. Ирэх оны төсөв тойргийн гишүүдэд нааштайгаар батлагдлаа гэх зүйл ч яригдаж байна. Та ч гэсэн үүн дээр тодорхой байр суурь илэрхийлж байгаа харагдсан?
-Улсын төсөв батлах гэдэг гүйцэтгэх засаглал талдаа буюу Засгийн газар төлөвлөсөн бодлогоо хэрэгжүүлэх хамгийн чухал үйл ажиллагаа. Тэр ч утгаараа төсвийг хэлэлцэх, батлах үйл явц таван үе шаттай. Төлөвлөж тооцоолохоос эхлээд олон нийтийн хэлэлцүүлэг, УИХ дахь хэлэлцүүлгүүд гэх мэт. Энэ удаад төсвийн төслийг есдүгээр сарын 1-нд өргөн барьсны үр ашиг төдийлөн гарсангүй. Бидний мэдэж байгаачлан эрх барьж буй намын дотоод асуудал улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж төсөв хэлэлцэх ёстой хугацаандаа хэлэлцэгдэж чадаагүй. Хуулийн хугацаа тулсан учир сүүлийн үе шатуудыг маш ойрхон байнгын хороодоор болон чуулганаар яаравчлан хэлэлцээд баталсан. Бид бүгдээрээ мэдэж байгаа яарч, цагийг нь тулгаж хийсэн ямар ч ажил асуудалтай, сөрөг үр дагавар дагуулдаг шүү дээ. Мөн энэ удаагийн төсөвт улс төрийн нөхцөл байдлаас гадна бас нэг хүчтэй нөлөөлсөн зүйл нь багш, эмч нарын цалинг өсгөх хэрэгцээ, шаардлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагууд юм. Олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд багш нарын цалинг 75 хувиар нэмэгдүүлэхээр болсон, гэхдээ үе шаттайгаар. Эмч нарын цалин, ахмадын тэтгэвэр ч мөн адил тодорхой хувиар нэмэгдэнэ. Гэхдээ бидний болгоомжлох ёстой нэг зүйл бол инфляци. Өнөөдрийн цалингийн өсөлт маргаашийн инфляцид дарлуулаад нэрлэсэн цалин нэмэгдсэн ч бодит өсөлт мэдрэгдэхгүй байвал яах вэ. Энд л бодлогын шийдэл маш чухал.
– Төсвийн хувьд багш, эмч нарын шаардлага тооцоолоогүй асуудлыг бий болгож, томоохон хөдөлгөөнийг үүсгэсэн. Угтаа төсөв бол цэвэр тооцоолол биз дээ…?
-Төсвийн анализ хийдэг миний хувьд аливаа төсвийг гаргаж байгаа үйл явц, тооцоолол, шинжилгээ, судалгаан дээр үндэслэсэн байх ёстой гэдэг хатуу байр суурийг тогтмол илэрхийлдэг. Байгалийн баялагтай орнуудад төсвийн дүрэм гэж ихэвчлэн гаргадаг. Манайд байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль л даа. Мөн Үндэсний Аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гаргаж байгаа дүгнэлт зөвлөмжийг бид нар сайтар дагаж мөрдөж байх ёстой. Харамсалтай нь энэ зөвлөмжүүдийг бид уншаад өнгөрөх төдийд л ашиглаж байна. Нөгөөтэйгүүр улсын төсөв хоёр гол эх үүсвэрээр бүрддэг. Тэр нь татварын болон татварын бус орлого. Татварын бус орлогод орон нутгийн болон төрийн өмчит компаниудын төвлөрүүлэх орлого хамаарна. Нийт төрийн өмчит 85 компани, охин компаниудыг нь оруулбал 109 компани байгаагийн 43 хувь нь ашиггүй ажилласан байна. Мөн орон нутгийн өмчит 270 гаруй компани бий. Ирэх онд ТӨҮГ-ын хувьцааны ногдол ашгаас 548 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцсоноос улсын төсөвт 85 тэрбум төгрөг л оруулахаар тооцсон нь нөөц боломжоо муу ашиглаж байна гэсэн үг. Шаардлагатай хувьчлалыг хийж чадвал төсвийн орлого нэмэгдэхээс гадна улс төрийн орчин ч цэвэршинэ гэж хардаг. Харин үүнийг зоригтой эхлүүлэх л хэрэгтэй байгаа юм.
-Улс төрийн бужигнаан дунд тойргийн гишүүд бүсдээ, тойрогтоо чамгүй төсөв тавиулсан шүү гэж жагсаалтын гишүүд шүүмжлэлтэй хандсан. Үүнд та хувьдаа ямар байр суурьтай байна вэ?
-Тойргийн төсөв гэдэг дээр би тантай санал нэг байна. Төсвийн ажлын хэсэгт зарим тохиолдолд ихэвчлэн тойргийн гишүүд орох сонирхолтой байдаг нь нууц биш. Хуулиар бол төсвийн зарцуулалтыг шууд нэмж болохгүй нэг ангиллаас нөгөө ангилалд шилжүүлж л болно. Гэтэл тойргоос сонгогдсон зарим гишүүд ТЭЗҮ хийгдээгүй, өмнө нь төлөвлөөгүй байсан орон нутгийн хөрөнгө оруулалтын төслүүдийг гэнэт оруулаад ирдэг. Тэгэхээр төсөв батлагдангуут анхнаасаа ороогүй байсан хөрөнгө оруулалтын төслүүд дээр аудит хийх нь зүйтэй гэсэн саналыг зарим гишүүд оруулаад байна.
-УИХ-ын дарга томилогдлоо. Зарим оронд УИХ-ын дарга намын бус байдаг юм байна. Энэ утгаараа АН-ын зарим гишүүд үүгээр хууль санаачлаад явж байгаа. Парламентын гишүүний хувьд та УИХ-ын даргын томилгоог хэр оновчтой гэж харж байна вэ?
-АН-аас санаачилсан хуулийн төслийг дэмжиж ХҮН намаас хэд хэдэн гишүүд гарын үсэг зурсны нэг нь би. Ер нь бол энэ гэнэт бодоод олчихсон цоо шинэ санаачилга биш, бусад олон орны туршлагуудыг харахад ийм зүйл байна. УИХ-ын дарга нам бус байх ёстой гэдэг бол парламентын бие даасан байдал тэнцвэрийг хангах нэг оролдлого мөн. Улс төрийн намыг хэт нөлөөлөл, улстөржилтөөс хамгаалах зорилгоор УИХ-ын даргыг цөөнхийн намын бүлгээс сонгох, намаас нь түдгэлзүүлэх аргыг ашигладаг юм байна лээ. Зарим тохиолдолд энэ шийдэл нь эрх барьж байгаа намд ч ашигтай байх тал бий. Тэр утгаараа энэ санаачилгыг дэмжиж гарын үсэг зурсан. Шинээр сонгогдсон УИХ-ын дарга маш эгзэгтэй буюу парламентад итгэх олон нийтийн итгэл ихээр суларсан үед сонгогдлоо. Энэ утгаараа өндөр хариуцлагатай ажиллах шаардлага тавигдаж байна гэсэн үг. Хууль дүрмээ ягштал биелүүлж, бүх нийтийн эрх ашгийг тэргүүнд тавьж, манлайлж ажиллана гэдэгт итгэж байна.
-Сая бид нийтээрээ Монгол бахархлын өдрийг тэмдэглэлээ. Ер нь таныхаар бахархал гэж юу юм бэ. Нөгөөтэйгүүр нийгэмд бид юу хийж гийгүүлсэн гэж бахархаад бүх нийтээрээ амраад байгаа юм бэ, амьдрал хүнд хэцүү байна, асуудал их байна гэж бухимдсан хүмүүс их байх шиг…?
-Яг үнэндээ миний хувьд 2026-2030 оны Монгол Улсын хөгжлийн үндсэн чиглэлийг батлах, Нэгдсэн чуулган дээр бас хэлэлцэх эсэхийг шийдэх эгзэгтэй завгүй өдрүүд байлаа. Үндсэн чиглэлийг сайжруулах ажлын хэсгийн гишүүний хувиар бүх нийтийн амралтын өдөр, хагас бүтэн сайнаа ч ялгахгүй ажиллаж байна. Гишүүд Засгийн газраас хуумгай орж ирсэн зүйлийг сайжруулах, үг үсгийн алдааг нь хүртэл засаад сууж байгаа нь бас зөв үү, буруу юу гэдэг дээр үе үе эргэлздэг. Анхнаасаа Засгийн газраас боломжит хэмжээндээ чанартай баримт бичгүүд оруулж ирээд гишүүд зөвхөн бодлогын түвшинд зангидаж саналаа оруулдаг, дэмжих үгүйгээ шийддэг баймаар байгаа юм. Дахиад л цаг хугацаанд шахагдаж хуумгай юм хийхийг хаа хаанаа хүсэхгүй байна. Монгол бахархлын өдрийн тухайд бол монгол хүн омогшдог, ер нь маш их зүрх сэтгэлээ дагадаг өвөрмөц ард түмэн гэж би боддог. Хамгийн сүүлд гэхэд бид “Физикал Азиа” шоунд оролцсон залуусаараа үндэстнээрээ бахархлаа. Бахархал гэдэг миний хувьд хий хоосон зүйл бус, бид бүгдийг нэгтгэдэг, нэгэн зорилгод чиглүүлдэг, хамтын үнэ цэнийг мэдрүүлдэг зүйл. Өнгөрсөн түүх, тэр тусмаа Чингис хаанаараа бахархахгүй монгол хүн гэж үгүй. Гэхдээ бас одоо оршин байгаа биесээрээ бахархмаар байгаа юм. Алдаатай оноотой ч бүгд хичээж урагшилж байна, хэцүү байгаа ч цагаа тулахаар хамтын үнэ цэнийг мэдэрч нэгдэж чадаж байна, өөр өөрсдийнхөөрөө түүхийг бүтээж бичиж байна шүү дээ. Бүх юм ямар ч тохиолдолд сайн тал руугаа явж байгаа гэдэгт итгэж, үр хойч минь бахархах түүхийг бүтээхийн тулд л хувь хүнийхээ хувьд хичээж байна даа.
-Яг энэ өдөртэй холбоотойгоор таны нэг бичлэг сошиалаар их явлаа. Нэг талдаа гишүүдийн хувьд завгүй, анхаарах асуудал олон байгаа энэ үед сэтгүүлчийн тавьсан гэнэтийн асуултад таныг андуу хариулчихав уу гэж харсан. Нөгөө талдаа энд сэтгүүл зүйн, тэр дундаа сэтгүүлчийн ёс зүй бас харагдаж байна лээ. Үйл явдал яг юу болсон талаар та тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Ер нь хурлаас хурлын хооронд л яаруу явахад таарсан. Гэхдээ нөхцөл байдал ямар байсан ч гэсэн андуурч бодон буруу хариулсандаа олон түмнээс уучлалт гуйж байна. Бодит нөхцөл байдал бол би гэж хүн маргааш нь бүх нийтийн амралтын өдөр ч гэж мэдэхгүй гүйж байсан өдөр. Тэр өдөр хэд хэдэн хэвлэлд түүхийн холбогдолтой яриа өгснөө бараг сүүлд нь л санасан. Хаана ямар сувагт ямар зорилготой яриа өгснөө ч тэрүүхэн хугацаанд анзааралгүй мартаж орхисон хэрэг. Өөр зүйлд анхаарал төвлөрчихсөн, материалаа унагачих шахуу явж байтал залуу сэтгүүлч охин ирээд учирлахаар нь бусад шиг цааргалсангүй яриа өгсөн нь тэр. Ер нь сэтгүүлчдийн ажлыг хүндэтгээд таарах болгондоо асуусан асуултад нь аль болох хариулж, тайлбарлахыг хичээдэг. Бахархлын өдөр гээд хэлчихсэн болохоор нь энэ сарнисан, эгзэгтэй, талцал хуваагдалтай үед Алунгоо эхийн эв нэгдлийг бэлгэддэг сургаал хамгийн түрүүнд санаанд орсон. Энэ утгаараа сэтгүүлч охины асуултад нь онож хариулах гэхээс илүү агуулгын хувьд өөрийнхөө санааг л хэлсэн юм. Дараа нь нээрээ асуулт нь тийм байл уу, би ч буруу зөрүү хариулчих шиг боллоо гэж бодсон ч учирлах завгүй сэтгүүлчийн ёс зүйд итгээд гэх юм уу хурал руугаа гүйгээд орчихсон. Ерөөсөө муу юм огт бодоогүй. Хүнийг ер нь муу талаас нь харагдуулъя гэвэл үүн шиг амархан ажил гэж байхгүй. Тэр дундаа улс төрчдийг. Хүнийг сайнаар харагдуулах, магтах, хийсэн ажлыг нь бусдад зөвөөр ойлгуулж, хүргэнэ гэдэг хэцүү. Тэр дундаа улс төрчдийг. Тиймээс бид тал талдаа ёс зүйтэй, хүмүүнлэг сэтгэлтэй л байх учиртай.
-Ер нь улс төрийг муухай гэж нийгэмд ойлгуулдаг, цаашлаад иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулж байгаа өөр нэг шалтгаан нь ёс зүйгүй, мэргэжлийн бус сэтгүүл зүй гэдэгтэй санал нэг байна. Нөгөө талдаа улстөрчид ч ялгаагүй өөрсдийн өнцгөө, цаг үеийн үзэл бодол, улстөржилтөө хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэдэг нь ч нууц биш. Тэгэхээр цаашид хаа хаанаа анхаарах, аль аль талдаа мэргэжлийн ёс зүйгээ барих нь зөв байх, тийм үү?
-Энэ асуудал дээр сэтгүүлч, улстөрч гээд хоёр талд гараад талцахыг үнэхээр хүсэхгүй байна. Бид бие биедээ хүндэтгэлтэйгээр хамтарч ажиллах ёстой. Улстөрчид нь үндсэн ажлаа сайн хийгээд парламентын сэтгүүлчид нь үүнийг үнэн зөвөөр нь мэдээлж байж олон түмэн бодит мэдээлэлтэй болно. Бодит мэдээлэлтэй иргэд шаардлага, санал хүсэлтээ зөвөөр илэрхийлж сурна. Ингэж байж энэ эргэх холбоо зөв голдиролдоо орно гэж боддог. Төрийн ордонг түмэнтэй холбодог гүүр нь сэтгүүлчид. Гүүр гэдэг бол аливаа саад бэрхшээлийг давах, гатлах, нэг цэгээс нөгөө цэгт хамгийн түргэн шуурхай хүргэх л үүрэгтэй баригддаг. Үүнтэй адил сэтгүүлчид маань төрийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг ард түмэнд түргэн шуурхай хүргэх, эргээд иргэдийн санал, шүүмжлэлийг төрд, бодлого тодорхойлогчдод чөлөөтэй хүргэх гэдэг талаасаа гүүртэй адилтган ажил үүргийг нь ойлгож байдаг. Гэтэл олон биш цөөн хэдэн сэтгүүлч энэ мэргэлжийн чиг үүргийнхээ эсрэгээрээ төр, иргэн хоёрыг улам алсруулж, хооронд нь яс хаяж байгаа мэт ажиллаж байгаа нь харамсалтай санагддаг. Ийм гажуудсан харилцаанаас хэн ч хожихгүй нь хамгийн гаслантай. Үр дүнд нь үнэхээр төрийн ажлыг зарчмаар нь хийхийг эрмэлздэг зарчимтай, боловсролтой хүмүүсийн зүрхийг мохоодог тохиолдол ч байна. Улс төрийг бохир заваан гээд л байх тусам эрүүл саруул ухаантай нь улам л зугтаж, эцэстээ жинхнээсээ 126 хулгайч болчих вий. Тиймээс парламентын дархлааг хамгаалж, тэтгэж байхыг л хүсэх байна. Нөгөөтэйгүүр парламентын нэр хүндийг сэргээх нь улстөрчдийн үүрэг хэдий ч түүнийг дамжуулах сэтгүүлчдийн хариуцлагаас шалтгаалдаг гэж боддог. Өөрөөр хэлбэл улстөрчид мянга үүргээ сайн биелүүллээ ч сэтгүүл зүй үнэн бодитойгоор мэдээлж, сайн, мууд нь шүүлтүүртэй хандаж ажиллахгүй л бол парламентын засаглал битгий хэл юунд ч олон нийтийн оролцоог хангах боломжгүй. Энэ утгаараа сэтгүүчдэд маш том эрх мэдэл, нөлөөлөх хүч байдаг учраас л дөрөв дэх засаглал гэж хэлэгдэх болсон болов уу.
-Аль аль талдаа мэргэжлийн ёс зүйтэй, хүмүүнлэг, эрх тэгш байвал олон нийтэд очиж байгаа мэдээлэл ч цэгцтэй болох байх л даа…?
-Бидэнд анхаарч шийдэх ёстой үй түмэн асуудал байна шүү дээ. Том зорилгодоо бүгд төвлөрөх шаардлагатай байна. Бүх нийтийг зөв зүйлд төвлөрүүлж, мэдээллээр чиглүүлэх хүч нь мэдээж хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйд бий. Энэ үүргээ ухамсарлаж ажилладаг сэтгүүлчид улам олон болоосой гэж хүсдэг. Дээрх шиг жижиг ахуйн зүйл дээр бие биеэ дэгээдэж унагаад бүгд баруун солгойгүй пи-ардаад байвал хэн ажил хийх вэ, үр дүнд Монгол Улс хэзээ урагшлах вэ. Би олон жил нийгмийн итгэлцэл, хүндлэл, зарчим, ёс суртахуун буюу нээлттэй нийгмийн үнэт зүйлийн тухай ярьж байна. Нийгмийн амьдрал гэдэг нэгнийх нь амьдрал нөгөөхөөсөө хамаардаг учир харилцан ойлголцол, итгэлцэл л биднийг хамтад нь урагшлуулна гэдэгт итгэдэг хүний хувьд үүнийг л дахин дахин хэлмээр байна.
-Энэ долоо хоногт мөн анхдугаар Үндсэн хуулиа баталсны тэмдэглэлт өдөр тохиож байгаа. Гэтэл бүх нийтээрээ амарч тэмдэглээд байгаа тэр Үндсэн хуулиа өнөөдөр хэн хүнгүй зөрчиж, хэн хүнгүй өөрсдийнхөөрөө тайлбарлан ярьж байна. Үүнд та хууль тогтоогчийнхоо хувьд эмзэглэдэг үү, Үндсэн хуулийг бид яаж мөрдөх ёстой вэ?
-Үндсэн хууль бол энэ улсад хүн биш, хууль засаглана гэдгийг баталгаажуулсан бидний дундын баримт бичиг шүү дээ. Хууль засаглана гэдэг нь хуулиа хэн ч байсан дагаж мөрдөнө гэсэн үг. Тэр тусмаа хууль тогтоож буй байгууллага, хууль баталж буй улстөрчид хуулиа дагаж мөрдөж, үлгэрлэж, манлайлал үзүүлэх ёстой. Ингэж байж нийгмийн шударга ёс тогтоно. Хэнд ч ойлгомжтой энгийн логик. Миний бие хувь хүнийхээ хувьд алхам бүрдээ үүнийг санаж, хичээж явдаг. Зүгээр нэг амраад өнгөрөх бус үнэ цэнийг нь улам бататгаж, үр хойчдоо өвлүүлж, таниулах нь энэ өдрийн гол ач холбогдол гэж бодож байна. Улстөрчид Үндсэн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлаж, ашиглах эрх дархтай хүмүүс огт биш. Үүнийг энэ намрын улс төр маш тодоор харууллаа гэж бодож байна. Сайнаар нь харвал Үндсэн хууль ямар чухал болохыг мэдэрч, биширсэн өдрүүд өнгөрсөн дөө.
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр дараах хилийн боомтууд түр хаана
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 26-нд Цагааннуур, Ханх, Боршоо, Арцсуурь, Тэс, Ульхан зэрэг боом...
8 цагийн дараа
Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арванэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болж байна. Наадамд 81 орны 3200 гаруй там...
7 цагийн дараа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Төмөр зам, авто замтай огтлолцдог байршлуудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, автомашины нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилго...
7 цагийн дараа
Энэ долоо хоногт ханиад томуугийн өвчлөл буурахгүй бол ирэх долоо хоногт хичээл цахимд шилжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныха...
7 цагийн дараа
Уртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа. Иймээс нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс эх...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



